Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/138

 

                                                   

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга М.Энхмаа,

шүүгдэгч Н.Б,

улсын яллагч А.Дэлгэрмөнх нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Н Бд холбогдох эрүүгийн 2311 01916 1456 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин ургийн овогтой Нн Б /РД: /,

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ......... аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , улсын бүртгэлд ....аймгийн ........ сумын 2 дугаар баг, Цагаан овоо гэх хаягтай, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ....аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2014 оны 02 дугаар 07-ны өдрийн ........эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж 2015 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 257 дугаар магадлангаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 cap хорих ял болгон өөрчилсөн,

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ......... аймгийн Замын-Үүд сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, хуулийн тэгшитгэлээр суллагдсан.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ......... аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2022 оны 12 сарын 01-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ХМШЗ/67 дугаар захирамжаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ялын 1 хоногийг эдэлж, 11 cap 29 хоногийн ялын үлдэгдэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ..........дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... автобусны буудал дээр иргэн Г.Г. маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед баруун хөмсөг, цох, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...... дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхсын автобусны буудал дээр иргэн Г.Г.маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед баруун хөмсөг, цох, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

Хохирогч Г.Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Бтай 2023 оны 05 сард фейсбүүкээр танилцаад, 07 сарын 15-нд анх удаагаа уулзаж байсан. Тэрнээс хойш уулзаж найзалж нөхөрлөж байгаа. 2023 оны 09 сарын 16-ны орой 19 цагт өнгөрч байхад Б над руу ...... дугаараасаа над руу залгаад би чамд бэлэг авсан ажил дээр чинь очиж өгч чадахгүй байна. Гэр рүүгээ явах замаараа Гандан дээр хүрч ирээд надтай уулзаад аваад яваарай гэхээр нь би ажлаа тараад Бы сууж байсан караоке дээр очоод уулзаад байж байтал 2-лаа гаръя гээд тухайн караокеноос гараад намайг эх нялхсын автобусны буудлаас суулгаад өгье гээд бид хоёр хамт явсан. Эх нялхсын автобусны буудал дээр ирээд би гэр рүүгээ явлаа гэсэн чинь намайг тэврээд явуулахгүй байхаар нь чи зайл ямар ядаргаатай юм гээд хаячхаад явтал араас гүйж ирээд хувцаснаас зулгаагаад нүүр лүү 2-3 удаа цохиод, би Баас зугтаад цагдаад дуудлага өгсөн. Би 7 сараас хойш үерхэж Бтай үерхэж байгаа. Надтай хамт хононо гээд намайг явуулахгүй гээд миний баруун нүд руу цохиж хөхрүүлсэн...” гэх /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ганцэцэг нь 2023 оны 09 сарын 25-ны өдөр ..... дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг, оношилгооноос 20,000 төгрөгийн үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагаа бичиг, баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н. Овогтой Баас 20,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11858 дугаар шинжээчийн: “...Г.Г. биед баруун хөмсөг, цох, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэрүүд /хавтаст хэргийн 15-20 дугаар тал/,

шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, хохирогч Г.Г.мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Хэнтий аймаг дахь сум дундын 2022/ХМШЗ/67 дугаар захирамжаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил 59 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бы энэ хэрэгт нийт 2 сарын хугацаагаар цагдан хоригдсоныг зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Г.Г. хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Н.Баас 20,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин ургийн овогтой Н. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын 2022/ХМШЗ/67 дугаар захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил 59 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бы энэ хэрэгт нийт 2 сарын хугацаанд цагдан хоригдсоныг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг оршин суугаа ...... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

7. Хохирогч хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Н.Баас 20,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  П.АРИУНБОЛД