| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0056/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2017-03-24 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн О-ын Д-д холбогдох эрүүгийн 201714000172 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, төр захиргааны менежер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг *** тоотод оршин суух, **-ын газар менежер ажилтай, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б мэргэн овгийн О-ын Д-. /РЮ*******/
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч О.Д- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт Х.Э-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч О.Д- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт Х.Э-ыг зодож бие махбодид нь тархи доргилт, дээд уруулд язарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :
1. Шүүгдэгч О.Д- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Х.Э- ажилд гарах байсан боловч ажилдаа ирээгүй. Тэгээд 14 цагийн үед Х.Э- над руу залгаад Д- надад чамайг ажлаас халсан гэж хэлж байна. Яагаад халж байгаа юм бэ? гэж асуухаар нь Д- чамайг ажлаас халдаг хүн биш халах халахгүйг би мэднэ. Одоогоор чи ажлаас халагдаагүй байгаа гэж хэлсэн. 19 цагийн үед Э- над руу согтуу утсаар яриад Д- та 2 юу юм бэ? гөлөг минь гэх мэт үг хэлээр доромжилоод утсаа тасалсан. Удалгүй Э- над руу дахиж залгаад чаддаг юм бол Энх худалдааны төв дээр хүрээд ир гэхээр нь Д-гийн хамт Энх худалдааны төв дээр очсон. Э- эхнэрийнхээ хамт ирж байхаар нь машинаас буугаад түүнтэй юм яриад зогсож байхад надтай маргалдаад цохих гээд байхаар нь өөрийг нь зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа цохисон. Э- надтай дахиад зууралдаад байхаар нь барьж байгаад хавсарч газар унагаасан. Энэ бол миний буруутай үйлдэл. Э-аас албан ёсоор уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн гэв .
2. Хохирогч Х.Э- хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажилтай байсан боловч тэр өдөр ажил дээрээ очоогүй юм. Хамт ажилладаг Д- рүү залгаад би ажлаасаа гарах гэж байгаа урьд нь Улаанбаатар хотод ажилладаг байсан чинь ажил маань орон тоо гарсан гэнэ гэж ярьтал чамайг “Бамбай”-гаас хална гэж байна лээ гэхээр нь яаж байгаа юм бол гэтэл Д- мэдэхгүй гээд намайг чи хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн. Би машинтайгаа яваад очьё жаахан уух уу гэхээр нь би уухгүй гээд хэлчихсэн чинь Д- манай эхнэр Т-ийг утасны цаанаас хэл амаар доромжилоод байхаар нь утсаа салгасан. Тэр үед би харуулын дарга Д- руу утсаар яриад та намайг ажлаас халсан юм уу гэж асуусан чинь хэн тэгж байна гэхээр нь Д- тэгж байна лээ гэхэд тэр мэддэг юм уу? би мэддэг юм уу? гээд намайг хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлтэл Д- би очно гэж хэлээд утсаа салгасан. Харуулын дарга Д- над руу утсаар яриад Энх худалдааны төв дээр ирчихлээ гэхээр нь би эхнэр Т-ийн хамт очиход Д-гийн машинтай Д- ирчихсэн байхаар нь машиных нь хажуу талд очтол Д- машинаасаа бууж ирэхээр нь чи яахаараа намайг ажлаас халдаг юм бэ? гээд маргалдаж байхад Д- миний нүүрэн тус газар гараараа цохиод доошоо дарж байгаад өвдөгөөрөө нүүрэн тус газар цохисон. Тэгээд бид 2 дахиж маргалдаж хэрүүл хийж байхад Д- намайг барьж аваад хавсарч унагаад элэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Д- намайг яахаараа хүнд хэлэхгүй ажлаас гардаг юм гээд зодсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 талд/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаартай дүгнэлтэнд: Х.Э-ы биед тархи доргилт, дээд уруулд язарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч О.Д-ын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.
Хохирогч Х.Э- нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримтаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч О.Д- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Х.Э- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б мэргэн овгийн О-ын Д-ыг // бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан О- овогтой Д-д холбогдох эрүүгийн 201714000172 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.