| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 190/2019/0012/Э |
| Дугаар | 684 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 684
2020 05 28 2020/ДШМ/684
С.Б-, З.А--, Б.Г-, С.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ариунболд,
шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.Б-, З.А--, С.Б-, Б.Г- нарт холбогдох 1707001350105 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ш овгийн С-ийн Б, Увс аймагт 1965 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/
1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,
1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,
2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэг, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь заалтад зааснаар 10 жилийн хорих ял шийтгүүлсэн,
2. Б овгийн Б-гийн Г, Увс аймагт 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/
2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн,
2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
3. О овгийн С-ийн Б, Архангай аймагт 1984 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Мон лаа”-ны 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/
4. Д овгийн З-гийн А, Ховд аймагт 1972 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Ханжаргалант 0 дугаар баг 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/
2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,
2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,
2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,
2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,
З.А--, С.Б-, Б.Г-, С.Б- нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө автомашин ашиглан Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Урд дэл” гэх газраас Ц.Батмөнхийн 3 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас З.А--, С.Б-, Б.Г-, С.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч С.Б-, Б.Г-, С.Б-, З.А-- нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А--, Б.Г- нарыг тус бүр 1 жил 2 сар хорих ялаар, шүүгдэгч С.Б-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.А--, Б.Г- нарт оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-од тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 85-03 СЭА улсын дугаартай “Honda CRV” загварын тээврийн хэрэгсэл болон 57-17 ДАХ улсын дугаартай “Hyundai acсent” загварын тээврийн хэрэгслийн үнэ нийт 5,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгож, 85-03 СЭА улсын дугаартай “Honda CRV” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон хууль ёсны эзэмшигч С.Батхуягт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, шийдвэрлэжээ.
Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч Б.Г- нь урьд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жил хянан харгалзсан хугацаанд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Тэгэхээр Б.Г- өмнөх ялаа эдэлж дууссан тул хүндрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болохоор хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт бий болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан. Үүнийг харгалзан шүүх ял оногдуулсан тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Б-, З.А--, Б.Г- С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г- нь бусдын 1 тооны эр үхрийг бэлчээрээс нь автомашин ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэний учир Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Шүүгдэгч З.А-- нь бусдын 160 тооны хонь, 6 тооны ямаа, 1 тооны морийг хотноос нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэний учир Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.
Дээрх нэр бүхий шүүгдэгч нар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд 2017 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө бүлэглэн автомашин ашиглаж бусдын 3 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан хорих ялыг тэнсэх зохицуулалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр өөрчилсөн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг ... нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт агуулгын хувьд өөрчлөлтгүйгээр уламжлан хуульчилагджээ.
Иймээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд буюу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдвэл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байв.
Гэтэл анхан шатны шүүхээс “... шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнссэж хянан харгалзсан байх хугацаандаа тэд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан ялыг тэнссэж хянан харгалзсан шийдвэрийг шүүх хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах боломжгүй ...” гэж шүүгдэгч Б.Г-, З.А-- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үүссэн эрх зүйн тохиолдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгээр тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэд хэдэн тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх журмыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэсний үндсэн дээр оногдуулсан ялыг шударга ёсны зарчимд нийцсэн, ялын зорилгыг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Г- нь 2012-2016 оны хооронд 3 удаагийн ял шийтгэлтэй ба үүний дотор хоёр удаа бусадтай бүлэглэн автомашин ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.А-- 2006-2017 оны хооронд 5 удаа бусадтай бүлэглэн автомашин ашиглаж олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бодитой үнэлж дүгнээгүйн дээр, нэр бүхий дөрвөн шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа “... хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дурдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хуулийн зохицуулалттай илт зөрчилдөж байна.
Иймд анхан шатны шүүх, шүүгдэгч С.Б-, З.А--, Б.Г- С.Б- нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын дагуу ялын төрөл, хэмжээний талаар бодитой, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, эдгээр хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа, зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч С.Б-, З.А--, Б.Г-, С.Б- нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаанд болтол хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б-, З.А--, Б.Г-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.Б-, С.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч З.А--, Б.Г- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН