| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0045/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бөд холбогдох эрүүгийн 2319004200006 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Г.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минерал бааранд Б.М, Б.И нартай маргалдан, тэдний биед халдаж, улмаар тус баарнаас гарсны дараа өмнө нь үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас 46-81 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Б.М, Б. И нарыг мөргөж Б.Мын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний булууны няцрал, холбоосны суналт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн дээрх цаг хугацаанд, дээрх үйлдлийн улмаас Б.Иийн эрүүл мэндэд баруун өвдөгний үений холбоосны суналт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минерал бааранд Б.М, Б.И нартай маргалдан, тэдний биед халдаж, улмаар тус баарнаас гарсны дараа өмнө нь үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас 46-81 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Б.М, Б. И нарыг мөргөж Б.Мын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний булууны няцрал, холбоосны суналт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн дээрх цаг хугацаанд, дээрх үйлдлийн улмаас Б.Иийн эрүүл мэндэд баруун өвдөгний үений холбоосны суналт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Мын “... Бааранд ороод уух зүйлсээ захиалчхаад текэн дээр очоод хүнтэй уулзаад байж байтал манай найз И бүжгийн талбай дээр хүнтэй муудаад байх шиг болохоор очоод салгах гэтэл Б гэх залуу над руу юм хэлээд байх шиг байсан. Тухайн баарны хөгжим чанга болохоор юу гэж хэлснийг нь сонсоогүй. Намайг баруун гараараа дух хэсэгт 1 удаа бараа зангидаж байгаад цохисон. Тэгсэн чинь нөгөө залууг найзууд нь ирээд салгаж аваад би итгэлийг салгаж аваад ширээн дээрээ очиж суусан. ...Тэгээд Тэрнээс хойш 15-аас 20 минутын дараа И бид хоёр тамхи татах гээд гараад баарны гадаа гарч ирээд зогсож байтал нэг хар өнгийн жижиг машин ирээд И бид хоёрыг мөргөсөн" гэсэн мэдүүлэг /хх 55, 60 ху/, хохирогч Б.Иийн “...Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад юунаас болж хүмүүстэй маргалдсанаа сайн санахгүй байна, нэг мэдсэн 2 залуутай муудаж байхад манай найз М ирээд салгасан. Тэгсэн чинь нөгөө хэдэн залуучууд баарнаас гараад явсан. Тэр залуучуудыг баарнаас гарсны дараа 10-аас 20 минутын дараа М бид хоёр тамхи татах гээд гараад баарны гадаа үүдэнд нь тамхи татаад зогсож байтал нэг хар өнгийн жижиг машин ирээд машинаараа М бид хоёрыг мөргөсөн" гэсэн мэдүүлэг /хх 58, 52 ху/, гэрч Б.Доржнамжимын "...Би машинд суугаад хүлээгээд байж байтал баарны гадаа хувцсаа уруулсан хүн баарны хамгаалагч хэдэн залуучууд гараад ирсэн баарны гадаа муудалцаад зодолдоод байх шиг байхаар нь очоод хартал Б хувцсаа уруулсан хүмүүстэй муудалцаад байж байхаар нь дундуур нь ороод салгасан чинь нөгөө Бтэй муудсан хүмүүс нь над руу уурлаад намайг зодох гээд байхаар нь би Бийн машинд нь очоод суусан. Тэгээд би машинд нь суугаад байж байтал Б, Лхагвасүрэн хоёр баарнаас зогсоол дээрээ ертөнцийн зүгээр баруун тийш алхаад явж байхаар нь би араас машинтай очоод машинд суу явъя гэж хэлээд машинаас буусан чинь Б машинаа өөрөө барьж явна гээд байхаар нь чи машин барьж яах гээд байгаа юм. Би бариад явна гэсэн чинь Б намайг түлхэж байгаад машиндаа суугаад хөдлөөд баар луу буцаад явсан. ...Тэгэхээр би Бийн араас баар луу алхаад очтол Б машинаараа 2 хүн дайрсан байдалтай зогсож байсан" гэсэн мэдүүлэг /хх 64-65 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02/524 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28-29 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02/523 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33-34 ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-14 ху/, эмнэлгийн баримт /хх 30, 35 ху/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 39 ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 41 ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 84-85 ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 86-87 ху/, хөрөнгийн үнэлгээ, гэрэл зураг /хх 90-93 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 98 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Бийн “Хэргийн хувьд маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогч Б.Мт 5.700.000 төгрөгийг, Б.Иэд 5.600.000 төгрөгийг төлсөн. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Г.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Бөд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Иийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мт 5.700.000 төгрөгийг, Б.Иэд 5.600.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь хохирол төлбөргүй талаарх хүсэлтээ ирүүлсэн /хх 101-102 ху/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 46-82 ДГН улсын дугаартай, JZX1106057832 арлын дугаартай, Тоёота марк-2 Х110 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлого болгож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 46-82 ДГН улсын дугаартай, JZX1106057832 арлын дугаартай, Тоёота марк-2 Х110 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлого болгосугай.
7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА