Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Ш.Буянбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.Буянбатад холбогдох 2432000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт багийн Тосгоны 10-3 тоотод оршин суудаг, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тоггоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/48 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/31 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Иөншөөбү овгийн Шагдарсүрэнгийн Буянбат /РД:МБ73010516/

           Шүүгдэгч Ш.Буянбат нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 59 тоотод байх иргэн Л.Гантулгын гэрт тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас түүнтэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна булан, дагзны хуйханд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацрын дээд хэсэгт цус хуралт, хамрын нурууны дээд хэсэг, хамрын баруун тал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Буянбатын өгсөн:...2023 оны 12 сарын 18-нд шөнө 11-12 цагт Бямбадөл гэдэг хүний хамт  Гантулгынд очсон. Тэгээд нэг шил архи хувааж уугаад, хоорондоо маргалдаад нүүр хэсэгт нь тохойгоороо нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Толгой дээр нь гараараа цохисон. Тэгээд Гантулга гарч яваад цагдаа дуудсан. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Л.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ унтаж байсан чинь гаднаас Буянбат нэг залуугийн хамт орж ирээд "архи уух уу" гэхээр нь "уухгүй" гэж хэлээд хэвтэж байсан чинь хажууд тамхи татаад байхаар нь "битгий тамхи тат" гэж хэлсэн чинь Буянбат уурлаад миний нүүр лүү цохиод, зодоод байхаар нь би гараад зугтчихсан юм. Тэгээд хүүхэдтэйгээ гар утсаар нь яриад хэлсэн. Намайг Буянбат цохиж зодсон. Би бол Буянбатыг зодож цохисон зүйл байхгүй. ...Нээх маргалдах шалтгаан болоогүй, "тамхи татлаа" гэсэн чинь уурлаад "энэ их том хулгайч байна" гээд зодчихсон. Өөр зүйл болоогүй. ...Модонд явах гэж ирсэн юм. Би бол нээх сайн таньдаггүй юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ" гэсэн мэдүүлэг /Хх-ийн 08 дугаар хуудас/,

Гэрч Б.Бямбадөлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр модонд явах гээд хүн дутаад байхаар нь танил ах Буянбатыг дуудсан байсан. Өдөр нь Буянбат ах ирээд "Гантулга ахын усанд нь явж өгөөд, айлд хувцасаа тавьчихсан" гэхээр нь Буянбат ах бид хоёр гараад явсан. Буцаад орой нь Гантулга ахын гэрт нь 1 шил архи аваад очсон. Тал архийг нь бид гурав хувааж угаад Гантулга ах, Буянбат ах хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би тал шил архийг нь гаргаад хаячихсан. Тэгээд бие засчихаад ороод ирсэн чинь Гантулга ахын дээр нь Буянбат ах гарчихсан зууралдчихсан байж байсан, тэгээд би салгаад Гантулга ах гараад явсан. Би бол яг Буянбат ах Гантулга ахыг цохих үед нь хараагүй юм. Намайг орж ирэхэд цохиолцож, зодолдох нь дуусчихсан зууралцаад байж байсан.. ...Архи уугаад хоорондоо үг яриа нь таарахгүй байсан, тэгээд л маргалдаж, зодолдсон байх" гэсэн мэдүүлэг /Хх-ийн 10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Буянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 12 сарын 18-ны өдөр 14 цагийн үед би Ганаа /Гантулга/ гэх хүний гэрт очиход Ганаа, Бямбадөл нар архи уучихсан байсан. Тэгээд би Бямбадөлийг аваад модонд явах ажлаар гарсан чинь модонд авч явах хүн маань модонд явчихсан байхаар нь 1 шил архи аваад Ганаагийн гэрт нь очсон чинь Ганаа ганцаараа байж байсан. Тэгээд 1 шил архийг нь Ганаа, Бямбадөл бид гурав хувааж уух явцдаа Ганаатай бид хоёр яриа таарахгүйгээс болж маргалдаж муудалцаад, зодолдоод би тохойгоороо Ганаагийн нүүр, хамар хэсэгт нь 2 удаа тохойлдоод авсан. Тэгээд Ганаа гэрээсээ гараад явсан. Би гэрт нь байж байсан, Бямбадөл мөн гэр дотор нь байсан. Ганаа бид хоёрыг маргалдаж зодолдох үед Бямбадөл хажууд байсан болохоос нийлж зодолдож цохилцсон зүйл байхгүй. ...Архи ууж байгаад яриа таарахгүй маргалдаж муудалцаад зодолдсон юм. Тэрнээс бол бид нар хамт модонд явах гэж байсан юм" гэсэн мэдүүлэг /Хх-ийн 21 дүгээр хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №14 ...... Дүгнэлт:

1.Л.Гантулгын биед зүүн нүдний гадна булан, дагзны хуйханд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацрын дээд хэсэгт цус хуралт, хамрын нурууны дээд хэсэг, хамрын баруун тал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байх боломжтой.

3. Дээрх цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 13-14-р хуудас/

Шүүгдэгч Ш.Буянбатын иргэний үнэмлэхний мэдээлэл /Хх-н 42 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Буянбатын гэрлэлтийн тухай мэдээлэл /Хх-н 43 дугаар хуудас/

Ш.Буянбат нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ш.Буянбатын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.Буянбат нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 59 тоотод байх иргэн Л.Гантулгын гэрт тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас түүнтэй маргалдан улмаар түүний зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна булан, дагзны хуйханд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацрын дээд хэсэгт цус хуралт, хамрын нурууны дээд хэсэг, хамрын баруун тал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээс гадна хохирогч Л.Гантулгын мэдүүлэг /Хх-ийн 08 дугаар хуудас/, гэрч Б.Бямбадөлийн мэдүүлэг /Хх-ийн 10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №14 дугаартай дүгнэлт /Хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ш.Буянбат нь хохирогч Л.Гантулгын биед зүүн нүдний гадна булан, дагзны хуйханд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацрын дээд хэсэгт цус хуралт, хамрын нурууны дээд хэсэг, хамрын баруун тал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ш.Буянбатын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Буянбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Л.Гантулга нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ш.Буянбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

            1.Шүүгдэгч Иөншөөбү овгийн Шагдарсүрэнгийн Буянбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Буянбатыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Буянбат нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Буянбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагданзүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ш.Буянбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Буянбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.