Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/01088

 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/01280 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01165 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бат-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, О.Оюунсувд, хариуцагч Д.Батсүрэн, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****, ****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 353,315,557.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/01280 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****, ****нараас зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202011096 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6 дугаар гудамж 98А тоотод байрлах 264 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын 18642325149972 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Зуслан шарга морьт 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026190 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14080/ 1 дүгээр хэсэг гудамжны 145 тоотод байрлах 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,994,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01165 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/01280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,994,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бат-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****, ****нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь дээрх хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай. Анхан шатны шүүх гэрээ тус бүрт шаардах эрхээ хэрэгжүүлэх эцсийн хугацааг тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа сайн дураар гүйцэтгэсэн үүргийн биелэлтийг хууль зүйн үндэслэлгүй үйлдэл гэж үзэж болохгүй ба энэ нь гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэл юм. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т “Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй” гэж заасныг шүүх зөрчиж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг хяналтын шатны шүүхээс анхаарч үзнэ үү. 

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.17-ны өдрийн 210/MA2022/01165 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

5. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2022/00957 дугаар тогтоол гаргажээ.

 ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****, ****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдлыг 2022.09.30-ны өдрийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

11. Хариуцагч ****, ****нар нь 1). 2012.09.06-ны өдөр “ ****” ****тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, 2). 2013.06.28-ны өдөр дахин зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус зээлж, зээлийн барьцаанд бусдынөмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202011096 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6-р гудамж 98А тоот 264 м.кв талбайтай газар, уг газарт байрлах 000191538 дугаарын гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018903 дугаарт бүртгэлтэй, нийтийн сууцны зориулалттай, 220 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 0403265 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18642325149972 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Зуслан Шарга морьтын 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026190 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьт /14080/ 1-р хэсэг гудамжны 145 тоот 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, LG компьютер иж бүрэн 53 ширхэг, тоглоомын газрын тоног төхөөрөмж, 5455 УБП улсын дугаартай, Jaguar X-Type маркийн автомашин зэргийг барьцаалсан. 3). хариуцагч **** нь нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д 2013.06.28-ны өдөр кредит карт эзэмших хүсэлт гаргасны дагуу **** 2013.12.21-ний өдөр 10,000,000 төгрөгийн эрхтэй, кредит алтан картыг, 12 сарын хугацаатай, жилийн 24-30 хувийн хүүтэй олгосон байна. 

12. Хэргийн баримтаар хариуцагч ****, ****нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт, тухайлбал 2012.09.06-ны өдрийн гэрээний үүрэгт 2015.08.27-ны өдрийн байдлаар нийт 39,236,885 төгрөг, 2013.06.28-ны өдрийн гэрээний үүрэгт 2014.03.11-ний өдрийн байдлаар нийт 16,567,999 төгрөгийг тус тус төлсөн, мөн хариуцагч **** нь 2015.05.15-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний төлбөрт 3,179,291 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогджээ.  

 13. Нэхэмжлэгчээс ...хариуцагч нар зээлийн гэрээний дагуу шилжүүлж авсан мөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж марган, хариуцагч ****, ****нараас 2021.12.13-ны өдрийн байдлаар эхний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 54,357,215.58 төгрөг, хүү 91,404,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,208,896.18 төгрөг, нийт 153,970,919.94 төгрөгийг, 2013.06.28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69,219,425.54 төгрөг, зээлийн хүү 116,167,448.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,778,471.82 төгрөг, нийт 196,165,345 төгрөгийг, мөн кредит картын гэрээний үүрэгт 3,179,291.31 төгрөг, нийт 353,315,557.02 төгрөгийг нэхэмжилсэн байна.   

 14. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх ба нэхэмжлэгч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү зэргийг нэхэмжлэх эрхтэй байна. 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан. 

Хариуцагч ****, ****нар нь 2012.09.06-ны өдөр “ ****” ****тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлсэн. Хэргийн баримтаар зээлдэгч нар 2015.08.27-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 16,821,027 төгрөг, зээлийн хүүд 22,260,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 155,814 төгрөг, нийт 39,236,885 төгрөг төлсөн, түүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй нь тогтоогдсон, хоёр шатны шүүх энэ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцсэн.   

15. Харин, нэхэмжлэгчийн 2013.06.28-ны өдрийн зээлийн гэрээ болон 2013.12.21-ний өдрийн кредит карт эзэмших гэрээний дагуу нэхэмжилсэн зээлийн төлбөрийн тухайд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. 

Учир нь, ****, ****нарын нэхэмжлэлтэй “ **** ****” ХХК-д холбогдох 2012.09.06, 2013.06.28-ны өдрийн зээл болон барьцааны гэрээнүүдийг цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 196,555,236 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.09.06-ны өдрийн 3597 дугаар захирамжаар “зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.Ганболдын нэхэмжлэлтэй нотариатч Ж.Цэрэнноровт холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 2048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.27-ны өдрийн 55 дугаар магадлалаар, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн зэргээс дүгнэхэд эдгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь тогтоогджээ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. 

16. Иймээс, нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь 2013.06.28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу, 2018.06.28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг шаардах эрхтэй, энэ хугацаагаар хариуцагч нарын төлөх гэрээний үүргийг тооцоход, зээлийн үлдэгдэл төлбөрийн 69,219,426 төгрөг, хүү 60,621,990 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,350,051 төгрөг, нийт 137,191,467 төгрөг, мөн кредит картын гэрээний үүрэгт 3,179,291 төгрөг, нийт 140,370,758 төгрөгийг төлөх үүрэгтэй нь тогтоогдсон, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. 

Мөн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна. 

17. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01165 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/01280 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****, ****нараас гэрээний үүрэгт 140,370,758 төгрөгийг гаргуулж “ **** ****” ХХК-д олгон, нэхэмжлэлийн үлдэх 212,944,799.02төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Г-2202011096 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6-р гудамж 98А тоотод байрлах, 264 м.кв талбайтай газар, уг газарт байрлах 000191538 дугаарын гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018903 дугаарт бүртгэлтэй, нийтийн сууцны зориулалттай, 220 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 0403265 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18642325149972 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Зуслан Шарга морьтын 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026190 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьт /14080/ 1-р хэсэг гудамжны 145 тоотын 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, LG компьютер иж бүрэн 53 ширхэг, тоглоомын газрын тоног төхөөрөмж, 5455 УБП улсын дугаартай Jaguar X-Type маркийн автомашин зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч ****, ****нараас 858,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.29-ний өдөр төлсөн 1,924,528 төгрөг, 2022.07.29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА