Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

2017         03          17                                     78

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч  Н.Пүрэвтогтох,

            шүүгдэгч Ч.Бадрал, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Ж.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэгсайханы Бадрал, Сутай овогт Жаргалсайханы Дөлгөөн нарт холбогдох 201626030117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1-р хороо, 30-73 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чимэгсайханы Бадрал /РД:ЦА80100819/,

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4-р хороо, 12-10  тоотод суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сутай овогт Жаргалсайханы Дөлгөөн /РД:ХН83012279/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч Б.Алтанцогийг “н.Мөнхбат аваргатай гар барих гэж оролдон, хэрүүл маргаан үүсгэж, Ж.Дөлгөөний араас савтай ус шидлээ” гэж маргалдан улмаар нойлын өрөөнд зодож биед нь тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, доод уруулын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 14-ний орой би найз Дөлгөөнийг “Минт” баарнаас очиж авах гээд баарны гадаа очсон боловч Дөлгөөний гар утас нь холбогдохгүй болохоор “Минт” баар руу орсон. Гэтэл Дөлгөөн хэдэн залуучуудтай маргалдаж байсан. Би тухайн үед болиулах гэсэн боловч болихгүй маргалдаад байхаар нь салгах гэсэн боловч Б.Алтанцог над руу дайраад миний цамцны захаар намайг боож хана руу шахсан. Би тухайн үед хохирогч Б.Алтанцогийг цохиж гэмтээх бодолгүй байсан. Б.Алтанцог миний цамцны захаас татаад тавихгүй болохоор нь би 2-3 удаа цохиж уруулд гэмтэл учруулсан гэв.

 

Шүүгдэгч Ж.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Ганзориг, Мөнхбат нарын хамт “Минт” бааранд орсон. Тухайн үед би хохирогч Б.Алтанцогийн биед гэмтэл учруулаагүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ч.Бадрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Дөлгөөнийг авахаар баар руу орсон бөгөөд Дөлгөөн нойлын өрөө орчихоод “явъя” гэхээр нь хамт орсон. Нойлын өрөөнд ортол нэг залуу бие засаж байхаар нь өмнө Чингис зочид буудлын доор караоке баар ажиллуулдаг байхад өр тавиад явсан залуутай адилхан харагдсан. Тэр залуу Дөлгөөнийг түлхэхэд тэрээр бие засаж дуусаад эргэж хараад хэрэлдсэн. Тэр үед нь би “боль” гэж дундуур нь ороод салгах гэж оролдсон. Нөгөө залуу миний цамцнаас зуураад Дөлгөөн рүү дайраад намайг шахаад түлхээд байсан. Тэгээд орилж хашгираад цамцнаас зуураад тавихгүй болохоор нь уруул орчимд нь нэг удаа цохиод, гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Бид хоёр зууралдаж байх хооронд намайг мөн адил цохисон, түүнээс хойш тэр залууг ямар нэгэн байдлаар цохиогүй. Би Дөлгөөнийг Алтанцогийг цохиж байгааг хараагүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг хажууд нь бие засаад зогсож байхад Дөлгөөн нөгөө залууд хандаж “чи зүгээр бай л даа” гэж хэлсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22, 25-р хуудас/,

...Би Алтанцогийн гэдэс, нүүр орчим руу нь цохисон байх. Намайг ч гэсэн Алтанцог цохиод боогоод байсан. Зүүн гараараа миний цамцны захаас боочихоод тавихгүй байсан. Би Дөлгөөн, Алтанцог хоёрыг салгах гэж очсон болохоос хүн зодъё гэсэн санаа зорилго байгаагүй. Нойлын өрөөнд бие засаж байхдаа хоорондоо маргалдаад байсан. Алтанцог нь согтуурхаад хэл амаар доромжлоод, хэрүүл маргаан үүсгээд байсан. Алтанцогийн нэхэмжилж байсан 2,0 сая төгрөгийг дансаар нь шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 95-96-р хуудас/,

...Би Дөлгөөний араас нойлын өрөө рүү ороход Дөлгөөний цамц нь ар хэсгээрээ норсон байсан. Хоёр талаасаа дуу нь өндөрсөөд хэрэлдэж байгаад Дөлгөөн “чи яасан төвөгтэй хүн бэ” гэхэд нөгөө залуу хажуу талаас нь маргалдаж эхлэхээр нь “больцгоо” гээд дундуур нь ороод салгах гэсэн чинь над руу дайрсан. Намайг зүүн гараараа заамдаж түлхээд тавихгүй байсан болохоор миний амьсгаа боогдож эхэлсэн. Тухайн залуу надаас биеэрхүү залуу байхаар нь тавиулах гээд чадаагүй болохоор 2 удаа цохиод, нэг удаа гэдэс орчим руу нь өшиглөсөн. Нөгөө залуу дахиад зууралдаад авсан чинь намайг 1-2 удаа цохисон. Үүнээс цааш ямар нэгэн зодоон болоогүй. Намайг нойлын өрөөнд ороход бие засаж байсан залуу нь толинд харчихаад Дөлгөөнтэй хэрэлдээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 189-190-р хуудас/,

...Би Алтанцогийг цохисон боловч бүлэглэж зодсон зүйл байхгүй. Миний цохилтоос болж хөнгөн гэмтэл үүссэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 225-р хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Бадрал, Мөнхбат нарын хамт баарнаас гарах гээд өлгүүрийн хажууд зогсож байхад нэг залуу бид нарын дундуур орж ирээд учиргүй мөрлөөд найз Мөнхбаттай юм яриад зогсож байхаар нь тоогоогүй нойлын өрөө рүү яваад орсон. Намайг нойлын өрөөнд байхад нөгөө залуу орж ирээд араас түлхээд, хэл амаар доромжлоод эхэлсэн. Миний санаж байгаагаар эхлээд тэр залууг цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохиж харагдсан. Өөр ямар нэгэн байдлаар цохисон зүйл байхгүй. Тухайн үед Бадрал гаднаас орж ирсэн учраас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би юунаас болж маргаан болсныг мэдээгүй. Бадралыг үг хэлээр доромжлоод байсан. Үүнээс болж хоорондоо маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 28-р хуудас/,

...Бадрал Алтанцогийг цохиж байхыг хараагүй. Эмчилгээний зардалд 2,0 сая төгрөгийг хохирогчид өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-р хуудас/,

...Намайг нойлын өрөөны наад талд байхад Алтанцог араас юм шидэхэд ар нуруу хэсэгт оносон. Эргээд хартал Алтанцог савтай ус шидсэн байсан. Алтанцог над руу орилж хашгираад “чи муу пизда минь ямар том юм бэ, хүндэлдэг бөхтэйгээ чамаар заалгаж гар барих юм уу, чи ер нь ингэж байдаг юу юм бэ, чамайг цагдаад хэлж цагдаагаар бариулна, амьтан болгоно” гээд орилоод байсан. Би тэр залууг нэг удаа алгадсан. Дахиад нэг цохиход эгэм орчимд нь оносон. Би Алтанцогийг болиулах гэж гуя орчим нь 2 удаа өшиглөсөн. Энэ алгадалт болон гуя орчимд нь өшиглөхөд Алтанцогийн биед гэмтэл үүссэн гэж шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаагүй. Би Алтанцогийн биед гэмтэл учруулаагүй. Би Алтанцогийн нүүр орчим руу өшиглөөгүй. Харин гуя орчим руу нь 2 удаа өшиглөсөн. Эхлээд нүүр орчим нь зүүн гарынхаа ар хэсгээр нэг удаа алгадсан. Өөр цохисон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 191-192-р хуудас/,

...Би Алтанцогийг цохисон боловч миний цохилтоос Алтанцогийн биед гэмтэл учраагүй. Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 228-р хуудас/,

 

Хохирогч Б.Алтанцог мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...тухайн үед Мөнхбат аваргатай гар барих гэсэн чинь хажуу талаас нэг том биетэй залуу ирээд түлхээд ойртуулахгүй байхаар нь “чамтай гар барих гээгүй хүндэлж явдаг хүнтэйгээ гар барих гэж байна” гэж хэлээд гар барьсан. Баарнаас гарахаас өмнө нойлын өрөөнд бие засаж байхад нөгөө өндөр залуу өөр нэг залуугийн хамт араас орж ирээд нүүр рүү 2 удаа цохисон. Хамт явж байсан жижиг залуу бид хоёрыг салгах гээд дундуур орж ирээд намайг өшиглөөд гараараа цохиж эхэлсэн. Жижиг биетэй залуу нь ноцолдоод доошоо тонгойсон байх үед Дөлгөөн нь намайг 6 удаа нүүр рүү болон гуя руу өшиглөсөн. Би тэр залуугийн араас гараад цагдаад дуудлага өгөхөд машиндаа суугаад зугтаагаад явчихсан. Би бааранд байхдаа тухайн залуучуудтай маргалдсан зүйл байхгүй. Мөнхбат аваргатай гар барих гээд очиход хажуу талаас түлхэж холдуулаад байхаар нь чамд хамаагүй гэж хэлсэн. Үүнээс болж намайг зодсон байх. Эхлээд цохидог өндөр биетэй залуу нь  нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Дараа нь бичлэг харж байхад миний нүүр рүү 3-4 удаа, гуя орчим 2 удаа өшиглөсөн байсан. Бадрал нь намайг 1-2 удаа гараараа цохиод, 1 удаа өшиглөөд ноцолдож байх үед нөгөө өндөр биетэй залуу нь намайг өшиглөсөн. Эмчилгээний зардал одоогийн байдлаар 150.000 орчим төгрөг болсон. Дахин эмчилгээ хийлгэж байгаад баримтаа өгнө. Зодуулсандаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 7-р хуудас/,

...Би энэ залууд зодуулсны улмаас 1 сар гаруй хугацаанд гэртээ ажилгүй эмчилгээ хийлгэсэн юм. Би байрны лизингтэй сард 700.000 орчим төгрөг төлдөг. Байрны мөнгөнд 100.000 төгрөг өгдөг. Би гоо сайханы хагалгаанд орох гэж байгаа, энэ нь 18,0 сая төгрөг болох байх. Миний хувьд зодуулсандаа гомдолтой байна. Надад дансаар 2,0 сая төгрөг л шилжүүлсэн. Өөр ямар нэгэн байдлаар хохирол барагдуулаагүй. Би энэ 2,0 сая төгрөгийг нь буцааж өгөх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 8-р хуудас/,

...Нойлын өрөөнд бие засаад байж байхад Дөлгөөн орж ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд цохиод, хамт явсан найзтайгаа нийлээд намайг зодсон. Миний нүүр, хөл орчим руу өшиглөсөн. Хэнийх нь цохилтын улмаас миний биед гэмтэл учирсан бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Иймд нийт 2.149.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би дээрх мөнгөн дүнгээс 2,0 сая төгрөг авсан тул одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 180-181-р хуудас/,

...Би тухайн үед баарнаас гарах гэж байхдаа Мөнхбат аваргатай гар бариад гарыг нь тавихгүй гээд зууралдсан асуудал байхгүй. Намайг гар барих гэж байхад нэг өндөр залуу ирээд гар бариулахгүй гээд тохойгоороо түлхээд байсан. Намайг нойлын өрөөнд бие засаад байж байхад шууд хажуу талаас цохиод авсан. Усны сав шидсэн зүйл байхгүй. Би уруул дээр тогтсон сорвио арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Эмчилгээний зардал ойролцоогоор 3,0 сая төгрөг болно гэсэн. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 182-р хуудас/,

...Хохирлын мөнгө гэж 3,0 сая төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-рхавтас 218-р хуудас/,

 

Гэрч Э.Болдхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  ...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай эхнэр Ууганжаргалын төрсөн өдөр болоод бид хоёр найз Алтанцог, Баясгалан нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд шөнө 00 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороод цаг орчим болохдоо нэг хүн 1 шил пиво, 100 грамм архи ууж сууж байгаад гарах гээд эхнэр Ууганжаргалын хамт ширээн дээр сууж байхад Баясгалан над руу залгаад “камерын өрөөнд ороод ир” гэхээр нь өрөөнд ороод камерын бичлэгийг шүүж үзэхэд Алтанцог танихгүй хоёр хүнд зодуулж байгаа бичлэг хийгдсэн байсан. Тухайн үед манай найз Алтанцогийн дээд талын уруул нь сэтэрсэн байдалтай, хамар орчим нь хавдсан байсан. Мөн уруул нь сэтрээд цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 50-р хуудас/,

 

Гэрч Б.Ууганжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний төрсөн өдөр болоод “Минт” бааранд шөнийн 00.00 цагийн орчимд нөхөр Болдхүү, түүний найз болох Алтанцог, Баясгалан нарын хамт орсон. Бааранд ороод хүний нэг шил пиво ууцгаасан юм. Хэсэг хугацаанд бүжиглэж байгаад гарахаар болоод Баясгалан, Алтанцог хоёр түрүүлж гараад өлгүүр дээрээс хувцсаа аваад байж байя” гээд гарсан. Миний утас руу Баясгалан яриад “Алтанцог хүнд зодуулчихлаа, камерын өрөөнд хурдан ороод ир” гэхээр нь очсон чинь Алтанцогийн уруул нь сэтэрсэн хамаг хувцас нь цус болоод уруул нь язраад 2 тийшээ болсон байсан. Камерын бичлэгийг үзэхэд Алтанцогийг цаашаа хараад бие засаад байхад хоёр залуу нийлээд зодоод байсан. Юунаас болж маргаан гарсныг мэдэхгүй байна. Бид нарын хувьд бааранд байхдаа хүнтэй маргалдаж муудсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Зүгээр байж байхад нь ирээд зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

 

Гэрч Д.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Бааранд бүжиглэж байгаад нойлын өрөө рүү явах замдаа бөхтэй таарсан. Энэ үед бөхийг хүмүүс тойроод зогссон байсан. Тэр дунд манай нөхөр Алтанцог ч бас зогсож байсан. Тэгсэн өндөр биетэй залуу гарч ирээд бие хамгаалагч юм шиг хүмүүсийг цааш нь болгоод “явцгаа” гээд нөхөр Алтанцогийн хавирга орчим нь тохойлдоод түлхээд байхаар нь “чи яагаад зүгээр зогсож байгаа хүнийг түлхээд байгаа юм бэ” гэсэн чинь намайг сонсохгүй байсан. Тэгсэн чинь манай нөхөр “чамтай гар барих гэж ирээгүй, хүндэлдэг бөхтэйгээ гар барьчихаад явлаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш жаахан бүжиглэж байгаад явах гээд гарахад манай нөхөр “бие засаад ирье” гэж хэлээд нойлын өрөө рүү яваад гарч ирэхдээ зодуулсан байсан. Ингээд камерын бичлэгийг үзэхэд манай нөхрийг үүдэнд “цаашаа бай” гэсэн байдалтай түлхсэн, мөн нэг залуугийн хамт зодож байгаа бичлэг байсан. Би баарнаас нөхөр Алтанцогийг дагуулаад Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулаад цагдаад өргөдөл гаргасан. Манай нөхрийн уруул нь сэтэрсэн байсан. Дараа нь болохоор хамрын яс хугарсан, хацрын орчим цөмөрсөн байна гэж хэлсэн. Мөн нэг талын гуян дээрээ хөхөрсөн, явахдаа өвдөг хэсгээрээ доголоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 54-р хуудас/,

 

Гэрч С.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Намайг баар руу орох гэж байхад нэг согтуу залуу ирээд “гар барих” гэхэд тухайн залуу хүн болгон руу дайраад айлгах маягтай байсан ба надтай “гар барьчихая” гээд миний өмнөөс агсам тавих маягтай зан гаргаад байхаар нь гар бариагүй юм. Учир нь тэр залуу согтуу байсан. Тэр залууд Дөлгөөн “чи одоо холд” гэж хэлэхэд “чи одоо хэн бэ, зайл” гээд хэл амаар доромжлоод байсан. Би тэр залуутай гар барьсан чинь миний гарнаас барьчихаад гараа тавихгүй байсан. Тухайн үед зодоон болсон талаар сайн мэдэхгүй байна. Өчигдөр маргалдаад байсан залуу нойлын өрөө орсон чинь өдөөд болохгүй байхаар нь хоорондоо маргалдсан гэж Дөлгөөн надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 184-р хуудас/,

 

Гэрч Г.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Нэг залуу гар бариад салахгүй болохоор Мөнхбат аварга хүчээр тавиулсан байсан. Энэ үед Дөлгөөн бид хоёр дундуур нь ороод “боль” гээд салгасан чинь “та нар хэн болчихоод байгаа юм” гээд хэл амаар доромжлоод байсан. ...Дөлгөөн нойлын өрөө рүү ороход араас нь юм шидэх шиг болсон чинь цэвэр ус байх шиг байсан. Энэ үед Бадрал гаднаас ороод ирэхээр нь Дөлгөөн нойлын өрөө орсон араас нь очоод аваад ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 187-р хуудас/,

  Гэрч А.Октябрын “...өндөр залуу өөрөөсөө арай том биетэй залуугийн /Ж.Дөлгөөн/ араас ус шидээд нойлын өрөө рүү ороод маргалдаад байсан. Тэгж байгаад удалгүй хоорондоо маргалдаж байгаад өндөр, том биетэй залуу хоёр хоорондоо зууралдаад пижигнэлдээд явчихсан. Гаднаас намхан залуу орж ирээд бие засч байгаад “боль боль” гээд салгах гэж очсон нөгөө залуу дайраад заамдалцаад авсан. Ингээд тэд нар цохилцоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 222-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹1311 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Алтанцогийн биед тархи доргилт, зүүн гайморын хөндийн урд хананы хугарал, дээд урууланд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 13-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шинжээчийн ¹254 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Алтанцогийн биед тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно.

5. Шүүх эмнэлгийн 1311 тоот дүгнэлтэнд дурдсан гайморын хөндийн хугарал тогтоогдохгүй байгаа тул хүндэвтэр гэмтлийн зэргийг батлах боломжгүй гэжээ. /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,

 

Хохирогч Б.Алтанцогт эмчилгээний зардалд 2.000.000  төгрөг төлсөн баримт /хх-ийн 1-р хавтас 34-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Бадралаас хохирогч Б.Алтанцогт 1.000.000 төгрөг болох хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 219-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Бадралын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Дөлгөөний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 35-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

         Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд хохирогч Б.Алтанцог шүүгдэгч Ж.Дөлгөөн нарын хооронд “н.Мөнхбат аваргатай гар барих гэж оролдлоо, Ж.Дөлгөөний араас савтай ус шидлээ” гэж маргалдан, улмаар Ж.Дөлгөөн, Ч.Бадрал нар нь хохирогч Б.Алтанцогийг бүлэглэн зодож биед нь тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, доод уруулын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Алтанцогийн “...Баарнаас гарахаас өмнө нойлын өрөөнд бие засаж байхад нөгөө өндөр залуу /Ж.Дөлгөөн/ өөр нэг залуугийн хамт араас орж ирээд нүүр рүү 2 удаа цохисон. Хамт явж байсан жижиг залуу /Ч.Бадрал/ бид хоёрыг салгах гээд дундуур орж ирээд намайг өшиглөөд гараараа цохиж эхэлсэн. Жижиг биетэй залуу /Ч.Бадрал/ нь ноцолдоод доошоо тонгойсон байх үед Дөлгөөн нь намайг 6 удаа нүүр рүү болон гуя руу өшиглөсөн. Би тэр залуугийн араас гараад цагдаад дуудлага өгөхөд машиндаа суугаад зугтаагаад явчихсан. Би бааранд байхдаа тухайн залуучуудтай ямар байдлаар маргалдсан зүйл байхгүй. Мөнхбат аваргатай гар барих гээд очиход хажуу талаас түлхэж холдуулаад байхаар нь “чамд хамаагүй” гэж хэлсэн. Үүнээс болж намайг зодсон байх. Эхлээд цохидог өндөр биетэй залуу /Ж.Дөлгөөн/ нь нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Дараа нь бичлэг харж байхад миний нүүр рүү 3-4 удаа, гуя орчим 2 удаа өшиглөсөн байсан. Бадрал нь намайг 1-2 удаа гараараа цохиод, 1 удаа өшиглөөд ноцолдож байх үед нөгөө өндөр биетэй залуу /Ж.Дөлгөөн/ нь намайг өшиглөсөн. Эмчилгээний зардал одоогийн байдлаар 150.000 орчим төгрөг болсон. Дахин эмчилгээ хийлгэж байгаад баримтаа өгнө. Зодуулсандаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 7-р хуудас/,

...Би тухайн үед баарнаас гарах гэж байхдаа Мөнхбат аваргатай гар бариад гарыг нь тавихгүй гээд зууралдсан асуудал байхгүй. Намайг гар барих гэж байхад нэг өндөр залуу /Ж.Дөлгөөн/ ирээд гар бариулахгүй гээд тохойгоороо түлхээд байсан. Намайг нойлын өрөөнд бие засаад байж байхад шууд хажуу талаас цохиод авсан. Би усны сав шидсэн зүйл огт байхгүй. Би уруул дээр тогтсон сорвио арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Эмчилгээний зардал ойролцоогоор 3,0 сая төгрөг болно гэсэн. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 182-р хуудас/,

...Хохирлын мөнгө гэж 3,0 сая төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-рхавтас 218-р хуудас/,

Гэрч Э.Болдхүүгийн “...Баясгалан над руу залгаад “камерын өрөөнд ороод ир” гэхээр нь ороод камерын бичлэгийг шүүж үзэхэд Алтанцог танихгүй хоёр хүнд зодуулж байгаа бичлэг хийгдсэн байсан. Тухайн үед манай найз Алтанцогийн дээд талын уруул нь сэтэрсэн байдалтай, хамар орчим нь хавдсан байсан. Мөн уруул нь сэтрээд цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 50-р хуудас/,

 

Гэрч Б.Ууганжаргалын “...Баясгалан, Алтанцог хоёр түрүүлж гараад өлгүүр дээрээс хувцсаа аваад байж байя” гээд гарсан. Миний утас руу Баясгалан яриад “Алтанцог хүнд зодуулчихлаа, камерын өрөөнд хурдан ороод ир” гэхээр нь очсон чинь Алтанцогийн уруул нь сэтэрсэн хамаг хувцас нь цус болоод уруул нь язраад 2 тийшээ болсон байсан. Камерын бичлэгийг үзэхэд Алтанцогийг цаашаа хараад бие засаад байхад хоёр залуу нийлээд зодоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

 

Гэрч Д.Баясгалангийн “...өндөр биетэй залуу /Ж.Дөлгөөн/ гарч ирээд бие хамгаалагч юм шиг хүмүүсийг цааш нь болгоод “явцгаа” гээд нөхөр Алтанцогийн хавирга орчим нь тохойлдоод түлхээд байхаар нь “чи яагаад зүгээр зогсож байгаа хүнийг түлхээд байгаа юм бэ” гэсэн чинь намайг сонсохгүй байсан. Тэгсэн чинь манай нөхөр “чамтай гар барих гэж ирээгүй, хүндэлдэг бөхтэйгээ гар барьчихаад явлаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш жаахан бүжиглэж байгаад явах гээд гарахад манай нөхөр “бие засаад ирье” гэж хэлээд нойлын өрөө рүү яваад гарч ирэхдээ зодуулсан байсан. Ингээд камерын бичлэгийг үзэхэд манай нөхрийг үүдэнд “цаашаа бай” гэсэн байдалтай түлхсэн, мөн нэг залуугийн хамт зодож байгаа бичлэг байсан. Би баарнаас нөхөр Алтанцогийг дагуулаад Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулаад цагдаад өргөдөл гаргасан. Манай нөхрийн уруул нь сэтэрсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 54-р хуудас/,

 

Гэрч С.Мөнхбатын “...Тэр залууд Дөлгөөн “чи одоо холд” гэж хэлэхэд “чи одоо хэн бэ, зайл” гээд хэл амаар доромжлоод байсан. Би тэр залуутай гар барьсан чинь миний гарнаас барьчихаад гараа тавихгүй байсан. Тухайн үед зодоон болсон талаар сайн мэдэхгүй байна. Өчигдөр маргалдаад байсан залуу нойлын өрөө орсон чинь өдөөд болохгүй байхаар нь хоорондоо маргалдсан гэж Дөлгөөн хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 184-р хуудас/,

 

Гэрч Г.Ганзоригийн “...нэг залуу гар бариад салахгүй болохоор Мөнхбат аварга хүчээр тавиулсан байсан. Энэ үед Дөлгөөн бид хоёр дундуур нь ороод “боль” гээд салгасан чинь “та нар хэн болчихоод байгаа юм” гээд хэл амаар доромжлоод байсан. ...Дөлгөөн нойлын өрөө рүү ороход араас нь юм шидэх шиг болсон чинь цэвэр ус байх шиг байсан. Энэ үед Бадрал гаднаас ороод ирэхээр нь Дөлгөөн нойлын өрөө орсон араас нь очоод аваад ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 187-р хуудас/,

 

  Гэрч А.Октябрын “...өндөр залуу өөрөөсөө арай том биетэй залуугийн /Ж.Дөлгөөн/ араас ус шидээд нойлын өрөө рүү ороод маргалдаад байсан. Тэгж байгаад удалгүй хоорондоо маргалдаж байгаад өндөр, том биетэй залуу хоёр хоорондоо зууралдаад пижигнэлдээд явчихсан. Гаднаас намхан залуу орж ирээд бие засаж байгаад “боль боль” гээд салгах гэж очсон нөгөө залуу дайраад заамдалцаад авсан. Ингээд тэд нар цохилцоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 222-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шинжээчийн ¹254 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Алтанцогийн биед тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно.

5. Шүүх эмнэлгийн 1311 тоот дүгнэлтэнд дурдсан гайморын хөндийн хугарал тогтоогдохгүй байгаа тул хүндэвтэр гэмтлийн зэргийг батлах боломжгүй гэжээ. /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Дөлгөөний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг “...Камерын бичлэгийг хууль зөрчиж авсан, тогтоолыг хэрэгт нөхөж хийсэн. Шүүгдэгч Ч.Бадрал нь хохирогч Б.Алтанцогийг цохиж гэмтэл учруулсан байхад Ж.Дөлгөөнийг энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2-т “ Гэм буруутай этгээд зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн зарчим байгаа. Ж.Дөлгөөн нь Ч.Бадралтай бүлэглэж хохирогч Б.Алтанцогийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Дөлгөөнийг цагаатгаж өгнө үү...” гэж

 

Шүүгдэгч Ч.Бадралын өмгөөлөгч Ц.Ганчимэг ...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...гэж мэтгэлцэж онолын тайлбар гаргав.

 

           Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд: 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд шүүгдэгч Ж.Дөлгөөн хохирогч Б.Алтанцог нар нь хэдийгээр бие биеэ таньдаггүй боловч тухайн өдөр тэдний хооронд “Мөнхбат аваргатай гар барих гэж оролдлоо” гэсэн шалтгаанаар маргаан үүссэн улмаар бие засах өрөөнд шүүгдэгч Ж.Дөлгөөн нь хохирогчийн нүүр рүү алгадах, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодсон ба шүүгдэгч Ч.Бадрал нь салгах зорилготой байсан гэх боловч хохирогчийн нүүр болон хөл рүү цохих, өшиглөх зэрэг үйлдлээрээ нэгдэж зодсон тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

           Хохирогч Б.Алтанцог нь “...өндөр залуу, өөр нэг залуугийн хамт араас орж ирээд нүүр рүү 2 удаа цохисон. Хамт явж байсан жижиг залуу нь дундуур орж ирээд бид хоёрыг салгах гээд түлхэж байгаад намайг өшиглөөд гараараа цохиод эхэлсэн...” гэж тогтвортой мэдүүлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2-т хохирогч нь “баримт сэлт гаргаж өгөх эрхтэй” гэж заасан ба хохирогч Б.Алтанцогоос “Минт” баарны бие засах өрөөний камерын бичлэгийг  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хураан авч, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 179-р хуудас/ үйлдсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарын өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Алтанцогт шүүгдэгч Ч.Бадрал 1.570.000 төгрөг, шүүгдэгч Ж.Дөлгөөн 1.430.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Алтанцог нь “гомдолгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 1-р хавтас 220-р хуудас/ талаар мөрдөн байцаалтанд хүсэлтээ бичгээр гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн гэж үзлээ.

 

         Шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба дээрх байдлыг шүүгдэгч нарт ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

          Шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                   

ТОГТООХ НЬ:

 

1. Боржигон овогт Чимэгсайханы Бадрал, Сутай овогт Жаргалсайханы Дөлгөөн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарыг тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар солихыг шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР