| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Б.Баттөр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Баттөрд холбогдох 2432000020009 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн А-13г тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, өмнөх хорих ялыг нэмж нэгтгэн 02 жил 03 сар 28 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Буянбатын Баттөр /РД:М378082372/
Шүүгдэгч Б.Баттөр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулаг А-13г тоотод байх өөрийн гэртэй тухай үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Алтантуяатай маргалдаж, түүнийг цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттөрийн өгсөн ….Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Д.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2023оны 12 дугаар сарын 05-ныорой21 цагөнгөрч байхад хамтран амьдрагч Б.Баттөрийн хамтаар түүний найз Мөнхбатын гэрт бид хоёр очсон. Гэрт нь очиход Мөнхбат гэх залуу 0.75 шилтэй 1 шил хараа архи задалсан. Уг архинаас би 2 хундага архи уусан. Үлдэгдэл архийг Мөнхбат, Б.Баттөр нар хоёулаа хувааж уусан. Би дахиж нэмж уугаагүй. Мөнхбатын гэрээс Б.Баттөр бид хоёр 23 цагийн үед гарч гэртээ ирээд сууж байтал 2023 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан Б.Баттөр миний гар утсыг ямар ч шалтгаангүй надаас булааж авсан. Би түүнээс "чи яахаараа миний утсыг авах ёстой юм, утсаа авья" гэж хэлтэл намайг түлхээд унагаахаар нь би босох гэтэл миний нүүрэн тус газар руу Б.Баттөр хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. "Ингээд гар утсаа аваарай" гэж хэлээд миний гар утсыг газар савсан. Би дахиж нэмж зодож магадгүй гэж бодоод гэрээсээ гараад хажуугийн хөрш Алтанцэцэгийн эгчийн гэрт ороод цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Гуталгүй байсан. Хөл нүцгэн байсан учир надад учруулсан гэмтэл нь гайгүй үлдсэн. ...Миний гар утас ажиллахгүй байгаа. "Чи миний утсыг эвдсэн шүү" гэж хэлтэл Б.Баттөр "шинэ гар утас авч өгнө" гэж хэлсэн. Би түүнээс шалгагдаж байгаа хэрэг дээр утасны талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр утсаа өөрсдөө янзлах юм. ...Өөр хүн байгаагүй бид хоёр байсан. ...Архи уухаараа агсам соггуу тавиад байдаг. Өмнө миний бие эрх чөлөөнд халдаж, цохиж зодож байсан зүйл байхгүй. ...Би хамтран амьдрагч Б.Баттөрөөс нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнд гомдол санал байхгүй. Бие эрх чөлөөнд халдсан учир цагдаад өгөхгүй бол дараа нь дахиад зодож магадгүй гэж бодоод энэ удаад шалгуулж байгаа юм гэсэн мэдүүэг /Хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2023 оны 12 дугаар сарын 06-нд шилжих 01 цагийн орчим байшингийн цонх цохиод байхаар нь босоод хартал миний төрсөн дүү Д.Алтантуяа байсан. Би хаалга онгойлгоод түүнийг гэрт оруулаад юу болсон талаар асуухад "сая Б.Баттөр миний нүүр рүү цохиод, намайг зодоод байна" гэсэн. Түүний хэлснээр "хажууд нь цагдаад дуудлага өгч чадсангүй, нэмж зодох байх гэж бодоод ороод ирлээ" гэж хэлэхээр нь бид хоёр цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Өмнө нь тийм зүйл болсон талаар хэлж байгаагүй. 2023 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө зодуулчихсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /Хх-ийн 33 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 08 ...... Дүгнэлт:
1. Д.Алтантуяагийн биед баруун нүдний дээд зовхи, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэгт, хамрын нуруунд цус хуралт, хамрын нурууны дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдийг нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх /Хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Баттөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 57 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Баттөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 58 дугаар хуудас/
Б.Баттөрийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд ял шийтгэлтэй Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 43 дугаар хуудас/
Хохирогч Д.Алтануяагийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 73 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Баттөрийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 72 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Баттөр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулаг А-13г тоотод байх өөрийн гэртэй тухай үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Алтантуяатай маргалдаж, түүнийг цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Алтантуяагийн мэдүүлэг /Хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг, /Хх-ийн 33 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 08 дугаартай дүгнэлт /Хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Баттөр нь хохирогч Д.Алтанцэцэгийн биед баруун нүдний дээд зовхи, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэгт, хамрын нуруунд цус хуралт, хамрын нурууны дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Баттөр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Баттөрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баттөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Д.Алтантуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Буянбатын Баттөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баттөрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Баттөр нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Баттөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагданзүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Баттөрд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.