Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

 2020           05           28                                           2020/ДШМ/686                                                                           

 

П.А-, Ц.Т, Ц.М- нарт                                                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Н.Пүрэвтогтох,  

            яллагдагч Ц.М-гийн өмгөөлөгч О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 585 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн П.А-, Ц.Т, Ц.М- нарт холбогдох 1910026080055 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж овгийн П-ийн А, Говь-Алтай аймагт 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/

2. Б овгийн Ц-гийн М, Улаанбаатар хотод 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ахын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

3. Д овгийн Ц-ийн Т, Говь-Алтай аймагт 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Зэвсэгт хүчний 085 дугаар ангид тусгай ротын жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/

П.А-, Ц.М-, Ц.Т нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 72-08 УНО улсын дугаартай “Huyndai aссent” загварын автомашин ашиглан, төмрийн хөрөөг тусгайлан бэлтгэж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт баригдаж буй Нийслэлийн нутгийн захиргааны ордоны барилгын талбайгаа “Гексаэдр клауд” ХХК-ийн 126 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3,225,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.А-, Ц.Т, Ц.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолыг яллагдагч нарын өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон Арван тавдугаар бүлэгт заасан хүсэлт гомдол гаргах эрхийг зөрчсөн. Улаан төмрийн хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол болон “CD”-г эд мөрийн баримтаар тооцсон 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... эд зүйл хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж заасныг зөрчсөн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор О.Алтангэрэл бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Учир нь, мөрдөгч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг өмгөөлөгчид танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд шүүгчийн захирамжид заасны дагуу одоо танилцуулах нь ач холбогдолгүй болсон. Өөрөөр хэлбэл засагдах боломжгүй зөрчил байна. Яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлттэй танилцаад гомдол, хүсэлт гаргаагүй, хохирлын талаар маргаагүй тул гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй. Мөн төмрийн хөрөө, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авахдаа прокурорт танилцуулж, эд мөрийн баримтаар тооцуулаагүйг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул нотлох баримтаас хасч бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдэх боломжтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй боловч шинжээч томилсон тогтоолтой танилцаад ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй. Мөн хэрэгтэй танилцахдаа гомдол, хүсэлт гаргаагүй. Иймд өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй байна. Мөн мөрдөгчийн бие даан хийх ажиллагаа гэж бий. Тухайн хүний эрхэд халдсан, хүний нууцтай холбоотой эд зүйлийг хураан авах, битүүмжлэх, үзлэг хийх тохиолдолд прокуророос зөвшөөрөл авах ёстой. “CD” нь хүний хувийн нууц, эрх ашигт хамаарахгүй учраас эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг заавал прокурорт танилцуулж зөвшөөрөл гаргуулах шаардлагагүй. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Яллагдагч нарыг гэмт хэрэгт хэрхэн, яаж оролцсон талаар тодорхойлж яллах дүгнэлт үйлдээгүй нь ялыг ялгамжтай оногдуулах зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан. Гэтэл үүнийг зөрчсөний улмаас хэн гүйцэтгэсэн, хэн зохион байгуулсан болох нь тодорхойгүй байна. Прокурорын хэлсэнчлэн шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгчид танилцуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Үүнээс үүдэн шүүгдэгч нарын эрх ноцтой зөрчигдөж байна. Мөн шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл, хэрхэн яаж үнэлсэн, ямар аргачлалаар үнэлсэн, хэн гэдэг, ямар албан тушаалтай хүн үнэлсэн талаар ямар ч зүйл байхгүй. Иймд хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах шаардлагатай” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Т, П.А-, Ц.Мөнхтүшин нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх тул яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоон, Ц.Т, П.А-, Ц.М- нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 тоот шинжээчийн дүгнэлтийг яллагдагч нарт тухайн бүрт нь хуульд заасны дагуу танилцуулжээ. Уг шинжилгээ нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоох зорилгоор хийгдсэн байх тул шинжээч томилсон шийдвэрийг өмгөөлөгчид танилцуулаагүй зөрчил нь хэргийн бодит байдлыг тогтооход ноцтой нөлөөлөхгүй, шаардлагатай гэж үзвэл шүүхийн шатанд дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэх боломжтой гэж үзлээ.   

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагааг мөрдөгч бие даан явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх боловч прокурорын эсэргүүцэлд дурдсан хүсэлтийн дагуу тухайн нотлох баримтыг үнэлэхгүйгээр, бусад баримтуудад тулгаарлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон  Ц.Т, П.А-, Ц.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 585 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Т, П.А-, Ц.М- нарт холбогдох хэргийг яллагдагчийн шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцтэл Ц.Т, П.А-, Ц.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН