Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/01536

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр                     Дугаар 142/ШШ2019/01536                                  Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *******-д холбогдох   

280 984 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40583480 тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжний үлдэгдэл төлбөрт 231 000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 49 984 төгрөг буюу нийт 280 984 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Л овогтой А би 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Мобиком ХХК-аас интернет төхөөрөмжийг сарын төлөлт болох 25 000 төгрөг төлж ашиглах зориулалтаар гэрээ хийж авсан. Тухайн үед уг төхөөрөмжийг үнэ төлбөргүй тараасан бөгөөд шүүхэд өгсөн нэхэмжлэлд төхөөрөмжийн төлбөр болох 231 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төхөөрөмжийг ашигласан боловч төлөлт хийгдээгүй, хэрэглээний төлбөр болох 49 984 төгрөг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******т холбогдуулан 280 984 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлээс хэрэглээний төлбөр 49 984 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

******* нь “*******” ХХК-с 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Wifi Router төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцөлөөр 59 000 төгрөгөөр худалдан авсан байх ба, нэхэмжлэгч нь уг төлбөрийг ******* төлсөн гэж тайлбарласан.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...******* нь тухайн Дата багцыг 24 сар тасралтгүй ашиглах ёстой байсан. Датаг 24 сар тасралтгүй ашигласан бол 59 000 төгрөгөөр авах байсан. Гэрээний 6.3, 6.4-т зааснаар хариуцагч 24 сар Датаг тасралтгүй ашиглаагүй тул төхөрөөмжийн үнийг бүрэн төлөх, дээр нь үүрэн холбооны дараа төлбөрт хэрэглээний төлбөрт 49 984 төгрөг нийт 280 984 төгрөг төлөхөөр байгаа... гэсэн.

Хариуцагч: ...тухайн үед төхөөрөмжийг үнэгүй тавьж байгаа гэж тайлбарласан. Сар бүр төлөөгүй тохиолдолд төхөөрөмжийн үнийг бүрэн авна гэсэн гэрээ хийгээгүй. Тиймээс 2 сарын ярианы төлбөр 49 984 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэсэн тайлбар гаргасан.

Хэрэгт ирсэн Үйлчилгээний 40583480 дугаартай гэрээнд талууд төхөөрөмжийн үнийг хэрхэн яаж төлөх, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг 24 сар тасралтгүй Датаг багцыг ашиглаж төлбөрөө төлсөн байх, Дата багцыг ашиглаж төлбөрөө сар бүр төлөөгүй тохиолдолд төхөөрөмжийн үнийг бүтнээр авахаар тохиролцсон гэж үзэхээргүй байна.

Харин 40583480 дугаартай Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, шинээр авч буй үйлчилгээний мэдээлэл гэх /хх-4/ баримтанд: дугаар *******, багц 60мгв, бүртгэлийн хураамж 0, барьцаа 0, гэрээ /үйлчилгээний хугацаа/ 24 сар, төхөөрөмжийн марк Router, хөнгөлттэй үнэ 59 000 гэж бичигджээ.

Дээрх баримтаас үзэхэд төхөөрөмжийг барьцаагүй, төлбөрийн хураамжгүй, хөнгөлттэй үнээр буюу 59 000 төгрөгөөр олгосон гэж үзэхээр байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байх ба, шүүх нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд хариуцагч *******аас дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 49 984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 231 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.               

Нэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 080 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжаар 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 49 984 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 231 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 080 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА