Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

    2024        02          16                                   2024/ШЦТ/135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Д.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..........овгийн Д.Д холбогдох эрүүгийн 2311015180051 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.......овгийн Д.Д, 19... оны 6 дугаар сарын ...-ний өдөр .........аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хамт Чингэлтэй дүүргийн .....дүгээр хороо, зээлийн....тоотод орших суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь фейсбүүк цахим сүлжээнд газар зарна гэх зар байршуулж улмаар уг зарын дагуу холбогдсон Б.Ц, Чингэлтэй дүүрэг ...дүгээр хороо, Зээл..... тоот газрыг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тавьж зээл аваад, зээлээ төлөөгүйн улмаас газраа хураалгасан гэдгээ нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж миний нэр дээр байгаа гэж итгүүлэн хуурч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх үед нь өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ............ дугаарын дансаараа дамжуулан авч бусдад нийт 8.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.

Хохирогч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирол төлбөрөөс 4 сая төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл мөнгөө авчихвал гомдол саналгүй, мөнгөө хурдан авах хүсэлтэй байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Ц-ыг хуурч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх үед нь өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ............дугаарын дансаараа дамжуулан авч бусдад нийт 8.000.000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хоосон хашаа байсан ба нэг монгол гэр байсан ба өөр хашаанд ямар нэгэн байшин сав байхгүй 0,07га талбай бүхий банзан хашаа байсан юм, ямар нэгэн гэрээ хэлцэл энэ тэр хийгээгүй байсан, сүүлийнхээ мөнгөө өгөөд дараагаар нь нэр дээрээ шилжүүлэн өгнө гэж хэлж байсан юм, Д гэдэг хүний нэр дээр харагдаж байсан тэр нь фейсбүүкээр зургийг нь явуулж байсан тэгээд дараагаар нь хэрүүл маргаан гарсныхаа дараа нь нөгөө зураг энэ тэрээ бүгдийг нь устгасан байсан юм, Бид нар тэр өдөр 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр би өөрийнхөө Хаан банкны........ дугаартай данснаасаа 5 сая төгрөгөө Д нэг дугаартай данс руу нь шилжүүлэн өгч байсан би одоо дугаарыг нь мэдэхгүй байна Дараагаар нь 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр мөн л дээрх данснаасаа нөгөө залуугийн данс руу нь 3 сая төгрөгөө шилжүүлэн өгсөн юм, эхнийхээ мөнгөө Д-гийн АТМ-с шилжүүлэн өгсөн байсан юм, дараагаар нь уулзаж байгаад Д-гийн наахан талд байдаг постын урдах урагшаа явдаг автобусны буудал дээр зогсож байгаад мөнгөө шилжүүлэн өгч байсан тэр үедээ эхнэр нөхөр хоёр манай машинд сууж явж байгаад мөнгөө авч байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

Хаан банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн бусад нотлох баримтууд /хавтаст хэргийн 73-77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилготой бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог. Уг гэмт хэргийн арга нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Д.Д-гийн дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-д 8.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Д.Д нь 4.000.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 4.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........овгийн Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Д нь хохирогчид 4.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-гаас гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн ...дүгээр хороо Хайлаастын.....тоотод оршин суух Б. Ц /РД: ............/-д олгосугай.

5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН