| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/045 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002600018 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч,******* овгийн *******гийн *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.*******ыг “сайн явахыг чинь харнаа” гэж хэлж, мөргөсний улмаас түүний нүүр хэсэг рүү гараараа цохисны улмаас биед хамрын таславчийн мурийлт, чамархайд шарх, хамрын зулгаралт баруун чих, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нэгдүгээр шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний нэг таньдаг ******* гэдэг залуу намайг хамт багийн тэмцээнд хамт орох уу гэсэн Тухайн үед манай 2 дугаар багийн иргэдийн дунд гар бөмбөг, шатар, дартсын тэмцээн болсон гар бөмбөгт нь 3 дугаар байранд ороод шатрын тэмцээнд 3 дугаар байр эзэлсэн юм тэгээд орой тэмцээн орой 20 цагийн үед тарсан байх тухайн үед ******* гэдэг залуу манай багт байсан ******* бид 3 нэг байсан тэгсэн ******* сайн тоглосон юм чинь хэдүүлээ ганц юм уух уу гэсэн тэгээд уухаар болоод дэлгүүр ороод нэг архи аваад манай гэрийн гудамжинд машиндаа уусан тэгээд ахиж нэг архи аваад *******ын гэрийн гадна ирээд уусан тэгсэн ******* гэрийнхээ гадаа байж байгаад манай гэрт нэг архи байгаа би аваад гараад ирнэ гээд орсон тэгсэн нэг виски авч гарч ирээд байж байсан чинь ******* манай гэрт бүгдээрээ очоод наад архийг чинь уух уу гэсэн тэгээд ******* эхнэрээ аваад *******гийн гэрт ирээд ууж байсан чинь ******* намайг Өвөрхангай гуйлгачин энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан тухайн үед би нээх тоохгүй сууж байсан.Тэгээд нөгөө архи дуусаад гэр рүүгээ явах санаатай гэрээс ******* бид хоёр гарсан тэгсэн чинь над руу гадаа гарч ирээд намайг сайн явахыг чинь харна гэж хэлсэн тэгэхээр нь би яасан гэнээ гээд эргээд харсан чинь намайг мөргөсөн тэгэхээр нь би нүүр рүү нь 2-3 удаа цохиж авсан. Би 23 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Санал нийлж байгаа. Би *******тай уулзах гэж удаа дараа гэрт нь очсон боловч надтай уулзахгүй байгаа хэрэв уулзвал хохирлын барагдуулж өгмөөр байна. Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр манай Эрдэнэмандал 2 дугаар багийн иргэдийн хурлаас зохион байгуулсан гар бөмбөг, шатар, дартсын тэмцээн болсон. Тэгсэн манай найз ******* намайг хамт тэмцээн оръё гэж надад хэлсэн тухайн үед *******, ******* 2 хамт нэг баг болсон байсан тэмцээн орой 19 цагийн үед дууссан заалнаас гараад машиндаа суугаад явах гэж байсан чинь *******, ******* 2 “хамт яваад ганц шил архи уух уу” гэсэн тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь хамт тэмцээнд орчхоод дандаа хамт байх биш гэсэн тэгэхээр нь би за за гээд хамт явсан. Тэгээд 2 дугаар багт байх “Жинст хайрхан” дэлгүүр ороод нэг шил архи авсан тэгээд *******гийн гадна ирээд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд *******, ******* хоёр ахиж нэг архи аваад ууна гэсэн чинь *******гийн эхнэр *******гийн эхнэр хоёр уурлаад дараа бол гэсэн чинь танай эхнэрийг очоод авъя гэсэн. Тэгээд замаараа дэлгүүр ороод манай гэрийн гадаа ирээд манай эхнэр Идэрцэцэгийг дуудсан тэгээд нөгөө архи дуусаж байхаар нь гэрээсээ нэг шил виски, гаргаж ирээд уух гэсэн чинь ******* манай гэрт очоод ууя машинд уугаад дэмий гэсэн тэгээд бид нар *******гийн гэрт ирээд нөгөө вискиг хамт хувааж уусан тухайн үед би нэлээн согтоод байсан *******, ******* хоёртой юм ярьж сууж байсан. Тухайн үед цаг нэлээн аажуу 03 цаг өнгөрч байсан байх тэгээд ******* бид хоёр эхнэрүүдээ аваад явцгаая гээд би *******тай *******гийн гэрээс гарч байснаа санаж байгаа тэгээд нэг мэдсэн чинь би *******гийн хашааны үүдэнд сэрсэн чинь ******* миний нүүр лүү дээрээс цохиод байсан тэгээд би босож ирээд гэдэг найзыгаа дуудаад авхуулсан. Тэгээд манай эхнэр манай найз бид гурав эмнэлэг ороод үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. Одоо би сууж байгаад босох гэхээр толгой өвдөөд тэгээд миний хамар эвгүй оригоод байгаа өөрөөр миний биеийн байдал хэвийн байгаа. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 / ,
... 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Цагаан сарын дараа Улаанбаатар хотод очиж үзүүлмээр байна хамар битүүрч, толгой өвдөж байгаа. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,
4. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн 2 дугаар багийн иргэдийн дунд тэмцээн болно гээд манай нөхрийн найз ******* манай нөхөр *******тай утсаар ярьсан байсан. Тэгээд урд өдөр манай гэрт ирээд ******* гэдэг хүн байгаа эхнэрийг нь аваад манай эхнэр тэгээд хамт тэмцээнд оръё гэсэн тэгээд манай нөхөр тэмцээнд орно гээд явсан. Тэгээд орой 21 цагийн үед манай гэрийн гадаа манай нөхөр, ******* эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Баярмаа намайг дуудаад тэгээд би гарсан чинь ******* бид нар тэмцээнд ороод 3 дугаар байранд орсон ганц архи уучихлаа гээд надад хэлсэн тэгээд машинд нь нэг архи байсан түүнийгээ уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр гэрт нэг архи байгаа гэсэн түүнийг уух уу гэсэн чинь ******* манай гэрт очоод ууя гэсэн тэгээд хамт бүгдээрээ яваад *******гийн гэрт ирсэн нэлээн удаан суусан манай гэрээс авсан архиа ууж дуустал суусан. Тухайн үед манай нөхөр нэлээн согтуу байсан тэгээд цаг орой болчихлоо ******* бүгдээрээ хамт гэр ойрхон юм чинь хамт алхъя гэсэн. Тэгээд манай нөхөр *******, *******, хоёр *******гийн гэрээс түрүүлээд гарсан би араас нь *******гийн эхнэртэй хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь манай нөхөр хашааны тэнд толгойгоо бариад хэвтэж байсан намайг зодчихлоо гээд орилоод байсан. Тэгсэн ******* байхгүй байсан тэгэхээр нь би *******г дуудах гээд эргээд гэрт ороод *******д хэлээд гаргаад ирсэн чинь *******гийн эхнэр нь яваад өгсөн байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,
5. Гэрч С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *******, ******* бид нарын хүүхдүүд нэг цэцэрлэгт хамт явдаг байсан хүүхдийн цэцэрлэгийн тэмцээн болохоор хамт ордог. Тэгээд манай 2 дугаар багийн иргэдийн дунд олон төрөлт тэмцээн болно гэж сонсоод би *******, ******* хоёрыг хамт тоглох уу гээд эхнэрүүдтэй нь хамт нэг баг болоод тоглосон. Тэгээд бид нар тухайн тэмцээнд 2 дугаар байранд ороод орой тарах гэж байгаад байр эзэлсэн юм чинь хэдүүлээ нэг ганц нэг архи уух уу гэсэн тухайн үед би тоглож байгаад шагайгаа гэмтээсэн байсан. Тэгсэн чинь *******, ******* хоёр тэгье гээд хамт бид нар 2 дугаар багт байдаг Жинст хайрхан гэдэг нэртэй дэлгүүр ороод нэг шил архи аваад *******ын гэрийн гадаа ирээд нөгөө архиа хувааж уусан. Тэрнийгээ дууссан чинь ******* гэртээ ороод нэг шилтэй виски аваад гараад ирсэн. Тэгээд тэндээсээ манай гэрт ирээд ууж байсан чинь тэгсэн ******* Өвөрхангайнхан хүн чанаргүй гэсэн чинь ******* уурлаад байсан. Манай гэрт тийм их хэрүүл маргаан болоогүй архиа хувааж ууж дуусаад орой болчихлоо гэрийн зүг нэг юм чинь гээд *******, ******* хоёр манай гэрээс түрүүлээд гараад явсан араас нь хоёр эхнэр нь гарсан. Миний хөл өвдөж байсан болохоор унтлаа гээд орондоо орох гэсэн чинь *******ын эхнэр нь манай хаалгыг цохиод байхаар нь яасан бэ гэсэн чинь ******* *******ыг зодсон байна гэсэн. Тэгээд би гэрээс гараад ирсэн чинь *******ын нүд нь хөхөрсөн байсан гэрт оруулж ирээд найзыг нь дуудаж өгөөд *******ыг гэр лүү нь явуулсан....гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/,
6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* гэрээсээ нэг архи аваад гарч ирэхээр нь машинд сууж байхаар манай гэрт очоод уучих гээд тэгээд манай гэрт ирсэн. Тухайн үед би архи уугаагүй 3 хүүхдээ аваад унтсан байсан. Манай гэрт тэр хэд уугаад байх шиг байсан. Тэгээд нэг сэрсэн чинь *******ын эхнэр хаалга нүдээд орилоод байхаар нь юу болсон гэсэн чинь *******, *******ыг зодчихоод яваад өгсөн байсан гээд ороод ирсэн. Тэгээд манай гэрт ******* гар нүүрээ угаагаад байх шиг байсан тэгсэн удалгүй яваад өгсөн байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн:
1. М.*******ын биед хамрын таславчийн мурийлт, чамархайд шарх, хамрын зулгаралт баруун чих, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нэгдүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 50-51 /,
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн:
....Б.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.*******ын “...Тухайн өдөр манай Эрдэнэмандал 2 дугаар багийн иргэдийн хурлаас зохион байгуулсан гар бөмбөг, шатар, дартсын тэмцээн болсон. Тэгсэн манай найз ******* намайг хамт тэмцээн оръё гэж надад хэлсэн тухайн үед *******, ******* 2 хамт нэг баг болсон байсан тэмцээн орой 19 цагийн үед дууссан заалнаас гараад машиндаа суугаад явах гэж байсан чинь *******, ******* 2 “хамт яваад ганц шил архи уух уу” гэсэн тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь хамт тэмцээнд орчхоод дандаа хамт байх биш гэсэн тэгэхээр нь би за за гээд хамт явсан. Тэгээд 2 дугаар багт байх “Жинст хайрхан” дэлгүүр ороод нэг шил архи авсан тэгээд *******гийн гадна ирээд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд *******, ******* хоёр ахиж нэг архи аваад ууна гэсэн чинь *******гийн эхнэр *******гийн эхнэр хоёр уурлаад дараа бол гэсэн чинь танай эхнэрийг очоод авъя гэсэн. Тэгээд замаараа дэлгүүр ороод манай гэрийн гадаа ирээд манай эхнэр Идэрцэцэгийг дуудсан тэгээд нөгөө архи дуусаж байхаар нь гэрээсээ нэг шил виски, гаргаж ирээд уух гэсэн чинь ******* манай гэрт очоод ууя машинд уугаад дэмий гэсэн тэгээд бид нар *******гийн гэрт ирээд нөгөө вискиг хамт хувааж уусан тухайн үед би нэлээн согтоод байсан *******, ******* хоёртой юм ярьж сууж байсан. Тухайн үед цаг нэлээн аажуу 03 цаг өнгөрч байсан байх тэгээд ******* бид хоёр эхнэрүүдээ аваад явцгаая гээд би *******тай *******гийн гэрээс гарч байснаа санаж байгаа тэгээд нэг мэдсэн чинь би *******гийн хашааны үүдэнд сэрсэн чинь ******* миний нүүр лүү дээрээс цохиод байсан тэгээд би босож ирээд гэдэг найзыгаа дуудаад авхуулсан. Тэгээд манай эхнэр манай найз бид гурав эмнэлэг ороод үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг шүүх эмнэлгийн 23 дугаартай шинжээчийн “М.*******ын биед хамрын таславчийн мурийлт, чамархайд шарх, хамрын зулгаралт баруун чих, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нэгдүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.*******ыг “сайн явахыг чинь харнаа” гэж хэлж, мөргөсний улмаас түүний нүүр хэсэг рүү гараараа цохисны улмаас биед хамрын таславчийн мурийлт, чамархайд шарх, хамрын зулгаралт баруун чих, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нэгдүгээр шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь архидан согтуур улмаар хохирогч М.*******ыг сайн явахыг чинь харнаа” гэж хэлж үл ялиг шалтгаанаар маргалдаж түүнийг зодож хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч М.******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ