Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/02143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ......... сумын ..... дугаар баг ..... тоотод оршин суух, О овогт Д.Э- /Р...........5/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ......... сумын ... дугаар баг ... тоотод оршин Х овогт А.Б- /Р............6/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 155/2020/01651/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч А.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох А.Б-тэй 1995 онд танилцаж үерхэж байгаад 1999 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж бидний дундаас том охин Б.А- 1999 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн одоо 22 настай. Бага охин Б.О- 2009 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн одоо 11 настай. Би 20 жилийн өмнөөс л гэр бүлийн хүчирхийлэлд өртөх болсон. Цохиж зодох, үг хэлээр доромжлох гэх мэт сэтгэл санаа бие махбодь, эдийн засгийн хүчирхийлэлд удаа дараа байлгадаг байсан. Байгаа хөрөнгөө барьцаанд тавьж архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Мөнгө төгрөг авах хэрэг гараад хааяа гарахаар тэр болгонд дайрч давшилдаг. Хүзүүнээс базаад гэмтэл авч байсан удаатай ба эмчид үзүүлэхэд гэмтэлтэй гэж байсан. Шанаа руу дандаа гараа атгаж нудардаг. Байнгын архи дарс ууж найз нөхдөө гэр орондоо дагуулж ирж эд хогшлоо зарж, эвдэж сүйтгэдэг. Гэртээ байнга архи уудаг, найз нөхдөө дагуулж ирдэг. Өсвөр, бага насны эмэгтэй хүүхэдтэй болохоор би айж байна. Согтуу орж ирэхэд нь айж хутга шөвгөө байнга далд хийдэг. Энэ хүнтэй хамт байхад надад үнэхээр хэцүү байдаг. Би өмнөх шүүх хуралдаанд эвлэрүүлэн зуучлагчид хандъя, өөрөө ч гуйгаад байсан болохоор нь боломж олгоод харж үзье гээд зөвшөөрсөн ба эвлэрүүлэн зуучлагч нь нэг юм яриад хажуунаас Б- ч гуйх, аргадах нь зэрэгцээд би аргагүйн эрхэнд эвлэрье гэсэн боловч одоо шүүхийн асуудал цэгцэрсэн гээд 6 хоног тасралтгүй архи ууж намайг дарамталсан. Иймд би энэ хүнтэй цаашид эвлэрч хамт амьдармааргүй байна. Салъя гэснээрээ салж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бага охиноо өөрийнхөө асрамжинд авч эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд 2019 онд баригдсан хашаа байшин 13.000.000 төгрөг, ХӨҮ 24-51 улсын дугаартай портер машин 1 ширхэг 4.300.000 төгрөг, хөргөгч 1 ширхэг 200.000 төгрөг, дуков 1 ширхэг 300.000 төгрөг, өргөн ор 1 ширхэг 450.000 төгрөг, хивс 1 ширхэг 300.000 төгрөг, гагнуурын алх 1 ширхэг 150.000 төгрөг, дружба хөрөө 1 ширхэг 100.000 төгрөг, миксер 1 ширхэг 150.000 төгрөг, өнгөт хавтан 196.000 төгрөг, базаалт 450.000 төгрөг, лампир 220.000 төгрөг, нийт 19.816.000 төгрөгийн хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 14.862.000 төгрөгийг нөхөр А.Б-э гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба эдгээр хөрөнгүүдээс Хөвсгөл аймгийн ......... сумын 3 дугаар багийн 3-20 тоотод байрлах 8х6 хэмжээтэй өвлийн сууцыг хашааны хамт 13.000.000 төгрөг, миксер 150.000 төгрөг, дуков 300.000 төгрөг, нийт 13.450.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч А.Б-эс гаргуулахаар эвлэрэн хэлэлцэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр болох Д.Э-тэй 1996 онд танилцаж үерхэж байгаад 1999 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж айл гэр болж байсан. Бид өнөөдрийг хүртэл хугацаанд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр 1-2 сар тусдаа амьдарч байсныг эс тооцвол 20 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд миний бие Хөвсгөл аймгийн Онцгой байдалд ажиллаж байгаад 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Эхнэр Э-ийн хувьд ажил хийж олон хүнтэй харьцаад байдаггүй. Ажилд орсон ч 1, 2 сар ажиллаад төвөгшөөгөөд гардаг. Ер нь бол гэртээ л байдаг байсан гэж хэлнэ. Бидний хамтын амьдрал дутагдаж гачигдах зүйлгүй сайхан л байсан. Том охин Б.Анх-Эрдэнийгээ би өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой олгодог тэтгэмж мөн уг тэтгэврийн зээлээ авч Япон улсад сургаж байгаа. Би Э-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцаад хариу тайлбараа явуулах гэтэл Э- өргөдлөө буцааж авна, салахгүй гэхээр нь гаргаагүй юм. Учир нь миний бие муу байгаад Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед эхнэр бид хоёр хотод хамт байсан юм. Миний зүгээс эхнэр Д.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцсэн байр суурьтай байна. Одоо би тархины нарийн судасны гурван харвалттай дээр нь зүрхний гол судас бүдүүрсэн, зүрхний нэг хавхлага хаагдсан хагалгаанд орох шаардлага тулгарч байна. Энэ тохиолдолд гэрлэлт цуцлах тухай асуудлыг хоёрт тавьж эрүүл мэндийн байдлаа нэгд тавьж байгаа. хамгий гол нь намайг архи уулаа гэж нэхэмжлэлээ өгсөн байсан. Цалингийн зээл авахаар аваад алга болчихдог. Карт хүртэл аваад нуучихдаг. Өглөө ажилд яваад ирнэ гэр орон заваан замбараагүй, гэр орон хөглөрөөд, хоол унд ч үгүй байж байх нь үнэхээр хэцүү байдаг байсан. Гэрээсээ байнга хулгай хийгээд байдаг. Намайг алъя гэж бодсон уу яасан буруу тариа хүртэл хийж байсан удаатай. Ах дүү нартайгаа нийлэхээрээ сэтгэл санаа нь өөр болчихдог. Миний тархи толгой руу шүүрээр цохидог. Юу ч болоогүй байхад өөрөө л гүйгээд алга болчихдог. Зодсон нүдсэн гээд хэлж ярьж байгааг нь сонсоход үнэндээ гомдмоор байна. Миний мөнгө төгрөгийг байнга хурааж аваад хот руу явдаг. Тэтгэврийн зээлээ хүртэл сунгуулж зээл авч өгдөг, бүгдийг нь аваад явчихдаг байсан. Энэ хүний аав нь миний тархи руу цохиж гар мэдээгүй болтол зодож байсан удаатай. Гэрчлэх хүн ч байгаа. надаас салаад цаашид яаж амьдрах хүн юм бол. Одоохондоо дүүгийндээ бялууны цехэд нь ажиллаж байгаа боловч сүүлдээ яах ч юм билээ мэдэхгүй. Ингээд хорин жил амьдарчихаад ийм зүйл гаргаж байгаад нь гомдож байна. Энэ жилээс би 3, 4 өдөр уучихаад больчихдог, архи уухгүй байя гэж лам, бөө, дал тариа хүртэл хийлгэж байсан. Угаасаа би сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Ийм өвчтэй гэдгээ нотлох, картаа хүртэл энэ шүүх хуралд авч ирэх байлаа. Гэтэл энэ хүн муу санаатай, өнөө өглөө л надад шүүх хуралтай гэдгийг хэлж дагуулж ирж байгаа юм. Амьдрах гэж би их зүтгэсэн. Машин хүртэл 7, 8 сая төгрөгөөр авч өгч байсныг шатаагаад хаясан. Энэ хүн өөрөө надад үгээ хэлдэггүй, би л далан булчирхайгаа тоочиж байдаг. Би зүрхний хүнд хагалгаанд орох гэж байгааг энэ хүн ч мэдэж байгаа ба нэг үгээр хэлбэл нэг өвчтэй хүн асрахаасаа халгаж гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаж байгаа юм. одоо би салахгүй, гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хүүхэд хүртэл зан нь өөр болчихдог юм байна. Дахин архи дарс уухгүй гэдгээ би баталгаажуулаад өгсөн ч болно. Бид хоёр хоёулаа гэр бүлийн хичээл сургалтанд хамрагдмаар байна. Бас миний бие ч өвчтэй байна. ...Шүүхээс гэрлэлтийг цуцаллаа гэхэд би охиноо ээжийнх нь асрамжинд өгөх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс надад өгөхгүй гэх зүйл байхгүй. Хашаа байшин болоод нэхэмжилсэн эд хөрөнгийн үнийн дүнд маргаад байх зүйл байхгүй. Хашаа байшингаа 13.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг мөн дуков, миксер гаргуулна гэдгийг би зөвшөөрч байна. Гэхдээ би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 14.862.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн ......... сумын иргэний гэр бүлийн байдлын 4-рт бүртгэсэн 118/000426 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 1999 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин Б.А- төрсөн болох нь 118/000427 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, Х овогт А Б-, О овогт Д Э- нарын гэр бүлд 2009 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б- овогтой Оюун-Эрдэнэ төрснийг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ......... сумын 338-рт бүртгэсэн 115/006974 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч А.Б- нь согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийн гишүүд нь бие биедээ халдах, хүч хэрэглэх, айлгах, сүрдүүлэх зэрэг байдлаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ЗШ/373 дугаартай А.Б-д шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын цахим лавлагааны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч А.Б- шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авч эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх боловч энэхүү гэрээ нь хуульд нийцээгүй буюу талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2009 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.О- хүүхдэд тавих эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан эх Д.Э-ийн асрамжид үлдээж, охин Б.О-д эцэг А.Б-эс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед дараах байдлаар эвлэрэн тохиролцсон болно. Үүнд: Хариуцагч А.Б-эс Хөвсгөл аймгийн ......... сумын 3 дугаар багийн 3-20 тоотод байрлах 6*8 хэмжээтэй өвлийн сууц, хашааны хамт 13.000.000 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий миксер, 350.000 төгрөгийн үнэ бүхий дуков, нийт 13.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э- болон охин Б.А-, Б.О- нарт олгох, хариуцагч А.Б- өмчлөлд 4.300.000 төгрөгийн үнэ бүхий портер маркийн автомашин, 200.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, 350.000 төгрөгийн үнэ бүхий өргөн ор, 200.000 төгрөгийн үнэ бүхий хивс, 100.000 төгрөгийн үнэ бүхий дружба хөрөө, нийт 5.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2009 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.О- эх Д.Э-ийн  асрамжинд үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу 14.862.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 232.260 төгрөг, нийт 356.962 төгрөгийг төлөхөөс 336.674 төгрөгийг төлж, 20.288 төгрөгийг дутуу төлснийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч А.Б-эс гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу 13.450.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 225.200 төгрөг, нийт 70.200+54.502+225.200=349.902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4-т зааснаар Х овогт А Б- /Р............6/, О овогт Д Э- /Р...........5/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.О- эх Д.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.О- 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б-эс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч А.Б-эс 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн ......... сумын 3 дугаар багийн 3-20 тоотод байрлах 6*8 хэмжээтэй өвлийн орон сууц хашааны хамт, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий миксер 1 ширхэг, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий дуков 1 ширхэг, нийт 13.450.000 /арван гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-, охин Б.А-, Б.О- нарт олгож, хариуцагч А.Б-д 4.300.000 төгрөгийн үнэ бүхий портер маркийн автомашин 1 ширхэг, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1 ширхэг, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий өргөн ор 1 ширхэг, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хивс 1 ширхэг, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий дружба хөрөө 1 ширхэг, нийт 5.150.000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336.674 /гурван зуун гучин зургаан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 20.288 /хорин мянга хоёр зуун наян найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч А.Б-эс 349.902 /гурван зуун дөчин есөн мянга есөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг А.Б-, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Э- нарт тус тус даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН