Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00029

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00029

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух Шарнууд овогт Даваагийн Буяннэмэх /РН58082271/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багт оршин суух Шарнууд овогт Орнобишийн Майбаяр /РН75031571/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух Шарнууд овогт Жигжгээн Энэбиш / РН54111471/ нарт холбогдох,

Газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай 155/2019/01998/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Буяннэмэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч О.Майбаяр, Ж.Энэбиш, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Буяннэмэх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би одоо Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Тоом 2 дугаар багт эхнэр, бага хүүгийн хамт амьдардаг. 1979 онд цэргээс халагдаж ирээд өөрийн хөгшин аав Даваа гэдэг айлд малчнаар ажиллаж байсан. 1981 онд эхнэр Сүнжидмаатай гэр бүл болж хөгшин аав Даваагийн хамт Улаан Уул сум Шивлэг 01 дүгээр баг, хорон талын багайд сувай содон мал маллаж байтал хөгшин аав 1984 онд 67 насандаа нас барсан. Өвөлжөө хашаа маань надад өвлөгдөж ирсэн. 1990 онд өмч хувьчлал болоход надад хувьцаанд 150.000 төгрөгөөр хашааг маань маллах малтай хамт хувьчлалд төрөөс өгсөн. Жигжгээ овогтой Энэбиш нь миний төрсөн эгч Дорлигийн Гэрэлхүүтэй 1975 онд гэрлэсэн. Манай эгч 2016 онд бие нь муудсаар байгаад өнгөрсөн. Ж.Энэбиш нь 1990 онд надаас танай өвөлжөөнд би өвөлжье гэж гуйж байгаад манай 2 төрсөн дүү, Д.Буяндэлгэр, Д.Давааням нартай хамт уг өвөлжөөнд 3 гэрээрээ өвөлжиж байсан. Одоо манай өвөлжөөнд Энэбишийн хүргэн болон Майбаяр өвөлжиж байгаа ба Майбаяраас өвөлжөөгөө авах гэхээр хадам аав минь надад өгөөд явсан. Тэр хүнтэйгээ л ярь, миний өвөлжөө гээд өгдөггүй. Энэбиштэй уулзахаар Майбаяраас очоод ав гэхээр очиж авах гэж хэл амаар доромжлуудаг. Орнобиш овогтой Майбаяр нь Шивлэг 01 дүгээр багийн Багайн нарийн гэдэг газар өвөлжөөний зориулалтаар 5000 метр квадратт газартай мөртлөө миний газрыг хууль бусаар эзэмшиж өвөлжиж байгаа болно. Улаан Уул сумын газрын даамалд газрын гэрээ, гэрчилгээгээ гаргуулж авмаар байна гэхэд танай газар дээр гэрээ гэрчилгээ байхгүй, танд гаргаж өгөх гэхээр газрын маргаантай та шүүхээр шийдүүл гэсэн болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд уг газрын буюу Улаан Уул сумын 1 дүгээр баг Шивлэг багийн нутагт байрлах Хорон талын Багай гадаг гзарат байрлах буй өвөлжөөний газрын шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Энэбиш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Буяннэмэхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Буяннэмэхийн нэхэмжлэлд дурдсан энэхүү өвөлжөөний гэх газар нь манайхыг эзэмшихээс өмнө нэгдлийн малын хашаа байсан гээд хашаа хороо нь нурж алга болсон газарт би 1990 онд шинээр өвөлжөө гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулж авсан. Ингээд охин мань 2002 онд айл болоход энэхүү өвөлжөөгөө хүргэн Майбаярт өгсөн юм. Миний өвөлжөө бүхий газрыг Буяннэмэх нь өвөг дээдсийн нутаглаж байсан нутаг гэж байгаа бол бидний өвөг дээдэс ч гэсэн тухайн нутагт нутаглаж л байсан. Буяннэмэхийн нь нэхэмжлэлдээ намайг 1990 онд танай өвөлжөөнд би өвөлжье гэж гуйж байгаад манай 2 дүү Д.Буяндэлгэр, Д.Давааням нартай хамт өвөлжиж байсан гэжээ. Тэгвэл би энэ хүнээс өвөлжөөнд чинь өвөлжье гэж гуйгаагүй, харин 1990 онд манай гадаа Д.Буяннэмэхийн төрсөн дүү нар болох Хатгалын харьяат Д.Буяндэлгэр, Д.Давааням нар ирж манай гадаа өвөлжөөд, Улаан Уул сумын нэгдлээс хувьцаандаа мал авцгаагаад буцаад Хатгал руугаа нүүцгээсэн нь үнэн, энэ хүмүүс Улаан Уул сумын гаралтай Хатгалын харьяат хүмүүс юм. Буяннэмэх нь миний хадам дүү учраас жил бүр л ирж золгодог. Тэгэхдээ надаас энэ өвөлжөө миний өвөлжөө надад өг гэсэн юм огт ярьдаггүй л байсан. Гэхдээ талийгаачийг минь өнгөрснөөс хойш гадуур ийм асуудал яриад яваа сурагтай. 2019 оны зун манай ирээд би өвөлжөөгөө авдаг юм уу гэхэд нь би тэр өвөлжөөг би өөрөө барьж авсан. Газрын гэрээ гэрчилгээг зохих журмын дагуу гаргуулж аваад сүүлд хүргэндээ шилжүүлж өгсөн. Одоо миний мэдлийнх биш гэдгээ хэлж байсан.

Иймд тэрхүү өвөлжөөний газрыг би хууль журмын дагуу эзэмшиж байгаад хүргэн Майбаярт газар эзэмших эрхээ шилжүүлсэн би өөрөө одоо Мөрөн суманд амьдарч байгаа тул энэхүү маргаан нь надад хамаагүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Майбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Буяннэмэхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Улаан Уул сумын 1 дүгээр багийн шивлэг багийн Хорон талын Багай гэдэг газарт байгаа өвөлжөөний газар нь миний эзэмшлийн газар юм, энэ өвөлжөөний газар нь анх манай хадам аав Энэбишийнх байсан бөгөөд би 2002 онд айл болсны дараа энэ өвөлжөөг хадам аав Энэбиш бидэнд өгч, би 2007 онд газар эзэмших гэрээ, гэрчилгээ гаргуулж авсан. Буяннэмэх нь 1990 онд мал хувьчлалаар 150.000 төгрөгөөр хашааг маань маллах малтай маань хамт өгсөн гэх мэтээр худал зүйл их бичсэн байна. Тухайн үед мал үнэгүй хувьчилснаас биш өвөлжөө бууцыг үнэтэйгээр хувьчилж авсан мэтээр бичсэн нь худал юм. Энэ өвөлжөө эрт дээр үед нэгдлийн малын хашаа байгаад устаж алга болсон үед нь манай хадам аав өвөлжөө бууц гаргаж авсан гэдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар би энэ хүнийг хэл амаар доромжилсон асуудал байхгүй, энэ хүний хүүхдүүд нь том болоод зарим хүүхэд хотод, зарим хүүхэд нь Мөрөнд, зарим нь Тоом багт байж байгаад Арбулаг шилжиж явсан, өөрөө эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа хүн. Буяннэмэх нь өмнө өвөлжөөний газрын талаар юу ч хэлдэггүй байснаа 2018 оноос хойш л энэ манай өвөлжөө, танайх учраа олж манай өвөлжөөнөөс зайл гэх мэтээр ирж дарамталж улмаар хүүхдүүдийг маань энэ өвөлжөө чөтгөртэй өвөлжөө шүү, мал хард явахдаа болгоомжтой яваарай гэх мэтээр сэтгэл зүйн дайралт хийсэн байсан, тэгээд Буяннэмэх би удган зайранд очиж засал ном хийлгэсэн одоо зүгээр болсон, өвөлжөөгөө авна гэх мэтийн зүйл ярьдаг хүн. Би энэ өвөлжөөний газрыг 2002 оноос хойш эзэмшиж байгаад 2007 онд хууль хууль журмын дагуу л газар эзэмших эрхээ шилжүүлж авсан, харин газрын гэрээ гэрчилгээний эх хувийг үрэгдүүлсэн тул сая зарлуулж байж дахин бичүүлж авсан юм. Тиймээс энэ хүн надтай маргах шаардлагагүй байх гэж бодож байна. Би хэн нэгний өвөлжөө бууц, эзэмшил газар д ээр дур зоргоороо ирж буугаагүй, хуулийн дагуу эзэмшил газар дээрээ амьдарч байгаа газар эзэмших эрхийн дагуу газраа эзэмшиж байгаа тул Буяннэмэхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Буяннэмэх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үе дамжиж ирсэн өвөлжөөгөө авах талаар О.Майбаярт хэлэхэд хадам аав надад өгсөн гэсэн учраас боломжгүй гэсэн. Би үе дамжиж ирсэн өвөлжөөгөө авмаар байна. Надад гэрчилгээ авсан эсэхээ хэлээгүй. Өвөлжөө маань одоо хөрзөн ихтэй, хашаа муутай байгааг нутгийн зон орон мэдэж байгаа. Би өөрөө Арбулаг суманд амьдарч байна. Би хаваржаа худалдаж авсан. Гэтэл Арбулаг сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учраас намайг байлгахгүй гэсэн. Би өвөлжөөнийхөө кадастрын зургийг аваад газрын даамал дээр очиход Майбаяр гэх хүн ааваасаа авсан гэсэн учраас мөн боломжгүй та шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Хариуцагч О.Майбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хашаа муу байгаа нь миний буруу. Бага насны хүүхэдтэй, модны гоожин олдохгүй байсан. Гэхдээ одоо бол хашаагаа засварлахаар модоо бэлтгэсэн байгаа. Би 20 жил амьдарч байна. Өвөг дээдсийн нутаг гэж байгаа бол ялгаагүй миний эхнэр ч гэсэн өвөг дээдсийнх нь хүн юм. Д.Буяннэмэх 4 дэх үе нь юм бол миний эхнэр 5 дахь үе нь юм. Би ямар учраас зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Д.Буяннэмэхийн үр хүүхдүүд миний үр хүүхдүүдтэй мөн газрын маргаан үүсгэж болзошгүй юм. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх бодолтой байна гэв.

Хариуцагч Ж.Энэбиш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1990 оны үед манай гэр бүлийн хүн удмын нутагт амьдрая гээд нүүж очсон юм. Манайхыг нүүж очиход Даваа гэх хүн 1984 онд нас барсан байсан. Тэр үед нэгдлийн үед янз бүрийн айлууд өвөлждөг байсан учраас тэр өвөлжөөний хашаа нурж дууссан байхад би нүүж очсон. Ганбат гэдэг хүн хашаа гаргасан байсан. Түрээсийн гэрээний цөөн малтай хүн байсан. Хамт байна гэхээр нь айлтай хамт байхгүй гээд хашаагаа зөөгөөд явсан юм. Би тэгээд орон дээр нь хашаагаа барьсан юм. Манай эхнэрийн дүү болох Буяндэлгэр, Давааням хоёр хамт өвөлжөөд Хатгал руу нүүгээд 1 жил шилжиж Улаан-Уул суманд очиж буцаад Хатгал сум руу нүүгээд тэндээ үргэлжлүүлэн амьдарч байсан. Би хашааг нь сэргээсэн. Газрын тухай хууль 1994 онд гараад газраа өөр дээрээ шилжүүлж амжихгүй явж байгаад 2000 онд гэрчилгээ авсан. Д.Буяннэмэх удмын нутаг өвөлжөө гэж бодож л байсан юм бол 1994-2000 он хүртэл 6 жил эзэнгүй байхад нь авч байхгүй яасан юм бол доо. Намайг 2000 онд гэрчилгээ авах хүртэл авч байхгүй одоо хэрүүл маргаан болгож байгааг ойлгохгүй байна. Өвөлжөөний газраа өмч хувьчлалаар авсан гэж худлаа яриад байх юм. Тэр хувьчлалаар газар өгч байгаагүй. Газрын тухай хууль чинь 1994 онд анх гарсан ш дээ ...гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Буяннэмэх нь хариуцагч О.Майбаяр, Ж.Энэбиш нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг Багай гэх газар байх өвөлжөөний газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Майбаяр уг газрыг хадам ааваасаа шилжүүлж эзэмшээд 20 жил амьдарч байна газар эзэмших гэрчилгээтэй учир зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Ж.Энэбиш нь Д.Буяннэмэхийн эгч миний гэр бүлийн хүн байсан бөгөөд өвөг дээдсийнхээ нутагт очиж амьдаръя гээд 1990 онд тухайн нутагт очиж амьдарч байсан. Д.Буяннэмэх нь энэ хугацаанд буюу гэрчилгээ авахаас өмнө 1994-2000 онд 6 жил эзэнгүй байхад тэндээ очиж амьдрахгүй яасан юм бэ гэж тус тус эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч нараас хэрэгт Орнобиш Майбаяр РН75031571 Сумын засаг даргын захирамж 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/14/ тоот шийдвэрийг үндэслэн Хөвсгөл Улаан Уул 1-р баг Багай хаягт байрлах, нэгж талбарын 6727001187 дугаар бүхий 5000 м.кв /га/ газрыг өвөлжөө, хаваржаа зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх 000021940 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөн олгосон тэмдэг дарагдсан гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Газрын албаны мэргэжилтэн Базарсадын Эрдэнэ, газар эзэмшигчийг төлөөлж Орнобиш овогтой Майбаяр нарын хооронд 2020 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан №06743-2020/00015 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас,

Улаан-Уул сумын харьяат Орнобиш овогтой Майбаяр нь 211500342 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн тул тус сонины 38 дугаарт хүчингүй болгон зарлахаар бүртгэн зарласныг албан ёсоор тодорхойлов гэх Эрх чөлөө сонины редакци-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Монгол улсын Жигжгээ овогтой Энэбиш-д Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт 20000 ам дөрвөлжин метр газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгов Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын засаг дарга Ч.Баатар, олгосон 2000 оны 3-р сарын 10-ны өдөр гэх бичилт бүхий 211500005 дугаар Монгол улс газар эзэмших гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Улаан-Уул сумын Газрын асуудал хариуцсан албан тушаалтан Пүрэв овогтой Цолмон, Жигжгээ овогтой Энэбиш нарын хооронд 2000 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Иргэний газар ашиглах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар ...Тус багийн малчин Орнобишийн Майбаяр нь Хорон талын Багайд байрладаг өвөлжөөний хашаанд 2002 оноос тухайн газар нутагтаа малаа маллаж байгаад Жигжгээгийн Энэбишээс 2007 оноос өвлөн аваад газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр авсан тул дээрх газрыг Орнобишийн Майбаярт эзэмшүүлэхийг дэмжсүгэй... гэх Газар ашиглах санал дэмжих тухай тогтоолын эх хувь 1 хуудас,

Шарнууд овогт Орнобишийн Майбаярт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2007 оны... 23-ны 16 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын... 342 дугаар бүхий 5000 м2 /жар/ жилийн хугацаатай Шивлэг багийн нутаг Багай-д өвөлжөөний хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Газрын албаны... бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гэх баримтын хуулбар / баримтын дунд хэсэг харлаж бичиг гаргацгүй болсон/

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн засаг дарга Б.Батбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14/92 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14/98 дугаар албан бичгүүдийн эх хувь 2 хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяраас Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр Шивлэг багийн нутаг Хорон талын Багай гэх газарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмших гэрээ, гэрчилгээ анх хэнд, хэдэн онд олгогдсон, одоо хэний эзэмшилд бүртгэлтэй эсэх, дээрх хугацаанд хэдэн удаа хэрхэн шилжиж байсантай холбоотой бүх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа Д.Буяннэмэхийн хувийн хэрэгт үзлэг хийлгүүлэх, иргэн И.Батбаяр, Д.Майцэцэг, Д.Төмөрбаатар, Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын газрын даамал н.Нямхишиг нараас гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтүүдийг,

Хариуцагч О.Майбаяр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын газрын даамал н.Нямхишигээс гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 хуудас баримтыг ирүүлсэн байх ба уг баримтад хариуцагч нарын гаргаж өгсөн нотлох баримтаас гадна Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж, Улаан-Уул сумын өвөлжөө хаваржааны бүртгэл гэх хүснэгтээр гаргасан баримт, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Лавлагааны хуудас 1 хуудас, хариуцагч О.Майбаярын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Газрын даамалд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл 1 хуудас, хариуцагч О.Майбаярын иргэний үнэмлэхийн хуулбар, банкны мөнгөн шилжүүлгүүдийн хуулбар 2 хуудас, газрын кадастрын зургийн хуулбар 1 хуудас зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд болон гэрчийн мэдүүлгүүд нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.Буяннэмэхийн аав Даваа, түүнээс дээш хэдэн үеэрээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг Багай гэх газар нутаглаж байсан, 1990 оноос хойш тухайн өвөлжөөнд хүргэн ах болох хариуцагч Ж.Энэбиш, 2002 оноос Ж.Энэбишийн хүргэн О.Майбаяр нар нутаглан эзэмшиж байсан, байгаа үйл баримт тогтоогдов.

Дээрх үйл баримтуудад талууд маргаагүй боловч нэхэмжлэгч Д.Буяннэмэх нь үе дамжиж ирсэн өвөлжөө, өвөлжөөний газраа хувьчлал явагдахад хувьчилж авсан учир одоо тухайн өвөлжөөний газрын эзэмшигч нь би юм гэж маргадаг.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Буяннэмэх нь шаардах эрхтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг Багай гэх газар байрлалтай 0,5 га газрыг хариуцагч Ж.Энэбиш 2000 оны 3 дугаар сараас, хариуцагч О.Майбаяр 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эзэмших эрхээ нээлгэн гэрчилгээ авч, холбогдох байгууллагатай газар эзэмших, ашиглах гэрээ байгуулан эзэмшиж байсан, байгаа болох нь нотлогдов.

Харин нэхэмжлэгч нь хувьчлалаар тухайн өвөлжөө, өвөлжөөний газрыг авсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагчид татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

 

Иймд Д.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй Ж.Энэбиш, О.Майбаяр нарт холбогдох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг Багай гэх газарт байрлалтай өвөлжөөний газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Буяннэмэхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй .

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Буяннэмэхийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг Багай гэх газрын шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хариуцагч О.Майбаяр, Ж.Энэбиш нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Буяннэмэхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА