| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2026/0478/З |
| Дугаар | 221/МА2026/0637 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0637
"Г" ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч "Г" ХХК
Хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Б.М нар
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-***********дүгээр Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 570 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Б
Хариуцагч: Б.М
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2026/0478/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч "Г" ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Б.М нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-***********дүгээр Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 570 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Г" ХХК-аас “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-***********дүгээр Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1.“... "Г" ХХК нь Монгол улсын татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй нь прокурорын тогтоолоор тогтоогдсон нь “нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх” эрх зүйн зарчмаар хамгаалагдах бөгөөд тухайн тогтоолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх зөрчил үйлдсэн субъект нь биш юм. Эрүүгийн хуулиар тодорхойлсон хохиролд хүрээгүй тул зөрчлийн хэрэг байна гэж тогтоосон бол өөр асуудал, мөн тухайн компани татвар бууруулсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэсэн бол татварын алба 4 жилийн дотор акт тавих нь эрх хэмжээний хүрээн дэх асуудал. Хий бичилттэй падаан гэж маргаж буй, Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирлын хэмжээнд хүрч байгаа манай тохиолдолд зөвхөн санаатай үйлдсэн байх боломжтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар л тогтоогдох гэмт хэргийн асуудал болох юм. Энэ тохиолдолд их хэмжээний хохирол учруулжээ, санаандгүй үйлдсэн тул татварын алба акт тогтоо гэх боломжгүй тохиолдол.
3.2 Мөн татварын улсын байцаагчид шүүх хуралдаан дээр “мөн маргааны зүйлээр “Б” ХХК-ийг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо явуулж буй тухай тайлбарладаг. Гэтэл тухайн асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй, хохирол учирсан эсэхийг тухайн эрх хэмжээ бүхий холбогдох байгууллага шалгаж байхад зэрэгцүүлэн, огт баримтгүйгээр акт тогтоосон нь хууль бус байна. Татварын хяналт шалгалт явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад татварын улсын байцаагчид ашиг сонирхлын зөрчил үүсгэн хяналт шалгалт явуулахаар эрх хэмжээгээ хэтрүүлж буй тохиолдолд татвар төлөгч татгалзах эрхтэй юм.
3.3. Хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна гэсэн хатуу зохицуулалт нь захиргааны байгууллага эрх хэмжээгээ хэрэгжүүлэх дээд хязгаарыг тогтоох замаар эрх мэдлийг хязгаарлаж буй хориглолт юм. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтын агуулгын татвар төлөгчийн гомдол гаргах эрхтэй зохицуулалтын хэсэг нь өнгөрсөн цаг дээр, нөгөө талаас буюу хуулийн эрх бүхий байгууллагын ажиллагааны зохицуулалт нь одоо цаг дээр байгааг анхаарах хэрэгтэй. Уг заалтаар татварын алба “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа хугацааг шинээр тоолно, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа хугацаа тасалдсан гэж үзэж уг тогтоогдсон зүйлийг дахин шалгаж, өөрөөр тогтоох эрхтэй” хууль хэрэглээний зөрчил бий болгосон, тодорхойгүй хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах нэг ч үсэг байхгүй. Учир нь:
3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь илүү өргөн хүрээнд татвар төлөгчийн эрхийг хязгаарлаж явагддаг, хатуу санкцтай ажиллагаа, аливаа зөрчилд хариуцлага хүлээлгэх эрэмбэ дараа гэж бий. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг цаг, минутаар тодорхойлохоор заасан бөгөөд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд хугацааг тасалдуулж хэрэглэх эрх олгоогүй нь захиргааны эрх зүйн зарчимтай холбоотой. Хуульчилсан хугацааны тасалдал нь зөвхөн иргэн, хуулийн этгээдийн гомдол гаргах эрхтэй хамаатай буюу иргэн, хуулийн этгээдэд ашигтай нөхцөлийг тогтоосон. Харин захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны хугацааг сунгах, хуульд заагаагүй үндэслэлээр тасалдуулан хэрэглэх, сэргээх ойлголт байх боломжгүй, учир нь захиргааны байгууллага бол шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой эрх мэдэл бүхий мэргэшсэн бүтэц.
3.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар татвар бууруулаагүй байна гэдгийг нэгэнт тогтоочхоод байхад татварын алба дахин давтан шалгаад өөрөөр дүгнэх эрхтэй буюу “Эрүүгийн хуулийн шийдвэрийг дагахгүй, мөрдөхгүй, үндэслэхгүй, хуулиас дээгүүр илүү өргөн эрх хэмжээтэй” гэж үзэж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх зохицуулалтыг тасалдал гэж буруу тайлбарлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах танилцуулга бичих, шийдвэрийг мэдэх, ажиллагаа дуусах хугацааг хүлээх шаардлага, үндэслэл байхгүй, Эрүүгийн хуулийн зүйлчлэл ч байх хэрэггүй юм.
3.6. Монгол улсад хуулийн эрх бүхий байгууллагын гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ хоёр байгууллагын шалгалтын эрх хэмжээний зааг нь тухайн хуулиудаар маш тодорхой зохицуулагджээ.
3.7. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар их хэмжээний татвар ногдох орлого ... нуусан буюу уг их хэмжээний хохиролтой татварын хэрэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь тус хуулиар эрх олгогдсон хуулийн байгууллагуудын бүрэн эрхийн асуудал байна. Татварын алба нь хүчин төгөлдөр болсон прокурорын шийдвэрийг хянах эрхтэй субъект биш, мөн энэ хэмжээний хохиролтой татварын хэрэгт зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах буюу татварын албаны эрх хэмжээнээс давсан, нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.
3.8. Харин тайлбарын 1-д заасан үндэслэлийг прокурор тогтоосон байсан бол татварын алба тогтоогоогүй зүйлийг цааш шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Хууль тогтоогч Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтаар захиргааны байгууллагад цааш шалгах бүрэн эрх олгох байсан бол энэ нь Эрүүгийн хэргийн шийдвэр хэрхэн гарснаас хамаарсан нарийвчилсан зохицуулалтууд бүхий зүйл заалтуудаар үргэлжлэх ёстой юм. Гэтэл тийм зүйл заалт байхгүй бөгөөд татварын алба “хуулийн эрх бүхий байгууллага шалгаж дуусах хүртэл, эсвэл татварын алба шалгаж дуусаад маргаан үүссэний дараах процесст хэрэглэхээр тогтоосон зохицуулалтыг” ашиглан хөөн хэлэлцэх хугацааг дахин 4 жилээр сунгагдсан гэж үзэж буй нь хууль бус давуу эрх тогтоосон, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл.
3.9. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах үйл ажиллагаа, түүний зарчим, хугацааны зохицуулалтыг нарийвчилсан гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр өөр зарчим, хуулиар зохицуулагддаг процессын дунд ямар үр дагаврыг үүсгэхээр зорьсон нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул уг заалтыг татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулан, буруу тайлбарлаж хэрэглэхгүй, харин татвар төлөгчид ашигтайгаар тайлбарлаж хэрэглэнэ. Уг заалтын татвар төлөгчийн гомдлоор тасалдсан тохиолдолд “нэхэмжлэл хүчингүй болж, актад заасан татварын өр төлбөрийг төлөх, актыг дахин шалгуулахаар шинэ акт гаргах...” үр дагавар эрх бүхий байгууллагын гаргах шийдвэрийн зохицуулалтаар тодорхой байна.
3.10. Татварын алба, түүний бүтэц дэх мэргэшсэн зөвлөх хуульчид тухайн маргаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг тооцоолон мэдэх ёстой, боломжтой буюу татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлж хяналт шалгалт явуулах нөхцөл аль хэдийнээ тогтоогдсон, илтэд байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуул хэмээн танилцуулга бичиж байгаа нь хариуцлагын асуудал. Энэ мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг татварын алба өнгөрсөн хөөн хэлэлцэх хугацаагаа хууль бусаар сэргээх арга хэрэгсэл болгон ашиглаад эхэлбэл Захиргааны байгууллага зөвхөн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хуулиар зөвшөөрөөгүй бол хориглох зарчим алдагдаж, хатуу тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг үзэмжээрээ сэргээх хууль бус давуу байдал тогтооно. 2022 онд гарсан прокурорын тогтоол хүчинтэй болсноос хойш бүхэл бүтэн 2 жилийн дараа акт тавьсан нь хөөн хэлэлцэх хугацаа дуусах 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хяналт шалгалт явуулах хангалттай хугацаа байсныг нотлох бөгөөд (бүхэл бүтэн 4 жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх нээлттэй байхад энэ бол хэтэрсэн үйлдэл юм) энэ нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хариуцлагын асуудал юм. Татварын улсын байцаагчид акт тавьж болох буюу ажлаа хойшлуулах дахиад 2 жилийн хугацаа үлдсэн гэж бодвол татвар төлөгч шалгагдаад дуусчихсан гэж бодсон зүйлээрээ нийт 8 жилийн дотор хэзээ ч юм дахин дахин шалгуулж болзошгүй тодорхойгүй байдал үүсэх бөгөөд энэ хугацаа үүнээс ч их байх боломжтой болох нь. Магадгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс 8 жил үргэлжлээд шийдвэр гарвал нийт 12 жил ! Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа тогтоох нь ач холбогдолгүй, утгагүй, зорилготой нийцэхгүй болно. Тухайн процессуудын хяналтын хүрээ хязгаар, зарчим зэргээс ингэж тайлбарлах ямар ч боломжгүй буюу эрх зүйн тодорхой байх зарчмын хүрээнд хууль тогтоогч уг заалтыг татварын албаны тайлбарласан зорилгоор тогтоогоогүйг нотолно. Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн ялимгүй шинжтэй байх, Эрүүгийн хэргийн хохирлын хэр хэмжээнд хүрэхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байх зэрэг агуулга зарчмууд утгагүй болох юм, яаж ч бодсон Зөрчлийн тухай хуулиар шалгаад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй тохиолдолд шилжүүлэх нь зүйтэй. Энэ тохиолдолд ч татварын алба манай шалгах хүрээнээс хэтэрсэн байна, эрүүгийн журмаар шалгаж тогтоо гээд танилцуулга биччихсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад татвар бууруулаагүй байна гэсэн тогтоол хүчин төгөлдөр болчихсон байхад бүх талаараа хязгаарлагдмал хүрээнд шалгах эрхтэй татвар нь буцаан татаад одоо бид прокурорын тогтоолыг хүчингүй болгоод акт тавьчихлаа гээд сууж байгаа нь эрх хэмжээгээ ноцтойгоор хэтрүүлж, хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ тохиолдолд татварын алба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувиар л эрх, үүрэгтэй юм.
4. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно:”, 50.1.1.-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр;”, 50.1.3-т “нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр;” гэж тус тус заасан.
5. Тус компанид 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нөхөн ногдуулалтын актаар тавьсан татварын өр нь “Б” ХХК-ийн 2019 оны тайлангаар үүсчихсэн өр юм. Татварын албан тайланг хүлээн авч, энэ үеэс тус компанийн дансыг хаах гэх мэт бүх арга хэмжээг авч эхэлсэн байдаг. Ковидын хямрал, бараа материал, ажиллах хүчний тооцоолоогүй өсөлт, хомсдол, тус компанийн ажлыг мэдэх албан тушаалтнуудын амь хохирсон гэмт хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хувьцаа эзэмшигч нь бүтэн жил сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байдалтай байсан тул компанийн үйл ажиллагаагаа одоогоос сэргээх арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл өгсөн.
6. Татварын алба борлуулагч талын “тайлагнасан орлого”, түүнд ногдуулсан татварыг хүчингүй болгоогүй, өр хүчинтэй болчихсон, төлөхөө зөвшөөрсөн өр төлүүлэх ажиллагаа явж байхад худалдан авагч талын худалдан авалтыг хүчингүйд тооцон 2024 онд нөхөн ногдуулалтыг актаар давхар татвар тогтоон маргаан үүсгэж буй нь “татвар давхардуулан ногдуулахгүй байх” зарчимд халдаж байна. Үйл баримтыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд татварын алба нь тус шийдвэрт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19.1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”гэж зааснаар “Б” ХХК-д хариуцлага ногдуулах үндэслэлтэй. Энэ нь татварын албанаас “Б” ХХК-д явуулсан мэдэгдэл, нэхэмжлэхэд заагдсан байдаг.
7. Татварын алба Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т. “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэсэн заалтыг буруу хэрэглэн 2018, 2019 оны татвар ногдох орлогод 2024 онд хяналт шалгалт явуулсан нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” гэж заасныг зөрчиж, захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, “шуурхай тасралтгүй байх” зарчмуудад харшилсан үйлдэл болсон.
8. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 нь энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй бөгөөд энэ заалт нь зөвхөн “тухайн, одоо үргэлжилж буй процессын үр дагаврыг л зохицуулсан үгийн шууд утгатай, зэрэгцсэн утга бүхий зохицуулалт болохоос биш, хэмжээ хязгааргүй хугацаатай, дараалсан процесс явуулах эрх олгосон зохицуулалт биш” юм. Утга нь:
8.1. маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
8.2. шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан нь: 1-д тухайн процесс одоо үргэлжилж байхыг шаардаж байна, 2-т одоо үргэлжилж буй процесс дуусах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл хамаарахгүй, энэ процессоор татварын өрийг баталбал татвараа төлнө” гэсэн эрх зүйн үр дагаврыг л хамгаалсан. Харин татварын алба “цагдаа нь шалга, маргаан таслах зөвлөл нь шалга, шүүх нь шалга”, болохгүй бол дараа нь дахин шинэ акт тавина гэсэн эрх олгосон” дараалсан, өнгөрсөн цагаар хэрэглэх” зохицуулалт биш юм. Цаг хугацааны зохицуулалтыг ийнхүү гуйвуулан ашиглах нь асар хортой бөгөөд татвар төлөгч ч тайлан илгээхдээ цаг минуттай зэрэгцдэг.
8.3. Хууль тогтоогчид дээрх зохицуулалтыг зөвхөн одоо цаг дээр, мөн тухайн явуулж буй процесст л хамааралтайгаар хуульчилсан нь хуулийн цоорхой алдаа биш, олон шат бүхий, бүхэл бүтэн бүтэц, тухайн хуулиар мэргэшсэн албан хаагч бүхий хуулийн шат дараалсан хэлтэс албатай захиргааны үйл ажиллагааг хатуу журамласан, эрх хэмжээгээ энэ байдлаар хэтрүүлэхээс сэргийлсэн, “хуулийн тодорхой байх” зарчмыг тогтоосон иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан зохицуулалт юм.
8.4. Татварын алба 2018, 2019 оны ногдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар томилолт, танилцуулга бичих үед л “эрүүгийн хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнээ өнгөрсөн” байсан.
8.5. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.”, 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.”, 1.10 дугаар зүйлийн 5-д “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.” гэж тус тус заасан.
8.6. 2018, 2019 оны үйлдэлд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг буцаан хэрэглэхгүй бөгөөд энэхүү өөрчлөлт нь гагцхүү хүчинтэй болсон өдрөөс хойших үйлдэлд хамааралтай юм. Энэ хэрэглэх ёсгүй зүйл заалтыг дээрх байдлаар үргэлжлүүлэн зохиож, буруу тайлбарлан хэрэглэвэл татварын албанд татвар төлөгчийг хязгааргүй хугацаанд, нэг маргааны зүйлээр дахин дахин шалгах хэмжээгүй хууль бус эрх үүснэ. Тодруулбал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ч шалгамаар санагдвал танилцуулга бичиж, хариу аваад шинэ шалгалт хийх эрхээ өөрсдөө нээх нь.
8.7. Маргаан таслах зөвлөлөөр маргааныг шийдвэрлүүлэх явцад татварын улсын байцаагчид “Б” ХХК дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл өгснөөс үүдэн дахин хяналт шалгалт оруулахаар дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Гэтэл “Б” ХХК дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт явагдаагүй буюу тухайн компани өрөө зөвшөөрч төлбөр барагдуулах ажиллагаа эхэлсэн байсан.
8.8. Мөн дээд шатны татварын албанд "Г" ХХК нь шалгуулсан боловч шалгалт явуулсан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хуурамч падаан үйлдээгүйг тогтоочихсон, нэг л агуулга бүхий зөрчил тул тус албанаас ямар ажиллагаа явуулах ёстой нь ойлгомжгүй болсон.
8.9. Учир нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалт нь маш ойлгомжгүй, татварын албыг энэ шалгалтын хүрээнд заавал зөрчилтэйд тооцож шинэ акт гарга гэсэн даалгавар өгсөн шинжтэй, ардчилсан нийгмийн эрх зүйн суурь зарчим, үзэл санаанд байж боломгүй зохицуулалт дээрх хуулиар хүчинтэй байгаа тул шинэ акт гаргаж байж л хуучин акт хүчингүй болно, шинэ акт гаргахгүй бол Маргаан таслах зөвлөл дахин хэлэлцэнэ гэдэг утгыг татвар төлөгчийн хувьд огт ойлгохгүй, эрх зүйн байдалд шууд халдсан “диктатур” зохицуулалт гэж үзэж байна.
8.10. Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан маргааны зүйлийг дахин шалга гэж буцаах нь хуулийн хугацаа, зарчимтай нийцэхгүй буюу өмнө тайлбарласанчлан эрүүгийн журмаар шалгасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ, маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэн түдгэлзүүлсэн (шинэ хяналт шалгалт тул шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой ) тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ, шүүх шийдвэрлэвэл мөн энэ хугацаанд тасалдсан гэж үзнэ хэмээн хуулийг хэмжээ хязгааргүй хугацаагаар буруу хэрэглэж, нэг зүйлээр захиргааны байгууллага дахин шинэ ажиллагаа явуулах нөхцөлийг үүсгэж байна.
9. Тодруулбал, акт тогтоох үндэслэлгүй байсан нь шинэ хяналт шалгалтын явцад илэрсэн ч шинэ акт тогтоох ёстой тул хууль бус, үндэслэлгүй акт заавал тавих үүрэг үүснэ, үгүй бол хуучин акт хэвээр үлдээнэ. Энд заавал акт тогтоох ёстой гэсэн логик байна. Гэтэл өнөөдөр дахин Маргаан таслах зөвлөл акт хууль зүйн болон бодит байдалд нийцсэн үү гэдгийг хянах биш өөрсдөө татварын албаны хяналт шалгалт явуулж буй мэт “анхан шатны баримт” шаардаж буй нь эрх хэмжээний зааг, хэмжээ хязгаар, байр суурийг үгүй хийсэн үйлдэл гэж харж байна.
10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, Г.Б нар "Г" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн” шалгалт хийж, тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй “Б” ХХК-аас 2018 онд 454,545,454.55 төгрөгийн, 2019 онд 21,545,454,545.45 төгрөгийн, нийт 21,999,999,999.99 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тус татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусгаж, төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил нь гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй гэж үзэж 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Танилцуулга” үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
2.2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1229 дүгээр тогтоолоор “...Г” ХХК нь 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 454,545,454.55 төгрөгийн 5 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 45,454,545.45 төгрөгөөр бууруулж тайлагнасан болох нь тогтоогдохгүй байна. Мөн 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 21,545,454,545.45 төгрөгийн 42 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, татвараас зайлсхийж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Харин дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19 дүгээр зүйлд заасан “Татварын тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй байх тул холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж, "Г" ХХК-д холбогдуулан үүсгэсэн хэрэг бүртгэлийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хаажээ.
2.3. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Б.М нар "Г" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********** дүгээр томилолтын дагуу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-***********дүгээр нөхөн ногдуулалтын актаар “Б” ХХК-аас 2018 онд 454,545,454.55 төгрөгийн, 2019 онд 21,545,454,545.45 төгрөгийн, нийт 21,999,999,999.99 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан гэж үзэж, 2,200,000,000 төгрөгийн нөхөн татвар, 660,000,000 төгрөгийн торгууль, 440,000,000 төгрөгийн алданги, нийт 3,300,000,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
2.4. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасны дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаар тогтоолоор гомдол гаргагчийг “Б” ХХК-тай хийсэн ажил, үйлчилгээг дахин шалгуулж бодитой эсэхийг тогтоолгохоор Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.1 дэх заалтыг баримтлан 3 хүртэл сарын хугацаагаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсэн.
2.5. Гэвч татвар төлөгчөөс дахин шалгах тухай хуулийн хугацаанд “хий бичилттэй падаан худалдан аваагүй” гэх гомдлоо дэмжсэн хангалттай нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй гэх шалтгаанаар шинээр акт гаргаагүй, магадалгааны явцад мөн бодитоор бараа, ажил, үйлчилгээ худалдан авч бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь холбогдох санхүүгийн баримтаар нотлогдохгүй байх тул Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ” гэх хуулийн зохицуулалттай тул гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд дахин хэлэлцэж татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-***********дүгээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.
2.6. Анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Г" ХХК-аас “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-***********дүгээр” Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар их хэмжээний татвар ногдох орлого ... нуусан буюу уг их хэмжээний хохиролтой татварын хэрэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь тус хуулиар эрх олгогдсон хуулийн байгууллагуудын бүрэн эрхийн асуудал байна. Татварын алба нь хүчин төгөлдөр болсон прокурорын шийдвэрийг хянах эрхтэй субъект биш, мөн энэ хэмжээний хохиролтой татварын хэрэгт зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах буюу татварын албаны эрх хэмжээнээс давсан, нэгэнт тогтоогдсон үйл баримт байна гэх гомдлын тухайд:
3.1. Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1229 дүгээр “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” хяналтын прокурорын тогтоолд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг тус тус гарсан болох нь тогтоогдохгүй байна. ...Харин дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан “Татварын тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй байх тул холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэжээ.
3.2. Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ.”, 6 дугаар зүйлийн 6.1.14-т “ “нөхөн ногдуулалтын акт” гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг;”, 42 дугаар зүйлийн 42.1.-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.”гэж тус тус заасан.
3.3. Дээрх хэрэгт авагдсан баримт, хууль тогтоомжоос үзвэл прокурорын тогтоолоор "Г" ХХК-ийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг тогтоосон боловч зөрчил гаргаагүй, Татварын ерөнхий хуулийг зөрчөөгүй гэдгийг тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн бөгөөд Татварын улсын байцаагч нь хууль тогтоомжид заасны дагуу татвараас зайлсхийсэн эсхүл татварын ногдлыг тодорхойлох, татварын суурийг нэмэгдүүлэх, болоод татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгаад “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэх эрх бүхий этгээд байх тул Татварын алба нь хүчин төгөлдөр болсон прокурорын шийдвэрийг хянах эрхтэй субъект биш, мөн энэ хэмжээний хохиролтой татварын хэрэгт зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах буюу татварын албаны эрх хэмжээнээс давсан, нэгэнт тогтоогдсон үйл баримт байна гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
4. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нөхөн ногдуулалтын акт үйлдсэн гэх гомдлын тухайд:
4.1. Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 15 дугаар зүйлийн 15.1.-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.”, 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”гэж тус тус заажээ.
4.2. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0079 дүгээр тогтоолоор “Шүүхүүд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан “татварын хөөн хэлэлцэх хугацаа”-ны зохицуулалт, тодруулбал, 15 дугаар зүйлийн 15.4-т заасан “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэх зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан”, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шийдлээр маргааныг өөр өөрөөр шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан “татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” агуулгыг тайлбарлан шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзжээ.
4.3. Ингэхдээ “...татвар төлөгч нь хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдсэн өдрөөс татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдан, цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдах хугацаанд үргэлжилж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын газрын прокурорын тогтоол гарснаар хөөн хэлэлцэх хугацаа эргэж сэргэсэн гэж үзнэ.” гэж тайлбарласан байна.
4.4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн татвар төлөлтийн асуудал нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын байгууллагаар хянан шалгагдаж байсан нь тогтоогдож байх тул энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд прокурорын тогтоол гарсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааны тоолол дахин сэргэж татварын улсын байцаагч нар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хуульд заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд багтаж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Маргаан бүхий актад “Б” ХХК-аас 2018 онд 454,545,454.55 төгрөгийн, 2019 онд 21,545,454,545.45 төгрөгийн, нийт 21,999,999,999,99 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн талаар тодорхой тусгасан.
5.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;”, 13 дугаар зүйлийн 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна.” гэж тус тус заасан.
5.2. Улмаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Албан татвар хасалт хийх”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.
5.3. Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”, 28.10-д “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.”, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.” гэж тус тус заасан.
5.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд татвар төлөгч нь төлбөл зохих татвараа өөрөө тодорхойлж, хуулийн хугацаанд төсөвт төлөхөөр, хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан заавар, аргачлал, дүрэм журмыг дагаж мөрдөх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах зардлаар тайлагнасан худалдан авалтыг дээр дурдсанаар санхүүгийн баримтуудаар нотлох нь татвар төлөгчийн үүрэг байна.
6. Гэтэл нэхэмжлэгч "Г" ХХК нь “Б” ХХК-аар ажил, үйлчилгээ хийлгэснийг нотлох баримт маргаан бүхий актад дурдсан зөрчлийг үгүйсгэх анхан шатны баримтуудыг татварын хяналт шалгалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдэд дээрх зөрчилд хамаарах санхүүгийн анхан шатны болоод бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн гэдгээ нотлох баримтуудыг гаргаж өгөх хангалттай боломж байсан ч энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;” гэж тус тус заасан.
7.1. Тодруулбал, хуульд заасны дагуу бараа борлуулсан бол ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор төлж, тайлангаа татварын албанд тушаах бөгөөд борлуулалтын дүнгээс тооцсон нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн орлого мэт авч үлдэхгүй, харин улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй, үүнийг биелүүлээгүй тохиолдолд татварын алданги, торгууль ногдуулах үндэслэл болно гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
8. Иймд хариуцагч нарын маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
9. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон хариуцагчийн татгалзалд хамаарах үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоож, маргаантай холбоотой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН