Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

   2024        02          06                                   2024/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, 

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овгийн Ц.О-д холбогдох эрүүгийн 2302000000436 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

......овгийн Ц.О, 197. оны 5 дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 4.. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг .. дүгээр хороо .... байрны....тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 617 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 cap хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагааг тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь 2021 оноос 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Урт цагаан худалдааны төвийн байранд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн....... хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Х.....”-ын 485 дугаарт бүртгэгдсэн 42 мл хэмжээтэй давсны хүчил (HCI) гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би давсны хүчлийг алт, мөнгөн эдлэл өнгө орохгүй тохиолдолд ашигладаг. Шүүгээндээ хадгалаад байж байдаг. Манай ажил дээр шалгалт ирж байгаа гэхээр нь хогийн саванд хийдэг байсан. Бид нар Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авах гэхээр өгдөггүй. Одоо Байгаль орчны яаманд хүсэлт гаргасан байгаа...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.О-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ......... хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 485 дугаарт бүртгэгдсэн 42 мл хэмжээтэй давсны хүчил (HCI) гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.

Дээрх үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Ц.О-аар шүүгээг дотор юу байгаа талаар асуухад оролцогч Ц.О нь доторх эд зүйлсийг гаргахад ...ертөнцийн зүгээр баруун урд талд саарал өнгөтэй хогийн сав байх бөгөөд оролцогч Ц.О-аар хогийн савны таглааг онгойлгуулж харахад дотор нь “J” гэсэн хаягтай ногоон таглаатай шилэн савтай ногоон өнгийн шингэн зүйл байв. Уг шингэнийг оролцогч Ц.О “Давсны хүчил” гэснийг тэмдэглэлд тусгаж ЦО-5 гэж дугаарлан оролцогч Ц.О-ын хэрэглэж байсан саарал өнгийн дэнс дээр тавьж үзэхэд шил таглааны хамт 231,98 грамм болж байсныг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар баталгаажуулж хураан авав. Уг ширээнд ертөнцийн зүгээр зүүн хойд доод талын буланд улбар шар өнгийн бүдэг ногоон өнгийн шилтэй хаяггүй шилэн савтай шингэн зүйл байв. Уг шингэнийг оролцогч Ц.О “АЗОТЫН ХҮЧИЛ” гэснийг тэмдэглэлд тусгаж ЦО-6 гэж дугаарлан оролцогч Ц.О-ын хэрэглэж байсан саарал өнгийн дэнс дээр тавьж үзэхэд шил таглааны хамт дэнс хэмжихгүй байсныг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар баталгаажуулж хураан авав...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4-14 дэх тал/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны химийн бодис хариуцсан мэргэжилтэн байна... Ц.О гэх иргэн нь Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл аваагүй. БОАЖЯ-аас иргэн, аж ахуйн нэгж нь уг зөвшөөрлийг холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн ирээд авдаг... Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26- 28, 127-130 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 5501 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна... “Ц.О 5 2023.11.06 Ц.Отгонбаяр 7 дахь ширээ Давс” гэж хаягласан ногоон өнгийн тагтай шилэн савтай ногоон өнгөтэй шингэн бодис, “Урт цагаан Ц.О 6 2023.11.06 Ц.О 7 дахь ширээ Азот” гэж хаягласан бор өнгийн тагтай шилэн савтай өнгөгүй шингэн бодисууд нь давсны хүчил (HCI) байна. Илэрсэн давсны хүчил (HCI) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ......хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулан бодисын жагсаалтын 48.. дугаар жагсаалтад багтсан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-39 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай: “...Ц.О 5 2023.11.06 Ц.О 7 дахь ширээ Давс” гэсэн хаягтай ногоон өнгөтэй шингэн нь 24 мл хэмжээтэй, шилэн савтай үеийн жин нь 209.1 грамм байна. “Ц.О 6 2023.11.06 Ц.О  7 дахь ширээ Азот” гэсэн хаягтай өнгөгүй шингэн нь 18 мл хэмжээтэй, шилэн савтай үеийн жин нь 663,6 грамм байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

Шүүгдэгч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би давсны хүчил бодисыг 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр урт цагаан үйлчилгээний төв дээр бодис зараад явж байдаг танихгүй хүнээс 100 грамм буюу 0,1 литр хэмжээтэй шилтэйг 20.000 төгрөгөөр худалдан авсан... Би давсны хүчил бодисыг 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр худалдан аваад ..... кофены шилэн саванд хийгээд өөрийн алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулдаг ширээний шүүгээнд хийж хадгалдаг байсан ба ашиглахдаа үйл ажиллагаа явуулдаг ширээний шүүгээнд хийж хадгалдаг байсан ба ашиглахдаа гаргаж ирээд ашиглачихдаг байсан. Гэхдээ ашиглахдаа 40-60 хувь бууруулж буюу усаар шингэлж ашигладаг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цагдаа нар шалгалтаар ирэхээр нь ....кофены шилэн савтай давсны хүчил бодисоо хогийн саванд хаячихсан байсан. Гэтэл цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийхдээ хогийн савыг онгойлгоод гаргаж ирээд авчихсан юм... Би 2021 оны 9 дүгээр сараас хойш давсны хүчил бодисыг ашиглаж эхлэхдээ хаяа л нэг ашигладаг зөвхөн металл өнгөлөх ажилд ашигладаг. Би нэг хүний авчирсан металлаар нь ээмэг бөгжийг нь хийж өгөхдөө хайлуулах, давтаж цохих, хэвэнд оруулах, хэлбэрт оруулах, засах зэрэг ажлыг хийчхээд хамгийн сүүлд лимоны уусмалд хийж өнгөлдөг. Лимоны хүчилд хийгээд өнгө орохгүй байвал давсны хүчилд хийдэг юм. Энэ бүх ажлыг хийсний эцэст нэг хүнээс 40-50 мянган төгрөгийн цалин хөлс авдаг ба зөвхөн өнгөлөх ажил хийгээд авсан цалин хөлсийг тооцож гаргана гэдэг боломжгүй зүйл. Би маш цөөн тоогоор давсны хүчлээр металл өнгөлж байсан... Эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...... дугаартай: “...Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй дор дурдсан хүн, хуулийн этгээдүүд нь тус яамнаас химийн хорт аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг авч байгаагүй. Үүнд: ...Ц.О /РД:.......... /...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2 дахь заалтад “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгоно” гэжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын ангиллын талаар заасан ба 4.1 хэсэгт “Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь: 4.1.1 дэх заалтад “хортой”, 4.1.2 дахь заалтад зааснаар “аюултай” гэж тус тус ангилдаг. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална, 5 дугаар зүйл 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Ц.О-ын хууль бусаар ашиглаж, хадгалж байсан Давсны хүчил гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны .......хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.О нь 2021 оноос 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд “Давсны хүчил” гэх нэршилтэй химийн хорт бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн бодисыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийг  прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.О-ыг үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 42 мл хэмжээтэй давсны хүчил /HCI/ гэх нэршилтэй бодисыг зохих байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........овгийн Ц.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр  химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 42 мл хэмжээтэй давсны хүчил /HCI/ гэх нэршилтэй бодисыг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН