Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00079

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Р.Хасбазар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Равдангийн Хасбазарт холбогдох эрүүгийн 201722000089 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дайртан Равдангийн Хасбазар, 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн РД92082716 дугаартай,

Шүүгдэгч Р.Хасбазар нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчим Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн иргэн З.Түмэнжаргалын мотоциклийн мотор, дугуй зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Хасбазар нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчим Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн иргэн З.Түмэнжаргалын мотоциклийн мотор, дугуй зэрэг эд зүйлийг хулгайлж 290.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Хасбазарын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...Сумын төвөөс гараад гэрлүүгээ явж байхад танихгүй хүн мотоцикль асахаа байчлаа асаагаад өгөөч гэхээр нь асаах гэж үзээд чадаагүй, тэгээд нөгөө хүнийг сумын төв оруулж өгчихөөд буцах замдаа уг мотоциклийн мотор, урд дугуй хоёрыг нь тайлж авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч З.Түмэнжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Мотоциклио хаясан газар очиход миний мотоциклийн мотор, урд дугуй хоёр байхгүй болсон байсан. Хасбазар өөрийнхөө унаж явсан мотоциклио өгөөд дээр нь 100.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 26 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

 Хохирогч З.Түмэнжаргал нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 20 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Хасбазар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Р.Хасбазарт  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч З.Түмэнжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

     Эрүүгийн 201722000089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Дайртан Равдангийн Хасбазарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Р.Хасбазарт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Р.Хасбазарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000089 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Хасбазарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР