Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт У-ийн Э-т холбогдох эрүүгийн 2417000000017 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 22-нд Д аймгийн А суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Г аймгийн С сум,  дүгээр баг, Т-н тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогт У-н Э /РД:СЩ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногооны задгай тоотод байрлах хашаан дотор Т.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газар унагах, нүүр толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь дээд уруулд, баруун чихний ар талд язарсан шарх, духанд, дээд уруулд, доод уруулын салстад цус хуралт, толгойн баруун талаар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногооны задгай тоотод байрлах хашаан дотор хохирогч Т.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газар унагах, нүүр толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь дээд уруулд, баруун чихний ар талд язарсан шарх, духанд, дээд уруулд, доод уруулын салстад цус хуралт, толгойн баруун талаар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хохирогч Т.А-гийн “...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг Хүрийн ногооны задгайд оршин суудаг Ц-ийн гэрт 0.75 литрийн савлагаатай Агар нэртэй архи авч очих үед Ц үл таних эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Би тухайн үед архи гаргаад бид 3 хувааж уусан. Тэр үл таних эрэгтэй надад агсам тавиад байсан. Би чамайг зажлахгүй залгина гээд байхаар нь би хөгшин ч гэсэн замд зодуулах хүн биш гэж хэлтэл гадаа гарч уулзая гэсэн. Гэрээс гараад гэрийн зүүн урд талын цасан дээр намайг куртикний захаас татаж унагаасан. Миний нүүр хэсэгт өшиглөсөн. Мөн уруул руу өшиглөсөн. Тэгээд цус гарахаар нь доошоо тонгойтол баруун талын чихний ар тал руу 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.О-ийн “...Т овогтой А нь уг хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 68250 төгрөгийг зарцуулсан. У-ийн Э нь тухайн эрүүл мэндийн даатгалаас гарсан 68250 төгрөгийг Төрийн сангийн дансанд 100900020080 тоот дансанд хийсэн байсан тул надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Г.Ц-ийн “...би хүүхдээ хараад гэртээ Этай хамт байж байтал гаднаас А архи аваад ирсэн. Тэгээд А-гийн авчирсан архийг Э, А бид 3 хувааж уусан. Би архи уугаад биеэ авч явах чадвар муутай байсан. Э А хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд тэр 2 гэрээс гараад явсан. Манай гэрт Э, А хоёр бие биенийхээ биед халдаж зодсон асуудал байхгүй. Гэрээс гараад юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Г.А-ийн “...манай нөхөр төлөв даруу, хүнд их тусч, ажилсаг, нийгмийн идэвхи зүтгэл сайтай хүн байдаг. Айл гэрийн ноён нуруу сайтай сайн аав байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 51 дугаартай дүгнэлтэд:

- Т.А-гийн биед дээд уруулд, баруун чихний ар талд язарсан шарх, духанд, дээд уруулд, доод уруулын салстанд цус хуралт, толгойн баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээд уруулд язарсан шарх, баруун чихний ар талд язарсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Духанд, дээд уруулд, доод уруулын салстанд цус хуралт, толгойн баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч У.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Т.А, гэрч Г.Ц нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч У.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Э нь хохирогч Т.А-д 441 430 /дөрвөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гуч/ төгрөг нөхөн төлсөн, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 68 250 /жаран найман мянга хоёр зуун тавь/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.А нь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч У.Э-ын хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч У.Э нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч У.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт У-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч У.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

.           5. Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ