| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
улсын яллагч Ц.Цэрэндулам,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох эрүүгийн 2419000090030 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: А.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.А нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт байрлах Хамрын хийд явах замд А.Нтой үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд зүүн шуу болон богтосны толгой хэсгийн гадна, дотно хажуу холбоос, гадна тэнийлгэгч, дотор нугалагч шөрмөс, 3 толгойн булчингийн урагдал, тохой үений мултрал, булчин, шөрмөс, тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт байрлах Хамрын хийд явах замд А.Нтой үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд зүүн шуу болон богтосны толгой хэсгийн гадна, дотно хажуу холбоос, гадна тэнийлгэгч, дотор нугалагч шөрмөс, 3 толгойн булчингийн урагдал, тохой үений мултрал, булчин, шөрмөс, тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Нын "...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдөр шилжих шөнө Шинэбаяр, Золбаяр, Батцэнгэл, Аын хамтаар 23 цагийн орчимд Улаанбаатар хотоос Сайншанд сум руу машиндаа архи ууж явсан. Архийг Батцэнгэл, А бид гурав хувааж, тэгээд 18-ны өглөө 04 цагийн орчим Хамрын хийд явах зам дагуу зогсож амрахаар болсон... Тэгээд гадаа Ат зодуулж байснаа бол санаад байна. Тэгээд намайг газар дарж унагаагаад зодоод байсан. ...эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн гарын тохой мултарсан, булчингууд нь тасралттай байна гэсэн" гэсэн мэдүүлэг /хх 8-10, 21-22 ху/, гэрч О.Шинэбаярын "...Батцэрэн, Н, А гурав архи уугаад эхэлсэн. ...А, Н нар нь машинаас буусан. ...тэгсэн удалгүй тус, тас гээд хүн зодолдож байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би Золбаяртай буугаад очсон чинь хоёулангаас нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Тэгээд машиндаа оруулж суулгасан чинь чинь Нын аль нэг гар нь эвгүй болчихсон байна гэхээр нь бид нар эмнэлэг орж үзүүлсэн чинь гар нь мултарсан байна гэж байсан" гэсэн мэдүүлэг /хх 23 ху/, гэрч Б.Батцэрэнгийн “...нэг сэрэхэд эмнэлгийн гадаа байсан. Яасан талаар асуухад А, Н нар зодолдсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 26 ху/, гэрч Э.Золбаярын "...А ах болъё уухгүй гээд маргалдаж байгаад машинаас буусан. Тэгсэн чинь Н ах араас нь буугаад удалгүй дип, тап гээд хүн зодолдож байгаа чимээ гараад байхаар нь Шинэбаяр бид 2 бууж харахад Н ах А барьцалдаад газар уначихсан байсан. Тэгээд бид нар салгаад машинд оруулсан чинь Н ахын зүүн гар нь байхаа би сайхан санахгүй байна эвгүй болчихлоо гээд байхаар нь бид нар эмнэлэг орсон. Тэгээд үзүүлчихээд гарыг нь мултарчихсан, буцаагаад хийсэн гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх 28 ху/, шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Н архи уучихаад агсан тавиад Батцэрэнгийн толгой руу...миний толгойн ар хэсэг рүү гарын алгаараа нидрээд байхаар нь зүгээр бай, чи яах гээд байгаа юм, ууж идэж байгаа юмаа жоохон шингээгээрэй, наад гаргаад байгаа зан араншин чинь арай биш байна шүү гэж хэлчихээд би шээхээр машинаас буусан чинь Н миний араас бууж ирээд чи миний ууж идэхийг хорьдог хэн бэ гэж хэлээд надтай барьцалдаж авахаар нь би нүүр рүү нь гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд ахиж барьцалдаж аваад хоёулаа газар унасан. Тэгсэн чинь манай хэд яав гэж гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэрнээс хойш муудаж маргалдаагүй. Машиндаа ороод байж байхад Н нь гар эвгүй болчихлоо гэхээр нь наашаа эмнэлэгт ирж үзүүлсэн" гэсэн мэдүүлэг /хх 30 ху/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1346 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 32-34 ху/, эмнэлгийн баримт, гэрэл зураг хх 35-46 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.Аын “Хэргийн хувьд маргах зүйлгүй. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохиролд 7.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн ба үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 3 хувааж өгөхөөр тохиролцсон. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч А.Аын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлын тодорхой хувийг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Ат танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон талаар хүсэлтээ ирүүлсэн /хх 74 ху/ байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Нт олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Н-д олгосугай.
6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА