| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Б,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овгийн Э-ийн Б-д холбогдох 2428000000013 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Караоке Хаус”-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа У.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, пивоны шилээр нүүр толгой хэсэгт цохиж, түүний биед дээд баруун 1, 2 зүүн 1, 2 шүдний булгарал, доод баруун 3, зүүн 3-р шүдний эмтрэл, зүүн хөмсөг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 29-ний орой болсон асуудал юм. Манай компани ажилчдын баяраа тэмдэглээд “Караоке хаус”-т орсон. Манай Д гэх инженер Э, С гэх 2 хүнтэй уулзаад намайг дуудаад 30-40 минут уулзаж юм ярьсан. Намайг 1 шил архи аваад өг гэхээр нь авч өгөөд суусан. Нөгөө 2 согтолтын зэрэг нь илүү байх шиг байсан. Над руу үгээр идэх маягаар дайрсан. Гарах гээд хувцсаа өмсөөд боссон. Тэгэхэд манай инженер та 2 түрүүнээс хойш томорлоо гээд хэлсэн. С цохих гэхэд нь би С-ыг түлхэж унагаад Э-г цохисон. Тухайн үед тэгж таарсан. Дараа нь хохирогчтой уулзсан. Камерын бичлэгээс харвал толгой руу нь цохиж байгаа юм шиг харагдаж байгаа. Хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан. Хохирогч талаас хохирлын төлбөрт 100,000,000 төгрөг нэхэмжилсэн ба түүнийг нь өгсөн. Түргэн ааш зангаас болсон. Гэм буруугаа хүлээж байна. Ахиж ийм хэрэг гаргахгүй. Э-гийн хувьд гоо сайхны хувьд асуудалтай байгаа учраас нэхэмжилсэн мөнгөөр нь өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдал тэгж таарсан гээд ойлголцоод салсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 16 цагийн үед гэрээсээ гараад найз, дүү Сү-ын хамтаар япон шөлний газарт хоол идсэн тэндээсээ гараад “Марвел” зоогийн газар орж бид хоёр 1 хүний 4, 5 ширхэг 0.5 граммын касс пиво уусан. Тэндээс 20 цаг өнгөрөөж гараад “Говь сэндс” зочид буудлын 2 давхарт байрлах биллярдны газарт очиж тоглож байгаад 23 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэндээсээ гараад “Караоке хаус” гэх газарт очоод үүдний задгай хэсэгт нь байх ширээнд сууж бид хоёр касс нэртэй пиво захиалж уусан. Бид хоёр нэг нэг пиво уугаад юм яриад сууж байхад нэг зүс таних залуу ирээд манай ширээнд суусан. Тэр залуу Б гэдэг залуутай найз хамтарч ажилладаг гэж яриад байсан. Тэгсэн Сү би бас Б ахтай хамтарч ажилладаг Б ах байгаа юм уу гэсэн чинь байгаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу босож яваад Б гэдэг залууг дуудаад ирсэн. Б манай ширээнд ирж суугаад Сү хоёр хоорондоо юм яриад байсан. Тэгж байгаад миний найз дүү Сү нь Бэ-р 0.75 граммын архи авхуулсан. Тэр архийг Б, Сү нөгөө зүс таних залуу бид дөрөв задлаад нэг нэг татацгаасан. Тухайн архийг Б авч өгөхдөө энэнээс өөр юу авхуулмаар байна би хүссэн зүйлийг чинь аваад өгье гэж онгирч байсан. Үүний дараагаар Б, Сү хоёр хоорондоо хэл амаараа муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би Бд хандаад хүн ингэж онгирч болохгүй байх аа мөнгө цаастай байж болно гэж хэлсэн. Тэр үед Бтэй хамт явсан зүс таних залуу босож яваад эргэж ирээд Сү бид хоёрыг та хоёр хэн бэ хэн ч биш шүү ална шүү гэх мэтээр хэлээд агсарч эхэлсэн. Тэр үед Сү боссон чинь нөгөө зүс таних залуу бариад авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгэхээр нь би сууж байгаад та хоёр болиоч ээ гээд гараараа зүс таних залуугийн гарыг доош нь буулгах үед миний өмнөөс хараад сууж байсан Б босож ирээд ширээн дээр байсан пивоны шилийг авч миний нүүр рүү 2 удаа цохиж авсан. Би архины шилээр цохиулаад эргээд харахад толгойны араас дахин шилээр цохиж авсан, мөн баруун мөр хэсэгт цохиж авсан. Тэр үед тэнд байсан хүмүүс Бийг надаас салгасан, би тэндээс гарсан. Б намайг шилээр цохих үед миний дээд талын үүдэн 4 шүд газар дээрээ унасан, доод талын үүдэн 2 шүд эмтэрч хугарсан, духны зүүн дээд хэсгээс цус ихээр алдсан, би караоке хаусаас гарч ирээд цусаа гоожуулаад зогсож байхад Б гараад ирчихсэн Сү-ыг дээрэлхээд байж байсан. Тэгээд би Сү-т явлаа гэж хэлчихээд гэртээ ирэхэд эхнэр эмнэлэг авч явна гэхээр нь эхнэр бид хоёр эмнэлэг дээр очиход эмнэлгийн хүлээн авах дээр очиход эмч надад өвчин намдаах эм өгсөн. Духан дээр оёдол тавих шаардлага байхгүй гэхээр нь гэртээ очиж амарсан. Ийм зүйл болсон юм. Бусдад зодуулсны улмаас миний дээд талын үүдэн 4 ширхэг шүд байхгүй болсон, мөн доод талын 2 шүд хугарсан, 2 шүд хөдөлсөн, доод уруул гол хэсгээрээ сэтэрсэн, хавдсан, зүүн хөмсөгний дээд хэсэгт дух язарч цус алдсан. Баруун мөрний хэсэгт хөхөрч хавдсан зэрэг гэмтлүүд учирсан байна. Одоо толгой маш их өвдөж байна ярихад маш их хүндрэлтэй байна. Маш их зовиуртай байна... Би эмчилгээнд гарсан бүх зардал болон сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан үеийн цалин зэргийг гаргаж өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 11-14 дэх тал/
Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “Ш” ХХК-ийн захирал Бийн адууг нь уядаг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны 03 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой "Ш” ХХК-ийн ажилчид оффис дээрээ шинэ жилийн баярын хурал хийж шинэ жил тэмдэглээд тарсан. Хурал тараад ажлын өрөөндөө 1 литрийн Белуга нэртэй архи задалж Захирал Б, инженер Д, оператор Б, нягтлан Т бид нар хувааж уусан. Тухайн архийг ууж дуусгаад Даланзадгад сумын төвд байх “Караоке хаус” гэх газарт очоод караокены өрөөнд орж 1 шил Белуга архи авсан. Тэр архийг Б, Д, Т, М, Б бид нар хувааж ууцгаасан. Тэр архийг уугаад бид нар согтсон зүйл болоогүй. Тэгээд цаг дуусаад бид нар гарах гээд өрөөнөөс гараад ирэхэд Б, Д хоёр миний танихгүй 2 залуутай тус караокены үүдний хэсэгт байх ширээн дээр сууж байсан. Тэгээд нөгөө хоёрыг явъя гэсэн чинь хамт сууж байсан 2 залуу нь янз бүрээр хэлээд байсан. Тэд нар хоорондоо үг зөрөөд байсан, би Бийг явъя гэсэн чинь тэнд сууж байсан жижиг биетэй залуу нь чи цаашаа байж бай бро гээд байсан. Би танихгүй хүнтэй юу ярихав гэж бодоод хүлээгээд зогсоод байсан, бараг 30 орчим минут хүлээсэн байх тэр жижиг залуу нь Б, Д хоёрыг та хоёр их баяжсан байна гэх мэт зүйл яриад байсан. Би хажууд нь зогсож байхад Б нөгөө жижиг биетэй залуугийн куртикнээс татах шиг болсон. Тэгсэн сүр сар гээд явчихсан, би Б-ийг тэвэрч аваад гарсан. Нөгөө жижиг биетэй залуу амаа дараад гараад яваад өгсөн, ийм зүйл болсон. Б ширээн дээр байсан пивоны шилийг аваад тэр жижиг биетэй залуугийн нуруу хэсэгт 2-3 удаа цохиж авсан, тэгчихээд нөгөө пивоны шилийг ширээн дээр цохиод хагалах үед нь би Б-ийг тэврээд аваад гарсан. Жижиг биетэй залууг Б цамцнаас нь татаад тонгойлгох үед ширээний тавцан мөргөөд уруул хэсэгтээ гэмтэл авчих шиг болсон, тэгээд тэр залуу амаа дараад гараад явсан. Сүүлд нь сонсоход дээд талын шүднүүд нь гэмтсэн.” /хавтаст хэргийн 21-23 дахь тал/
Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “Ш” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай ажлын газрын хүмүүс оффис дээрээ шинэ жилийн баярын хурал хийсэн. Хурал тараад бид нар ажил дээрээ 1 литрийн Белуга нэртэй архи задалж захирал Б, инженер Д, оператор Б, О бид нар хувааж уусан. Тухайн архийг ууж дуусгаад Даланзадгад сумын төвд байх “Караоке хаус” гэх газар руу явсан. Тухайн газарт очиход 00 цаг болж байсан бөгөөд бид нар 6 номерын өрөөнд орж суусан. Тэр өрөөнд ороод 1 шил 1 литрийн Белуга архи, ундаа, ус захиалаад 1 цаг дуулж суусан. Тэгээд сууж байхад цаг дууслаа гэж хэлсэн. Тэгэхээр нь 30 минут сунгасан, тэр дундуур би 00 орох гээд гарахад үүдний хэсгийн ширээн дээр манай инженер Д нь Сү, Э гэх хоёр залуутай хамт сууж байсан. Сү намайг харчихаад хөөе чи нааш ир гээд дуудсан. Би явж очоод мэндэлчихээд суухгүй би ажлын хүмүүс рүүгээ явлаа гэхэд Сү зүгээр суу битгий маяглаад бай гээд надад шилтэй пиво авч өгсөн. Тухайн үед Сү, Э нар согтсон байхаар нь би нүдийг нь хариулж байгаад шилтэй шар айргийг нь тавчихаад яваад өгсөн. Намайг явж байхад Сү намайг араас дуудаад байсан би чигээрээ яваад өгсөн. Тэгээд өрөөндөө орж суухад манай ажлын хэд дахин нэг шил архи захиалсан байхаар нь одоо дахиж архи хэрэггүй одоо болсон гээд зөөгчийг буцаасан. Удалгүй 10 орчим минутын дараагаар цаг дуусаад өрөөнөөс Б, О бид гурав гараад ирэхэд Сү, Э нарын ширээн дээр захирал Б, инженер Д хоёр сууж байхаар нь би очоод Б, Д хоёрыг аваад явах гэтэл Э намайг цаашаа байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ширээний хажууд нь зогсож байхад Сү нь ах нэг архи аваад өгөөч гэсэн чинь Б ах нэг шил 1 литрийн ягор буюу бугын зурагтай архи авч өгсөн. Тэр архийг задлаад Э захиралд хийж өгсөн чинь захирал уухгүй гэсэн чинь захирал руу хандаад чи их баян болсон байна би найзуудаа дуудчихая хэдүүлээ үзэх үү гэх мэт зүйл яриад байсан. Тэр үед Сү нь инженер Д-ийг хоёулаа гаръя үзье би чамайг бол хангалттай шаана гэж хэлсэн. Тэгсэн чинь Д инженер уурлаад та нар ингэхгүй шүү зүгээр уугаад гарах гэж байхад гэж хэлсэн. Би Сү томроод байхаар нь Б, Д хоёрыг явъя гээд нөгөө хоёр оо дуудсан. Тэгээд явах гэсэн чинь Э та нар байж бай юм ярьж байна гээд байсан. Э бол Б захирлыг хажуунаас нь янз бүрийн үгээр өдөөд л байсан. Тэгээд байж байхад Сү гаръя гээд босож ирэнгүүтээ Д инженерийг хий цохиод авсан. Тэгсэн чинь Б захирал босож ирээд Сү-ыг цааш нь түлхсэн. Тэр үед Э босоод ирсэн. Тэгсэн Б, Эгийн цамцнаас татаад тонгойлгосон. Тэр үед ширээ хөмөрч Э ам, хамар хэсгийг гараараа дарсан. Тэгсэн Б ширээн дээр байсан пивоны шилийг аваад Э-гийн нуруу, толгой хэсэгт 2-3 удаа цохиж авсан. Тэгсэн Э амаа дараад гараад явсан, Б-ийг болохоороо О ах аваад гарсан ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 24-27 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “У.Э-гийн биед дээд баруун 1, 2, зүүн 1, 2 шүдний булгарал, доод баруун 3, зүүн 3-р шүдний эмтрэл, зүүн хөмсөг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. У.Э-гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 15% нөлөөлнө. У.Э-гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Шүүгдэгч Э.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 70-73 дахь тал/
Хохирол, төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 97-99 дэх тал/
Хохирогч У.Э-гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 96 дахь тал/
Шүүгдэгч Э.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 95 дахь тал/
Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Яллагдагчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 05 дугаартай санал /хавтаст хэргийн 104 дэх тал/
Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 05 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 106 дахь тал/, эд мөрийн баримтаар хураагдсан СД зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Караоке Хаус”-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа У.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, пивоны шилээр нүүр толгой хэсэгт цохиж, түүний биед дээд баруун 1, 2 зүүн 1, 2 шүдний булгарал, доод баруун 3, зүүн 3-р шүдний эмтрэл, зүүн хөмсөг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Э-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дэх тал/, гэрч О.О-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/, гэрч Н.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, шүүгдэгч Э.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 70-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Э-гийн эрүүл мэндэд дээд баруун 1, 2, зүүн 1, 2 шүдний булгарал, доод баруун 3, зүүн 3-р шүдний эмтрэл, зүүн хөмсөг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Э-гийн эрүүл мэндэд дээд баруун 1, 2, зүүн 1, 2 шүдний булгарал, доод баруун 3, зүүн 3-р шүдний эмтрэл, зүүн хөмсөг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би эмчилгээнд гарсан бүх зардал болон сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан үеийн цалин зэргийг гаргаж өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэх мэдүүлэг болон 100,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, хохирол төлбөр төлсөн баримтууд /хавтаст хэргийн 95-99 дэх тал/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Эд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овгийн Э-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Эд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ