| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/01545/И |
| Дугаар | 142/ШШ2020/01365 |
| Огноо | 2020-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2020/01365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Д.Д /Регистрийн дугаар: /-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Б.Б /Регистрийн дугаар: /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд онлайнаар нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Бтэй 2015 онд танилцсан. 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Сүүлийн үед бид 2 хоорондоо таарч тохирохгүй болж тусдаа амьдардаг болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Б.М-ийг өөрийн асрамжинд авч, хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох аүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь өөрийн эхнэр Д.Дын гаргасан хүсэлтийн дагуу гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид хоёрын охин Б.М-ийг би өөр дээрээ авч өсгөх хүсэлтэй байна. Татгалзсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг тогтоолгох боломжтой гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид нь 2016 онд танилцаж, улмаар хамт амьдарч эхэлсэн байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.М төрсөн болох нь гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны хувьд таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа байх ба, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон байх тул Д.Д, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч нь хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч, маргаагүй, мөн хүүхдийн насны байдал эцэг, эхийн санал зэргийг харгалзан насанд хүрээгүй охин Б.М-ийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Б.Бэс сар бүр хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлэг 1,236,000 төгрөгнөөс тэмдэгтийн хураамж тооцож 34,214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Д.Д /Регистрийн дугаар /, Б.Б /Регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.М-ийг эх Д.Дын асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.М-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б /Регистрийн дугаар: /-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
6.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д, 34,214 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН