Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Л.Б-т холбогдох 2416000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ***** аймгийн ****** багийн эмч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Б овогт Л-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн ******* сумын төвийн “********” гэх дэлгүүрийн урд хохирогч Ц.Б-г зодож биед нь баруун дээд 1, /11/, зүүн дээд 1, 2 /21, 22/ шүднүүдийн булгарал, дээд уруулын дотор салстад шарх буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Ц.Б бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Ц.Б намайг “...сохор...” гэж доромжлоод цохиж авахаар нь би буцаагаад цохисон... Би Ц.Б-н нүүрэн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ц.Б-с уучлал гуйж хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/

2. Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б надад “...хэдэн жилийн өмнө танай хамаатнууд миний нүдийг хараагүй болгочихсон байсан шүү дээ...” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би “...тэр үед цагдаагийн байгууллагад хандаж шүүхээр хохиролгүй болгосон байсан биз дээ...” гэж хэлсэн. Тэгээд Б гараараа гурван удаа миний ам уруул нүүр хэсэг рүү цохиод авсан би зөрүүлээд Б-г нэг цохиж аваад машинаас буугаад өөрийн машин руу гүйж ирээд суусан. Үүдний 3 шүд дараалан хугараад уначихсан байсан. Эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгч сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Маргааш нь аймгийн төв орж нэгдсэн эмнэлгээр үзүүлж шүүх эмнэлэгт дүгнэлт гаргуулсан юм ... Миний биеийн ам, уруул, нүүр хэсэгт гараараа 3 удаа цохисон. Үүнээс болоод миний дээд үүдний 3 шүд хугараад уначихсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

3. Гэрч Х.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр Б нь Б гэж хүн ингээд зодчихлоо миний үүдний 3 шүд уначихлаа гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би амнаас гараад байсан цус болон үүдний шүд уначихсан байсныг олж хараад шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж эмнэлэг аваад явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

4. Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Хохирогч Ц.Б-н биед баруун дээд 1. /11/ зүүн дээд 1, 2 /21,22/ шүднүүд унасан...Эмнэлгийн хэллэгээр шүд унахыг булгаралт гэж нэрлэдэг ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цадаагийн хошууч цолтой Т.Алтайбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаартай “...Ц.Б-н биед баруун дээд 1, /11/, зүүн дээд 1, 2 /21,22/ шүднүүдийн булгарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийг 52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/  

6. Говь-Алтай аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн эмч Ж.Д-н үзлэгийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 10 дугар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “...Надад гомдол санал байхгүй. Л.Б нь миний эмчилгээний төлбөр зардалд 6.000.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Л.Б надаас уучлалт гуйсан... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлагагүй. Цаашид Л.Б-с нэхэмжлэх зүйл байхгүй...”  /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ гэх мэдүүлгийг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Л-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-т сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА