Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гт холбогдох эрүүгийн 2419000000024 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ч.Г

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Г нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02:30 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн газрын урд талын зогсоол дээр зогсож байсан 00-92 ДГА улсын дугаартай Тоёота приус 30 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр эзэмшигч Н.Ц болон өмчлөгч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 цаг 30 минутын орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн газрын урд талын зогсоол дээр зогсож байсан 00-92 ДГА улсын дугаартай Тоёота приус 30 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр эзэмшигч Н.Ц болон өмчлөгч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цын ". Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн хөдөлгөөнт эрүүлийн машиныг Ч.Г гэгч согтуугаар унаж хашлага мөргөж албанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байсан. Уг тээврийн хэрэгсэл нь цагдаагийн газрын данс бүртгэлд байдаг. Ч.Г нь албаны 0092 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг бүрэн засуулж хохирлыг барагдуулж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/, гэрч М.Мөнхсүрэнгийн “Дорноговь аймгийн Цагдаагийн газрын гадаа ирж явахад 0092 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл гадна зогсоолоос хөдлөөд явах гэж байх үедээ Цагдаагийн газрын үүдний хойд талын хашлага мөргөөд зогссон. Би буугаад очтол танихгүй зүс мэдэхгүй хүн жолоодсон байсан..." гэсэн мэдүүлэг / хх 35-36 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-14 ху/, мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас /хх 53 ху/, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38а/313 дугаартай албан бичиг /хх 23 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх 39-41 ху/, хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хх46-48 ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 54 ху/, мөрдөгчийн магадалгаа /хх 55-57 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Гийн Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Прокуророос санал болгосон ялыг зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Хохирлоо бүрэн төлсөн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Гийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Гт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 1.960.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Мягмар овогт Чойжилсүрэнгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.БАЙГАЛМАА