| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2020/03939/И |
| Дугаар | 102/ШШ2021/00082 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/00082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сум, 1-р баг, Мандал суварга, 11-р гудамж, 71 тоотод оршин суух, рд:нб57092317, Шар Данзан овогт Дагважанцангийн Баатарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 14-р гудамж, 45 тоотод оршин суух, рд:нэ93110171, Боржигон овогт Шинэхүүгийн Рэнцэнд холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Ш.Рэнцэн 4000 000 төгрөг 1 сарын хугацаатай 13 хувийн хүүтэй зээлсэн. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд гэртээ байтал******* утсаар залгаж манай найз надаас мөнгө зээлсэн чинь бие нь муу эмнэлэгт хэвтэж байгаа гараад өгье гэсэн надад мөнгөний хэрэг гараад байна. Та надад 1 сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлдчих гэсэн тэгэхээр нь барс 2 зах дээр чихрийн лангуу ажиллуулдаг би өөрөөс нь бараа аваад хэдэн жил болж байгаа болохоор найдвартай өгнө гээд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр сумынхаа Хаан банкнаас 4000 000 төгрөг шилжүүлсэн. Сарын 13 хувиар тооцоод нийт 4 520 000 төгрөг болгож өгнө гэж хэлээд авсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргачихаад шүүгчийн туслахтай ярихад 1 дэх өдөр шийдэж магадгүй гэсэн. Тэгээд 1 дэх өдөр хариуцагч залгаад таны 4000 000 төгрөг шилжүүлье гэхээр нь хүүтэй нь шилжүүл гэхэд тантай хүү яриагүй гэхээр нь хүүтэй авсан одоо хүүтэйг нь өгөхгүй бол би авахгүй гэсэн чинь тэгвэл өгөхгүй гээд утсаа тасалчихсан. Тэгэхээр нь хүн мөнгөө өгөх гэж байхад 4000 000 төгрөгөө боловч авдаг байж гэж бодоод байж байтал 30 минутын дараа залгаад та дансаа өгчих 4000 000 төгрөгийг шилжүүлье хүүгийн хоёулаа тохиръё гэсэн. Тэгээд мөнгө удахгүй орж ирээд мөнгө орсон уу гэж залгаад хүүгээ хоёулаа тохиръё та шүүхээс өргөдлөө аваарай гэхээр нь тэгье гэсэн. Эргэж надтай яриад би тантай хүү яриагүй та шүүхээр яваад ав гэсэн. Иймд одоо хүү 520 000 төгрөг, замын зардал 200 000 төгрөг нийт 720 000 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Ш.Рэнцэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... ******* ахаас 4 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Харин зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Надтай тохирч яриагүй хүү нэхээд байгаад маш их гайхаж байна. Бид 2 олон жил харилцан ажилласан тул итгэлцлийн үндсэн дээр надад хүүгүй мөнгө 7.31-нд өгөөд 12.31-ний өдрөөс өмнө өгөөрэй гээд зээлсэн. Би ******* ахад олон удаа тусалж, байхдаа хариу нэхэж байгаагүй. Би ажлаа хийхээ болиод хөдөө орон нутгаар ажил хийж яваад холбоо барьж чадахгүй байсан. Тэр хооронд намайг алга боллоо гэж бодоод шүүхэд өргөдөл өгсөн. Би мөнгийг нь өгсөн. Харин тохиролцоогүй хүү өгөх боломжгүй. ******* ахын хувьд надад болон манай гэр бүлийнхэнд ёс зүйгүй үйлдэл маш ихээр гаргасан. Тэр бүгдийг нь би дурдмааргүй байна. Одоо нэгэнт өглөг авлага дууссан болохоор би гомдолгүй ....гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, зардал нийт 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2020 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч анх шүүхэд нэхэжлэл гаргахдаа хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4000 000 төгрөг, хүү 520 000 төгрөг нийт 4 520 000 төгрөг нэхэмжилжээ. /хэргийн 1 дүгээр тал/
2020 оны 12 сарын 02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч үндсэн зээл 4000 000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлийн гэрээний дагуу хүү 520 000 төгрөг, зардал 200 000 төгрөг нийт 720 000 төгрөг нэхэмжилсэн. /хэргийн 6 дугаар тал/
Шүүх 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч буюу зээлдэгч******* 2020 оны 07 сарын 31-ны өдөр нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч *******аас 4000.000 төгрөгийг тодорхой хугацаагүй зээлсэн боловч тэрээр мөнгийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй байсан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 4000 000 төгрөгийг хариуцагч эргүүлэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны 5727231823 тоот дансны хуулга, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4, 6, 11-12 дугаар тал/
Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
4000 000 төгрөг зээлсэн эсэх, түүнийг буцаан төлсөн эсэх талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч 4000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 13 хувийн хүүтэй зээлсэн гэж тайлбарлаж хүү болон зардал нэхэмжилсэн боловч талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна... гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, талууд амаар гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч зээлийн хүү авах эрхээ алдсан, нотолгооны бусад хэрэгслээр мөнгийг хүүтэй зээлснээ нотлоогүй.
Мөн нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар явсан замын зардал 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэг баримтыг ирүүлээгүй өөрийн шаардлагыг нотлоогүй болно.
Иймд нэхэмжлэгч зээлийн хүү 520 000 төгрөг шаардах эрх үүсээгүй, замын зардал 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагчаас 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын хариуцагч*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Хариуцагч*******д шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй. /хэргийн 19 дүгээр тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч Ш.Рэнцэнд холбогдуулан гаргасан зээлийн хүү, зардал 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 270 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ