Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 683

 

 

 

 

 

 

 

 2020         05           28                                            2020/ДШМ/683                                                                                          

Д.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

            шүүгдэгч Д.Ч-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1903013790038 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Д-ын Ч, Өвөрхангай аймагт 1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Абигель” ХХК-д менежерээр ажиллаж байсан, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрэн” хороолол, 00-0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Д.Ч- нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг  зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota mark-Х” загварын 69-21УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хүүхдийн ордон”-ны баруун талын замд явахдаа мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас замын гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч Т.Даваасүрэнгийн амь нас хохироон, зорчигч П.Энэрэлсүрэн, Н.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Авирмэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Д.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д.Ч-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 1 хүний амь хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлж, эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ял эдэлж дууссан үеэс тоолохыг, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч П.Энэрэлсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонжаргал нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1010572 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, хохирогч нараас өнөөдрийг хүртэл уучлалт гуйсаар байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүсье. Би согтууруулах ундааны зүйл урьд нь хэрэглэж байгаагүй. Анх удаа ийм зүйл хийсэндээ өөрийгөө буруутгаж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн, хохирогч нараас насан туршдаа уучлал гуйх болно.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргах зүйлгүй. Анхан шатны шүүхээс согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж тооцсон хэдий ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж дурдсан. Иймд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн Д.Ч-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2-оос 8 жил хорих ялтай оногдуулахаар заасан. Анхан шатны шүүхээс Д.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2 жил 6 сар буюу доод хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ч- нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota mark-Х” загварын 69-21УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хүүхдийн ордон”-ны баруун талын замаар явахдаа мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг цас орж хальтиргаа үүссэн замд тохируулан сонгож яваагүйн улмаас шарвалт өгч замын гэрэлтүүлгийн шон мөргөж зам тээврийн осол гарган, зорчигч Т.Даваасүрэнгийн амь нас хохироож, зорчигч П.Энэрэлсүрэн, Н.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Авирмэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Эрдэнэбилэгийн “2019 оны 12 дугаар сарын 09-ний орой, 20 цагаас манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж, шөнө 01 цагийн үед дууссан. Караоке баарнаас гараад ирэхэд Чимэд-Очирын автомашин зогсож байхаар нь хойд талын зүүн захад суугаад унтсан. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт байсан. Ямар асуудал болсныг мэдэхгүй байна. Чимэд-Очир тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтуу байсан” /1-р хх 65-66/,

хохирогч П.Энэрэлсайханы “... Манай байгууллагын ажилчид үргэлжлүүлэн “Наадам центр”-ийн орчимд караокед орсон. Чимэд-Очирын автомашинд сууснаа санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Ослоос хойш 10 орчим хоног болсон үйл явдлыг санахгүй байгаа...” /1-р хх 71-72/,

хохирогч Б.Авирмэдийн “... тухайн үед Чимэд-Очирын автомашинд Төгсжаргал, Эрдэнэбилэг, Даваасүрэн, Энэрэлсүрэн нарын хамт сууж явсан. Би баяр дээрээ архи уугаад муудсан байсан. Нэг мэдсэн зам тээврийн осолд орсон. Чимэд-Очир тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан” /1-р хх 60-61/,

гэрч Ч.Бат-Эрдэнийн “Хүүхдийн ордны баруун талын уулзварын гэрлэн дохион дээр зогсож байхдаа толиндоо хойд тал руу харахад цагаан автомашин ирж байгаад зорчих хэсэг дээр шарваж эргэлдээд замын хашлага даван гэрэлтүүлгийн шонг хажуу талаараа гуядаж мөргөөд зогссон. Жолоон дээрээс бууж ирсэн залуугаас юу болсныг асуухад “Мэдэхгүй байна” гэж хэлсэн. Архи үнэртэх шиг болохоор нь жолооч залуугаас асуухад “Тийм” гэсэн” /1-р хх 108-109/,

гэрч Э.Төгсжаргалын “... Чимэд-Очир жолооны ард суухаар нь “Чи өөрөө автомашинаа жолоодох юм уу” гэхэд “Тэгнэ” гэсэн. “Дуудлагын жолооч дуудаад, надаар тоглож байна” гэж бодоод унтаад өгсөн. Чимэд-Очир автомашин жолоодоод явж байх үед арын хүмүүс “Цагдаа ирж байна, зогсооч” гээд байх шиг байсан. Нэг мэдсэн түргэн тусламжийн автомашинд сэрсэн. Чимэд-Очир согтуу автомашин жолоодсон ...” /1-р хх 97-98/ гэх мэдүүлгүүд,

талийгаач Т.Даваасүрэнд элэг, дэлүүний няцрал, язарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын уушгины няцрал, цус хуралт, дотор эрхтэний доргилт, голтын цус хуралт, зүүн хацар ясны нум, доод эрүү, баруун эгэм, 10, 11, 12 дугаар хавирга, зүүн 1-6 дугаар хавирганы хугарал, толгойн хуйхан доорх зүүн зулай, чамархай хэсгийн цус хуралт, цээжний зөөлөн эд дэх цус хуралт, зүүн чамархайд шарх, зүүн шанаа, хацар, эрүүнд зулгаралт, шарх, буйланд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд учирч, хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №37 тоот дүгнэлт /1-р хх 124-128/,

хохирогч П.Энэрэлсайханд баруун талын тархины эдийн гүн дэх цус хуралт, зүүн атгаал, эгэм, аарцаг болон суудал яс, зүүн ухархай, хоншоор ясны хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №455 тоот дүгнэлт /1-р хх 151-153/,

хохирогч Н.Эрдэнэбилэгт тархины няцрал, зүүн дунд чөмөгний хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №456 тоот дүгнэлт /1-р хх 161-162/,

хохирогч Б.Авирмэдэд зүүн 7 дугаар хавирганы далд хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №454 тоот дүгнэлт /1-р хх 145-146/,

Зам тээврийн осол болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /хх 3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 11/, яллагдагч Д.Ч-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 200-202/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ч- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хальтиргаа үүссэн замд хурдаа тохируулж яваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироон, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.  

Анхан  шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ч-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.

Хохирогч, гэрчүүд тухайн үед жолоочийг согтуугаар автомашин жолоодсон болохыг гэрчилсэн, шүүгдэгч зам тээврийн осол хэрхэн гарсан болохыг мэдэхгүй гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн нь зам, орчны байдлыг бодитоор үнэлж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах чадваргүй байдалд хүргэж, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан, нөхцөл болжээ. Иймд шүүгдэгч Д.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь хууль бус болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН