Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/01250

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дугаар хороо, Хаан банкны төв байранд байрлах, “Хаан банк” ХХК /РД: 2693321, 99352914/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, С.С /РД: /,

             Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Ж.Б /РД: / нарт холбогдох   

            2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201642679524 тоот зээлийн гэрээ болон 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ201743007868 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 17,335,958.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Соёлцэцэг, хариуцагч С.С, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.С, Ж.Б нар нь ХААН Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ201642679524 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9,500,000 /Есөн сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдөр ЗГ201743007868 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201642679524 тоот, 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдөр ЗГ201743007868 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3,197,193.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,962,564.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,441.99 төгрөг нийт 6,161,200 төгрөг төлсөн байна. Зээлдэгч С.С, Ж.Б нар Барьцаат зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөлгүй удаа дараалан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлдэгчид 2019 оны 05 дугаар сарын 14, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө сайн дураар төлөлгүй 1023 хоног хугацаа хэтэрүүлээд байгаа. 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 10,719,161.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,206,658.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 403,237.73 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл төлбөрт 17,329,058.47 төгрөгийг төлөөгүй байна.

            Иймд ЗГ201642679524, 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдөр ЗГ201743007868 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 17,329,058.47 төгрөг, наториат үйлчилгээний хураамж 6,900 төгрөг нийт 17,335,958.47 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч С.С, Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хаан банкнаас нэхэмжилж байгаа 17,329,058.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. харин үндсэн зээлийн төлбөр болох 10,719,161.77 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч С.С, Ж.Б нарт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201642679524 тоот зээлийн гэрээ болон 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ201743007868 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 17,335,958.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 10,719,161.77 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүгийн төлбөр 6,206,658.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 403,237.73 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Зээлдэгч С.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Б нар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк ХХК-ний Орхон салбартай ЗГ201642679524 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 9,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй цалингийн зээл авсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ201743007868 дугаартай барьцаат зээлийн гэрээ нэмж байгуулан үлдэгдэл 7,583,644.84 төгрөг дээр нэмж 4,416,355.16 төгрөгийг 48 сарын хугацаатай, 20.4 хувийн хүүтэй авч нийт зээлийн хэмжээ 12,000,000 төгрөг болсон, зээлийн барьцаанд ирээдүйд авах цалин болон цахилгаан бараа барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээнүүд, зээлийн бүртгэлийн картаар тус тус нотлогдож байна.

Дээрхи зээлийн гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ж.Б гарын үсэг зурсан байна.

Ж.Б нь өөрийн нөхөр болох С.С-ын авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж банкны зүгээс Ж.Баас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХААН банк ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч С.С ийн нэр дээр нээсэн зээлийн 5120110409 тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд, хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөрт 2,962,564.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,441.99 төгрөг нийт 6,161,200 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр болох 17,335,958.47 төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүргүүлж байсан байх ба үр дүн гараагүй, зээлийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Хариуцагч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, тухайн үед ажлаасаа халагдсаны улмаас зээлийн төлбөрөө төлж чадаагүй, Хаан банкинд хандаж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн боловч, банк шүүхэд хандаагүйн улмаас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн. 2019 оноос гэрээт дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа боловч, цалингийн орлого бага, зээл төлөхөд хүрэлцдэггүй тул хүүг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь зээл, зээлийн хүүг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Зээлдэгч С.С ХААН банк ХХК-аас нийт 12,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан ба үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,719,161.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,206,658.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 403,237.73 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл төлбөрт 17,329,058.47 төгрөгийг төлөгдөөгүй нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч С.С нь 12,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан гэдэгтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 225, 451 дүгээр зүйлд заасныг баримтлан ХААН банк ХХК болон С.С, Ж.Б нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ201743007868 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч С.С, Ж.Б нараас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 10,719,161.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,206,658.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 403,237.73 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл төлбөрт 17,329,058.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201642679524 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээрхи зээлийн гэрээний хугацааг дуусаагүй байхад хариуцагч зээлийн төлбөрөө нэмж дахин зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн гэрээ дуусгавар болсон байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 314,795 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 314,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1., 242 дугаар зүйлийн 242.3., 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан Хаан банк ХХК, зээлдэгч С.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Б нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ201743007868 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч С.С, Ж.Б нараас 17,329,058.47 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.

            2.Нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201642679524 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,795 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С, Ж.Б нараас 314,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.

            4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН