| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 105/2024/0140/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 211
2024 02 29 2024/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Уянга,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Сумъяа нарыг оролцуулан эрүүгийн 2306026043782 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *******, 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Батлан хамгаалах яамны Жанжин штабын үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нисэх, төмөр замын зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Чухаг 2 хотхоны 603-11 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд урьдын танил хохирогч А.Мөнхбаатарт “газрын гэрчилгээг 20,000,000 төгрөгөөр сунгуулж өгч чадна” гэж хуурч, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох хэлбэрээр итгүүлэн хохирогч А.Мөнхбаатарын Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Саруул хорооллын 113-46 тоотод оршин суух гэрээсээ 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20,000,000 Хаан банкны 5024626751 дугаартай дансанд авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаж оролцов. Үүнд:
Хохирогч А.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 07 дугаар сарын үед найз Мөнгөнтулгын Хан-Уул дүүрэгт байрлах газарт бизнес хийх санаа ярилцаж тухайн үед Мөнгөнтулгын газар эзэмших гэрчилгээний сунгалтыг хийхэд дэмжлэг үзүүлэх хүн байгаа юу гэхэд нь би дэмжлэг үзүүлэх хүн байгаа юу гэхэд нь би дэмжлэг үзүүлэх хүн хайж байя гэж хэлсэн байсан. Түүний дараа 2023 оны 08 дугаар сарын сүүл үеэс зүс таних Д, Анужин нартай уулзаж найз Мөнгөнтулгын газар эзэмших гэрчилгээг сунгуулахад хэрэг болох дэмжлэг үзүүлэх хүн хэрэгтэй байгаа гэх үед Д тухайн газрын гэрчилгээг сунгах асуудлыг ямар нэгэн асуудалгүй шийдэж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын эхээр Д над руу утсаар холбогдож газрын гэрчилгээг сунгахад өргөдөл бичиж өгөөд 20.000.000 төгрөг хэрэгтэй болох юм байна гэхэд нь би найз Мөнгөнтулгатай ярилцаж байгаад газрын гэрчилгээг сунгуулах зорилгоор зүс таних Д гэх хүнд өөрийн Хаан банкны 5058216542 тоот данснаас Дын 5024626751 тоот Хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Д нь газрын гэрчилгээг сунгуулах ямар ч боломжгүй байсныг нь мэдсэн тул өгсөн мөнгөө буцааж авах гэхэд өгөхгүй, холбоо барихгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тогтоолтой танилцсан. Одоогоор тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, надад хуулийн мэдлэг бага учраас өмгөөлөгчтэй хүрч ирээд дахин мэдүүлэг өгч, дахиж танилцана. Одоогийн байдлаар Мөнхбаатарт 20.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг өгөөд барагдуулчихсан байгаа...Тухайн үед ажил бүтээж өгнө гэж хэлээд мөнгө авсан ч гэсэн ажлыг нь бүтээж өгч чадаагүй, тэгээд тэр 20.000.000 төгрөг нь миний дансанд байсан ч надад яаралтай хувийн хэрэгцээний мөнгө хэрэгтэй байсан учраас би Мөнхбаатарт энэ мөнгийг надад зээлчих гэж хэлтэл зөвшөөрөөд надад тухайн 20.000.000 төгрөгийг зээлсэн. Иймд би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, би түүнийг залилаагүй. Мөнхбаатар нь энэ мөнгийг надад зээлүүлсэн юм. Би Мөнхбаатараас 20.000.000 төгрөг авсныг барагдуулсан. 18.000.000 төгрөгийг буцааж өгсөн, үлдсэн 2.000.000 төгрөгийг Мөнхбаатартай яриад тохирчихсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43, 82/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад хандаж бичгээр гаргасан гомдол /хх-ийн 8-9/,
*******ын эзэмшлийн Хаан банкны 5024626751 дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12-19/,
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04/5942 дугаартай “...Оюунбатын Д нь тус албанд ажиллаж байгаагүй болно...” гэх албан бичиг /хх-ийн 33/
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20/1186 дугаартай “...Газрын удирдлагын нэгдсэн системд иргэн Оюунбатын Д /РД: УС87080532/ нэрээр 2022, 2023 онуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай өргөдөл бүртгэгдээгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 34/, хувийн байдалтай холбоотой шинээр гаргаж өгсөн 17 хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаж оролцов.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар дансаар мөнгө авсан. Өгсөн мэдүүлэгт нь Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажилладаг найздаа өгсөн боловч нөгөө найз маань нас барсан. Нэгэнт би дансаараа авсан тул төрийн албан хаагчийг энэ хэрэгт татаад, нас барснаар нь далимдуулаад ингэж болохгүй гэдэг байдлаар мэдүүлдэг. Тийм учраас хавтаст хэрэгт тогтоогдсон баримтууд мөн өөрөө газрыг сунгаж өгөх эрх хэмжээгүй байж найздаа найдаж явж байгаад ийм асуудалд болсон байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нотолбол зохих зүйлийг нотолсон байгаа тул бидний зүгээс гэм буруугийн асуудал дээр маргахгүй тул дүгнэлт өгөхгүй. Хохирогч өөрөө өнөөдөр шүүх хуралд оролцуулахаар ярьсан боловч АНУ- руу явсан. Хохирол төлбөр бүрэн төлсөн байгаа...” гэх санал,
Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж өөрийн чиг үүрэгтэй холбогдолгүй газрын гэрчилгээ сунгаж өгнө гэх мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэхийг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсч үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Иймд шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд урьдын танил хохирогч А.Мөнхбаатарт “газрын гэрчилгээг 20,000,000 төгрөгөөр сунгуулж өгч чадна” гэж хуурч, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох хэлбэрээр итгүүлэн хохирогч А.Мөнхбаатарын Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Саруул хорооллын 113-46 тоотод оршин суух гэрээсээ 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20.000.000 Хаан банкны 5024626751 дугаартай дансанд авч залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр болох 20.000.000 төгрөгөө нөхөн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүхэд гаргасан саналдаа: “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх санал шүүх хуралдаанд гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Уянга шүүхэд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруу дээр маргахгүй, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээр уг хуулийн шаардлагыг хангаж байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт байгаа. Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, цэргийн байгууллагад ажилладаг. Хэрэв албадлагын арга хэмжээ авхуулах юм бол ажил үүргээсээ чөлөөлөгдөх байгууллагын дотоод дүрэм журамтай. Хэрэв ажлаас чөлөөлөгдвөл ард нь 8, 10 настай хоёр хүүхэд нь үлдэнэ. Гэмт хэрэг гарсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас таньдаг хүндээ зуучлаа мөнгийг нь дансаараа аваад өгсөн юм байна. Өөрөө яах гэж ийм асуудалд оролцов, буруу юм хийсэн гэдгээ өөрөө ойлгосон, ухаарсан тул төрийн энэрэнгүй байдал, шүүх нэг удаа энэ хүнд боломж олгоод, цаашдаа ажил амьдралдаа битгий алдаарай, цаашдаа хоёр хүүхэд нь 3 үеийн лавлаагаа авахад аав нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэсэн лавлагаа гарч ирж, өөрийн ажил амьдралд нь мөн үр дагавар үүсгэж болзошгүй тул шүүхээс эрх зүйн байдлыг дээрдүүлж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Энэ хүний буруу зүйл хийснийг зөвтгөх гээд байгаа биш боловч залуу хүний хувьд алдаж, оносон байдалд нь нэг удаа итгэл үзүүлнэ үү...” гэжээ.
Шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийг тэгш мэтгэлцээний үндсэн дээр хянан хэлэлцээд хуульд заасны дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохиролоо бүрэн нөхөн төлж ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас *******ыг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ