Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2020/02036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ..... дүүрэг, .... дүгээр хороолол, .... дугаар хорооны ..... тоотод оршин суух, ...... овогт С.У /Р..........4/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын .... дугаар багийн ..... тоотод оршин суух, Ж овогт Б.Д- /Р..........2/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2020/01638/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, онлайнаар нэхэмжлэгч С.У-, хариуцагч Б.Д- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.У- нь 2003 онд Б.Д-той танилцаж 2006 онд гэр бүл болсон ба бидний дундаас 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.Х- төрсөн. Хүүхэд гаргасны дараа Б.Д- нь миний биед халдаж зодож, зан авир нь хувирч элдвээр доромжилж энэ байдал нь улам даамжирч амьсгал боогдуулж ухаан алдуулах, хоолой боох, боогдуулах, зодуулсны улмаас тархиндаа хүртэл гэмтэл авч байсан. 2012 оны 12 дугаар сард 2 дахь хүүхдээ тээж байгаад зодуулсны улмаас 4 сартай жирэмсэн байхдаа хүүхэд маань зулбаж байсан. Энэ байдлаасаа болоод 2 удаа салж тусдаа амьдарч байсан. 2013 онд Өмнөговь аймагт ажиллахаар томилолтоор явах хооронд Б.Д- нь айлын эхнэр хүүхэдтэй нэр холбогдож, архидан согтуурч зугаа цэнгэлд хэт автан ар амьдралаа сүйтгэж эхэлсэн. Энэ үед намайг байгаа газар чинь очиж хутгалж ална гэж маш их заналхийлж дарамталдаг байсан. Мөн Улаанбаатар хотод байдаг манай оффис /албан ажил/ дээр согтуу очиж захирлаас намайг ажлаас халахыг шаардаж хэрүүл маргаан, дарамт үүсгэж байсан. Ингээд 2013 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгаас томилолтоос ирээд хүүгээ авч Б.Д-оос тусдаа амьдарч эхэлсэн. Өнөөдрийг хүртэл энэ хүний дарамт зодуураас зугтан айдас түгшүүртэй хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Цаг үеийн байдлаасаа шалтгаалан амьдралын боломжгүй байдал үүсэж зарим үед үнэн байдлаа хэлэн тусламж хүсэх үед одоо суусан эхнэртэйгээ нийлж хохь чинь өөрөө ийм байдалд хүрсэн гэж доромжлон суусан эхнэр нь мессэж бичиж дарамталдаг болсон. Б.Д- нь 2013 онд шинээр эхнэр авсны дараа надаас гэр бүлээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргаж байсан боловч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай асуудал яригдахад нэхэмжлэлээсээ татгалзаж тэр цагаас хойш надаас байнга зугтааж явах болсон. Үүний дараа би 2019 оны 5 дугаар сарын 19-нд Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч хаяган дээрээ байхгүй байна, эрэн сурвалжлахаар цагдаагийн газарт даалгасан шийдвэр гарсан. Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 05-нд шүүх хурал зарлагдахад Б.Д- нь мөн ирээгүй, би Улаанбаатар хотод ажилтай арагшаа яарч байсан учир нэхэмжлэлээсээ татгалзсан. Б.Д- нь ийм маягаар гэрлэлт цуцлуулах болохоор удаа дараа зугтаж миний хувьд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул ажил төрөл болон хугацаа алдаж байгаа тул Б.Д-ийг өөрийн биеэр нь шүүх хуралд оролцуулж шүүх хурлыг нь хийлгэх хүсэлтэй байна.

Иймд С.У- миний бие Б.Д-оос гэрлэлтээ цуцлуулна. Хүү Д.Х-ыг өөрийн асрамжиндаа авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэхэмжлэл гаргаж байна. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нэхэмжлэл гаргаагүй учраас маргах маргаан байхгүй байна гэв.

Хариуцагч Б.Д- шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд танилцан үерхэж байгаад 2006 онд өрх тусгаарлаж хамтдаа амьдрах болсон. Хамтын амьдралын явцад хүү Хатанбаатар 2009 онд төрсөн. Нэхэмжлэгч дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэж байгаа нь худлаа бөгөөд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд байрлалтай 8*8 харьцаатай бүрэн тавилгатай хашаа байшин байгаа юм. Энэ дундын өмч болох хашаа байшингаас надад ногдох хувь болох 7,000,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт оруулан тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Өмнөговь аймаг руу ажил хийх нэрийдлээр хүүхэд бид хоёрыг орхиж явахад он гартал хүүгээ би харж үлдсэн. Оны дараахан С.У- хүүхдээ авна гэсээр байгаад авч намайг хөөж би өмссөн хувцастайгаа хоцорсон юм. Надад одоо өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй очих хаяггүй ажил хийгээд амьдралаа аваад явдаг. Намайг нэхэмжлэгч зодоод байдаг гэсэн байсан нэхэмжлэгч өөрөө намайг зоддог байсан. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн тал дээр маргах зүйлгүй байх бөгөөд, хүүхдийн тэтгэлэг төлнө. Би хүүхдийн тэтгэлгийг сард сард нь өгч чадахгүй жилд 2 хувааж өгөх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.У- нь хариуцагч Б.Д-ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсноо Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн талаарх гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.Х- төрснийг 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн 0282775-91 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд болон шүүх хурралаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч С.У- нь 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Х-ыг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан гаргасан ба шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Х-ыг эх С.У-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Х-д хариуцагч Б.Д-оос тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Д- нь Хөвсгөл аймгийн .... суманд байрлалтай 8*8 харьцаатай бүрэн тавилгатай хашаа байшин нь бидний гэр бүл болсон цагаас хойш бий болсон дундын өмч юм. Энэ хөрөнгөө шүүхээр хуваалгаж байж би хүүхэддээ тэтгэлэг өгнө гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахаар хэн аль нь шаардлага гаргаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учир зохигчийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах талаар нэхэмжлээгүй, энэхүү асуудлаар хэн аль нь дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Х-ыг эх С.У-ын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Б.Д-ид хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгч С.У-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124.702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оос эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөг байгаагаас 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Х-ыг 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, жилд төлөх тэтгэмжийг тооцоход 206.000х12=2.472.000 төгрөг ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөг нийт 70.200+54.502=124.702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж овогт Б Д-, .... овогт С.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Х-ыг эх С.У-ын асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Х-ыг 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Д-оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах талаар нэхэмжлээгүй, энэхүү асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 124.702 /нэг хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оос 124.702 /нэг хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.У-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Б.Д-ид, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг С.У-д тус тус даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН