| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
2024 02 22 2024/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч Ш.Анужин,
Шүүгдэгч Э.П , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П т холбогдох эрүүгийн 2302004300442 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." баараар үйлчлүүлж байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (Delta-9 tetrahydrocannabinol) arууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 6,8309 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Э.П нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." баараар үйлчлүүлж байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (Delta-9 tetrahydrocannabinol) arууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 6,8309 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 11, 15 дугаар тал/,
Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." бааранд хамгаалагч хийдэг юм. 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би 21 цагт ажлын байран дээрээ ирж ажлаа хийж байгаад 2023 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед ариун цэврийн өрөөг шалгах зорилгоор ороход эрэгтэй ариун цэврийн өрөөнд үл таних хоёр залуу евс ороогоод байхыг нь би өөрийн Самсунг А53 загварын гар утсаараа хаалганых нь доогуур бичлэг хийж харсан. Тухайн хоёр залуу тэр өвсийг хэрэглэж амжаагүй бөгөөд намайг ариун цэврийн өрөөний хаалгыг нүдэхэд онгойлгосон. ...Би гар утсаараа бичлэг хийж байхад нүдний шилтэй залуу нь миний гараac гар утсыг минь булааж авсан. Тэгэхээр нь би гарыг нь мушгиад гар утсаа буцаагаад авахад дэлгэц нь хагарсан, их бие нь нумарсан байсан. ...Дараа нь би тэр хоёр залуугийн биед үзлэг хийгээд гялгар ууттай өвсийг хурааж авсан. Шөнийн 03 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч 05 цагийн үед баарны үйл ажиллагаа зогссон хойно цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхгүй удахаар нь би тухайн хоёр залуугийн хувийн мэдээллийн зургийг дараад гар утсыг нь барьцаа болгож авч үлдсэн. Мөн хурааж авсан өвсөө ч цагдаад хүлээлгэж өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 22 цагт нөгөө хоёр залуу бааранд ирж миний гар утасны хохирол болох 400,000 төгрөгийг өгсөн. Тэгээд тэдгээр залуусыг лаунж дотор суулгаж байгаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаад хүлээлгэж өгсөн. Би тухайн өдөр нүдний шилтэй залууг цохиж зодсон асуудал байхгүй. Согтуу байсан болохоор нь би хүрээгүй. ...Ногоон өнгөтэй, нунтаг, цайны идээ шиг зүйл байсан. Хэмжээг нь мэдэхгүй байна, цагаан өнгийн гялгар уутны буланд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66, 68-69, 72-73 дугаар тал/,
Гэрч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд найз болох П тай шоудах гэж орсон. Бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө рүү П бид хоёр бие засах гэж ороод би түрүүлээд гарсан. Тэгэхэд П ариун цэврийн өрөөний хаалга онгойлгоод “наашаа хүрээд ир” гэсэн. Тэгээд хаалгаа хааж түгжихэд зүүн гартаа гялгар ууттай зүйл барьсан байсан бөгөөд “бариад байж бай” гэж надад хэлсэн. П халаасаа ухаж байтал “...” баарны 4 хамгаалагч гар утсаараа бичлэг хийгээд орж ирэхээр нь би сандраад “юун бичлэг вэ” гэж хэлээд тухайн бичлэг хийж байсан баарны хамгаалагчийн гар утсыг авах гэж оролдоход утсаа түгжээд цааш өөр хамгаалагчид гар утсаа өгсөн. Тэгээд “ямар овоо писда нар вэ, цагдаа дуудна шүү” гэж хэлээд манай найз П бид хоёрыг ариун цэврийн өрөөнөөс дагуулж гараад лаунж руу авч ороод миний шилбэ рүү олон удаа өшиглөж, түнх рүү гараараа 1 удаа цохисон. Тухайн баарны хамгаалагч ах “та хоёр яах гэж байсан юм, хаанаас авсан юм, хэрэглэх гэж байсан юм уу” гэж асуугаад гар утсаа аваад шууд над руу алхаж ирээд “энэ хар, миний гар утасны дэлгэцийг хагалчихсан байна, маргааш миний ажил дээр 10 цагт 400,000 төгрөг авч ирж өг” гэсэн. ...Тэр үед П бид хоёрыг ариун цэврийн өрөөнд байхад хамгаалагч нар шууд бичлэг хийгээд ороод ирсэн юм. Тэгэхээр нь би сандарсандаа “бичлэгээ болиоч ээ” гээд утсыг нь булаагаад авсан ба тэр үед утсанд нь ямар ч эвдрэл, гэмтэл үүсээгүй байсан. Тэгтэл тэр хамгаалагч миний гарыг гар утастай хамт мушгисан бөгөөд тэр үед нь гар утасны дэлгэцэд гэмтэл үүссэн юм шиг байна лээ. Надад тэр хамгаалагчийн гар утсанд санаатайгаар гэмтэл үүсгэе гэсэн бодол санаа байгаагүй. Шууд бичлэг хийгээд ороод ирэхээр нь бичлэгийг нь устгая л гэсэн бодол байсан. П бид хоёр тэр хамгаалагч ахын гар утсыг 400,000 төгрөгөөр төлж, хохирлыг нь барагдуулсан. ...2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “...” баарны хамгаалагчид цохиулсны улмаас миний биед гэмтэл, шарх учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний бие зүгээр. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76, 79-80, 82, 85-86 дугаар тал/,
Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дээд сургууль дээр найз болох М ийн хамт төгсөлтийн шалгалтдаа бэлдэж байсан. Тэгээд би 21-22 цагийн орчимд сургуулийн танил болох доод курсийн дүү П , найз М нарын хамт машинаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй баар луу бүжиглэх гээд орсон. Би 2 шил пиво уугаад тайзны доор зогсож байтал тэр 2 ариун цэврийн өрөө орно гээд 30-40 минут алга болсон. Тэгтэл М над руу залгаад “лаунж руу ороод ир” гэхээр нь яваад ортол тэр 2 тухайн баарны хамгаалагч нартай зогсож байсан. Би юу болсон талаар баарны хамгаалагчаас асуухад “танай 2 найз ариун цэврийн өрөөнд өвс бэлдэж байгаад баригдсан, надад танай 2 найзын бичлэг байгаа. М гэх найз чинь миний гар утасны дэлгэцийг хагалсан” гэж хэлсэн. Тэгээд би тухайн баарны хамгаалагчийн гар утасны төлбөр болох 140,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн бөгөөд “маргааш ирж учраа олоорой, жижигхэн ууттай өвс танай хоёр найзаас гарч ирсэн” гээд харуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар тал/,
Гэрч Н.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд ажилдаа оройн 21 цагт ирсэн. Тэгээд шөнийн 03 цагийн үед ариун цэврийн өрөөг шалгах зорилгоор ороход манай баарны хамгаалагч Б бичлэг хийж байсан. Би “яасан юм бэ” гэж асуухад Б 2 залуутай зогсож байсан ба “энэ 2 залуу хар тамхи хэрэглэж байх шиг байна, миний гар утсыг энэ 2 залуу эвдэлчихлээ” гэсэн. Цагдаа дуудъя гээд дуудлага өгтөл цагдаа нар 05 цагийн үед буюу баар хааж байхад ирсэн бөгөөд тэр үед тухайн 2 залууг явуулсан байсан. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нөгөө 2 залуу ирээд манай лаунжид сууж байхад цагдаа дуудаад ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар тал/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2277 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 6,8309 грамм байна. Шинжилгээнд ирүүлсэн “СБДЦХ=>1” гэж хаягласан зип лок ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 127-129 дүгээр тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаартай: “...Э.П нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.П нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 124-125 дугаар тал/,
Гар утсаар хийсэн бичлэгт 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн. “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны ариун цэврийн өрөөнд тухайн баарны хамгаалагч Б.Б нь ариун цэврийн өрөөний хаалганы доод хэсгээс гар утсаараа бичлэг хийсэн байх ба хоёр эрэгтэй хүн цагаан өнгийн зүйлийг гараараа ороож байгаа зүйл харагдана. ...бичлэг нь 39 секундийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн дүрс бичлэг байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34 дүгээр тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн болон 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 52-53 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 162-184 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.П ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 02 цагийн үед Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд найз М болон М ын хамт шоудах гээд орсон. Тэгээд М ийн хамт ариун цэврийн өрөө рүү бие засах гээд явсан. Тусгай тасалгаатай ариун цэврийн өрөөнд ороод би бие засчхаад М ийг дуудсан юм. Бид хоёр ариун цэврийн өрөөний хаалгыг түгжчихээд би халааснаасаа ууттай өвсийг дөнгөж гаргаж ирсэн чинь баарны хамгаалагч нар бичлэг хийгээд ороод ирсэн. ...Би 2023 оны 4 дүгээр сард үл таних А гэсэн нэртэй инстаграмм хаяг руу “өвс байгаа юу” гэж чат бичсэн. Тэгээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн “Гайд” гэх нэртэй буудлын харалдаа А гэх хүнтэй уулзаад бэлнээр 90,000 төгрөг өгч гялгар уутанд хийсэн ногоон өнгийн өвсийг авсан. Би тухайн өвсийг яаж хэрэглэхээ мэдэхгүй байж байгаад 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “...” баарны ариун цэврийн өрөөнд дөнгөж гаргаж ирээд баарны хамгаалагч нарт баригдсан. Би А гэх хүний тухай юу ч мэдэхгүй, одоо тэр хүнийг харвал танихгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, үйл баримтыг нотолж байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П аас: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.П нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." баараар үйлчлүүлж байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (Delta-9 tetrahydrocannabinol) arууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 6,8309 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.П , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
“Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1-4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ.
Монгол Улс уг конвенцод 1999 онд нэгдсэн орсон бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
“Сэтгэцэд нөлөөт бодис”-ыг зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Хэргийн тухайд шүүгдэгч П.Лутбаатар нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." баараар үйлчлүүлж байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (Delta-9 tetrahydrocannabinol) arууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 6,8309 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Э.П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг, хохирол учирсан байхыг шаардахгүй.
Иймд шүүхэс шүүгдэгч Э.П ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон байдаг. Цээрлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзаж үзээд заавал хорих шаардлагагүй. Улсын яллагчаас хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн бодисыг хэрэглээгүй бөгөөд хэрэглэх гэж байгаад баригдсан. Мөн анх удаа ял шийтгэл эдэлж байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг нь харгалзаж үзнэ үү. Энэ гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, эхтэйгээ хамт амьдардаг, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн сурч боловсрох боломжоор нь хангаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.П ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.П ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 178 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 176 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 177 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 179 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 180 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Э.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Иймд шүүгдэгч Э.П ыг дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр сургууль, гэр хоёрын хооронд зорчих үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй.
Учир нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “...сурч боловсрох эрхтэй...” гэж заасан тул түүний сургуульд суралцах боломжийг олгож, зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
-мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан нийт 6,8309 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсныг ургамлыг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.П ыг “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П т шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр сургууль, гэр хоёрын хооронд зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
-мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан нийт 6,8309 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсныг ургамлыг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.П т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН