Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/01254

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч, Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж М плаза 5 давхарт байрлах, “А” ХХК /Регистрийн дугаар: 2810301, 88112199, 88092040/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, Ш.И /Регистрийн дугаар: /-т холбогдох

13,468,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, гэрч Б.М, Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.И нь манай компанид анх 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түлшний тэрэгний жолоочоор ажилд орж ажилласан. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хариуцаж ажиллаж байсан Hyundai маркийн 43-23 УНИ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унаж осол гаргасан. Ослын шалтгааны талаар Ш.Инь "Гэр бүлийн хүнтэйгээ утсаар ярьж муудалцаад түүнээс болж жаахан архи уусан байсан юм. Миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул машиныг засварлаж бүрэн ажиллагаанд оруулан компанийг хохиролгүй болгож өгнө" гэсэн тайлбар өгч байсан. Ослын улмаас Hyundai маркийн 43-23 УНИ улсын дугаартай автомашинд ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн ба уг автомашиныг засварлан бүхэн ажиллагаанд оруулахад 14.540.910 төгрөгийн зардал гарсан байна. Нийт төлбөрөөс Ш.Инь өөрийн цалингаас суутгал хийлгэх байдлаар тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн ба одоо үлдэгдэл 13,468.244 /арван гурван сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун дөчин дөрөв/-н төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Ш.Инь 2018 оны 6-р сараас шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан ба түүнтэй утсаар холбогдон төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Ш.Инь ажил үүргээ гүйцэтгэн цалингаасаа суутгуулах замаар төлбөрөө төлнө, удахгүй хот орохоороо уулзана гэх мэт хариу өгдөг боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ш.Инь 2017 оны 08 дугаар сарын 25 ны өдөр “А” ХХК д жолоочоор ажилд орсон. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын зам тавьж байгаа ажилд ажил үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд бензин түгээх ажлыг гүйцэтгэж явж байгаад өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл урсгал сөрж, хурц гэрэлтэй гарч ирж осол болсон бөгөөд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл бодох Хьюнда Трак маркийн 43-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу жолоочийн эсрэг талруу буюу баруун талаараа онхолдож хажуулдсан. Энэ ослын улмаас эгэмний яс дал, мөрний ясны холбоос салж хугарсан гэмтэл авсан бөгөөд хэргийн газраас өөрийн ажлын байр болох Кемп рүү ирж эмнэлэгт хүргэгдсэн. Уг ослын хэргийн газар манай компани ослын дуудлага өгөөгүй бөгөөд би өөрөө гэмтлийн улмаас дуудах боломжгүй байсан билээ. Ингээд эмнэлгээс гараад ирэхэд хэргийн газарт байсан авто машиныг босгоод кемп дээр аваачсан цагдаагийн дуудлага өгөөгүй байсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон учир даатгалын байгууллагаар жолоочийн хариуцлагын даатгалыг хөөцөлдөх, ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд орсон, осол болоход буруугүй байсан зэрэг асуудлыг хөөцөлдөх гэтэл осол болсон газар буюу хэргийн газарт ул мөргүй осол болсон гэх баримтгүй, тогтоогдохгүй байдал үүсгэсэн байсан. Ингээд тус компанид маш их гомдсон билээ. Гэтэл одоо намайг согтуу тээврийн хэрэгсэл жолоодож явсан учир хариуцлага хүлээх үүрэгтэй мэт бичиж тайлбарлан буруутгасан нь үндэслэлгүй. Би жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байсан бөгөөд уг хариуцлагын дагуу автомашин болон өөрийн биед учирсан гэмтлийн зардлаа гаргуулах боломжтой байсан, мөн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдох боломжтой байсан ба уг осолд би буруугүй байснаа тогтоолгох боломжтой байсан. Гэтэл автомашин нь чухал байсан мэт хэргийн газраас автомашиныг авч явж хохироосон. Гэтэл одоо миний буруутай үйлдлээс осол гаргасан мэт харьцаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ослын улмаас тээврийн хэрэгсэл эвдэрсэн гэмтсэн нотлох баримтгүй өдий хүрч байгаа төдийгүй ослын улмаас автотээврийн хэрэгсэлд ямар гэмтэл учирсан нь тогтоогдохгүй болсон. Гэсэн атлаа бараг 3 жилийн дараа ослын улмаас автотээврийн хэрэгсэлд 13468244 төгрөгний хохирол учирсан мэт тооцоо гарган нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Автомашинд учирсан гэх эвдрэл нь ослын улмаас гэмтэж эвдэрсэн гэдэг нь ноглогдохгүй байх ба моторын эвдрэл цахилгаан форсункыг 2 удаа сольсон буюу 2018.04.23, 2018.06.08-нд сольсон тухай баримт байх эдгээр эвдрэл нь кольцо поршин элэгдэж муудсан үед албадан асаагчаар асааснаас үүсэх бөгөөд дагалдах их бие гар уклаадаш жийрэг, клапан үүр, шатун зэрэг нь дагаж эвдэрч бүгдийг солих шаардлагатай болдог бөгөөд энэ нь гэмтлийн улмаас үүсдэггүй, моторын ээлж хийх үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй, албадан асаагч буюу эпирыг удаан хугацаагаар хэрэглэснээс үүсдэг эвдрэл билээ. Гэтэл уг эвдрэлийг ослын улмаас үүссэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Анх тухайн автомашиныг албадан асаагаад удсан гэж анх намайг уг автомашиныг хүлээн авахад ажилтан Гармаа болон манай ажилчид хэлж байсан ба автомашиныг жолоодох болохоор асч өгөхгүй бөөн асуудал болдог байсныг ажилчид мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2018 оны 01 сард тухайн автомашиныг Херо сервис компьютер оношилгооны газарт тээврийн хэрэгслийг оношлуулсан бөгөөд цахилгаан форсунк ч хэвийн гэж оношилж байсан. Автомашин онхолдож унасны дараа харахад салхивчний шил хагарсан, ёнкосны баруун тал хонхойсон байсан өөр гэмтэл байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “А” ХХК нь хариуцагч  Ш.Ид холбогдуулан гэм хорын хохирол 13,468,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь “Ш.Инь манай компанид анх 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түлшний тэрэгний жолоочоор ажилд орж ажилласан. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хариуцаж ажиллаж байсан Hyundai маркийн 43-23 УНИ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унаж осол гаргасан. Ослын шалтгааны талаар Ш.Инь "Гэр бүлийн хүнтэйгээ утсаар ярьж муудалцаад түүнээс болж жаахан архи уусан байсан юм. Миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул машиныг засварлаж бүрэн ажиллагаанд оруулан компанийг хохиролгүй болгож өгнө гэсэн тайлбар өгч байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, тэрээр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А” ХХК-д жолоочоор ажилд орсон. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд бензин түгээх ажлыг гүйцэтгэж явж байгаад өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл урсгал сөрж, хурц гэрэлтэй гарч ирж осол болсон. Энэ ослын улмаас эгэмний яс, дал мөрний ясны холбоос салж хугарсан гэмтэл авсан, эмнэлгээс гарахад хэргийн газарт байсан автомашиныг кемп дээр аваачсан цагдаагийн дуудлага өгөөгүй байсан. Осол болсон газар буюу хэргийн газарт ул мөргүй осол болсон гэх баримтгүй, тогтоогдохгүй байдал үүсгэсэн байсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь “А” ХХК-д 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түлшний машины жолооч, няраваар ажилласан байх бөгөөд, сарын 900,000 төгрөгний цалинтай, туршилтын нэг сарын хугацаатай, сунгагдах нөхцөлтэй, сунгагдсан тохиолдолд үйлдвэрлэлийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг осол гаргасан, ослын улмаас 14,540,910 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч хариуцагчтай эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлагын гэрээ байгуулаагүй, мөн хариуцагчийн гэм буруу болон түүний үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг ослын улмаас автотээврийн хэрэгсэлд ямар гэмтэл учирсан нь болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь 2018 оны 03 сард тухайн автомашиныг Херо сервис компьютер оношлогооны газарт тээврийн хэрэгслийг оношлуулсан байх бөгөөд форсунк хэвийн гэж оношилж байсан, автомашин онхолдож унасаны дараа харахад салхивчны шил хагарсан, ёнкосны баруун тал хонхойсон байсан өөр гэмтэл байгаагүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь 43-23 УНИ дугаартай автомашины засварын тайлан нийт 14,540,910 төгрөг гэсэн баримт гаргаж өгсөн боловч дээрх гэмтлийн улмаас хийгдсэн гэх зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “А” ХХК-ний Ш.Иаас гэм хорын хохиролд 13,468,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,295 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН

                      ШҮҮГЧИД                                                     Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                       Р.ҮҮРИЙНТУЯА