Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0398

 

 

 

 

   

 

  2022          05         25                                       128/ШШ2022/0398               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: П.Ж******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Х.Э********

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.С*****

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.С***********, П.Н********* Б.Э********

Гуравдагч этгээд: М.У*********, Н.Я********** нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***********, нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/151 дүгээр “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  Б/151 дүгээр П.Ж*********г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн М.У*********ыг Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын П.Ж*********г Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, ихэсгэж “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 тоот П.Ж*********г ажлаас чөлөөлөх тухай тушаал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалын М.У***********д холбогдох хэсэг, Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн Б/17 дугаар Н.Я**********ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгyyлax, П.Ж**********г хууль, журмын дагуу Боловсрол, Шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх” гэж тодорхойлжээ.

3. Улмаар нэхэмжлэгч нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох,  Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалын М.У******д холбогдох хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/154 дүгээр Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаалын Н.Я********д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У********д холбогдох хэсэг, Боловсрол Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я*********д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, П.Ж********г Боловсрол, Шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгуулах, үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэн бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хянан шийдвэрлэлээ.

4. Анх Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/72 тоот тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэст Суралцагчийг дэмжих үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/222 дугаар тушаалаар Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэст Сурах бичгийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилогдож, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/370 дугаар тушаалаар Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэст Сурах бичиг, сургалтын орчны бодлогын зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Салбарын шагнал, урамшуулал, жендэрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ. Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн байна.

5. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухайн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 265 дугаар тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны “Журам батлах тухай” А/59 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.15-4.22 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Ж***********г уг тушаал гарсан өдрөөр тасалбар болгон Төрийн захиргааны удирдлагын газрын /хуучнаар/ Салбарын шагнал, урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.

6. Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1**тоот албан бичгээр “...Байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, албан тушаалыг нийлүүлж, нэгтгэж, хуваасан боловч албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдан үлдсэн байхад төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэж, баримтлаагүй тул уг гомдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхийг танд зөвлөе” гэх хариуг авсны дараа тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0532 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжийг албажин гарснаас хойш 17 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. 

7. Нэхэмжлэгч П.Ж*********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байхад надад санал болголгүй миний ажлын байрыг 2 хуваасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яамны зүгээс надад удаа дараа ажил санал болгосон ч хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Үүнийг миний зүгээс албан ёсны санал тавьсан гэж үзэхгүй байгаа. Сонсох ажиллагааны үед Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн захирал чамайг сайн ажилладаг болохоор авъя гэсэн болохоос төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн надад албан ёсоор ажлын байр санал болгоогүй. Яам он дуустал гэрээгээр ажиллуулна гэж байсан ч дараагийн сонсох ажиллагааны үеэр 100 жилийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон тул тэр ажлыг дуустал гэрээгээр ажиллуулж, дуусахаар нь чөлөөлнө гэж хэлсэн. Тиймээс үүнийг албан ёсны санал тавьсан гэж үзэхгүй байгаа. Ажлын байр хэвээр байгаа учраас ажлын байрандаа эргэж томилогдох, эсхүл яамны зохих албан тушаалд томилогдох хүсэлтэй байна. Өмнө нь Бодлогын газарт ажиллаж шагналын асуудлыг цэгцэлж ажиллаж байсан тул ажиллах хүсэлтээ тавьсан ч Бодлогын газар хүлээж аваагүй. Одоо Бодлогын газарт, миний ажлын байранд ч орон тоо байгаа тул яамны ямар нэгэн зохих албан тушаалд томилж өгнө үү” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж**********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3-т зааснаар төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу чөлөөлөгдөх, өөр бусад үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх хууль зүйн нэмэлт баталгааг хуульчилсан. Гэтэл П.Ж***********г ажлаас чөлөөлсөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй. Ямар хуулийн ямар заалтыг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа талаар тушаалдаа дурдаагүй. Энэхүү тушаалын агуулгаас харахад П.Ж*********гийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг 2 хувааж 2 албан тушаал үүсгэсэн. Тухайн албан тушаалд 2 өөр этгээдийг томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах.. гэж заасан. П.Ж********* нь Салбарын шагнал урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байсан. Энэхүү Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний 5 чиг үүргээс 3 чиг үүрэг хэвээр хадгалагдсан. Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг яамны дотоод асуудал, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн гэж нэршлийг нь өөрчилсөн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Салбарын шагнал урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын 2 чиг үүрэг нь жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэсэн албан тушаалд хуваарилагдсан. Сүүлд энэ ажлын байрны Жендер болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэж нэршлийг өөрчилсөн ч 4 чиг үүргийн 2 чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн буюу жендерийн асуудалтай холбоотойгоор П.Ж***********гийн эрхэлж байсан албан тушаалын 4 чиг үүргийн 2 нь хэвээр хадгалагдсан гэсэн үг. Төрийн албаны тухай хуульд чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол шаардлагыг илүү хангаж байгаа албан тушаалтныг, сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай бол сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үр дүн үзүүлсэн албан тушаалтныг авч ажиллуулах талаар хуульчилсан. Гэтэл яамны зүгээс ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй М.У******** Н.Я****** нарыг томилсон. М.У************ын хувьд тухайн чиг үүргийн шалгуур шаардлагад нийцэхгүй гэж үзэж байгаа. П.Ж************д 5 чиг үүргийн 3 нь хадгалагдан үлдсэн тул тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой юм. Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэх албан тушаалд томилогдсон Н.Я********* нь төрийн албаны шалгалт өгч тэнцээгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш. Энэ хүний хувьд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах хууль зүйн үндэслэл байхгүй. Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэх албан тушаалд багш мэргэжилтэй, утга уран зохиол, хэл шинжлэл, менежмент, удирдахуй, эрх зүй гэсэн мэргэжлийн шаардлага тавигдсан байхад Н.Я********* нь архив хэргийн менежер, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан гэсэн мэргэжилтэй, төрийн албан хаагч биш, мэргэжил, мэдлэгийн шаардлагад тэнцэхгүй. Жендер болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод бичиг хэрэг, оффисын ажил, нийгмийн хамгаалал гэсэн шаардлагыг тавьсан. Н.Я********** нь Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэх албан тушаалд томилогдохоос өмнө 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлын албанд зохицуулагч гэх албан тушаалыг хашиж байсан. Ажлын албаны чиг үүргийн хувьд хэвээр хадгалагдсан албан тушаал байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаал, Н.Я*********д холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/154 дүгээр тушаалууд хүчингүй болсон. Тухайн үедээ энэ 2 албан тушаалд М.У********, Н.Я********** нарыг томилох ёсгүй, П.Ж******* томилогдох ёстой байсан гэсэн эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдал байгаа тул тушаалуудыг хууль бус байсан болохыг тогтоолгож, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У*********д холбогдох хэсэг, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я********д холбогдох хэсгүүд П.Ж*********гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэх үүднээс хууль бус тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж**********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор П.Ж*******д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагааны үеэр харьяа байгууллагад ажиллах, эсхүл цаашид үргэлжлүүлэн гэрээтээр ажиллах саналыг тавьсан боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Яамны бүтэц зохион байгуулалт, албан тушаалын орон тооны томилгоо зэрэг нь төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээнд байдаг тул Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасныг үндэслэн Төрийн нарийн бичгийн дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалыг гаргасан. П.Ж*********** нь өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас М.У*********ыг ажилд томилж, Н.Я********ыг гэрээтээр ажиллуулах тушаал гаргасан. М.У нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2003 оноос хойш тогтвортой үр дүнтэй сайн ажиллаж ирсэн тул Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан мерит зарчмын үндсэн дээр албан тушаалд томилсон. Н.Я********ыг гэрээтээр ажиллуулах тушаал гаргасан тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. П.Ж*********гийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/154 дүгээр Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаал гарсан боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй, ажиллаагүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 10. Гуравдагч этгээд М.У********* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/126 дугаар тушаалын хавсралтаар бүх албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг баталсан билээ. Нэхэмжлэгч П.Ж***********гийн нэхэмжлэлд дурдсанчлан ажлын чиг үүргийг нэн тэргүүний, дараагийн ач холбогдолтой гэх мэтээр эрэмбэлдэггүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бүх ажил нэн чухал гэж миний хувьд бодож байна. Би 2000 оноос Төрийн захиргааны албанд 21 жил, үүнээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2003 оноос хойш тасралтгүй 19 жил ажиллаж, 2005 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг Төрийн удирдлагын магистраар 2014 онд төгссөн. Миний бие ажиллах хугацаандаа эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шийдвэрээр Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон хэвлэл мэдээллийн асуудал, тогтоол, шийдвэрийн биелэлт, салбарын шагнал урамшуулал, байгууллагын дотоод асуудал, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн бодлого, хэрэгжилт, монгол судлал, археологи, палеонтологийн судалгааны бодлого, хэрэгжилтийн асуудал гэх мэт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлж байсан тул Төрийн албан хаагчийн ажлын дадлага, туршлага, ур чадварыг харгалзан миний биеийг Салбарын шагнал, урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд хууль, тогтоомжийн дагуу томилсон гэж үзэж байна. М.У********** миний бие шийдвэр гаргах түвшний албан хаагч бус эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль ёсны шийдвэрээр Төрийн жинхэнэ албанд ажиллаж байна гэж үзэж байна” гэжээ.

11. Гуравдагч этгээд Н.Я**********нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/72 тоот тушаалаар Бичиг хэргийн ажилтнаар томилогдож Боловсрол, шинжлэх ухааны яаманд тасралтгүй 10 жил ажиллаж байна. Энэ ажиллаж байх хугацаанд ямар нэгэн төрийн албан хаагчийн ёс зүйн болон хариуцсан чиг үүргийн хувьд зөрчил, дутагдал гаргаагүй ажиллаж байгаа билээ. Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд томилсон асуудал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шатлан дэвшүүлж томилсон гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актын биелэлтийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дүгээр “П.Ж**********г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/153 дугаар тушаалын М.У***********д холбогдох хэсэг, Б/154 дүгээр тушаалын Н.Я*********д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, П.Ж********г зохих албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалингаас холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

  1. Нэхэмжлэгч П.Ж***********нь 2012 оноос эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллаж байсан бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр /ТЗ-8/;
  • Гуравдагч этгээд М.У************ нь 2003 оноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллаж байсан бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Байгууллагын соёл, яамны дотоод үйл ажиллагаа, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтнээр /ТЗ-7/;
  • Гуравдагч этгээд  Н.Я********* нь 2012 оноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллаж байсан бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлын албаны зохицуулагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны Б/154 дүгээр тушаалаар “Салбарын жендерийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах. Төрийн нарийн бичгийн даргын өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг мэргэжлийн төвшинд шуурхай ханган ажиллах, салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах, тайлагнах” ажлыг тус тус гэрээгээр гүйцэтгэн ажиллаж байжээ.
  1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 265 дугаар “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоолоор тус яамны орон тооны хязгаар 110 байсныг 88 болгон бууруулсны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/103 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын төрийн захиргааны албан хаагчдын тоо 7 байсныг 5 болгон бууруулсан байна.
  2. Өөрөөр хэлбэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын дагуу бий болсон ажлын байр болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Байгууллагын соёл, яамны дотоод үйл ажиллагаа, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын туслах бөгөөд салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой харилцах асуудал хариуцсан мэргэжилтний нийт 3 орон тоог Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтэн, Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэх 2 орон тоо болгон цөөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
  3. Улмаар маргаан бүхий акт болох Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тус яамны бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч П.Ж************г тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.
  4. Харин гуравдагч этгээд М.У*************ыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалаар Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтнээр, гуравдагч этгээд Н.Я*************ыг мөн өдрийн Б/154 дүгээр тушаалаар Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслахын үүрэгт ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.
  5. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасны дагуу албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс нийтлэг болон тусгай шаардлага хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
  6. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн өмнөх болон одоо бий болсон албан тушаалын тодорхойлолтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд дээрх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу байгууллагын орон тоо цөөрсөн байхад хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан үйл баримтаа томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авсан мэтээр тайлбарлаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн байна.
  7. Түүнчлэн нэхэмжлэгч П.Ж************* болон гуравдагч этгээд М.Уын хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсний хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй болохыг шийдвэр гаргахдаа хариуцагчийн зүгээс анхаарч авч үзээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
  8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заажээ.
  9. П.Ж******** нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “П.Ж*********г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар хариуцагчид 2021 оны 11 дүгээр сарын 16, 11 дүгээр сарын 23, Төрийн албаны зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 17, 11 дүгээр сарын 18, 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус удаа дараа хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/6273 дугаар албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” агуулга бүхий хариуг, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/170 дугаар албан бичгээр “...шүүхэд хандах нь зүйтэй...” гэх хариуг тус тус авсны дагуу тус шүүхэд хандсан байна.
  10. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид болон Төрийн албаны зөвлөлд удаа дараа хандаж яамандаа зохих албан тушаалд томилогдох хүсэлтээ илэрхийлсэн байх бөгөөд хариуцагчийн зүгээс  “...шинээр байгуулагдсан агентлаг болох Боловсролын ерөнхий газарт ажиллуулахаар санал болгосон, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “орон тоо хасагдсан тохиолдолд өөр албан тушаалд шилжих боломжийг олгосон...” гэж тайлбарлах боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “өөртэй нь тохиролцох” шаардлагыг хангаагүй байна.
  11. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэхдээ өөртэй нь тохиролцох, эсхүл тухайн албан тушаалд 10-аас дээш жил ажилласан байх нөхцлийг хангасан байх шаардлагыг тавьсан байна.
  12. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дүгээр “П.Ж************г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/153 дугаар тушаалын М.У************д холбогдох хэсэг, Б/154 дүгээр тушаалын Н.Я***********д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, П.Ж**********г зохих албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалингаас /ТЗ-8-3 /1257572+төрийн алба хаасан хугацаа 15%+зэрэг дэв 22%/ * 6 сар, ажлын 8 хоног = 10963741 /арван сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
  13. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалын М.У*********д холбогдох хэсэг, Б/154 дүгээр тушаалын Н.Я************д холбогдох хэсгийн үйлчлэл хэрэгжиж дууссан болох нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.Уд холбогдох, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я**************д холбогдох хэсгээр тус тус тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу дээрх маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

            Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У************д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я************д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

  1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус яамны газар, хэлтсийн шинэчилсэн ажлын байрны нэр, ангилал зэрэглэлийг баталсны дотор гуравдагч этгээдүүдийн ажиллаж байсан ажлын байрыг Яамны дотоод асуудал, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн-1, Жендер, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн-1 болгон өөрчлөн баталсан байна.
  2.  Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар гуравдагч этгээд М.У********ыг яамны дотоод асуудал, шагнал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар гуравдагч этгээд Н.Я*************ыг жендер, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон байна.
  3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дээрх маргаан бүхий актуудыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
  4. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: төрийн байгууллага ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь зөрчсөн болохыг уг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/** дугаар тушаалын М.У*********д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я*************д холбогдох хэсгийг тус тус хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй.
  5.  Хариуцагчийн зүгээс хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж аль албан тушаалтныг сонгон шалгаруулж авах нь түүний бүрэн эрх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс дахин шинэ акт гаргахдаа энэхүү шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр акт гаргах үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 106.3.7, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ж************гаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/151 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/153 дугаар тушаалын М.У*********д холбогдох хэсэг, Б/154 дүгээр тушаалын Н.Я**********д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, П.Ж***********г зохих албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай.
  2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг баримтлан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.Уд холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я************д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/** дугаар тушаалын М.У***********д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я**********д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  4. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Ж***********д ажилгүй байсан 6 сар ажлын 8 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 10963741 /арван сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

         3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ОДМАА