| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 110/2025/0091/З |
| Дугаар | 221/МА2026/0638 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0638
Н.Е нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С
Нэхэмжлэгч: Н.Е
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааныг даргалагч,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Ө.Ж
Нэхэмжлэлийн шаардлага:Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаартай “Ө.Ж-ыг ажилд томилох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргад Н.Е-н нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”, Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 083 дугаартай шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга Н.М
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 110/2025/0091/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Е-гаас Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааныг даргалагч, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаартай “Ө.Ж-ыг ажилд томилох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргад Н.Е-н нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”, “Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Баян-Өлгийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 083 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.4.1, 56.5.1, 56.5.2, 56.5.4, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаартай “Ө.Ж-ыг ажилд томилох тухай” тогтоолыг, Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох Н.Е-г Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар хуулийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:” 56.4.1.-д “хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;” гэж хуульчилсан байна. Гэтэл гуравдагч этгээд Ө.Ж нь хуулийн дээрх шаардлагыг хангаж байгаа тухай нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй явдалд гомдолтой байна.
3.2. Эрх бүхий байгууллагаас гуравдагч этгээд Ө.Ж-д олгосон БҮ-*********дугаартай бүрэн дунд боловсрол эзэмшсэн “Бүрэнд дунд боловсролын үнэмлэх”-ийг холбогдох төрийн байгууллагаас хүчингүй болгоогүй байхад уг нотлох баримтыг эргэлзээтэй нотлох баримт гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна.
3.3. Гуравдагч этгээд Ө.Ж нь “Аварга” дээд сургуулийг Багш, биеийн тамирын боловсролын хөтөлбөрөөр суралцан 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төгссөн ********** дугаартай бакалаврын дипломыг нотлох баримтаар үнэлээгүй явдлыг зөвшөөрөхгүй байна.
3.4. Иймээс анхан шатны шүүх нь Ө.Ж-д эрх бүхий байгууллагаас олгосон БҮ-*********дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийг болон “Аварга” дээд сургуульд Багш, биеийн тамирын боловсролын хөтөлбөрөөр суралцан 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төгссөн ********** дугаартай бакалаврын дипломыг нотлох баримтаар үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0083 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт заасан “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаартай “Ө.Ж-ыг ажилд томилох тухай” тогтоолыг, Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож...” гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүхээс “... Гуравдагч этгээдээс Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн гэж маргаж, 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БҮ-*********дугаартай гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч бусад нотлох баримтууд болох гэрч Б.Т-ий мэдүүлэг, Боловсролын яамны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ****** дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн “А” бүлгийн сурагчдын боловсролын үнэмлэхэд тавигдах дүнгийн маягт “Б” бүхий баримтуудаар гуравдагч этгээд Ө.Ж нь тухайн сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшин 2010 онд төгссөн нь үгүйсгэгдсэн... Иймд гуравдагч этгээд Ө.Ж нь багийн Засаг даргад нэр дэвших үед хуульд заасан “бүрэн дундаас дээш боловсролтой байх” шаардлагыг хангаагүй” гэж дүгнэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаартай “Ө.Жыг ажилд томилох тухай” тогтоолыг, Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
3. Нэхэмжлэгчээс “...Ө.Ж-ын хувьд багийн Засаг даргад нэр дэвших үед бүрэн дунд боловсролгүй байсан. Хуульд заасан багийн Засаг даргад нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж, Засаг даргаар томилсон захирамж гаргасан. Багийн хурлын хуралдаанаас түүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал хураалтад оролцуулсан нь, санал хураалтаас олонхын санал авсан гэж тогтоол гаргасан нь, сумын Засаг дарга тухайн тогтоолыг үндэслэж,багийн Засаг даргаар томилсон нь буруу буюу хууль бус юм. Нэгэнт хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас маргаан бүхий тогтоол, захирамжийг тус тус хүчингүй болгох саналтай байна....” гэж,
4. Харин хариуцагчаас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг даргад тавигдах шаардлагын дагуу Ө.Ж-ын бүрэн дунд боловсрол төгссөн гэрчилгээг авч, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж, Авлигатай тэмцэх газарт албан тоот явуулсан, зөрчилгүй гэсэн бичиг ирсэн. Миний хувьд тухайн гэрчилгээ нь хуурамч эсэхийг шалгаж, тодорхойлох боломжгүй...” гэж,
5. Гуравдагч этгээдээс “Хуульд багийн Засаг даргад нэр дэвшигч нь бүрэн дунд боловсролоос дээш байх гэж заасан. Ө.Ж-ын хувьд Аварга дээд сургуулиас 2022-2026 оны хооронд сурч төгссөн дипломыг хуурамч гэж үзэх боломжгүй. Сургуульд сураагүй хүнд диплом олгохгүй. Тухайн үед дипломын талаар яагаад яриагүй гэвэл сургууль төгсөөгүй байсан. Сургуулиа төгсөж, улсын шалгалтаа өгч чадах эсэх асуудал яригдана. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр захирлын тушаалаар тус сургуулиас төгссөн.” гэж тус тус маргажээ.
6. Гэрч Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан С.А “2009-2010 оны хичээлийн жилд Ө.Ж нь Т багшийн удирдсан 11 “А” ангид суралцсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ БҮ-*********дугаартай Ө.Ж-д олгогдсон “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-д сургуулийн захирлын хувьд би гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн ангийн багш Б.Т гэж бичигдэж гарын үсэг зурагдсанаас үзэхэд Ө.Ж нь 2009-2010 оны хичээлийн жилд манай сургуулийг Т багшийн ангиас суралцаж төгссөн гэж бодож байна.” гэжээ.
7. Гэрч Б.Тээс “Ангийн багш Б.Т” гэсэн нэрийн өмнөх гарын үсэг бол миний гарын үсэг мөн. Харин “Б.Т” гэдэг нэрийг бичсэн бичиг миний бичиг биш юм. Тухайн 2010 онд манай сургуулиас 11-ийн хоёр анги төгссөн миний удирдсан 11 “А” ангиас 26 хүүхэд төгссөн, Ө.Ж гэдэг хүүхэд суралцаж төгсөөгүй. Үүнийг би сайн мэдэж байна, Ө.Ж-ыг Баяннуур сумын оршин суугчийн хувьд танина. 2010 оны 06 дугаар сарын 02-ны Ө.Ж-д олгогдсон БҮ-*********дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд ангийн багш Б.Т гэх нэрийн өмнө яагаад гарын үсэг зурсныг, ямар учраас хэзээ гарын үсэг зурснаа, мөн хэн зуруулсан болохыг санахгүй байна.” гэх бөгөөд хэрэгт БҮ-*********дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх нь Ө.Ж-д олгогдсон эсэх, Ө.Ж-ыг Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсэхийг тодорхой тогтоосон баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
8. Хэдийгээр анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулахаар Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль, Баян-Өлгий аймгийн архивын хэлтэс, Архивын Ерөнхий газар, Боловсролын яам зэрэг байгууллагууд руу тус тус албан бичиг явуулсан, маргааны үйл баримтад хамааралтай баримтууд байхгүй талаар хариунууд ирсэн байх боловч нэгэнт хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой баримтуудыг цуглуулах нь шүүхийн үүрэг тул шаардлагатай тохиолдолд захиргааны байгууллагуудад хадгалагдаж буй баримт бичигт үзлэг хийх, Ө.Ж-д олгосон БҮ-*********дугаартай гэрчилгээ нь хуурамч эсэх зэргийг эрх бүхий байгууллагаас лавлагаа авах замаар маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулах нь зүйтэй.
9. Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ерөнхий боловсрол” гэж бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүхий нийт 12 жилийн хугацаанд эзэмших боловсролыг;”, 3.1.3-т “боловсролын түвшин” гэж сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролыг”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь суралцагчийн эзэмшсэн боловсролын түвшин, мэргэжил болон чадамжийн түвшнийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.”, 9.2-т “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом олгоно.” гэж тус тус заасан.
10. Түүнчлэн, 2010 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам”-ын 1.1-д “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсрол эзэмшсэнийг нь нотолж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх /цаашид гэрчилгээ, үнэмлэх гэх/ олгоход энэхүү журмыг мөрдөнө.”, 1.2.-т “Боловсролын тухай” Монгол улсын хуулийн 9.1-д заасны дагуу гэрчилгээ, үнэмлэх нь ерөнхий боловсролын тухайн түвшний агуулгыг эзэмшсэнийг нотлон төрөөс олгож байгаа баримт бичиг мөн.”, 2.2-т “Бүрэн дунд боловсролын стандарт хангасан суралцагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгоно.”, 4.1-д “Суралцагчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, хувийн хэрэг, ангийн журнал, суурь, бүрэн дунд боловсролын тухайн түвшний жилийн эцсийн сурлагын амжилтын дундаж хувь, түүнд харгалзсан дүнгийн жагсаалтыг анги удирдсан багш гаргаж, зөвхөн тухайн суралцагч, эцэг эхэд танилцуулан гарын үсэг зуруулсан байна.”, 4.9-т “Боловсролын гэрчилгээ, үнэмлэх олгосон тухай суралцагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, сургуулийн тэмдэг дарна.”, 6.5.-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мэдээ, гэрчилгээ, үнэмлэхийн тайланг нэгтгэн улсын нэгдсэн дүнг гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.
11. Дээрхээс дүгнэн үзвэл шүүхийн зүгээс дараах баримтуудыг бүрдүүлэн гуравдагч этгээд Ө.Ж-ыг Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсэхийг тогтоох боломжтой байжээ. Үүнд: 1) суралцагчийн хувийн хэрэг; 2) суурь, бүрэн дунд боловсролын тухайн түвшний жилийн эцсийн сурлагын амжилтын дундаж хувь, түүнд харгалзсан дүнгийн жагсаалт; 3) боловсролын гэрчилгээ, үнэмлэх олгосон тухай суралцагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, сургуулийн тэмдэг дарсан баримт; 4) сургууль төгсөгчдийн цомог зураг; 5) 2010 онд Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 “А” ангийг төгссөн төгсөгчдөөс гэрчийн мэдүүлэг авах; 6) Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мэдээ, гэрчилгээ, үнэмлэхийн тайланг нэгтгэсэн улсын нэгдсэн дүн.
12. Анхан шатны шүүх Ө.Ж-ыг бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсэхийг тодорхойлоход ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлээгүй байх тул БҮ-*********дугаартай “Бүрэн дунд боловсролын үнэмлэх” 2010 онд хэнд олгогдсон нь тодорхойгүй, Ө.Ж-ыг 2010 онд Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг төгссөн эсэхийг тогтоогдсон гэж үзэхгүй.
13. Мөн гуравдагч этгээд Ө.Ж-д олгогдсон БҮ-*********дугаартай “Бүрэн дунд боловсролын үнэмлэх” хуурамч эсэх, түүнд зохих журмын дагуу олгосон буюу хүчинтэй эсэх, БҮ-*********дугаартай боловсролын үнэмлэх, ********** дугаартай бакалаврын диплом нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол дээрх боловсролын баримт бичгүүд нь хэнд олгогдсон зэргийг тодруулах байжээ.
14. Гэтэл анхан шатын шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, маргаан бүхий үйл баримтыг бүрэн тогтоогоогүй атлаа “... Ө.Ж нь хуульд заасан боловсролын шаардлагыг хангаагүй байхад түүнийг багийн Засаг даргад нэр дэвшихийг зөвшөөрч, багийн Засаг даргаар сонгох эсэх асуудлаар санал хураалт явуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
15. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх уг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН