| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2024/0135/э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
2024 02 27 2024/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гүндалай,
Улсын яллагч: А.Дэлгэрмөнх,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2411 00000 0001 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
**** /РД:********. Хувиараа ажил эрхэлдэг гэх, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь шунахай сэдэлтээр “...2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах **** ариун цэврийн өрөөнөөс хохирогч **** гээсэн Самсунг зи фолд 5 маркийн 4.849.200 төгрөгийн үнэтэй гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2411 00000 0001 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн утсыг би эрэгтэйчүүдийн нойлын тавиур дээрээс олсон. Тэгээд хүлээн авалт дуусаад үе тэнгийнхэнтэйгээ нийлж өглөө болтол гадуур гарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үүр цайтал явсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хагас согтуурлын байдалтай байх үедээ таньдаг хүнээсээ утас олсон талаараа хэлэхэд Самсунгийн утас олсон бол асуудалгүй байдаг, түгжээг нь гаргуулчих гэсэн. Тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бүрэн дүүрэн анализ хийх чадваргүй байх үедээ ийм шийдвэр гаргаж, ичгэвтэр байдалд орсондоо ичиж байна гэв.
Хохирогч ****: ”... 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн 7 давхарт байрлах ***** ресторанд Ховд нутгийнхны уулзалт хүлээн авалт болсон. Түүнд оролцоод 01 цаг 30 минутын орчимд үйл ажиллагаанаасаа гарахад утсаа олоогүй. Нөхөр тэр орчимд ирж намайг авахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд тасарсан байсан цүнхийг маань шалгахад миний гар утас байхгүй тэр хавьд байгаа хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан гэж надад хэлсэн. Би 00 цагт нөхөртэйгөө өөрөө утсаараа ярьсан байгаа тэрнээс хойш юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа юм. 00 цаг 44 минутад би өөрөө гар утсаараа дуудлага хийсэн байгаа нь ухаалаг цаганд хадгалагдсан байгаа юм. Тэрнээс хойш хяналтын камерыг би өнөөдөр шүүж үзэхэд 01 цаг 30 минутын орчимд үүдний заалны хэсэгт манай Ховд аймгийн Засаг дарга **** өөрийнхөө утаснаас гадна нэг саарал гар утас хямгадаад аваад гарч байгаа бичлэгийг харсан. **** дарга руу та миний гар утсыг хямгадаж явсан уу гэж ярьж асуухад тэр өөр хүний гар утас байсан. Өглөө хүнд нь өгсөн гэж хэлсэн хяналтын камераас харахад **** даргын авсан утас миний утас биш Ай фоне байх шиг байсан. Тэгээд маргааш өдөр нь буюу өнөөдөр групп дээр гар утсаа олохгүй байна гэж найзаараа зар бичүүлэхэд мэдэх хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр эхлээд хямгадах гэж аваад дараа нь яаснаа мэдэхгүй болонгуут нь гаргаж ирэхгүй байгаа байж магадгүй. Гар утасны байршил 5 шарын наана байдаг Драгон худалдааны төв орчимд заагаад байгаа. Тэгэхээр өгөх санаа бодолгүй тэнд байсан нэг хүн нь зарж үрээд яваа байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-13, х/
Гэрч ****: “...‘Би 2010 оноос хойш гар утасны засварын ажил эрхэлж байгаа бөгөөд ******* центр гар утасны худалдааны төвд сүүлийн 7 8 жил ажил эрхэлж байна. Миний ажиллуулдаг лангуу 2 давхарт 26-23 тоот лангуу байгаа. Тухайн өдөр 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагаас хойш байх орой болсон байсан. Нэг өндөр шар монхор хамартай тод гадуур хувцас өмссөн залуу ирээд гар утасны код тайлах уу гэж асуусан. Би код тайлахад үнэтэй ш дээ гар утсан дээр байгаа бүх зүйл устгагдана ш дээ таны өөрийн Жи мэйл зэрэг байна уу тэгвэл арай хямд бөгөөд таны гар утсанд байгаа мэдээлэл бас үлдэнэ гэж хэлсэн. Тэр залуу өөрийнхөө гар утасны мэйл нээсэн мэдээлэл устсан байна хайгаад олохгүй байна гэж байсан. Тэгээд доторх бүх зүйл нь сэргэхгүй устгагдана та зөвшөөрч байвал би код тайлах программ 90.000 төгрөгөөр уншуулаад тайлаад өгнө гэж хэлэхэд зөвшөөрөөд Самсунг зи фолд-5 маркийн хар өнгийн гар утасны кодыг тайлуулсан. Би программаар шалгаж үзээд гар утасны маркийг тодорхой мэдсэн. Миний хажуугийн лангууны залуутай би одоо өөрийнхөө барьж байгаа Айфоне 15 маркийн гар утсаа гээх алдах тохиолдол гарвал ер нь яах вэ гэдэг талаар яриа өрнүүлж байсан. Би гар утасны нь кодыг тайлах гээд завгүй байсан учраас надтай бол нэг их зүйл яриагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-16х/
Эд зүйл хурааж авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 23-25х/
Эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “зах зээлийн үнэлгээ 4.849.200 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх дүгнэлт, /хх-ийн 26-33х/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэрүүд , /хх-ийн 34-36х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь шунахай сэдэлтээр “...2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ******** 7 давхарт байрлах **** ариун цэврийн өрөөнөөс хохирогч **** гээсэн Самсунг зи фолд 5 маркийн 4.849.200 төгрөгийн үнэтэй гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** мэдүүлэг, /хх-ийн 6-13, х/, Гэрч **** мэдүүлэг, /хх-ийн 13-16х/, Эд зүйл хурааж авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 23-25х/, Эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “зах зээлийн үнэлгээ 4.849.200 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх дүгнэлт, /хх-ийн 26-33х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэрүүд , /хх-ийн 34-36х/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ****ийн үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ****ийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна. /хх-ийн 25/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Эм мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****ид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжл