Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2019/01338

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2019/01338

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох   

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн “хүүхдийн асрамж тогтоолгох, Их залуу баг  тоотод байрлах 65.4 м2 байшин, 755 м2 газрыг дундын хөрөнгөд тооцуулж өмчлөлдөө авч үлдэх тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь нөхөр *******тай 2005 гэрлэлтээ батлуулж гэр болж амьдарч байна. Бидний дундаас 4 хүүхэд төрсөн. Бидний хүүхдүүдийн 3 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, бага охин цэцэрлэгээр хүмүүжиж байна. Нөхөр ******* нь архи уух болсон бөгөөд согтуурсан үедээ гэрт ирж хүүхдүүд болон надад агсам согтуу тавьж хамт амьдрах ямарч боломжгүй болсон тул 2017 оны 10 сард тус шүүхэд *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж уг асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрсэн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас эхлэн шөнө архи ууж гэртээ ирж агсам согтуу тавих байдал нь улам ихсэж улмаар намайг зодсон. Би хүүхдүүдээ авч зугтсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл миний бие хүүхдүүдийн хамт дүүгийнхээ гэрт амьдарч байна. Харин ******* биднээс тусдаа 10 сар гаруй хугацаанд амьдарч байгаа бөгөөд хүүхдийнхээ өдөр тутмын болон бусад хэрэглээний зүйлсэд нэмэр болох нь битгий хэл хүүхдүүдээ ч эргэж тойрч харж ханддаггүй юм. Миний бие хүүхдүүдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлж тэдний бүхий зүйлсийн хэрэгцээний зүйлсийг бэлдэж байна. Өнгөрсөн тусдаа амьдарсан 10 сарын хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч хангалттай үр дүн гараагүй бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай” тэмдэглэл гарсан. Улмаар шүүхэд хандаж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. 2018 оны 09 дүгээр сард согтуу ирж намайг зодсон бөгөөд уг асуудлаар цагдаагийн газарт дуудлага өгч түүнийг эрүүлжүүлж байсан болно. Бид гэр бүл болсоноос хойш мал аж ахуй эрхэлж байсан бөгөөд миний бие хүүхэд төрүүлэхийн хажуугаар сааль, сүү бэлтгэх, төл авах гээд мал ажуй эрхлэх явцад эмэгтэй хүний хийдэг бүхий л ажлыг амжуулдаг байсан ******* ч гэсэн мал маллаж ажилд оролцож байсан болно. Манай гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрөөр одоогийн байдлаар Адуу 34 ширхэг, үхэр 12 ширхэг, хонь 15 ширхэг ямаа 15 ширхэг байна. Эдгээр хөрөнгүүдийг өөрийн тооцоогоор үнэлвэл нийт 27 900 000 төгрөгний үнэлгээ гарч байгаа бөгөөд миний бие өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байгаа юм. Дээрх малыг одоогоор *******гийн нагац ахынх нь хүүхэд Ширэндэвийнд болон садан Ядамынд маллуулж байна. Бид цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамж тэтгэлэг дундын хөрөнгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү *******, охин *******, хүү *******, охин ******* нарыг өөрийн асрамжид үлдээж эцэг *******гаас тэтгэлэг гаргуулж гэр бүлийн дундын хөрөнгөөс /Адуу 34 ширхэг, Үхэр-12, хонь -21, ямаа- 15 ширхэг/ өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Тус шүүхэд *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан Орхон аймаг Баян-Өндөр сум 19-р баг Их залуу Шандын 14а гудамж 14 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүн дээр байрлах Улсын бүртгэлийн Ү-2101019846 дугаартай үл хөдлөх хөрөнгө буюу хувийн орон сууц нь манай гэр бүлийн дундын хөрөнгө мөн бөгөөд *******д оногдох хэсгээ нэхэмжилсэн байна. Уг газар түүн дээр байрлах хувийн орон сууцнаас миний бие *******д зодуулж хөөгдсөнөөс хойш очоогүй байгаа юм. Цаашид шүүхээс хэргийг шийдвэрлэсний дараа би өөрийн 4 хамт уг хувийн орон сууцанд амьдрах бөгөөд өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд газар болон хувийн орон сууцыг үлдээх хүсэлтэй байна. Харин *******гийн оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь ******* өөрийн хүүхдүүдтэй орон сууцны оногдох хэсгээ булаацалдсан увайгүй үйлдэл гэж үзэж байна. Учир нь түүнд хөөгдөж гэрээсээ явснаас хойш миний бие 4 хүүхдийн хамт айлын хашаа байшин хөлсөлж одоог хүртэл амьдарч байна. Гэтэл ******* нь хүүхдийн тэтгэлэг урьдчилсан гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг огт биелүүлээгүй байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зугтаж явсаар өнөөдрийг хүрсэн болно. Хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй атлаа өөрт оногдох хэсгээ гаргуулна гэсэн нэхэмжлэл гаргасан нь түүний амиа бодсон, харамч эр болохыг харуулж байна. Гэхдээ түүнд оногдох хэсгийг нь олгоход миний хувьд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Гэр бүлийн дундын хөрөнгө болох 34 тооны адуу, 12 тооны үхэр, 15 тооны хонь, 15 тооны ямаа /нийт 76 тооны/ малаас өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгээ гаргуулах үндсэн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан Багийн засаг даргын тодорхойлолт мал тооллогын баримтуудаар 25 адуу, 8 үхэр, 20 хонь, 20 ямаа /нийт 73 тооны мал/ *******гийн нэр дээр бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. Одоо байгаа 25 адуу, 8 үхэр, 20 хонь, 20 ямаа /нийт 73 тооны мал/-аас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулахыг хүсэж байгаа болохоо тодруулж байна” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие эхнэр *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг өгч байна. Бид 2005 онд гэр бүл болж бидний дундаас 4 хүүхэд төрж одоо эрүүл энх өсч бойжиж байна. Эхнэр 2017, 2018 онд надаас гэрлэлт цуцлах асуудлыг эвлэрлийн журмаар хандан шийдвэрлүүлж, эвлэрч байсан. ******* нь нэхэмжлэлдээ маш их худал зүйл бичсэн байна Эхнэр маань жаахан л юм болбол надад хэлж ярилгүй гэрээсээ явах үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Би бол хүүхдүүдээ бодоод салах хүсэл бодол байхгүй тул түүний энэхүү зангаас айгаад элдэв ааш авир гаргадаггүй. Би түүнийг зодож нүдсэн асуудал огт байхгүй. Харин хааяа архи уугаад хэд гурван үг хэлэх гэхээр өөдөөс цагдаа дуудаад зодсон нүдсэн, агсан тавьсан гэж огт тийм зүйл болоогүй байхад худлаа хэлж байгаад намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Өөрөө миний хөгшин настай ээжийг элдвээр хэлж, түүнийг зодож нүдэж байсан. Ер нь л хурц ааштай. Мөн би 9 сараас 10 сарын хугацаанд Баян хонгор аймагруу ажилд явсан. Гэтэл 9 сард өөрийгөө зодсон гэж худал бичсэн байна. Би 9 сард энд байгаагүй. Саяхан бид 2 хамт дүүгийнхээ мал нядалгаан дээр ажиллаж эхнэр гэдэс, цэвэрлээд тэр өдөр Чингэс хааны төрсөн өдөр болж байна гээд ажил дууссаны дараа жаахан монгол архи уугаад гэртээ хамт халамцуу ирж унтсан. Гэтэл өглөө 7-8 цагийн үед эхнэр гэрээсээ гараад явсан. Тэр үед эхнэр цэвэрлэгчийн ажил хийж байсан учир ажилдаа явж байна гэж бодсон чинь гэрээсээ явсан байсан. Ингээд хүүхдүүдийг хичээл дээрээс нь нэг нэгээр нь авч яваад байсан. Намайг байхгүй хойгуур гэрт ирж авдрын цоожийг эвдэлж бичиг баримт, бүх хумаа авч явсан байсан. Би бол хэрүүл хийдэггүй. Энэ хүн өөрөө хэрүүл өдөөд хашхичиж байгаад л цагдаа дуудчихдаг. Тэгээд л өөрөө нэг мэдэхэд гэртээ ирэхгүй болчихдог яав ийв гэхээр сална л гэдэг. Бид 2 Төрийн банканд малчны зээлтэй байж байгаад энэхүү зээлэндээ малаа тушааж өр зээлээ төлсөн. Мөн ихэнх мал маань зуданд үхсэн. Одоо бидэнд 34 адуу, 12 үхэр, 30 хонь ямаа байхгүйг энэ хүн өөрөө мэдэж байгаа. Хэдхэн тооны буюу 20 адуу л байгаа өөр ямар ч мал байхгүй. Мөн миний бие нь 2013 онд Их залуу Шандын 14-13 тоотод хоосон газар худалдан авч дээр нь хашаа хатгаж 6,5-12,5 хэмжээтэй байшин барьж орсон. Энэ байшин бол миний хүүхдүүддээ зориулж, тэднийгээ хичээл сургуульд нь зориулж барьсан. Иймд цаашид миний бие үр хүүхдээ өнчрүүлэх, мөн дээр нь надад гэрлэлт цуцлуулах хуулийн үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж байх тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

Хариуцагч ******* 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь эхнэр *******тай 2005 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарч байна. Бидний дундаас 4 хүүхэд төрсөн бөгөөд хүү *******, *******, *******, ******* нарыг эцгийн асрамжинд үлдээж өгнө үү. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үндэслэл нь: ******* би дээрх насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээх бүрэн чадвартай бөгөөд өөрийн хүүхдүүдээ өөр дээрээ байлгах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Эхнэр *******гийн хувьд өөрийн гэх орлогогүй бөгөөд хүүхдүүдээ байнга зоддог, дарамталдаг нь үнэн юм. Иймд эхээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, өөрийн биеэр хүүхдүүдээ тэжээж, хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалан амьдарч чадах чадвартай эцэг гэж үзэж байх тул хүүхдүүдийг минь миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч ******* 2019 оны 04 дүгээр саын 25-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “******* миний бие Их залуу шандын 14А-14 тоотод байрлах 65,4 мкв бүхий байшин, 755 мкв бүхий хашааг дундын хөрөнгөд тооцуулж өөрийн ногдох хэсгийг гаргуулж авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хашаа байшингаа 25 000 000 /хорин таван сая/төгрөгөөр үнэлж байна” гэжээ.   

Хариуцагч ******* 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сөрөг нэмэжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “******* миний бие бага хүүхдүүд болох *******, ******* нарыг өөрийн асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна. Учир нь Б нь 4 хүүхэд тэжээн тэтгэх боломжгүй бөгөөд бага охин Эыг цэцэрлэгээс гаргаж хөдөө айлд байлгаж байгаад сэтгэл өвдөж байна.Том 2 хүүхэд өөрсдийгөө илэрхийлэх биеэ авч явах нь бага хүүхдүүдийг бодвол гайгүй учраас би бага 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч үлдэнэ. *******, ******* нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь хүүхдүүдээ асрамжиндаа авах, Их залуу баг Шандын 14А-14 тоотод байрлах 65,4 м2 байшин, 755 м2 газрыг дундын хөрөнгөд тооцуулж өмчлөлдөө авч үлдэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.   

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү *******, 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин *******, 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү *******, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны охин ******* нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.   

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, шүүхээс зохигчдод эвлэрүүлэх хоёр сарын хугацаа олгосон ч гэрлэгчид эвлэрээгүй, тэдний хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан *******, ******* нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.   

Хүүхдийн асрамжийн хувьд ******* нь эхлээд 4 хүүхдээ өөрийн асрамжиндаа авахаар сөрөг шаардлага гаргасан бөгөөд дараа нь шаардлагаа тодруулж *******, ******* нарыг өөрийн асрамжиндаа авна гэсэн, харин шүүх хуралдаан дээр хүүхдүүдээ эхэд нь өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Иймд 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү *******, 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин *******, 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү *******, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны охин ******* нарыг эх *******гийн асрамжинд үлдээж, эцэг *******гаар насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох нь зүйтэй байна.  

Эд хөрөнгийн тухайд: Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******гийн малын тоо толгойг Булган аймгийн Бүрэгхангай сумаас нотлох баримтаар бүрдүүлсэн. Ингэхэд *******гийн адуу 25, үхэр 8, хонь 20, ямаа 20 бүгд 73 толгой мал тоолуулсан гэсэн баримт ирсэн бөгөөд талууд дээрх малын тоо толгой дээр маргаагүй.

Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 14А-14 тоотод байрлах 65,4 м2 байшин, 755 м2 газрыг зохигчид гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч байна.

Мал болон тэдний дундын эд хөрөнгө болох Их залуу баг Шандын 14А-14 тоотод байрлах 65,4 м2 байшин, 755 м2 газрыг нэхэмжлэгчийн хүсэлтээр үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлт дээр талууд ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд шүүх эд хөрөнгийг хуваахдаа шинжээчийн дүгнэлтийг баримталсан болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: шүүх хуралдаан дээр хариуцагч ******* нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах шаардлагаасаа татгалзаж хүүхдүүдийнхээ асрамжийг эхнэртээ өгөх, мөн Их залуу баг Шандын 14А-14 тоотод байрлах 65,4 м2 байшин, 755 м2 газрыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагаа эхнэр хүүхдэдээ хашаа байшингаа өгч, өөрт ногдох хэсгээ гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.   

Талууд, Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 14А-14 тоотод байрлах 65,4 м2 байшин, 755 м2 газрыг эхнэр болон хүүхдүүддээ үлдээж, өөрт ногдох хэсгээ авах, нэхэмжлэгч ******* мөн уг хашаа байшинг хүүхдүүдийнхээ хамт өөрийн өмчлөлдөө авч үлдэж, ногдох хэсгийг *******д өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн.  

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно, 130.3.-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж заажээ.   

Нэхэмжлэгчийн хүсэлтээр нийт малын зах зээлийн үнэлгээг тогтоолгосон бөгөөд нийт малын зах зээлийн үнэлгээг шинжээч 24 080 000 төгрөгөөр тогтоосон. Үүнийг гэр бүлийн 6 гишүүнд хуваахад нэг хүнд 4 0133 333 төгрөг ногдох бөгөөд, Б.Б болон 4 хүүхдэд нийт 20 066 665 төгрөг ногдож байна.   

******* болон 4 хүүхдэд малын үнээс ногдох 20 066 665 төгрөгнөөс, хашаа байшингийн үнэ болох 27 666 666 төгрөгний *******д ногдох хэсэг 4 611 111 төгрөгийг хасаж харилцан тооцоход *******гаас 16 053 333 төгрөг Б.Б болон хүүхдүүдэд олгохоор байна.   

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, эд хөрөнгийн асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэв.   

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 322 300 төгрөг, хариуцагчийн төлсөн 222 020 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 238 217 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 152 941 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 126 867 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч ******* нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татггалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү *******, 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин *******, 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү *******, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны охин ******* нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.   

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү *******, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны охин ******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү *******, 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин ******* нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг *******гаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.  

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2., 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 14А-14 тоотод байрлах 65,4 м2 байшин, 755 м2 газрыг *******, *******, *******, *******, ******* нарын өмчлөлд, адуу 25, үхэр 8, хонь 20, ямаа 20 бүгд 73 толгой малыг *******гийн өмчлөлд тус тус үлдээж, *******гаас 16 053 333 төгрөг Б.Б болон 4 хүүхдүүдэд олгосугай.     

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэр-Оддамбад даалгасугай.  

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 322 300 төгрөг, хариуцагчийн төлсөн 222 020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238 217 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 152 941 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 126 867 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

8. Тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШЗ2019/00157 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2019/01405 дугаар шүүгчийн захирамжууд нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.  

9. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА