Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0923/з |
Дугаар | 221/МА2016/0772 |
Огноо | 2016-12-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2016/0772
Б.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан Б.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгон Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Б.Ган-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон зохих журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас явуулсан албаны шалгалт нь зөвхөн цагдаагийн алба хаагч нас барсан хэргийн шалтгаан нөхцлийг судлах бус, дээрх асуудалд Эрүүгийн цагдаагийн газрын удирдлагаас албан хаагчдад ажлын цагаар амралтанд явах зөвшөөрөл олгосон болон удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрхэн авсан талаарх удирдлагын ажлын хариуцлага, тухайн амралтын газарт очсон албан хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох ажиллагаа байсан. Цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаандаа Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ыг баримтлан ажилладаг бөгөөд албаны шалгалтаар тухайн зөрчлийн шалтгаан нөхцөл зэргийг тогтоохоос гадна шалгалтын үеэр зөрчил гаргасан алба хаагч, зөрчлийн шинж байдал, хэр хэмжээ, оролцоог шалган тогтоох нь зүйн хэрэг юм. Иймд Б.Ган-Эрдэнийн гаргасан сахилгын зөрчлийн талаар албаны шалгалтыг тусгайлан явуулаагүй гэх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Цагдаагийн ахлагч Б.******* болон нэр бүхий алба хаагч нар согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон байна. Б.Ган-Эрдэнийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсгийн 2.3-т “...цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх үүрэгтэй”, 4 дэх хэсгийн 4.1.6-д заасан “Ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, мөн газрын даргын 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12-д заасан “Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, ......бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасныг тус тус зөрчсөн нь албаны шалгалтын хүрээнд Ж.Бат-Эрдэнэ, Б.Ариунаа, Д.Батзаяа, П.Төмөрболд, М.Эрдэнэцэцэг, М.Эрдэнэчимэг, Л.Энхтуяа, О.Цэдэвсүрэн, Л.Мөнхбаясгалан, Д.Батсүх, Ш.Эрдэнэчулуун, А.Золхүү нарын тайлбараар нотлогдож байна. Мөн Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 6.3-т “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж заасан. Гэтэл шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хурааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь дээрх тушаалыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Тодруулбал,
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан, албан хаагчийн гаргасан зөрчил нь тогтоогдсон байхыг шаарддаг.
Гэтэл нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийг буруутгасан “согтуурсан үедээ бусадтай маргалдаж хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон, хүн амины хэрэг гарах хүртэл хугацаанд таагүй байдал үргэлжилсэн” гэх зөрчил гарсан нь нотлогдоогүй, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж үзээд тухайн өдөр хошууч Д.Батзаяа, Б.******* нарын хооронд үүссэн маргаан хүн амины хэрэг гарахаас өмнө өдөр болсон, Д.Батзаяа маргааныг эхлүүлсэн, Б.******* маргаан гарах үед согтуу байгаагүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй”, 4 дэх хэсгийн 4.1.6-д заасан “Ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12-т заасан “Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, хүнд суртал гаргах, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх, аливаа асуудалд хариуцлагагүй хандсан бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэснийг тус тус зөрчсөн гэж Б.Ган-Эрдэнийг буруутгах боломжгүй.
Хэдийгээр хариуцагчаас “Б.Ган-Эрдэнийн урьд авагдсан сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй ч сүүлд гаргасан гэх зөрчил тогтоогдоогүй тул ажлаас халах шийтгэл ногдуулсаныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Дээрхийг нэгтгэвэл маргаан бүхий акт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн, Б.Ган-Эрдэнийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоох зорилгоор тухайлсан албаны шалгалт явуулаагүй боловч 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас явуулсан албаны шалгалт нь зөвхөн
цагдаагийн алба хаагч нас барсан хэргийн шалтгаан нөхцлийг судлахаас гадна холбогдох бусад албан хаагчдын гаргасан зөрчлийг илрүүлэх, шалган тогтоох ажиллагаа явуулсныг Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Алба хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзсэн албан тушаалтан энэ тухай тэмдэгдэл үйлдэж зөрчил гаргасан байж болох алба хаагчид заавал мэдэгдэж, хариу тайлбарыг авна. Шаардлагатай тохиолдолд албаны шалгалт явуулж сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй ч маргаан бүхий актыг хүчингүй болгосон шууд үндэслэл болж чадахгүй тул хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүх “эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаж тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасантай нийцээгүй, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үнийн дүнгээр тооцоогүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг тооцохдоо Эрүүгийн цагдаагийн газрын цалингийн картад зааснаар нэг сарын цалинг 1.006.853 төгрөгөөр /үндсэн цалин, удаан жил, цолны болон тусгай албаны нэмэгдэл/ тооцож, ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 10 сар 26 хоногийн цалин хөлстэй тэнцэх 10.941.142 төгрөгөөр тогтоосон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “эгүүлэн тогтоосугай” гэснийг “эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 10.941.142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай” гэж, 3 дахь заалтаас “болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН