Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00080

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Ж.Ганбат,

Шүүгдэгч Б.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бат-Очирын Шинэбаярт холбогдох эрүүгийн 201722000095 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Борт Бат-Очирын Шинэбаяр, 1989 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  регистрийн РВ89051313 дугаартай,

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд иргэн Ж.Ганбатыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд иргэн Ж.Ганбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Шинэбаярын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Соёлын бэлтгэлийн өрөө рүү ороход Ганбат шээгээд зүгсож байсан. Тэгэхээр нь би энд ингэж болохгүй гар гэж хэлсэн. Миний урдаас агсаад бид хоёр барилцаж аваад гарсан. Гараад бид хоёр ноцолдсон юм шиг байна лээ, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Ганбатын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "...Шинэ жил зохион байгуулсан хүмүүс үлдээд тайзан дээр хөшигний ард архи уусан. Би нилээн муудсан байсан. Намайг клубээс гаргаад нүдэж байсныг санаж байна... Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Очирхуягийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Тайзан дээр хөшигний ард үлдсэн хүмүүс хоёр ширхэг оргилуун дарс, нэг 0.75-ийн Соёрхол нэртэй архи уусан. Бүжиглэж байхад Ганбат гэдэг залуу гаднаас ороод ирсэн. Орж ирэхдээ хамраас нь цус гарсан байсан. Тэгээд Хархүү буюу Шинэбаяр ах, Марчий гэж дууддаг Одхүү хоёр аваад гарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Мөнхгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Шинэ жил зохион байгуулсан хүмүүс үлдсэн байхад Ганбат ах согтуу орж ирсэн. Ганбат ах соёлын төв дотор орилоод тэнд байсан залуучууд руу агсам тавиад байсан. Тэгээд удалгүй соёлын төвийн өсгөгч уначихсан. Тэгээд Шинэбаяр, Марчий хоёр аваад гарсан. Орж ирэхдээ чихнээс нь цус гарчихсан байсан. Тэмүүлэн орж ирээд танай хадам ахын мөнгө, түрүүвч, бээлий шүү гээд надад өгсөн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч П.Одхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Соёлын төвийг цэвэрлэхээр шинэ жил зохион байгуулсан хүмүүс үлдсэн. Бие засах гээд гартал Ганбат, Шинэбаяр хоёр маргалдаад зодолдож байхад нь би очоод болиулсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн  2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117 тоот дүгнэлтэд:

1. Ж.Ганбатын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Ж.Ганбатын биед толгойн зулайн хууханд сорви, зүүн чихний дэлбэнд сорви, 1 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2016.12.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх толгойн зулайн хууханд сорви, зүүн чихний дэлбэнд сорви, 1 шүдний булгарал бүхий гэмтэл тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Ганбат нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Шинэбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Ганбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Эрүүгийн 201722000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Борт Бат-Очирын Шинэбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Шинэбаярт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Шинэбаярыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000095 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шинэбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР