Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ...... сумын ..... дүгээр баг ..... тоотод оршин суух, ...... овогт Б.Д /Р...............5/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ..... дүгээр баг ...... тоотод оршин суух, ...... овогт Д.У /Р.........2/-д холбогдох

Зээлийн төлбөр 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Д- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн танил У гэх эмэгтэйд хүнд 2020 оны 08 дугаар сарын 6-ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүтэй зээлдүүлсэн ба надад мөнгийг эргүүлж өгөхдөө хүүнд нь 400.000 төгрөгийг өгнө гэж хэлээд өөрийнхөө хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд үлдээгээд бэлнээр авч явсан. Удалгүй надаас хашаа байшингийнхаа бичиг баримтыг барьцаанд тавих боллоо, таньд мөнгийг тань өгнө гэж итгүүлээд бичиг баримтаа буцааж авсан ба одоо болтол надаас зээлсэн мөнгөө өгөөгүй. Мөнгөө авъя гэхээр худлаа яриад үгүй бол надаас зугтаад олдохгүй байгаа учир би арга буюу шүүхийн байгууллагад хандсан. Өмнө нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ирж өгөөгүй, миний өргөдлийг буцаасан. Би Д.Уд мөнгө зээлэхдээ ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй, итгээд бэлнээр өгөөд явуулсан учир хүүнд нэхэмжилсэн 400.000 төгрөгөөсөө татгалзаж анх зээлсэн үндсэн мөнгө 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Д.Уас үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 400.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Хариуцагч Д.У нь нэхэмжлэгч Б.Д-ын тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Д.У- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Б.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагчид 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутанд товлосон шүүх хуралдааны товыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагч Д.У нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 /тавин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уас 2.000.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Уас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 /тавин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уас 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Н.БЯМБАСҮРЭН