Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01173

 


 

****, ****,

****-Очир нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02909 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 171 дүгээр магадлалтай, 

****, ****, ****-Очир нарын нэхэмжлэлтэй

****д холбогдох 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****, ****, ****- **** нар нь хариуцагч ****д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02909 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 70 тоотод байрлах 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015483 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Манал овогтой Оюуны Нэргүй /РД:ХН80092367/-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 171 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна. 

4.1 Мэтгэлцэх зарчим хэрэгжүүлээгүй тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр р хэрэгжүүлнэ хэмээн хуульчилсан байх ба xaриуцагч ****н өмгөөлөгч Б.Түвшинтөгс би 2020.10.06-ны өдөр шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлт холбогдох нотлох баримтыг тус шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа болохоо илэрхийлсээр байх атал талуудыг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжоор хязгаарлаж миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байсан. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна. Хэрэв талуудыг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцүүлж тайлбар няцаалт өгөх боломжоор хангасан бол хэргийн шийдвэрлэлт ямар байхыг тааварлашгүй юм. 

4.2. Нэхэмжлэгч нар нь өөрийн төрсөн дүү Л.Гансүхийн эхнэр болох хариуцагч ****г тухайн орон сууцнаас гаргаж зүй бус авирлахын тулд тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр авсан мэт дүр үзүүлсэн хэлцэл байгуулж улмаар өөрсдийгөө өмчлөгч хэмээн шүүхийн байгууллагад нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нар бодитоор бэлэглэлийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг авсан бус нэхэмжлэгч нарын төрсөн дүү гэх Л.Гансүх тухайн орон сууцыг хуваахаас зайлс хийж түүнчлэн **** охин Аззаяа нарыг орон сууцнаас гаргахын тулд бэлгэлсэн мэт дүр үзүүлж улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг. 

4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж хуульчилсан байх ба биелэгдэх боломжтой шийдвэр гаргасан эсэх үйл баримтад дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч ****, ****, ****-Очир нар нь хариуцагч ****д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 19-р байрны 70 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015483 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч ****н хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

9. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй, өмгөөлөгчөөс ...шүүх хуралдаан давхацсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйг илэрхийлсээр байтал миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. ...нэхэмжлэгч нар нь өөрийн төрсөн дүү Л.Гансүхийн эхнэр болох хариуцагч ****г тухайн орон сууцнаас гаргаж, зүй бус авирлахын тулд тухайн орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр авсан мэт дүр үзүүлсэн хэлцэл байгуулж, өөрсдийгөө өмчлөгч хэмээн шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. ...нэхэмжлэгч нар бодитоор бэлэглэлийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг авсан бус, нэхэмжлэгч нарын төрсөн дүү гэх Л.Гансүх тухайн орон сууцыг хуваахаас зайлсхийж, түүнчлэн ****, охин Г.Аззаяа нарыг орон сууцнаас гаргахын тулд бэлэглэсэн мэт дүр үзүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг. ...магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

10. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь ...өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ...эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Хуулийн энэ зохицуулалтаар шаардлага гаргаж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байхаас гадна шаардлага тавигдаж буй этгээдийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байхыг шаардана. 

Хэргийн баримтаар маргаан бүхий орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр хариуцагч ****д үүссэн болох нь тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч ****, ****, ****-Очир нар орон сууцыг 2001.04.20-ны өдрөөс хойш өмчилж байгаад 2012.05.05-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж орон сууцыг Л.Гансүхийн өмчлөлд, улмаар өмчлөгч Л.Гансүх нь 2020.06.29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан шилжүүлж, тус орон сууцны өмчлөгч болсон үйл баримтууд тогтоогджээ. 

11. Хариуцагчаас ...маргаан бүхий орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын дүү Л.Гансүх болон **** нарын буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд одоог хүртэл тухайн орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдран, ашиглалтын зардлыг хариуцан төлдөг хууль ёсны шударга эзэмшигч учир нэхэмжлэгч нар бие даасан шаардлага гаргах эрхгүй..., өмнөх өмчлөгч Л.Гансүх тухайн орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхдээ гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл аваагүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан. 

 Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч **** нь орон сууцны өмнөх өмчлөгч Л.Гансүхтэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, түүний ...маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж тайлбарласан нь үндэслэлгүй, хариуцагч **** нь нэхэмжлэгч нарын дүү Л.Гансүхтэй хамтын амьдралтай байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.10-ны өдрийн 04304 дугаар шийдвэрээр төрсөн охин Г.Аззаяаг насанд хүртэл нь Л.Гансүхээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. 

 12. Хоёр шатны шүүхийн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч ****, ****, ****-Очир нар нь орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэн, Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 19-р байрны 70 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015483 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч ****н хууль бус эзэмшлээс чөлөөлж  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. 

13. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02909 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 171 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН