Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/02155

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/02155

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух, Гэрүүд овогт Батболдын Баянбат /РЭ86063074/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багт оршин суух, Хуулар овогт Цэдэнбалжирын Отгонсүрэн /РИ84052301/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Баянбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баянбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Баянбат нь Ц.Отгонсүрэнтэй 2007 оны 9 сард танилцан үерхэж байгаад 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ. Энэ үеэс бид хоёр хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад бидний хүү болох Б.Батбаяр нь 2009 оны 4 дүгээр сарын 10-нд төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд тохирохгүй болж үргэлж маргалдах болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон.

Иймд 2020 оны 237 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баянбат шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хариуцагч бид хоёр бүх зүйлээ ярилцаад тохирсон. Хоёр талаасаа хүүхдээ хамжиж өсгөж байгаа. Хоёулаа хоёр талдаа амьдралтай болцгоосон хүмүүс юм. Жаахан хүүхэдтэй учир хариуцагч маань ирж чадахгүй оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн. Миний хувьд түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ... гэв.

Хариуцагч Ц.Отгонсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Отгонсүрэн нь Б.Баянбатын гэрлэлт цуцлуулах тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Ц.Отгонсүрэнтэй 2007 онд танилцан үерхэж байгаад 2008 онд албан ёсоор гэр бүл болж улмаар бидний дундаас 2009 оны 4 дүгээр сарын 05-нд хүү Б.Батбаяр төрсөн. Хамт амьдрах хугацаанд хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас болоод хэрэлдэх, маргалдах зүйл гарсаар 2011 онд салж өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа юм. Бид хоёрын хувьд тус тусдаа гэр бүлтэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй юм. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаан байхгүй.

Иймд би Б.Баянбатаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баянбат нь хариуцагч Ц.Отгонсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Баянбат, хариуцагч Ц.Отгонсүрэн нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Б.Батбаяр төрсөн болох нь:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн РЭ86063074, Гэрүүд овогт Батболдын Баянбат, РИ84052301, Хуулар овогт Цэдэнбалжирын Отгонсүрэн нарын 2008 оны 9 дүгээр сарын 01-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 34-рт 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/008569 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн Гэрүүд овогт Батболдын Баянбат РЭ86063074, Хуулар овогт Цэдэнбалжирын Отгонсүрэн /РИ84052301/ нарын гэр бүлд 2009 оны 4 дүгээр сарын 05-нд төрүүлсэн Баянбатын Батбаяр /РГ04321116/-г 2009 оны 4 дүгээр сарын 10-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0208-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/008570 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Хүү Батбаярын эрүүл өсөж бойжиж байгаа талаархи Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Нансалмаа, өрхийн их эмч Ц.Баасанжаргал нарын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн харъяат Баянбат овогтой Батбаяр нь 11 настай, эрэгтэй, эрүүл байгаа нь үнэн болно. гэх тодорхойлолт хэрэгт авагджээ.

Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарсан зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийг шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан ба гэрлэгчид нь 9 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон зэрэг байдлаас гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн боловч хүү Батбаярыг хэнтэй үлдээх талаар тохиролцсон талаар албан ёсны баримтыг ирүүлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Хүү Б.Батбаярын санал, эцэг Б.Баянбатын шүүх хуралдаанд гаргасан хүүгээ ээжийн нь асрамжинд үлдээх тухай санал зэргийг үндэслэн хүүг эх Ц.Отгонсүрэнгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Отгонсүрэн нь өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүхэд хүрэлцэн ирж чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа баримт ирүүлээгүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д гэрлэгчид өөрсдөө шүүхэд хүрэлцэн ирэх үүрэгтэй гэж заасан байх ба энэ үүргээ биелүүлээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч Б.Баянбат нь хариуцагч нь бага насны хүүхэдтэй хол учраас ирж чадахгүй байгаа байх. Ийм учраас түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Баянбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд 70.200  төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч Ц.Отгонсүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Баянбатад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Гэрүүд овогт Батболдын Баянбат /РЭ86063074/, Хуулар овогт Цэдэнбалжирын Отгонсүрэн /РИ84052301/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 05-нд төрүүлсэн Баянбатын Батбаяр /РГ04321116/Хуулар овогт Цэдэнбалжирын Отгонсүрэн /РИ84052301/ -гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Баянбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Ц.Отгонсүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Баянбатад олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Далайбат, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Ундармаа нарт тус тус даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА