| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Ц.Цэрэндулам,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сод холбогдох эрүүгийн 2419000000021 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Г.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар баг Айл баян гудамжны 1 тоотод өөрийн эхнэр М.Нандин-Эрдэнийг П.Цтой хардаж маргалдан улмаар түүний толгойн зулай, дух хэсэгт алхаар цохиж эрүүл мэндэд зулай, духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар баг Айл баян гудамжны 1 тоотод П.Цийг өөрийн эхнэр М.Нандин-Эрдэнэтэй хардаж маргалдан улмаар түүний толгойн зулай, дух хэсэгт алхаар цохиж эрүүл мэндэд зулай, духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Цын "...Намайг Сын эхнэр болох Нандиатай хүмүүс их холбож ярьдаг. Тухайн асуудал ямар ийм, тийм юм байх талаар би Сод зөвөөр ойлгуулж тайлбарлаж байгаад маргаан үүссэн гэсэн. Тухайн үед би их согтоод юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь толгойноос цус гараад найзууд болиоч гээд хориод байж байсан... Г.С миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан" гэсэн мэдүүлэг /хх 5-6, 9-10 ху/, гэрч М.Нандин-Эрдэнийн "... 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1 цаг өнгөрч байх үед Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд Цын гэрт очих үед Ц, түүний эхнэр Сувд-Эрдэнэ, Бямбацогт, Үүрийнцолмон, Мөнх-Очир, Мөнхтуяа, Баярцэцэг, Өлзийбаяр нар буу халаад наргиж байсан. намайг Цтой холбоод байдаг асуудлын талаар гэрийн гадаа ярилцсан гэсэн. Тэгээд гэрт буцаж орж ирээд маргаан болж үл ойлголцол гарсан... Тэгсэн чинь Үүрийнцолмон хүн алах гэж байна шүү дээ гартаа алх бариад гэж хэлэх үед би Сын гарыг харах үед гартаа төмөр алх барьсан байхаар нь би шууд очоод гараас нь алхыг нь салгаж авсан. Тэгээд Цыг харах үед толгойн зүүн талын дээд хэсгээс цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/, гэрч С.Сувд-Эрдэнийн "...гэнэт С гартаа алх барьсан байна, алхыг нь аваач гэж хэлэх үед Сын эхнэр болон Нандин-Эрдэнэ Сын гараас алхыг булааж авсан" гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/, гэрч Х.Мөнхжаргалын "...нэг харах үед С гартаа алх барьсан байдалтай Цын толгойн хэсэгт 2 удаа цохиод авсан. Нэг хальт цохиод, нөгөөх нь оноод духны хэсэгт цохиод авах үед цус гарсан. Тэгээд бид нар салгаад алхыг нь булааж аваад Цд Хатанбулаг сумын эрүүл мэндийн тусламж дуудсан" гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/, иргэний нэхэмжлэгч Д.Дуламын "...Тухайн гэмт хэргийн улмаас П.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Нэгдсэн эмнэлгээс 1.491.700 төгрөгийн тусламж, үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын галын сангаас 1.491.700 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулж Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлж өгнө үү" гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 28 ху/, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/023 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/, хохирол төлсөн баримт /хх .... ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Сын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Г.Сын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Сод танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 200.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь хохирол төлбөргүй талаар хүсэлтээ ирүүлсэн /хх 57, 66 ху/, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1.491.700 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан хар саарал өнгийн металл гадаргуутай 11 см, 3 мм урттай төмөр алх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зидраа овогт Гантуяагийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар саарал өнгийн металл гадаргуутай 11.3 см урттай төмөр алх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА