Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0411

 

 

 

 

 

 

 

    2022           05            30                                            128/ШШ2022/0411    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ц.Б*********, Т.Б************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Э******** ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Ш*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Э.Н********

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.М********

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж*********

Гуравдагч этгээд: Э******** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Э**********

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: У.Э*******

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Э******* ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г********, Ч.У******

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Э************* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч У.Э*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, Ч.У*******, тэдгээрийн өмгөөлөгч С.Э*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             1. Нэхэмжлэгч Э****** ХХК нь “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах” гэж тодруулжээ.

             2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан “...Б.Ц******-с Э********* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалын Э******** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус байсныг тогтоолгох” нэмэгдүүлсэн шаардлагыг тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9112 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

             3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/141 дүгээр тушаалаар “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалаар Э********* ХХК-ийн давхцал арилгасан 2 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Э****** ХХК-д олгосон 3 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсон байна.

             4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалаар Э******* ХХК-ийн ашиглах газрын хэмжээг шинэчлэн тогтоож, газар ашиглах гэрээ хийгдэж, гэрчилгээ олгосон байна. Нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

             5. Гуравдагч этгээд Э********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргасан байна.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20 жилийн өмнө Богд Хан уулын Залаатын баруун мөрний аманд махны мөсөн зоорь байсан газарт мөсөн зоорь нь нураад дарагдсан байх үед тодорхой нөхцөлтэйгөөр буюу хог хаягдлыг зөөж тээвэрлэх, мөн модны хулгай их байсан учир байнгын харуул хамгаалалттай байлгах нөхцөлтэйгөөр анх авч байсан. 2001 онд тухайн газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж, ерөнхий төлөвлөгөөг Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулж байсан. Тухайн үед 1991 онд 10,000,000 төгрөгөөр 54 машин хөлсөлж ажилласан ба байнгын харуул хамгаалалттай байлгах үүргийнхээ хүрээнд өнөөдрийг хүртэл 23 жил харуул хамгаалагчид ажиллуулж байна. Тэдний ажлын хөлсөнд нийт 110,000,000 төгрөг зарцуулсан байдаг. Ингээд бид зуны улиралд ажилладаг  аялал жуулчлалын бааз нээж, дараа нь ахмадын амралтын газар нээж 10 гаруй жил ажиллуулж хөрөнгө мөнгө зарцуулж, 20 жил тухайн газрыг цэвэрлэж, сахиж, ирсэн. Тухайн үед яам нь  уулын амыг ерөнхийд нь цэвэрлүүлэх, хамгаалуулах үүрэгтэйгээр ашиглах эрх олгож байсан бөгөөд газрын хууль батлагдаагүй, кадастр гэж байгаагүй. 2002 онд  анх манайд газар олгохдоо 3 га газар олгосон эрхийн акт хэрэгт авагдсан. Манай газар нь доогуураа хашаатай, дотроо харуул хамгаалалттай байхад хашаан дотор иргэн Б.Ц*********-д давхар газар олгосон байсныг мэдээд хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтад хандсан ба хяналт шалгалт хийж улсын байцаагчийн Э******* ХХК-д эзэмшүүлэх нь зөв буюу анхны олгогдоогүй байгаа гэрээний хавсралтыг дахиж олго гэсэн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайд н.Э********** байх үед манайд уг газрыг шилжүүлж, шинээр баталгаажуулж гэрчилгээ олгосон. Гэтэл иргэн Б.Ц***** нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасны дагуу Э********** ХХК-д газрын эрхийг шилжүүлсэн байсан. Энэ үед Байгаль орчны яамнаас хяналт шалгалт хийхэд улсын бүртгэлийн газраас газар давхцуулан олгосон иргэн Б.Ц********-д нь Э******* ХХК-ийн үүсгэн байгуулагч болон гишүүд дунд байхгүй гэсэн учраас хууран мэхлэх замаар хууль бусаар газар авсан гэж үзэж байна. Ингээд бидэнд газрын эрхийг шилжүүлсэн гэж бодож байтал Э********** ХХК-д олгосон хууль бус актыг хүчингүй болгоогүй байсан бөгөөд 2016 оноос хойш шүүхэд хандаж, газрынхаа эрхийн актыг хоёр талын эрхийг хангаж олгох тухай захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Шүүхээр хэрэг маргааныг хэлэлцэж байх үед Байгаль орчин аялал жуулчлалын яам хариуцагчийн хувиар албан ёсны хариу тайлбараа өгсөн. Уг тайлбарт Э********** ХХК-ийн газар ашиглах эрхийг зөрчиж, Э*********** ХХК-д газар давхцуулсан олгосон Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2011 оны А/491 дүгээр тушаалын Э******** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн н.Б******* сайд ажлаа өгөх үедээ  А/225 тоот тушаал гаргасан байсныг бид мэдээд Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн бөгөөд Э*********** ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчиж газар олгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн гомдлыг дахин шийдвэрлүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яамд шилжүүлсэн байдаг. 2017 онд Байгаль орчны сайд н.О*********н үед шүүхийн шийдвэрүүд, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын шаардлагыг үндэслээд ашиг сонирхлын зөрчилтэй гэх А/225 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгоод 3,5 га газар газар гэж тогтоон 2 га газрыг манай компанид олгож, үлдсэн талбайг нөгөө талд олгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу шинээр гэрчилгээ авч, тухайн газарт аялал жуулчлалын цогцолбор барих барилгын ерөнхий төлөвлөгөөг гадаадын компаниар их хэмжээний хөрөнгө мөнгө зарж хийлгүүлсэн. Хоёрдугаарт, газрын давхцалыг 2005 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгаж, дүгнэлт гаргасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам 2 га газрыг манай компанид олгож байсан. Мөн тусгай хамгаалалтай газар нутгийг нийт талбайгаар нь өгдөггүй. Гол нь шүүхийн шийдвэрүүд, хууль хяналтын байгууллагын дүгнэлтүүд зэргийг үндэслээд н.Оюунхорол сайдын үед буюу 2011 онд ашиг сонирхлын зөрчилтэй тушаалын бүхэлд нь хүчингүй болгоод, талуудын эрх ашгийг хангах үүднээс маргаж байгаа газрын 2 га талбайг манай компанид олгож, нөгөө талд 1,6 га талбайг хуваан өгч асуудлыг эцэслэн шийдсэн. Үүнийг бид талуудын эрх ашгийг хангасан шийдвэр гэж үзэж байна. Мөн захиргааны шинэ акт гаргахдаа тухайн газрыг анх ямар нөхцөлтэй олгосон эсэх, 20 гаруй жил ямар үйл ажиллагаа хийсэн эсэх, зэргийг бодитой нарийвчлан тооцоогүй гаргасан. Иймд дээрх үндэслэлүүдийг нягтлан үзэж, шүүхийн ил тод шударга зарчим, бодит байдлыг нарийвчлан үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Уг нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй бол бид цаашдаа хандах газаргүй болж, газраа дээрэмдүүлнэ гэсэн үг. Нөгөө талаас маргаж талууд тухайн газар дээр нэг төгрөг зарцуулж үйл ажиллагаа хийгээгүй” гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М********* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин  аялал жуулчлалын яамны 2017 оны  8 дугаар сарын 7-ны өдрийн 248 тоот Э******* ХХК-д олгосон газар, 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн Э********* ХХК-д олгосон газар нь 2016 оны  шүүхийн шийдвэрээр 3 сарын хугацаагаар түдгэлзсэн. Түдгэлзсэн хугацаанд акт гараагүй учир дээрх хоёр газар хүчингүй болсон. Үүний дараа дахин маргаан үүсгэснээр 2016 оны 7 дугаар сарын 20, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр захирамжууд нь мөн адил хүчингүй болсон. Дахин маргаан үүсэж Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “бодит байдалтайгаа нийцэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газрыг адил тэнцүү олгож ашиглуулах замаар газрын зөрчлийг арилгах нь зүйтэй” гэж маш тодорхой дүгнэсэн. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаал нь дээрх Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлж байгаа гэсэн захирамж гардаг ба тухайн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу захирамжилсан шинжгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь шүүхийн шийдвэрээр 3  сарын хугацаагаар түдгэлзүүлсэн хугацаа өнгөрсөн учраас тухайн захиргааны актууд хүчингүй болчихсон байхад сайдын тушаалд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар “Орц гарц гаргах, давхцал арилгах тухай” тушаалаар Э*********** ХХК-д 2 га газар, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Э********* ХХК нь 3 га газрыг ашиглах эрхтэй болохыг дурдаж буюу өмнө нь хүчингүй болгосон тушаалыг, хүчинтэй мэтээр гарсан бөгөөд ашиглах эрхтэй болохыг дурдаж гэдэг нь захирамжилсан агуулгагүй юм. Ийм байдлаар шинээр захиргааны акт гаргах тухай дүгнэлт байхад дээрх хоёр тушаалыг хүчинтэй гэж үзэн маргаан бүхий 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Гэтэл А/290 дүгээр тушаал нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоол гарснаас хойш жилийн дараа гарсан учраас хүчингүй болчихсон байхад тушаал гарсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж********* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан 3 нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Энэ хэрэг маргаан нь маш олон жилийн хугацаанд шүүхийн маргаантай явж байгаа бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг бүхэлд нь хэлэлцээд Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Үндэслэлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6-т зааснаар хүчингүй болсон. Нэгэнт хүчингүй болсон ч шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдал нь арилахгүй.  Захиргааны байгууллагын А/141 дүгээр захиргааны акт нь 2018 оны 482 дугаар шийдвэр, 544 дүгээр магадлал, 31 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. Хуулийн үндэслэлийн хувьд Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг үндэслэсэн байдаг. Анх Залаатын аманд газар олгосон нөхцөл байдал нь 2005 оны 1/175 тоот гэрчилгээгээр 3 га газрыг Ц********** гэх иргэн авч байсан. Үүний дараа 2007 оны 421 тоот гэрчилгээгээр Э********* ХХК-д А, Б буюу хоёр талбайтай 2 га газрыг олгож байсан. Бодит байдал дээр жалганы хоёр талд байрлалтай газар байдаг. А талбайн хэмжээ 0,69 га газар бол Б талбайн хэмжээ нь 1,31 га газар юм. Б талбайн хэсэгт 3 га газар нь байрладаг ба үүнээс үүдэн маргаан үүссэн. Энэ бүх нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийн 12, 13 дугаар талд бүхэлд нь дүгнэсэн. Ингээд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж явсаар 2017 оны А/290 дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар газар ашиглах эрхийг олгохдоо Эз ХХК-д 3 га газрыг тэр хэвээр нь олгосон байдаг ба багасаад 1,36 га болоод Э*********** ХХК-д 2,84 га газар болгож нэмэгдүүлсэн нөхцөл байдал нь нийцэхгүй байгаа учраас шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тухайн байгууллага, гуравдагч этгээд, нэхэмжлэгчийг дуудан зөвшилцөлд хүрэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/7420 дугаар албан бичгээр санал хүргүүлдэг. Энэ талаар шийдвэрлэхгүй байгаа учраас шүүхээс олгосон 3 сарын хугацаа дууссан талаар албан бичгээр мэдэгдэж байсан тухай шүүх дүгнэсэн. Ингээд 290 дүгээр тушаал хүчингүй болсон. Захиргааны байгууллага нь сүүлд шийдэгдсэн шийдвэр болон магадлал, тогтоолд заасан үндэслэлээр захиргааны акт гаргах ёстой гэсэн хүрээнд А/141 дүгээр тушаал гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь дээрх тушаалуудыг  хүчингүй болгосон гэсэн тайлбар хэлж байна. Гэхдээ маргааныг шийдвэрлэхдээ тухайн аманд дээрх хоёр компанид анх олгосон хэмжээг нь хэтрүүлэхгүй, багасгахгүй, давхцуулахгүй олгохыг даалгаж шийдвэрлэж байгаа юм. Ингээд тухайн хоёр компанийн эрх ашгийг хөндөхгүйгээр А/141 дүгээр тушаал гарсан. Энэ нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алийнх нь эрх ашгийг хөндөөгүй гарсан захиргааны акт  гарсан гэж харж байна. Мөн нэхэмжлэгч нь бид 3 га газартай байсан гэж тайлбарладаг бөгөөд шүүхэд цугларсан баримтыг болон олон жилийн турш болсон нөхцөл байдлуудыг харвал Э********* ХХК-д 2 га, Э********** ХХК-д 3 га газар гээд дүгнэсэн байхад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Хариуцагчийн зүгээс он цагийн дарааллаар нь гаргасан кадастрын зургийг хэрэгт хавсаргасан ба уг зургаас маш тодорхой харагдана. Нэхэмжлэгчийн сүүлд гаргасан хоёр нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлчихсэн учраас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд тохиролцох асуудлыг удаа дараа тавьж хоёр талын газрын маргааныг шийдвэрлүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдөр уулзалт зохион байгуулсан боловч шийдвэрт хүрээгүй. 10 дугаар сарын 24-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Ийм учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хоёр талыг харилцан тохиролцох боломжоор хангаагүй гэх нөхцөл байдал байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүйн өөр байдлаар тайлбарладаг ба хариуцагч захиргааны байгууллага нь тухайн шийдвэр болон тогтоолд заасны дагуу захиргааны акт гаргаж шийдвэрлэж байгааг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Өмнөх нөхцөл байдлын хувьд 3 сарын хугацаанд захиргааны актаа гаргаж чадаагүй, зөвшилцөлд хүрч чадаагүй, хугацаа дууссан учраас тухайн захиргааны акт нь хүчингүй болж, шинэ захиргааны акт гаргаж шийдвэрлэсэн нь ямар нэгэн байдлаар хоёр талын эрх ашгийг зөрчөөгүй. Хэдийн хариуцагч захиргааны байгууллага 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар шүүхийн шийдвэр нь хүчингүй болсон ч шүүх бүрэлдэхүүний үндэслэл шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл бол бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй шийдсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хүчингүй болгож байгаа үндэслэл нь гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хүчингүй болсон. Тэгэхээр хэрэг маргааныг шүүх үнэн зөв шийдсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г**********, Ч.У********* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар ашиглах эрх нь анх Б.Ц******** гэх иргэн 2005 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 0/175 дугаар тоот гэрчилгээгээр 3 га газар эзэмших эрх нь үүссэн бөгөөд гэрчилгээний хойд хэсэгт 3 га газрын солбицол нь байдаг. Э ХХК нь 2007 онд гэрчилгээ авахад дээрх солбицол нь тодорхой болсон. Э******** ХХК нь 2007 оноос хойш байгуулсан бүх гэрээгээ 2 га газар гэж гэрээ байгуулдаг бөгөөд газрын төлбөрөө төлөхдөө хүртэл 2 га газар гэж төлдөг. Э********* ХХК-ийн хувьд 2011 оны 491 дүгээр тоот тушаалаар 3 га газар эзэмших эрхтэй болсон. 2012, 2013, 2014 оноос эхлэн тухайн газар дээр хашаа хатгасан ба орох гарах гарцаа хаасан байдаг ба машин орох боломжгүй, хүн оруулдаггүй хориг саад тавьсан. 2015 онд Э********* ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0304 магадлал гарсан. Тухайн магадлалд Э******* ХХК нь 2 га газар эзэмших эрхтэй, Э********** ХХК нь 3 га газар эзэмших эрхтэй гэж гарсан ба нэхэмжлэгч компани үүнийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Хүлээн зөвшөөрсөн учраас маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн н.Батцэрэг сайдын тушаал гарч Э****** ХХК-д 3 га газар, Э******** ХХК-д 2 га газар олгосон асуудал юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сард н.Оюунхорол сайд ажлаа өгөхөөсөө өмнө шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр шүүхийн магадлалд Э************** ХХК-д 3 га газар олгохоор заасан байхад 1,31 га газар болгож багасгасан. Шүүхийн шийдвэрийг илт зөрчиж гаргасан шийдвэрт Эз ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж мөн адил Э****** ХХК нь 2 га газар эзэмших эрхтэй, Э********* ХХК нь 3 га газар эзэмших эрхтэй гэж шийдвэрлэгдсэн. Гэхдээ Э*********** ХХК-ийн цаана байгаа н.Б********* сайдын тушаалаар сунгаж өгсөн 1,31 га газар дээр үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг шалгах нь зүйтэй гэсэн шийдвэр гардаг. Энэ нь боломжтой гэдэг нь Э ХХК-д сүүлд газар ашиглах эрх өгснөөр нотлогдож байна. Иймд сунгаж олгосон газар нь үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг холбогдох захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна. Мөн 3 сарын хугацаанд Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон, Байгаль орчин аялал жуулчлалын яаман, Э ХХК-ийн захиралтай зөвшилцөлд хүрэх гэж очиж уулзсан боловч танай компанид ямар нэгэн газар өгөхгүй, манайд газраа өг гэсэн хариу өгч эвлэрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг 3 сарын хугацаа дуусаад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, өмнө нь н.Батцэрэг сайдын тушаалаар Э******** ХХК-д олгосон 3 газар,Э****** ХХК-д олгосон 2 га газрыг солбицлын дагуу олгосон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу гарсан захиргааны акт учраас хууль зүйн үндэслэлтэй. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 онд анхан шатны шүүхийн шийдвэрээр дүгнэхдээ
Э******* ХХК болон “ЭШ******” трейд ХХК хоорондын давхцалтай маргаан бүхий хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлээд 2016 онд Батцэрэг сайдын тушаал гарсан. Тухайн сайдын тушаал нь шүүхийн шийдвэр, магадлал тогтоолын дүгнэлтэд “газар дээр нь үзлэг хийхэд маргаан бүхий газрын жалганы баруун тал нь Э******* ХХК-ийн, зүүн тал нь Эз****** ХХК-ийн газар” гэсэн байдаг. Гэтэл жилийн дараа 2017 онд н.О********* сайд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн бичгийн дагуу буюу огт үндэслэлгүйгээр Э******ХХК-ийн газраас 1,31 га газрыг хасаж эрх ашигт халдсан шийдвэр гаргасан учраас 2017 онд н.О****** сайдын тушаалыг Э ХХК-ийн зүгээс маргаан үүсгэсэн. Ингээд 2018 онд 2 дахь удаагийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, бүхэлд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаад н.О****** сайдын тушаалыг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор  Эз******** ХХК-ийн ашиглаж байгаа 3 га газар нь солбицлын хувьд 2015 онд тодорхой байсан ба Э ХХК-ийн хувьд 2017 онд албан ёсоор гэрчилгээ авснаас хойш буюу 2019 онд солбицол нь тодорхой болсон учраас солбицлын хувьд бүртгэл хяналтыг хийх нь захиргааны байгууллагын бүрэн эрх учраас хоёр байгууллагын эрх ашгийг хөндөхгүйгээр тухайн аманд ямар байдлаар олгох боломжтойг дахин шинээр акт гаргах тухай дүгнэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас уулзалт зохион байгуулсан ба Э****** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ш********* нь 2000 оноос хойш бид тухайн газрыг засаж, цэвэрлэсэн учраас 100% манай компани уг газрыг авах ёстой гэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            11. Гуравдагч этгээд Э********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э**********, түүний өмгөөлөгч У.Э****** нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай "Э***********" ХХК нь "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" Монгол улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35.1 болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад газар ашиглах хүсэлтийг гаргаж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № 1787 тоот санал болон Байгал орчин аялал, жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг үндэслэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газар, Залаатын ам нэртэй газарт 12,395.0 м.кв газрыг “Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" зориулалттайгаар 5 /таван/ жилийн хугацаатайгаар ашиглах эрхийн гэрчилгээг авсан юм. Мөн манай компани нь "Э*********" ХХК-нд давуу байдал олгох болон өөр бусад шалтаг шалтгааны улмаас дээрхи газрыг ашиглах эрхийг олж аваагүй бөгөөд компанийн засаглалын хувьд "Э********" ХХК-тай хамаарал бүхий компани биш болно. Иймд "Э********" ХХК-ийн гаргасан "Э********" ХХК нь өөрт давуу байдал бий болгох зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/141 тоот тушаалаар олгосон жалганы баруун талд байрлах 1,32 га газартай давхцуулан "Э******" ХХК-д 12,395 м.кв газрын ашиглах эрхийг олгуулсан" гэсэн утга бүхий бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ор үндэслэлгүйгээр манай компанийг гүтгэсэн байна. Мөн өөрийн гаргасан шаардлага, гүтгэлгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Ц.Б******** нь дүгнэлтдээ “...Миний бодлоор нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлтэй байна ” гэв.

13. Иргэдийн төлөөлөгч Б *******нь дүгнэлтдээ “...Газрын маргаантай асуудал шийдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд миний бие оролцож дүгнэлт хийхэд хоёр талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э******* ХХК-иас “...шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсоор байтал зарим захиргааны актыг сэргээгээгүй боловч ашиглах эрхтэй болсныг дурдаж, зарим актыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцож байгаа нь эрх зүйн хэм хэмжээний хувьд ойлгомжгүй, биелэгдэх бололцоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийн дор хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг дүр үзүүлэх хуурах байдлаар дахин гаргасан” гэж, хариуцагчаас “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27, 33-36 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгох, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Иргэн хуулийн этгээдийн хүссэн газрыг хүссэн хэмжээгээр нь олгох боломжгүй тул тухайн газрын байршил, байгаль орчны төлөв байдал, орц, гарцын асуудал, газар ашиглах эрх хүсэгчийн төслийн хэрэгжих боломж нөөц, газар ашиглах гэрээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэрэгжилт гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг бөгөөд сайдын 2020 оны А/*** дүгээр тушаал нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэх зорилгоор гаргасан гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э********* ХХК-иас “...маргаан бүхий акт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж гаргасан акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргаж байна.

2. Э********* ХХК-иас гаргасан бие даасан шаардлагын тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаал нь шүүхийн өмнөх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр манай компанийг 3 га ашиглах эрхтэй гэж тогтоосон бөгөөд уг эрх зөрчигдөж, сэргэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж, гуравдагч этгээд Э********* ХХК-иас уг бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүйгээр манай компанийг гүтгэсэн бөгөөд нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргаж байна.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/********* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрт “...”Э*******” ХХК болон Э********* ХХК-ийн газар ашиглах хэн хэнийх нь эрх, ашгийг зөрчихгүйгээр газрын давхцалыг арилгах байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж, Э********** ХХК-д анх 3 га газрыг шилжүүлэн олгосон, Э************ ХХК-д 2 га газар олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-****, 2007 оны **** тушаалын тус компанид холбогдох хэсгийн, Э********* ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг шинээр акт гартал түдгэлзүүлэн шийдвэрлэж,

6. Дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн гаргасан гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 тушаалаар Э******* ХХК-ийн ашиглах эрх бүхий 3 га газрыг багасгаж 1.36 га болгож, харин ЭШБ трейд ХХК-ийн 2 га газрын хэмжээг 2.84 га болгон нэмэгдүүлсэн байна.

7. Э******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 тушаалыг хүчингүй болгуулахаар тэс шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/****** тушаалыг хүчингүй” болгосон байна.

8. Захиргааны хэргийн давж заалд,ах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр магадлалаар “....Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2018/******* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэж өөрчлөн, "2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол Сайдын дээрх тушаал хүчингүй болохыг дурдсугай." гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг "3", 3 дахь заалтын дугаарыг "4" гэж тус тус өөрчилсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

9. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, уг тогтоолын үндэслэх хэсгийн 31 дүгээр заалтад “Хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэдэгт өмнөх шүүхийн шийдвэрийн үед тогтоогдож байсан "давхцал бүхий хэсэг болох жалганы зүүн талд ямар ч барилга баригдаагүй, газар нэмж ашиглуулах боломжтой" гэх нөхцөл байдал одоо байгаа эсэх, өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хамгаалалтын горимыг зөрчихгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын боломж байгаа эсэхийг шалгах, хэрэв ийнхүү газрын солбицол өөрчлөх боломжгүй бол одоо "давхацсан" гэж маргаж байгаа 1.32 га газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд адил тэнцүү хуваан ашиглуулах замаар газрын давхцалыг арилгах нь зүйтэй юм” гэж дүгнэсэн байна.

10. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/****** дугаартай албан бичгээр “...шүүхээс сайдын 2017 оны А/290 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсний дагуу захиргааны байгууллагаас оролцогч 2 талын газрын маргааныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уулзалтыг зохион байгуулсан боловч тохиролцоонд хүрээгүй тул захиргааны шинэ акт гаргаагүй, 3 сарын хугацаа дууссан болох”-ыг мэдэгдсэн байна.

11. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/141 дүгээр тушаалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22/МА2018/******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг үндэслэн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалаар Э******* ХХК-ийн давхцал арилгасан 2 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Э********* ХХК-д олгосон 3 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсугай” гэжээ.

12. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06а/1286 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Э******* ХХК, Э********* ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Залаатын баруун богины аманд байрлах газруудын зурган мэдээллийг үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/141 дүгээр тушаалаар Залаатын богины аманд Э******** ХХК-ийн 2 га, Э********* ХХК-ийн 3 га газар давхцалгүй болох нь тогтоогдож байна.

13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 34 дүгээр зүйлийн 2-д Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно гэж, 36 дугаар зүйлийн 2-д Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ гэж зааснаар захиргааны байгууллага нь газар ашиглуулахдаа газрын солбицлыг тодорхой болгож, хэн нэгний газартай давхцуулахгүйгээр судалсны эцэст тушаал гаргаж, гурвалсан гэрээ байгуулж, газрын мэдээллийн санд бүртгэж хөтлөх үүргийн дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт нийцсэн гэж үзэхээр байна.

14. Мөн давхцал бүхий хэсэг болох жалганы зүүн талд тус шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн барилга баригдаагүй нь тогтоогдсон ба дархан цаазат газрын хамгаалалтын горимыг зөрчихгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын солбицлыг өөрчлөн анх олгогдсон газрын хэмжээг багасгахгүйгээр газар ашиглах боломжтой болгосон нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг биелүүлсэн гэж үзнэ.

15. Нэхэмжлэгчээс Э********* ХХК-ийг анхнаасаа газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч өмнөх шүүхийн шийдвэрээр Э****** ХХК-ийг 2 га газар ашиглах эрхтэй, Б.Ц******-д 3 га газар ашиглуулсныг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн, талууд үүнтэй маргаагүй байна.

16. Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/141 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Гуравдагч этгээд Э********** ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж заажээ.

18. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Э********** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 12395 м.кв газарт аялал жуулчлалын барилга байгууламж барихаар хүсэлт гаргасан газрыг давхцалгүй байна гэсэн албан бичгийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлж, Байгаль орчны яамнаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаартай тушаалаар Э******* ХХК-д олгожээ.

19. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна... гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/681, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06б/995 тоот албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06а/1286 тоот албан бичгүүдийн хавсралтаар ирүүлсэн газрын зурган мэдээллээс үзвэл Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон газар нь Э********* ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй болох нь дээрх дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

20. Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг. Тодруулбал маргаан бүхий акт нь нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүнд чиглэгдсэн байхыг хуулиар шаарддаг бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалаар Э****** ХХК-д газар ашиглах эрх олгосон газар нь Э********** ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй байх тул уг асуудлаар шүүхэд нэхэмжлэх гаргах эрхгүй этгээд үзэхээр байна. 

21. Иймд Э********** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалаар Эс******** ХХК-д газар ашиглах эрх олгосон газар нь Э******************** ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй, уг компанийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

22. Нэгэнт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э******** ХХК-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн тул тус компанийн зүгээс “...захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байхад Э******** ХХК газар олгосон... гэж, гуравдагч этгээд Э************* ХХК-ийн зүгээс ...холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад газар ашиглах хүсэлтээ гаргаж, газар ашиглах эрхтэй болсон” гэж маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй байна.

23.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш**********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*************нар нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “...Шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах шаардлагаасаа хуульд заасны дагуу татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж зааснаар Э**********ХХК-иас “...Шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

24. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид нь дүгнэлтдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Э******* ХХК-ийн бие даасан шаардлага үндэслэлтэй байна гэж үзсэн байх бөгөөд ийнхүү үзсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 109.2 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э****************ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д  заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Эз ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад  холбогдуулан гаргасан “...Шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Э************ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан  олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОДМАА

                    ШҮҮГЧ                          С.ГАНБАТ

                                 ШҮҮГЧ                          Д.ЭРДЭНЭЧИМЭГ