Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0646

 

2026 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0646

     Улаанбаатар хот

 

 

 

С.Д*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.Д*******

Нэхэмжлэгч: С.Д*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0705 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Х*******

Хэргийн индекс: 128/2026/0350/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Д*******ийн гаргасан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/20 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, С.Д*******ид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг даалгах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0705 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д*******ийн гаргасан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/20 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, С.Д*******ид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

С******* овогтой Д******* /РД:*******/ миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0705 шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт 2308027783 тоот эмнэлгийн хуудас бичигдсэн. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох жирэмсний амралтыг тооцож бичсэн байдаг. Энэ хуудсанд а/сарын тэмдгийн тооцооллоор 32 долоо хоног, б/ЭХО оношилгоо баталгаажилт 31 долоо хоног гэж зааж бичсэн байдаг.

Би тухайн өдрийн 15 цагаас хойш жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгуулах хүсэлт илгээсэн. Цахим хариунд танд тэтгэмж авах боломжгүй байна гэсэн юм. Би Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газар очиж тодруулахад таны эмнэлгийн хуудас бичсэн үеэс харахад 5 сар Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул олгох боломжгүй гэсэн. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж тэндээс эмнэлэг магадлагч эмчээс жирэмсний хугацааг нягтлахыг хүссэн. 2026.01.06-ны өдөр тэтгэмж авах хүсэлтийг дахин цахимаар илгээсэн. Учир нь: тооцооллоор а/сарын тэмдгийн 32 долоо хоног, б/ЭХО оношилгоо 31 долоо хоног байгаа тул эхо баталгаат тооцооллоор жирэмсний 32 долоо хоног 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр авах боломжтой гэх үндэслэлээр илгээсэн юм. Гэсэн ч хүлээж аваагүй. Өмнөх эмнэлгийн хуудастай давхардаж байна гэсэн хариу ирсэн. Гэвч 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан илгээлтийг жирэмсний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 25-ны 12 цагт илгээгдсэн байсан. Би шинээр хугацаа бичиж илгээгүй юм. Жирэмсний 32 долоо хоногоос хэтрүүлэхгүй жирэмсний амралт авах тул эмнэлгийн хуудсаа бичүүлдэг юм гэж хянагч эмч сануулж байсан тул 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичүүлж таарсан юм. Жирэмсний амралт авах хугацааг зааж эмнэлгийн хуудас олгодог зохицуулалт журамд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас хуралдааны шийдвэр 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2022/0049 тогтоол олон нийтийг мэдээллээр хангах зорилготой цахимд байрлуулсан байдаг. Эндээс жирэмсний амралт 31 долоо хоногтойд эхэлнэ. Хугацаа хэтрүүлж болохгүй гэсэн журам адил хамрагдана гэж бодно.

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичигдсэн эмнэлгийн хуудсанд тооцооллоор а/сарын тэмдгийн 32 долоо хоног, б/ эхо оношилгоо баталгаажилтаар 31 долоо хоногтой тухай 1 өдөр 1 зэрэг бичигдэн илгээгдсэн.

Гэтэл маргааш нь буюу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхо оношилгоог 32 долоо хоног дуусч байна гэсэн байсан. Хоногийн дотор 7 хоногоор өөрчлөгдөх эргэлзээ үүсгэсэн юм.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нарын дүгнэлт 2026 оны 05 дугаар сарын 20-ны 16/16 дугаартай албан бичгээр хариу ирсэн байдаг. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж 2025и оны 12 дугаар сарын 26-ны өдөр 32 долоо хоног дуусч байна гэсэн бөгөөд нэгдмэл байр суурьтай санагдсан. Шүүх хурал дээр нэхэмжлэгч эмнэлгийн хуудастай холбоотой гомдол гаргаагүй гээд байна. Би эмнэлгийн хуудсанд бичигдсэн 31, 32 долоо хоногийн талаар болон заавал жирэмсний 32 долоо хоногтойд жирэмсний амралт авах эмнэлгийн хуудас бичнэ гэж байсан тул 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичүүлэхээс өөр аргагүй байдалд орсон тухай тодорхой тайлбарласан эмнэлгийн хуудасны тухай гомдол гаргаагүй биш шалгуулан хариу авч хавсаргасан байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн төвөөс 32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас бичдэг журмын тухай баримтыг ирүүлсэн байдаг. Эндээс 2024 оны 6 сарын 28-ны өдрийн А-292 тушаалаар жирэмсний 32 хоногтойд эмнэлгийн хуудсыг бичихээр зохицуулсан нь тулгалт мэт байлаа.

2. Нийгмийн даатгалын газраас болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан хариу авсан юм.

- Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 21-ний 01/180, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 01/180, 2026 оны 3 сарын 16-ны өдрийн 01/182.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан таслан шийдвэрлэх гишүүдийн албан тоот Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 2025 оны 12 сарын 25-ны өдөр 12 цагт эмнэлгийн хуудас бичигдсэн. Тэр үед нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим санд төлөгдсөн бүртгэл баталгаажин хадгалагдсан байсан юм. 2025 оны 7,8,9,10,11,12 сард төлөлт хийгдэж баталгаажсан байтал оны сүүлчийн 12 сарыг оруулж тооцохгүй гэсэн юм. Улмаар би жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхгүй болоход хүрээд байна. Би 16 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Ажиллаж байхдаа авч байсан цалинтай дүйцүүлэн сарын 3500000 төгрөгөөр тооцож сард 472000 төгрөгийг даатгалд төлсөн. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохдоо 120 хоногоор тооцож эмнэлгийн хуудсанд бичдэг юм байна. Миний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 сарын 23-ны өдөр дуусахаар бичсэн. Тэтгэмжийг олгохдоо жирэмсний болон амаржсаны дараах хоногоор тоолж. Энэ хугацаанд таарах албан ёсны амралт бямба ням гарагийн тоо баярын өдөр мөн баярын амралт ердийн амралтыг давхацвал нэмж тооцдог юм байна. Миний энэ хугацаанд: 1.Бямба ням гаригийн өдөр 16 хоног, 2. Шинэ жил 1 хоног, 3. Цагаан сарын 3 хоног

Дурдсан шалтгаануудаас үүдэн хохирч байна. Жилийн 12 сарын сүүлийн сарыг тооцохгүй гэсэн үг, үсэг ямар ч хэсгээс олж харсангүй. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 цаг 40 минутад даатгалын мөнгө шилжин орж НД-ын шимтгэл төлөлтийн нэгдсэн санд 2025 онд бүртгэгдсэн 2025 оны 7,8,9,10,11,12 сар төлөлт хадгалагдсан байсан. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт эмнэлгийн хуудас бичүүлсэн. Миний төлсөн даатгал 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойших хугацаанд хамаарагдахгүй өмнөх өдрүүдэд тооцогдох байтал тухайн сарыг тооцохгүй гэж тайлбарлаж байгаа тул гомдолтой байна. Жирэмсний хуудас бичихээс өмнө даатгалаа төлөх тухай байсан. Би хуудас бичүүлэхээс өмнө төлсөн. Дараа нь төлөөгүй юм. Эмнэлгийн хуудас бичилтээр 31, 32 долоо хоногийн талаар маргасан. Дахин жирэмсний тэтгэмж олгох хүсэлтийг илгээсэн үндэс эхо-д 31 долоо хоног 2026-01-02-нд дуусч байсантай холбоотой гэж боддог. Намайг заавал жирэмсний 32 долоо хоног дээрээ эмнэлгийн хуудас бичүүлэхийг сануулж байснаар бичүүлэхээс өөр аргагүй болсон юм.. Заавал энэ хоногт бичих болсон тухай БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүд эх барихын эмч 2026-4-24 128/ш32 хурал дээр тайлбарлаж 2026/328 Эрүүл мэндийн яамны сайдын 2024-6-28-ны өдрийн А/292 тушаалд жирэмсний хяналт,амралт олгох гэх мэтийг тусгасан журмыг баримтаар авчирч өгсөн байдаг юм. Гэрчээр оролцсон гэж байгаа ч жирэмсний хугацаатай алив асуудалд хариуцагчаар тодруулах боломж байсан гэж бодно. Үүнийг орхигдуулж шийдсэн байна гэж бодож байгаа юм. Иймд 2026-7-30-ны өдрийн Дугаар 128 ш/ш 2026/0705 бүхий захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

Нэхэмжлэгч С.Д*******аас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан ... 2025 оны 12 дугаар сарыг оруулахгүйгээр тооцож байгаа нь үндэслэлгүй ... хуульд жирэмсний хуудсыг бичихээс өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой гэж байгаа ... зөвлөх эмч нарын дүгнэлтээр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгийн хуудас бичихэд жирэмсний сарын тэмдгийн аман хэлбэрээр 05 дугаар сарын 15-ны өдөр гэсэн огноотой учраас 32 долоо хоног, харин ЭХО оношилгоогоор 31 долоо хоног гэж бичсэн байгаа ... жирэмсний хуудсыг бичихээр шалгахад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, цахим бүртгэлийн санд хавсаргагдсан, бүртгэгдсэн, хадгалагдсан байхад тухайн мэдээллийг шууд хүчингүй болгоод, 12 сар буюу сүүлийн сарыг оруулахгүй гэж тайлбарлаж ... шаардлагатай 6 сарын шимтгэл бүрэн төлөгдсөн байхад жирэмсний тэтгэмж олгохгүй байгаа нь үндэслэлгүй ... гэж тайлбарлан маргажээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч С.Д******* нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд жирэмсний хуудсыг бичүүлж, тус өдөр portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргасан байна.

4. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1-д заасан эмнэлгийн хуудас бичүүлэхээс өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр portal.ndaatgal.mn гэсэн цахим сайтнаас нэхэмжлэгчийн хүсэлтийг буцаажээ.

5. Нэхэмжлэгчээс жирэмсний тэтгэмж авах хүсэлтийг хүлээн аваагүй хариуцагчийн татгалзлыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан байх боловч эдгээр газруудаас 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/20 дугаар албан бичиг, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/180 дугаар албан бичгүүдээр ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмж авах эрх үүсээгүй байна ... Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангаас таны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн мэдээллийг шалгахад дээрх хуульд ... жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн ... гэж заасныг хангахгүй байгаа буюу жирэмсний эмнэлгийн хуудас бичүүлсэн сарын өмнөх 5 сард тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байх тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй ... нийтдээ 12 сар шимтгэл төлсөн байх нөхцөлийг хангасан боловч сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх нөхцөлийг хангахгүй 5 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх тул танд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй ... гэх зэрэг үндэслэлүүдээр жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг зөв гэсэн агуулга бүхий хариуг тус тус өгсөн байна.

6. Нэхэмжлэгчээс ... эмнэлгийн хуудсыг 32 долоо хоногтойд бичигдсэнээр чөлөө олгох эрх үүснэ гэсний дагуу 7 сараас эхлэн нийгмийн даатгалыг сайн дураар төлсөн, эмнэлгийн хуудсыг 31-32 долоо хоногтойд бичнэ гэж шаардсаны дагуу 12 дугаар сарын 25-нд бичүүлээд жирэмсний тэтгэмж авах хүсэлт гаргасан боловч сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж татгалзсан, 12 дугаар сарын шимтгэлээ эмнэлгийн хуудас бичигдэхээс өмнө төлсөн, нийгмийн даатгалын газрын шимтгэл төлөлтийн цахим санд төлөгдсөн бүртгэл баталгаажиж хадгалагдсан байхад тус төлөлтийг оруулан тооцохгүй байгаад гомдолтой, мөн нийгмийн даатгалын газраас 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг оруулан тооцохгүй тэтгэмж олгохоос татгалзсаны дараа 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тэтгэмж олгуулах эрх үүсгүүлэхээр хүсэлтийг дахин илгээсэн ч хүсэлт амжилтгүй, өмнөх эмнэлгийн хуудастай давхцаж байна гээд илгээх боломжгүй байсан ... гэж маргасан.

7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй:, 6.1.1-д хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх гэж заасан.

8. Хуулийн дээрх заалтаас үзвэл жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхэд жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралгүй тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байх гэсэн нөхцөл заасан байх тул жирэмсний амралтыг хэдийг авах талаарх зохицуулалт, түүний өмнөх сүүлийн 6 сарыг хэрхэн тооцох /шимтгэл төлсөн сар орох эсэх/, эмнэлгийн хуудас хэзээ бичигдэх талаарх хууль, журмын зохицуулалт, эмнэлгийн хуудас дахин олгох боломжтой эсэхийг журамласан зохицуулалтууд энэхүү маргаанд хамааралтай байна.

9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Эмнэлгийн хуудасны маягтын загвар даатгуулагчдад эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам-ын 1.2-д Эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулна, 1.3-т Эмнэлгийн хуудас нь нэгдсэн дугаартай байх ба цахим эмнэлгийн хуудасны дугаарыг программаас шууд олгоно, 1.4-т Энэ журмын 2.1-т заасан эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас нь ... жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндсэн баримт болно, 2.3-т Жирэмсэн, амаржсан даатгуулагч эхэд жирэмсэн болон төрөлтийн үеийн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас дараах байдлаар эмнэлгийн хуудас олгоно. Үүнд:,  2.3.1-д жирэмсэн, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн ... даатгуулагч эхэд эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн хугацаагаар гэж тус тус журамласан.

10. Мөн Эрүүл мэндийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/292 дугаар тушаалаар Жирэмсэн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний товлол-ыг хоёрдугаар хавсралтаар баталсан байх бөгөөд тус хоёрдугаар хавсралтын /хүснэгтийн/ Үзлэгийн товлол №5, тээлтийн хугацаа гэх хэсэгт 32 долоо хоног, Үзлэгийн зорилго хэсгийн 2-т жирэмсний амралт олгоно, 4-т жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг олгоно гэж заасан байна.

11. Дээрх журмуудад зааснаас үзвэл жирэмсний үзлэгийн 5 дахь удаагийн товлол нь 32 долоо хоногтойд хийгдэхээр, үзлэгийн зорилгыг жирэмсний амралт олгох, жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудас олгох гэж тодорхойлсноос үзвэл жирэмсний 32 долоо хоногтой байх үед жирэмсний амралт олгох, жирэмсний эмнэлгийн хуудас олгохоор байна.

12. Хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс С.Д*******ид олгосон эмнэлгийн хуудасны талаарх цахим бүртгэл[1]-д 2025 оны 12 дугаар сарын 25-нд буюу 32 долоо хоногтойд нь эмнэлгийн хуудас олгосон талаар тэмдэглэгдсэн, мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчдийн гаргасан дүгнэлтэд нэхэмжлэгчийн ... жирэмсний 32 долоо хоног нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 26-ны өдөр дуусч байна[2] гэж дүгнэгдсэн байх тул нэхэмжлэгчийн 32 долоо хоногтойд нь эмнэлгийн хуудас авахыг шаардсан тул 12 дугаар сарын 25-нд эмнэлгийн хуудас авахаас өөр аргагүй байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

13. Түүнчлэн нэхэмжлэгчээс ... 1 дүгээр сарын 06-нд дахин хүсэлтээ илгээсэн боловч давхардсан тул хүсэлтийг илгээх боломжгүй байсан гэж, хариуцагчаас хүсэлтийг нэг л удаа илгээх боломжтой байдаг гэж тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцсэнээс үзвэл жирэмсний тэтгэмж авах хүсэлтийг илгээсэн ч хариуцагч байгууллагаас шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан тохиолдолд дахин хүсэлт илгээх боломжгүй байдагтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

14. Нэгэнт дээрх журмаар жирэмсний хуудсыг 32 долоо хоногтойд нь авахаар журамласны дагуу нэхэмжлэгчид эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний 32 долоо хоногтойд нь буюу 2025 оны 12 дугаар сарын 25-нд эмнэлгийн хуудас олгогдсон байх тул нэхэмжлэгчээс ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан жирэмсний амралт авахын өмнөх 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх гэсэн шаардлагыг хангах үүднээс 2025 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсний дараа эмнэлгийн хуудас бичүүлсэн байхад тухайн сарын шимтгэл төлөлтийг оруулахгүй байгаагийн улмаас жирэмсний тэтгэмж авах эрх зөрчигдсөн гэсэн агуулгаар маргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

15. Учир нь, Иргэний хүүхэд төрүүлэх, асрах тохиолдолд эд мөнгөний тусламж авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний баталгаатай эдлэх эрх бөгөөд энэ эрх хэрэгжих урьдчилсан нөхцөлийг Нийгмийн даатгалын сангаас олгох олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ... жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй: гэж зааж хуульчилсан байх хэдий ч дээрх журмаар жирэмсний амралт авах, эмнэлгийн хуудас авах хугацааг жирэмсний 32 долоо хоногтойд олгох талаар зааж журмын хүрээнд жирэмсэн эмэгтэйн эмнэлгийн хуудас авах 32 дахь долоо хоног нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх сүүлийн 6 дахь сартай давхацсан, даатгуулагч тухайн сардаа тэтгэмжийн даатгалын шимтгэлээ төлсөн байхад өмнөх 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай гэсэн байдлаар буюу сүүлийн 6 дахь сард төлсөн тэтгэмжийн даатгалын шимтгэлийг оруулан тооцохгүй гэсэн агуулгаар хуулийг үгчлэн тайлбарлах нь даатгуулагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохоор байна гэж үзлээ.

16. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь жирэмсний хуудас бичигдсэн 12 дугаар сар болон түүний өмнөх 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлсөн байхад хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан жирэмсний амралт авахын өмнөх 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай, энэ шаардлага хангагдаагүй гэж үзэж, тэтгэмж олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн хүүхэд төрүүлэх асрах тохиолдолд эд мөнгөний тусламж авах үндсэн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлд хамаарахаар байна.

17. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын 4.8.2-т Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд гэснийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ... жирэмсний 31-32 долоо хоногоос хойш тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагч иргэнд эмнэлгийн хуудас олгохыг хориглосон зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцээгүй, хууль тогтоогчийн тогтоосон хориглолтын хязгаартай холбоотой шаардлагыг хангаагүй, бодит байдалд хуулийн шаардлага хангасан (даатгуулагч) иргэн эмнэлгийн хуудас авч чадахгүйд хүрч, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүүхэд төрүүлэх, асрах тохиолдолд эд мөнгөний тусламж авах үндсэн эрхийг зөрчсөн ... Нэхэмжлэгч ... ийн хувьд жирэмсний чөлөө авахыг хүссэн /37-38 долоо хоногтой/ үед хуульд заасан тодорхой хугацаанд шимтгэл төлсөн байх нөхцөл бүрэн хангагдсан байхад маргаан бүхий журамд жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй бол эмнэлгийн хуудас олгохгүй байхаар зохицуулсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцээгүй, хууль тогтоогчийн тогтоосон хориглолтын хязгаартай холбоотой шаардлагыг хангаагүй байхын зэрэгцээ бодит байдалд хуулийн шаардлага хангасан иргэн эмнэлгийн хуудас авч чадахгүйд хүрч, улмаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүүхэд төрүүлэх, асрах тохиолдолд эд мөнгөний тусламж авах үндсэн эрх зөрчигджээ. Хэдийгээр жирэмсний чөлөө олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137, Эрүүл мэндийн сайдын Жирэмсэн эмэгтэйн үзлэг шинжилгээний товлолд зааснаар эрүүл мэндийн байгууллага болон ажил олгогчид хүлээлгэсэн үүрэг боловч энэ нь хөдөлмөрийн харилцааг түр зогсоож, хэдийд жирэмсний чөлөөгөө авах жирэмсэн ажилтны эрхийг шууд хязгаарласан зохицуулалт гэж үзэхээргүй байна ... жирэмсний 31-32 долоо хоногоос хойш тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагч иргэнд эмнэлгийн хуудас олгохыг хориглосон журмын заалт хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй ... гэж хуулийг тайлбарласан байна.

18. Хариуцагчаас нэхэмжлэгчид эмнэлгийн хуудас бичигдсэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлт цахим санд ороогүй, баталгаажаагүй байсан гэж маргаагүй, харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ... жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй: гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн эмнэлгийн хуудас 12 дугаар сард бичигдсэн тул жирэмсний амралтыг энэ өдрөөс эхэлсэн гэж үзнэ, ... өмнөх сүүлийн 6 сар гэсэн тул 12 дугаар сар орохгүй түүний өмнөх 7-11 дүгээр сард төлсөн тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тооцох үндэслэлтэй тул сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх шаардлага хангаагүй гэж маргасан.

19. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос[3] үзэхэд нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт баталгаажсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр сарын сүүлээр буюу 12 дугаар сарын 25-нд эмнэлгийн хуудас бичүүлж, улмаар тухайн өдрөө жирэмсний тэтгэмж авахаар хандсан байх тул хариуцагчаас түүний 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг хянаж үзэх боломжтой, улмаар жирэмсний тэтгэмжид хамруулах боломжтой байсан гэж үзэхээр байна.

20. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хуулийн заалтыг даатгуулагчийн эрх зүйн байдлыг дордуулах хэлбэрээр явцуу тайлбарлаж, нэхэмжлэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/20 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзлээ.

21. Харин нэхэмжлэгчээс жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт тэтгэмжийн тооцооллыг өөрөө хийж шүүхэд ирүүлсэн байх боловч шүүх нэхэмжлэгчийн тооцооллын дагуу түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хариуцагчид шууд даалгах үндэслэлгүй байна.

22. Учир нь, анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх явцад нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол зөв эсэх талаар хэргийн оролцогчид мэтгэлцээгүй, нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол үндэслэлтэй эсэх талаар шүүхэд маргаан хэлэлцэгдээгүй байна.

23. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно гэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/267 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэмж бодох заавар-ын 5.1-т Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан албан журмын болон сайн дурын даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтооно, 5.3-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг доор дурдсанаар тооцно. Үүнд: гэж заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцож олгох боломжтой байх тул шүүхээс хариуцагчид дээрх хуульд заасан журмын дагуу холбогдох баримтыг нягтлан шалгаж, зохих ёсоор тооцооллыг хийж, нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

24. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Д*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/20 тоот албан бичгийг хүчингүй болгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг зохих ёсоор тооцож олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ 

 

 

 

[1] Хэргийн 118 дахь хуудас

[2] Хэргийн 210 дахь хуудас

[3] 1-р Хавтаст хэргийн 11-15 дугаар тал