| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01545/И |
| Дугаар | 155/ШШ2020/02071 |
| Огноо | 2020-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2020/02071
| 2020 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2020/02071 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Голомт банкны Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 06-10 тоотод оршин суух, МИ80031622 дугаар регистртэй, Хотгойд овогт Алтанцэцэгийн *******,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Л-58-02 тоотод оршин суух, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн зохицуулагч ажилтай, СЩ79063019 дугаар регистртэй, эрэгтэй, Хэрэйд овогт Ганболдын******* нарт холбогдох
Үндсэн зээлийн төлбөр 10.559.936,17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4.352.435,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129.351,35 төгрөг, нийт 15.041.723 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс 15.041.723 төгрөгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч байгууллагын захирал А.Цэрэннадмид, хариуцагч А.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал А.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтанцэцэг овогтой ******* /РД: МИ80031622/, Ганболд овогтой******* /РД: СЩ79063019 / нар нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, дугаар ЗГ4905009432 тоот зээлийн гэрээ байгуулан, 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай хувийн сууц худалдан авах зээл авсан болно. ЗГ4905009432 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээг байгуулсан болно. Үүнд:
1. ИГ4905009432 тоот гэрээгээр Алтанцэцэг овогтой ******* /РД: МИ80031622/-ийн өмчлөлийн Ү-1723001730 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоот хаягт байрлалтай, 48м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц хөрөнгийг барьцаалсан.
2. ИГ4905009432 тоот гэрээгээр Алтанцэцэг овогтой ******* /РД: МИ80031622/-ийн эзэмшлийн 210701625 дугаар бүхий, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоот хаягт байрлалтай, 741.7м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газар хөрөнгийг барьцаалсан.
Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч нар нь ЗГ4905009432 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх буюу тухай мэдэгдсэн боловч төлөхгүй: ЗГ4905009432 тоот зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2020 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн байдлаар:
Үндсэн зээлийн төлбөр-10.559.936,17 төгрөг,
Үндсэн хүүгийн төлбөр-4.352.435,39 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-129.351,35 төгрөг,
Зээлийн хугацаа хэтэрсэн хоног-710,
Нийт төлбөр 15.041.723 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, зээлийн болон барьцаа гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: Алтанцэцэг овогтой ******* /РД: МИ80031622/, Ганболд овогтой******* нараас гэрээний нийт үлдэгдэл 15.041.723 /арван таван сая дөчин нэгэн мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкинд олгуулж өгнө үү.
Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол ЗГ4905009432 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ИГ4905009432 барьцааны гэрээнд заасан Алтанцэцэг овогтой ******* /РД: МИ80031622/-ийн өмчлөлийн Y-1723001730 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 48м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц, Алтанцэцэг овогтой ******* /РД: МИ80031622/-ийн эзэмшлийн 210701625 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 741.7м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, барьцаа хөрөнгөөс 15.041.723 төгрөгөөр хууль тогтоомжид заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр болох Г.Дамдинрагчаагийн хамтаар Голомт банкны Хөвсгөл салбараас 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хувийн сууц худалдан авах зээлийн гэрээг байгуулан 14.000.000 төгрөгийн зээл авсан. Дээр дурдсан зээлийг авснаас хойш эргэн төлөлтийг эхний 3 жил гаруйн хугацаанд зээлийн графикийн дагуу төлж байсан боловч тодорхой шалтгааны улмаас тус зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь би нөхөр болох Г.Дамдинрагчаатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдраад 1 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа түүнээс гэрлэлтээ цуцлуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган өгсөн байгаа. Зээлийн эргэн төлөлт болох сар бүрийн 260.000 гаруй төгрөгийг миний бие өөрийн бизнесээс олсон ашиг орлогоос төлж барагдуулдаг байсан. Тухайн зээлийг төлөлцөхөд хамтран зээлдэгч болох нөхөр Г.Дамдинрагчаа нь огт тусламж дэмжлэг үзүүлдэггүй байсан. Тэрээр хамгийн сүүлд тус банкны барьцаанд тавигдсан байгаа, гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод байрлах гэрээс намайг хүүхдүүдтэй минь хөөж явуулсан. Түүнийг тус хаягаас намайг хөөж явуулсан болохоор цаашид энэ хүн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг надаас булааж авч байгаа юм байна. Тийм болохоор цаашид банкны зээлийн эргэн төлөлтийг өөрөө хийгээд явах байна гэж ойлгоод төлөхгүй яваад байснаас болоод зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, хүү алдангийн төлбөр нэмэгдэх замаар дээр дурдсан төлбөр үүссэн байна.
Миний хувьд хамтран хариуцагч Г.Дамдинрагчаагийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан хуримтлагдсан хүү, алдангийн төлбөрийг төлөх боломжгүй. Хэрэв Г.Дамдинрагчаа нь дээрхи хуримтлагдсан хүү, алдангийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд миний хувьд цаашид зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөд явахад татгалзах зүйлгүй болно. Мөн Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь тус банк хариуцагч А.*******, Г.Дамдинрагчаа нараас 15.041.723 төгрөгийг нэхэмжилж байгаа эсэх, аль эсвэл 15.041.723 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа эсэх нь аль болох нь тодорхойгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэлийг хүлээн авахад татгалзах үндэслэл байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дамдинрагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Голомт банкны ирүүлсэн нэхэмжлэлийн хувь гардаж авлаа. Миний бие нь цалингийн зээл төлдөг тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. /Нийт төлбөрийн үлдэгдэл 15.041.723/ гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын захирал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29 дүгээр байрны 02 тоотод оршин суух, РЭ80090569 дугаар регистртэй, эмэгтэй, Мяндал овогт Алтангэрэлийн Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Зээлдэгч А.*******, Г.Дамдинрагчаа нар нь хувийн сууц худалдан авах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг, сарын 1.7 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож хашаа байшин, газраа барьцаалан ипотекийн гэрээг байгуулсан. Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээнд зааснаар эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан тул удаа дараа зээлээ төлөхийг мэдэгдэж, боломжуудыг олгож байсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлнө гэдэг ч одоо болтол төлөөгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандах хүсэлтийг өөрсдөө тавьсан. Зээлийн төлбөрийг сар болгон төлөөд байвал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагагүй болно. Нэхэмжлэлд техникийн алдааны улмаас улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулахаар бичсэн байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулинд зааснаар шийдвэрлэдэг тул нэхэмжлэхгүй. Зээлдэгч А.*******, Г.Дамдинрагчаа нар зээл авахдаа хоёулаа гэрээ байгуулж авсан тул тэднээс зээлийн нийт төлбөр 15.041.723 төгрөгийг гаргуулна.
Иймд зээлдэгч А.Хишигжаргал, Г.Дамдинрагчаа нараас үндсэн зээлийн төлбөр 10.559.936,17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4.352.435,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129.351,35 төгрөг, нийт төлбөр 15.041.723 төгрөгийг гаргуулж банкинд олгоно уу. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол ЗГ4905009432 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг А.*******ийн өмчлөлийн Y-1723001730 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 48м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц, А.*******ийн эзэмшлийн 210701625 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 741.7м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газар болох барьцаа хөрөнгөөс 15.041.723 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Г.Дамдинрагчаагийн хамт Голомт банкны Хөвсгөл салбараас 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хувийн сууц худалдан авахаар зээлийн гэрээг байгуулан 14.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 жилийн хугацаанд 13.000.000 гаруй төгрөг төлж байсан боловч тодорхой шалтгааны улмаас төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Одоо банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөр 10.559.936,17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4.352.435,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129.351,35 төгрөг, нийт төлбөр 15.041.723 төгрөгийг төлнө. Гэхдээ Г.Дамдинрагчаагийн буруугаас болж зээл төлөх хугацаа тасарсан тул тэрээр хүү, нэмэгдүүлсэн хүү 5.041.723 төгрөгийг, би 10.000.000 төгрөгийг хувааж төлмөөр байна. Зээлийн барьцаанд байгаа хашаа байшин, газар нь миний өмчлөлийнх бөгөөд их засвар хийж засан сайжруулж, 15.000.000 орчим төгрөгийн өртөг нэмэгдсэн. Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд банкны барьцаанд байгаа эд хөрөнгөөс 15.041.723 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч А.*******, Г.Дамдинрагчаа нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 10.559.936,17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4.352.435,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129.351,35 төгрөг, нийт 15.041.723 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс 15.041.723 төгрөгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын захирал А.Цэрэннадмид ...Нэхэмжлэлд техникийн алдааны улмаас улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулахаар бичсэн байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулинд зааснаар шийдвэрлэдэг тул нэхэмжлэхгүй... гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч А.*******, Г.Дамдинрагчаа нар нь Голомт банкны Хөвсгөл салбараас хувийн сууц худалдан авах зээл 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байна. Тус зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтөйгөөр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, Голомт банкны Хөвсгөл салбар, зээлдэгч А.*******, Г.Дамдинрагчаа нарын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4905009432 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.
Мөн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ИГ4905009432 дугаар ипотекийн гэрээ байгуулан дээрх зээлийн барьцаанд А.*******ийн өмчлөлийн Y-1723001730 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 48м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц, А.*******ийн эзэмшлийн 210701625 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 741.7м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан болно.
Зээлийн барьцаанд тавьсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд А.*******ийн өмчлөл, эзэмшлийнх болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон 000199047 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000443581 дугаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 5066 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах гэрээ зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Голомт банкны Хөвсгөл салбар, зээлдэгч А.*******, Г.Дамдинрагчаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2018 оны 4 дүгээр сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээлдэгч нарт Голомт банкны Хөвсгөл салбараас хүргүүлсэн мэдэгдэл, Г.Дамдинрагчаагийн тус банкинд гаргасан хүсэлт, А.*******ийн зээлийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдлоо.
Зээлдүүлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал А.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Нийт төлбөр 15.041.723 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлүүлэхээр буцаан дуудаж байна... гэсэн бөгөөд энэ талаар хариуцагч нар маргаагүй тул 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4905009432 дугаар зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлагдсан байна гэж үзэв.
Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч болох банк зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч А.******* ...Одоо банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөр 10.559.936,17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4.352.435,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129.351,35 төгрөг, нийт төлбөр 15.041.723 төгрөгийг төлнө. Гэхдээ Г.Дамдинрагчаагийн буруугаас болж зээл төлөх хугацаа тасарсан тул тэрээр 5.041.723 төгрөгийг, би 10.000.000 төгрөгийг хувааж төлмөөр байна... гэх тайлбар гаргаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар зээлдэгч нар хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн хувааж төлөхөөр заагаагүй тул А.*******, Г.Дамдинрагчаа нарын хүлээх үүрэг тэнцүү байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь А.*******ийн тайлбарыг зөвшөөрөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болохыг хуулиар зохицуулжээ.
Иймд хариуцагч А.*******, Г.Дамдинрагчаа нараас үндсэн зээлийн төлбөр 10.559.936,17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4.352.435,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129.351,35 төгрөг, нийт 15.041.723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.
Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А.*******ийн өмчлөлийн Y-1723001730 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 48м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц, А.*******ийн эзэмшлийн 210701625 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 741.7м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан борлуулж, 15.041.723 төгрөг буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.317,74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 233.158,87 төгрөг, хариуцагч Г.Дамдинрагчаагаас улсын тэмдэгтийн хураамж 233.158,87 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Дамдинрагчаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч зохигчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.*******, Г.Дамдинрагчаа нараас үндсэн зээлийн төлбөр 10.559.936,17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4.352.435,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129.351,35 төгрөг, нийт 15.041.723 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.*******, Г.Дамдинрагчаа нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А.*******ийн өмчлөлийн Y-1723001730 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 48м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц, А.*******ийн эзэмшлийн 210701625 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-10 тоотод хаягт байрлалтай 741.7м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан борлуулж, 15.041.723 төгрөг буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.317,74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 233.158,87 төгрөг, хариуцагч Г.Дамдинрагчаагаас улсын тэмдэгтийн хураамж 233.158,87 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА