| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/25 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч А.Гэрэлмаа
Шүүгдэгч Ц.Наранцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Наранцэцэгт холбогдох 2132001600056 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан суманд 1959 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 65 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар гудамж 5-6 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
- 1979 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн А-д зааснаар 01 жил хорих ялыг тэнсэж хянан харгалзсан
- 1983 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн Б, 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар
- 1987 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б, 110 дугаар зүйлийн Б-д зааснаар 06 жилийн хорих ялаар
- 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар
- 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар, өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 08 жилийн хорих ялыг нэмж бүгд 13 жилийн хугацаагаар хорих ялаар
- 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар
- 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар
- 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 941 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халиун овогт Цэрэн-Очирын Наранцэцэг.
Шүүгдэгч Ц.Наранцэцэг нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Турк улсаас бараа захиалж өгнө, байранд оруулж өгнө гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Юмхүүгээс 26800000 төгрөг, Г.Энхболороос 7150000 төгрөг, А.Гэрэлмаагаас 5950000 төгрөг, нийт 39900000 төгрөгийг иргэн Ц.Янжмаагийн эзэмшлийн ХААН банкны 5001483434 тоот дансаар болон өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Наранцэцэгийн өгсөн …... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэх мэдүүлэг
Хохирогч А.Гэрэлмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2020 онд би Замын-Үүд суманд ажилладаг байсан. Ээж Янжмаа Зүүнхараад ганцаараа амьдардаг байсан. Нэг удаа ээж утсаар яриад ашгүй хамт байх нэг хүнтэй боллоо надад туслаад амар байна гэж хэлээд Наранцэцэг гэдэг хүнийг утсаар танилцуулсан. Тэгээд түүнээс хойш өдөр бүр утсаар харилцдаг болж бидний итгэлийг олох болсон. Өөрийгөө Намбарын Энхбаярын хамаатан гэж хэлээд намын журмаар байранд оруулж өгнө гэж хэлээд урьдчилгаа 15 сая төгрөг олж өг гэж хэлсэн. Би баага багаар нь цувуулж өгсөөр нийт 5950000 төгрөг төлсөн. 2021 оны 08 дугаар сард утсаар яриад би Замын-Үүд сум руу явах гэж байна гэж утсаар хэлсэн. Үүнээс өмнө над руу өөр нэг утаснаас та 3 өрөө байранд орох эрхтэй боллоо гэсэн мессежийг хүртэл ирүүлж байсан. 2021 оны 08 дугаар сард би 50000 төгрөгийг Ц.Наранцэцэг эгч рүү шилжүүлсэн. Одоо нийт 5950000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Юмхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би Янжмаа гэх хүний бэр нь байна. Наранцэцэг гэх эмэгтэй 2020 онд манай хадам ээж Янжмаагийн гэрт хэсэг хугацаанд хамт амьдарсан. Энэ хугацаанд өөрийгөө Бадлангийн Нарантуяа гэдэг Намбарын Энхбаярын авга дүү нь гэж байсан. Тэгээд манай хадам ээжид хүүхдүүдийг чинь намын шугамаар бэлэгний байранд оруулж өгнө гэж худлаа ярьж итгүүлээд ээжээр дамжуулж эхлээд Дархан-Уул аймагт 4 өрөө байрыг 16 сая төгрөгөөр ав гэж надаас 2021 оны 01 дүгээр сарын 22-нд урьдчилгаа гэж 5 сая төгрөг, 03 дугаар сарын эхээр 4 сая төгрөг, 03 дугаар сарын сүүлээр байрны гэрчилгээ захиалах гэж байна гээд 1 сая төгрөг нийтдээ 10 сая төгрөг шилжүүлж авсан. Дараа нь дахиад 2021 оны 06 дугаар сард 16 сая төгрөг дансаар шилжүүлж авсан.... Тэгээд 2021 оны 08 дугаар сард утсаа салгаад сураггүй болсон... Мөн Турк бараа захиалж зар гээд чатаар баахан зураг явуулаад байсан тул найздаа үзүүлсэн. Тэгээд манай найз ээмэг авмаар байна гээд 600000 төгрөг, каргоны 100000 төгрөг, нийт 700000 төгрөг Наранцэцэг эгч рүү шилжүүлсэн. .. 2021 оны 08 дугаар сарын 28-нд 99634629 дугаараар нь холбогдож 100000 төгрөг шилжүүлээд маргаашнаас дахин холбогдож чатлаагүй гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Хохирогч Г.Энхболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Энэ үед хадам ээжийнд амьдарч байсан Наранцэцэг гэх эмэгтэй Турк улсаас алтан эдлэл болон хивс хивсэнцэр оруулж ирдэг мөн дүнзэн байшин барьдаг талаар ярьж байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр алтан эдлэл захиалахаар хадам ээжийн данс руу 1150000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ирэх болоогүй юм чинь гээд бодоод байж байхад Наранцэцэг гэх эмэгтэй миний гар утас руу залгаад хивс хивсэнцэр захиалах уу гэж яриад мөн чатаар холбогдож чиний захиалсан бараа ирсэн гээд миний нэрийг бичсэн цаасан хайрцагтай юм үзүүлсэн. Тэгээд би итгээд дахин хивс хивсэнцэр захиалаад 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ээжийн дансаар 800000 төгрөг шилжүүлсэн. Мөн надаас 2650000 төгрөг ээжийн дансаар шилжүүлж авсан. Дахин 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байшингийн мөнгө гээд ээжийн дансаар 2500000 төгрөгийг шилжүүлж авсан. Мөн дахин мөнгөний хэрэг болсон гээд ээжийн дансаар 50000 төгрөг шилжүүлж авсан. .. Надад нийт 7150000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/
Гэрч Ц.Янжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…….. Дараа нь над руу утсаар ярьж байгаад 10 дугаар сард ирж надтай хамт амьдарна гэж хэлж ирээд 2021 оны 08 дугаар сар хүртэл надтай хамт байсан. Нарантуяа нь надтай хамт байхдаа хямдхан байранд таныг оруулаад өгье гэж хэлээд 2021 оны 02 дугаар сард хүү Билэгээс 11 сая төгрөг, дараа нь дахиж 16 сая төгрөг, охин Гэрэлмаагаас 5 сая төгрөг, манай бэр Энхболороос 7 сая төгрөг, байрны ордерийн мөнгө гэж хэлээд 2 сая төгрөг тус тус хямдхан байранд оруулж өгнө гээд худлаа хэлж залилж авсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/
Ц.Янжмаагийн эзэмшлийн 5001483434 дугаартай ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /Хх-н 43-49 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Наранцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н м85 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Наранцэцэгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 86 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Наранцэцэгийн үлдэж байгаа ял нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр 01 жил 11 сар 03 хоног байна гэсэн 407 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн ялын тооцооны тодорхойлолт /Хх-н 165 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Наранцэцэг нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Турк улсаас алтан эдлэл, бараа захиалж өгнө, хямдхан байранд намын шугамаар оруулж өгнө гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Юмхүүгээс 26800000 төгрөг, Г.Энхболороос 7150000 төгрөг, А.Гэрэлмаагаас 5950000 төгрөг, нийт 39900000 төгрөгийг иргэн Ц.Янжмаагийн эзэмшлийн ХААН банкны 5001483434 тоот дансаар болон өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар шилжүүлэн авсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Наранцэцэг нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шунахай сэдэлттэй шууд санаатай тодорхой үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Наранцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Наранцэцэгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 26800000 /хорин зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Дархан-уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, ГД-207 тоотод оршин суух, хохирогч Болдын Юмхүүд, 7150000 /долоон сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2 дугаар баг, 1-43 тоотод оршин суух хохирогч Галтын Энхболорт, 5950000 /таван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2 дугаар баг, Шалганы 3-24 тоотод оршин суух хохирогч Алтангэрэлийн Гэрэлмаад тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Наранцэцэгийн эдлээгүй үлдэж байгаа ял нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр 01 жил 11 сар 03 хоногийн хорих ял байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорьсон тул 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 20 хоногийг үлдэж байгаа 01 жил 11 сар 03 хоногоос хасч тооцоход 01 жил 10 сар 13 хонгийн хорих ял болж байх ба түүнд энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 02 жил 10 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх, 02 жил 10 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Наранцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халиун овогт Цэрэн-Очирын Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодмит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Наранцэцэгийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Наранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн № 2023/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 10 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Наранцэцэгт оногдуулсан 02 жил 10 сар 13 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Наранцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Наранцэцэгээс 26800000 /хорин зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Дархан-уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, ГД-207 тоотод оршин суух, хохирогч Болдын Юмхүүд , 7150000 /долоон сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2 дугаар баг, 1-43 тоотод оршин суух хохирогч Галтын Энхболорт, 5950000 /таван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2 дугаар баг, Шалганы 3-24 тоотод оршин суух хохирогч Алтангэрэлийн Гэрэлмаад тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Наранцэцэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.