| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 127/2026/0002/З |
| Дугаар | 221/МА2026/0670 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0670
Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн: Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү, Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б******* Нэхэмжлэгч: Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б******* Хариуцагч: Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 127/ШШ2026/0023 дугаар шийдвэр Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ж, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Б.А Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э Хэргийн индекс: 127/2026/0002/З ТОДОРХОЙЛОХ нь: 1. Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б******* нараас Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах-аар маргасан байна. 2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 127/ШШ2026/0023 дугаар шийдвэрээр: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б******* нараас Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 3. Давж заалдах гомдлын агуулга: 3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ... иргэд нөхөрлөлүүдээс бичил уурхай эрхлэх асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Засаг даргаас санал оруулж, уг саналыг Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн сумын З******* багийн нутагт байрлах Х уул нэртэй 49.2 га газрын 14.4 га газрыг хэсэгчлэн чөлөөлсөн нь сумын иргэдийн хуралдаан хууль ёсны дагуу явагдаж, уг хуралдаанаас гаргасан шийдвэр нь дээрх хууль болон хуралдааны дэг, журмаа зөрчөөгүй гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн байна. Захиргааны хэргийн материалд буй Авлигатай тэмцэх газрын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/4284 дүгээр албан бичгээр Хэнтий аймгийн Засаг дарга Д.А хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан тоот хүргүүлсэн байна. Энэхүү албан тоотод ... иргэдээс ирүүлсэн Хэнтий аймгийн сумын З******* багийн нутагт байрлах орон нутгийн хамгаалалтад авсан Хавтгай уул нэртэй 49.2 га газраас бичил уурхай ажиллуулах хүсэлтэй жоншны нөхөрлөлд зориулан 14.4 га газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн шийдвэрийг холбогдох хууль тогтоомж зөрчиж гаргаасан гэх мэдээллийг хүлээн авч ... хянан үзлээ ... 14.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргах хүсэлт өгсөн Х ЗБН, С ЗБН-үүдэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Сы хамаарал бүхий этгээдүүд болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Д, төлөөлөгч Г.П, Н.А, Ц.М нарын төрөл садангийн иргэд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.А, А.Э, Н.Х нарын ерөнхий боловсролын сургуульд нэг ангид суралцаж байсан иргэд хувь эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд дээрх нэр дурдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон төлөөлөгч нараас хуралдаанд оролцохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээ татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргийг хэрэгжүүлэн ажиллаагүй байна гэж дүгнэсэн байдаг. Энэхүү бичгийн нотлох баримтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоол гаргах төлөөлөгчид хуралдахдаа дээрх хуулийн заалтын дагуу нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ (хуралдаанд оролцохдоо) ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг захиргааны шүүх шалгах үүрэгтэй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т зааснаар Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна., 32 дугаар зүйлийн 1-т Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна. Шүүх хуралдаанд оролцогч, нэхэмжлэгч Я.Дгээс дээрх тайлбарыг дэлгэрэнгүй тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна. 3.2. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11-р хуралдааны 52-р тогтоолоор Хавтгай уул нэртэй 49.2 га газраас 14.4 га газрыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.1, 28.2-ыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд орон нутгийн хамгаалалтаас гаргах болсон үндэслэлийг тодруулаагүй, шалтгааныг тайлбарлаагүй, судалгаа шинжилгээ хийгээгүй, малчин иргэдээс санал аваагүй, Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийгээгүй хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй иргэдээс эрх боломжийг олгоогүй, мэдэгдээгүй баримт гаргуулах эрхийг хязгаарлаж тогтоол гаргасан болно гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн гаргасан 14.4 га газар нь нэхэмжлэгч нарын өвөлжөө, хаваржаа, зуслангийн байрлал, малын бэлчээрийн газарт хамааралгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч нотлох баримтуудын эх сурвалжийг заагаагүй хийсвэр байдлаар дүгнэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2-т зааснаар Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулж эргэлзээгүй талаас үнэлэх нь захиргааны шүүхийн үүрэг болно. 3.3. сумын иргэдийн хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан Хавтгай уул нэртэй газарт 2020 онд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 7.000.000 сая төгрөгөөр нөхөн сэргээлт, 2023 онд сумын Засаг даргаас 3.000.000 сая төгрөгийн зардлаар нөхөн сэргээлт тус тус хийж орон нутагт актаар хүлээлгэн өгсөн баримт байдаг бөгөөд Монгол улсын Засгийн газрын тогтоолын (хүчин төгөлдөр үйлчилж байгаа) хавсралтаар батлагдсан "бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.6-д зааснаар "бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно" гэсэн журмын заалтыг зөрчиж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичил уурхай ажиллуулах зорилгоор орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн нь гэж нэхэмжилсэн. Шүүх шийдвэрийнхээ хууль бус тогтоол гаргасан үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 28.3-д "нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох" гэж заасан байдаг. Мөн Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 4.3-д "Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно" гэж заасан байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах эрх байдаг боловч орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөх эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй байхад шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. /Тухайлбал орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх тухай гэсэн шийдвэртээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.1, 28.2 /нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Засгийн газарт уламжлах; гэсэн заалтыг үндэслэсэн/ 3.4. Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай № 52 дугаар тогтоолыг гаргахдаа нэхэмжлэл гаргаж буй иргэдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй эрх нь зөрчигдөж буй иргэдийн тайлбар гаргах баримт бичгийг захиргааны байгууллагад гаргаж өгөх эрхийг хязгаарласан байна. Захиргааны байгууллагаас эрх зүйн акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, бусдын эрх, хууль ёсны шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй байна. Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 127/ШШ2026/0023 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ 1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв. 2. Нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б******* нараас Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ. 2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тус тус зааснаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм. 2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвантавдугаар хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар хуралдааны тогтоолоор Хэнтий аймгийн сумын З******* багийн нутагт байрлах Хавтгай уул нэртэй газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар шийдвэрлэж, орон нутгийн хамгаалалтад авах газрын хилийн цэсийг нэгдүгээр хавсралтаар, талбайн зураглалыг хоёрдугаар хавсралтаар, хамгаалалтын горимыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна. 2.3. Үүний дараа Хэнтий аймгийн сумын Хавтгай уул нэртэй газрыг орон нутгийн хамгаалалтаас чөлөөлж, тусгай хэрэгцээнд авах тухай хүсэлтүүдийг иргэд болон нөхөрлөлүүдээс гаргасныг үндэслэж тус сумын Засаг даргаас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 277, 12 дугаар сарын 10-ны өдрийн 286 дугаар албан бичгүүдээр ... зарим газруудыг орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөх, тусгай хэрэгцээнд авах, бичил уурхай эрхлэгчдийн хүсэлт ... гэсэн саналуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна. 2.4. Улмаар Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын маргаан бүхий 2025 оны 52 дугаар тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалттай газар болох Хавтгай уул нэртэй газрыг хэсэгчлэн чөлөөлж, чөлөөлөх газрын хэмжээг 1 дүгээр хавсралтаар, тойм зургийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байх бөгөөд 1 дүгээр хавсралтад хэсэгчлэн чөлөөлөх талбайн хэмжээг 14.4 га байхаар тусгасан байна. 2.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 4.1.5-д "нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг, 31 дүгээр зүйлийн 31.3-д Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй., 31.4-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэрийн талаар хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно., 33 дугаар зүйлийн 33.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн, 18 дугаар зүйлийн 48.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэж тус тус заасан. 2.6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:1/ өөрийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Засаг даргын илтгэлийг хэлэлцэж зохих шийдвэр гаргах, түүний биелэлтийг хангуулах; 2/ нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Засгийн газарт уламжлах; 3/ нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох гэж тус тус заасан. 2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэнээс сумын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй бөгөөд тус санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэйн дээр хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг тусгай хамгаалалтад авах, ангиллыг нь өөрчлөх талаар шийдвэр гаргах, хилийн зааг болон хамгаалалтын горимыг тогтоох эрх бүхий этгээд байна. 2.8. Энэ тохиолдолд иргэн Д.Нэргүйгээс гаргасан хүсэлт болон түүний санаачилгыг дэмжиж иргэдээс гарын үсэг зурсан нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн байх тул хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус асуудлыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлснийг буруу гэж үзэхээргүй, мөн маргаан бүхий тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалттай газраас зарим газрыг хэсэгчлэн чөлөөлөх замаар хилийн заагийг өөрчлөн тогтоосныг буруу гэж үзэх үндэслэлгүй. 2.9. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 46.9-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэж заасны дагуу Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор хуралдааны дэгийг баталж, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр хуралдааны дотоод журмаар бичил уурхай эрхлэгчдийн хүсэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх санал хураалт явуулахдаа төлөөлөгчид саналаа нууцаар хураахаар шийдвэрлэсэн байна. 2.10. Ийнхүү хуралдааны дэгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө тогтоосны дагуу Хэнтий аймгийн сумын З******* багийн нутагт байрлах Хавтгай уул нэртэй 49.2 га газрын 14.4 га газрыг хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ төлөөлөгч нар нууцаар саналаа хураахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. 2.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Я.Д нь сумын З******* багт ******* нуур, Х*******нэртэй газруудад өвөлжөө, хаваржааны зориулалтаар, нэхэмжлэгч Ж.Б******* нь сумын Ө******* багт Б*******-зүүн *******, ******* нэртэй газруудад өвөлжөө, хаваржааны зориулалтаар, нэхэмжлэгч Б.Д нь сумын З******* багт Г******* нэртэй газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус тус эзэмшлийн газартай байна. 2.12. Харин нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б******* нарт маргаан бүхий Хавтгай уул нэртэй газарт газар эзэмшээгүй байх тул хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоолоор З******* багийн нутагт байрлах Хавтгай уул нэртэй 49.2 га газрын 14.4 га газрыг хэсэгчлэн чөлөөлснийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч нарт сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн ... нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан малчдын өвөлжөө, хаваржаа, зуслангийн байрлалаас эргэн тойронд 5-10 км зайтай бэлчээрлэх газар нутгаа ашигладаг гэж тайлбарлаж, эрх ашиг зөрчигдсөн гэж маргадагтай, орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн гаргасан 14.4 га газар нь нэхэмжлэгч нарын өвөлжөө, хаваржаа, зуслангийн байрлал, малын бэлчээрийн газартай хамааралгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу биш байна. 2.13. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно, 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:, 6.2.1-т бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар гэж зааснаар бэлчээрийг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар, мөн бэлчээрээс бусад газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэхээр хуульчилсан тул нэхэмжлэгч нарын өөрсдийн өвөлжөө хаваржаа, зуслангийн эргэн тойрны 5-10 км зайд бэлчээр ашигладаг, бэлчээр ашиглах боломжгүй болсон гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэн тэдний газар эзэмших, ашиглах аливаа эрх хөндөгдөнө гэж үзэх үндэслэлгүй байна. 2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй, 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан. 2.15. Нэхэмжлэгч нараас анх 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 127/ШЗ2026/0022 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн газартай давхцалтай эсэх асуудлаар маргаагүй, тус асуудалтай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаагүй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу холбогдох баримтуудыг хангалттай цуглуулсан байх тул нэхэмжлэгч нарын ... нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй хийсвэр байдлаар дүгнэсэн, ... тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг ... гэх гомдлыг хүлэн авах боломжгүй. 2.16. Мөн маргаан бүхий Хавтгай уул гэх газарт нөхөн сэргээлт хийхтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэнтийн аймгийн сумын Засаг дарга нар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хэнтий аймгийн сумын нутаг Б******* /Хавтгай уул/ гэх газар хууль бусаар жонш олборлож, эвдрэлд орсон 3 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ-г байгуулсан, мөн тус сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/121 дүгээр Комисс томилох тухай захирамж гарсан байх бөгөөд З******* багийн Хавтгай уул нэртэй эвдрэлд орсон 0.5 га газрын техникийн нөхөн сэргээлтийг гэрээнд заасны дагуу хүлээн авах комисс байгуулж, 2023 оны А/131 дүгээр захирамжаар нөхөн сэргээлтийн ажлын хөлс 3.000.000 төгрөгийг БХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. 2.17. Хэдийгээр тус маргаан бүхий газарт нөхөн сэргээлт хийхтэй холбоотой дээрх ажиллагаануудыг хийж, нөхөн сэргээлтийн зардал гарсан байх боловч хэрэгт авагдсан Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан тухай 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлын хэсгийн илтгэх хуудсаар ... Хавтгай уул нэртэй 14.4 га талбай нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нөхөн сэргээлтийн мэдээллийн санд бүртгэлгүй, эвдэрсэн газрын мэдээллийн санд бүртгэлтэй, Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалын нөхөн сэргээсэн газарт тавих ерөнхий шаардлагыг хангаагүй гэж дурдсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын зүгээс энэ талаар үгүйсгэх нотлох баримт болох нөхөн сэргээсэн газарт бүртгэгдсэн талаарх баримтыг гаргуулах эрх нь нээлттэй байсан байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, энэ үндэслэлээр баримт нотолгоо зааж мэтгэлцээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй юм. 2.18. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь эрх бүхий албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхийг хянаж, шийдвэрлэх, түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага биш тул нэхэмжлэгч нарын ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоол гаргах гаргах төлөөлөгчид хуралдахдаа нийтийн албан тушаалтанд албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг захиргааны хэргийн шүүх шалгах үүрэгтэй гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 2.19. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн, зохих зүйл, заалтыг зөв баримтлаагүй, мөн бичиглэлийн алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 127/ШШ2026/0023 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 48 дугаар зүйлийн 48.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б******* нарын гаргасан Хэнтий аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр хуралдааны Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай 52 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Дгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
| ||||
| |