Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 17

 

Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0017/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Н.Амаржаргал,

Хохирогч У-, Б-, Бо-, М-,

Шүүгдэгч Г-, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, хохирогч У-, Бо-, Б-, М- нарын давж заалдах гомдлоор Г-т холбогдох эрүүгийн 1940000340027 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын 21 дүгээр байрны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт П-н Г нь

“ТОСК” ТӨҮГ-т борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 09 тоотод оршин суугч С-гийн түрээсийн төлбөр 5000000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 23, 200000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15, 105000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “ТОСК”-ийн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д-гаар дамжуулан өөрийн ХААН банкны 5020626958 дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 5305000 төгрөгийн,

- Бор-Өндөр суманд шинээр баригдсан 52 дугаар байрны 10 тоотын оршин суугч У-ын байрны түрээсийн төлбөр 6000000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 23, 500000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 02, 540000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 06, 500000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01, 2015 оны 8 дугаар сарын 31, 450000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30, 500000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 04, 300000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 03, 500000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01, 240000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16, 550000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30, 500000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 21, 470000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 30, 490000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29, 610000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 27, 500000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 02, 220000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 24, 500000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30, 450000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31, 500000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 26, 2016 оны 11 дүгээр сарын 30, 550000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20, 500000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, 450000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31, 490000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 03, 500000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 30, 2017 оны 8 дугаар сарын 31, 2017 оны 9 дүгээр сарын 28, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд, 300000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30, 500000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 23, 2018 оны 3 дугаар сарын 26, 2018 оны 4 дүгээр сарын 18, 490000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 31, 1000000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 6, 200000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01, 400000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Д-гаар дамжуулан өөрийн ХААН банкны 5020626958 дугаарын данс руу нийт 24700000 төгрөгийг,

 - Бор-Өндөр суманд шинээр баригдсан 52 дугаар байрны 18 тоотын оршин суугч Б-ын байрны түрээсийн төлбөр болох 280000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 17, 95000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 18, 280000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 23, 2017 оны 7 дугаар сарын 03, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрүүдэд, 840000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31, 280000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 13, 2018 оны 3 саруудад, 2017 оны 8 дугаар сарын 23, 2017 оны 9 дүгээр сарын 05, 560000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 03, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Д-гаар дамжуулан өөрийн ХААН банкны 5020626958 дугаартай данс руу нийт 4015000 төгрөгийг,

- Бор-Өндөр суманд шинээр баригдсан 52 дугаар байрны 14 тоотын оршин суугч Бо-гийн түрээсийн төлбөр 740000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 02, 1500000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 06, 280000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 08, 250000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 11, 280000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10, 1300000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 06, 1900000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 09, 150000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 27, 220000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд Д-гнаар дамжуулан өөрийн ХААН банкны 5020626958 дугаарын данс руу нийт 6620000 төгрөгийг,

- Бор-Өндөр суманд шинээр баригдсан 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч М-ийн байрны түрээсийн төлбөр 840000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 07, 200000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 23, 2017 оны 01 дүгээр сарын 10, 2018 оны 01 дүгээр сарын 02, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд, 5000000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 03, 280000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 27, 200000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд Д-гаар дамжуулан өөрийн ХААН банкны 5020626958 дугаарын данс руу нийт 7120000 төгрөгийг авч бүгд 47760000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж, шунахай сэдэлтээр санаатай үйлдэн залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч М овогт П-н Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М овогт П-н Г-ийг 03 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г-оос 5305000 төгрөгийг гаргуулж хохирогч И овогт Б-н С-д, 2415000 төгрөгийг гаргуулж хохирогч Б овогт Н-н Б-д, 4840000 төгрөгийг гаргуулж хохирогч Б-н овогт Д-н М-т, 5420000 төгрөгийг гаргуулж хохирогч Б овогт Г-н Бо-д, 22500000 төгрөгийг гаргуулж О овогт Х-н У-ад тус тус олгож, хохирогч Бо-, У- нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г- давж заалдах гомдолдоо: Миний бие хохирогч нарт нийт 17760000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс миний “ТОСК” ТӨҮГ-ын дансанд тушаасан төлбөрийг хасч тооцоогүй. Энэ талаар мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд дурдсан боловч “ТОСК” ТӨҮГ нь хэрэгт холбогдолгүй гэж үзээд иргэдийн түрээсийг хуримтлуулсан дансыг баталгаажуулан хэрэгт хавсаргасан байсан. “ТОСК” ТӨҮГ нь борлуулалтын болон түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түрээсийн төлбөрийг Төрийн банкны 343200413090 тоот дансаар, борлуулалтын орлогыг ХААН банкны 5099007040, Төрийн банкны 100000309289, 104400343831 тоот данснуудад хуримтлуулдаг байсан. Түрээсийн 343200413090 тоот дансны мэдээллийг 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, борлуулалтын 104400343831 тоот дансны мэдээллийг 2015 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, ХААН банкны 5099007040 тоот дансны мэдээллийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус тус хуулбарлаж хэрэгт хавсаргасан байсан. Харин Төрийн банкны 100000309289 тоот дансны хуулга хэрэгт авагдаагүй байх тул “ТОСК” ТӨҮГ-ын санхүүгийн мэргэжилтнээр баталгаажуулж хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна. Мөн “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-аас “ТОСК” ТӨҮГ болон өөрчлөгдөх хугацаанд байгууллагын дансанд хэний төлбөр болох нь тодорхойгүй 700 гаруй сая төгрөгийн орлого төвлөрч, иргэдээс авах авлага 400 гаруй сая төгрөг болсон бөгөөд санхүүгийн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд үүний учрыг олохоо больж тулган боож байсан. Энэ мэтчилэн нэр, байрны тоот зөрснөөс болж байгууллагын дансанд орсон мөнгө зарим тохиолдолд тушаасан иргэний нэр дээр бүртгэгдэхгүй байх тохиолдол гарч байсан тул санхүүгийн шалгалт хийлгүүлэх хүсэлттэй байна.   

Анхан шатны шүүх гэрч, хохирогч нарын санаатай болон санамсаргүйгээр худал мэдүүлсэн, шүүгдэгчийг илтэд гүтгэсэн мэдүүлгүүдийг үндэслэн намайг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд улсын яллагчийн зүгээс “албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэдгийг хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдсон гэж үзсэн. Гэтэл надад хохирогч нарт дарамт шахалт үзүүлсэн удаа байхгүй. Харин хохирогч нарыг байранд оруулсныхаа дараа тэдгээрээс мөнгө авсан тул “нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж бодож байна. Албан тушаалын байдлаа ашигласан эсэх талаар надаас тайлбар авч, нотлох баримт гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэргийн материалтай бүрэн танилцуулаагүй, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдтэй танилцаж, тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, өмгөөлөгч авахуулаагүй, эрх үүргээ бүрэн ойлгоогүйн улмаас байцаагчийн тавьсан асуултад хариулж байсан байснаас өөрт байсан нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, өөрийн үйлдлийн талаар тайлбарыг бүрэн өгч чадаагүй.

“ТОСК” ТӨҮГ-аас шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн хэдий ч ерөнхий нягтлан бодогч болон түрээс хариуцсан мэргэжилтний баталгаажуулж өгсөн баримтуудад алдаатай баримтууд байсан.

Тухайлбал хохирогч Бо-гийн түрээсийн төлбөр дээр зөрүү гардаг. 1-р хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд Бо-гийн нэр дээр 2015 оны 9 дүгээр сарын 21-нд 360000, 2016 оны 01 дүгээр сарын 21-нд 120000, 2016 оны 02 дугаар сарын 01-нд 120000 төгрөг, Бо-гийн нөхөр гэх С-с 2015 оны 10 дугаар сарын 14-нд 150000, 2014 оны 01 дүгээр сарын 13-нд 150000 төгрөг, нийт 900000 төгрөгийг борлуулалтын 104400343831 тоот дансанд орсон гэж үзэн “ТОСК” ТӨҮГ-аас баталгаажуулсан байсан. Хэрэв С-г Бо-гийн нөхөр гэж үзсэн бол 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түүний тушаасан 450000 төгрөгийг мөн бүртгэх ёстой байсан.

1-р хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд 2017 оны 01 дүгээр сарын 30-нд 210000, 2017 оны 3 дугаар сарын 15-нд 420000, 2014 оны 3 дугаар сарын 30-нд 420000, 2017 оны 4 дүгээр сарын 28-нд 210000 төгрөг, нийт 1260000 төгрөгийг “ТОСК” ТӨҮГ-н дансанд тушаасан баримт дээр Д- гарын үсэг зурж Бо-гийн өмнөөс төлбөр тушаасан байсан. Энэ 1260000 төгрөгийг Бо-гийн нэр дээр бүртгээгүй. Байгууллагын балансаас харахад Бо- түрээсийн 343200413090 тоот дансанд 2016 оны 7 дугаар сарын 28-нд 840000, 281000, 2016 оны 9 дүгээр сарын 22-нд 280000, 2017 оны 02 дугаар сарын 02-нд 1120000 төгрөг, нийт 2520000 төгрөгийг тушаасан. Бо-гийн нэр дээр “ТОСК” ТӨҮГ-ын борлуулалтын 104400343831 тоот дансанд 1350000, түрээсийн 343200413090 тоот дансанд 2520000 төгрөг, нийт 3870000 төгрөгийг тушаасан гэж “ТОСК” ТӨҮГ-аас нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хохирогч Бо- 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Би 52 дугаар байрны 13, 14 тоотуудад байхдаа нийт 11960000 төгрөг төлсөн, үүнээс 4500000 төгрөг нь  “ТОСК” ТӨҮГ-н дансанд орсон, үлдсэн нь борлуулалтын менежер Г-ийн дансанд орсон” гэж мэдүүлдэг /1хх-н 101-102х/. Үүн дээр С-с тушаасан гэх 450000 төгрөгийг нэмбэл 3870000 төгрөг болох бөгөөд үүнийг Бо-гийн төлсөн гэх 11960000 төгрөгөөс хасвал 809000 үлдэнэ. Гэтэл хохирогч Бо- 11960000 төгрөгөөс 4500000 төгрөгийг хасаад 7960000 төгрөгийг надаас нэхэмжилсэн бөгөөд нэхэмжилсэн 7960000 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй.  

1-р хавтаст хэргийн 223 дугаар хуудсанд хохирогч Б-ийн нэр дээр нийт 3825000 төгрөгийг тушаасан гэж “ТОСК” ТӨҮГ-аас баталгаажуулсан. Уг 3825000 төгрөгийн 2985000 төгрөг нь түрээсийн 343200413090 тоот дансанд орсон. Үлдсэн 840000 төгрөгийг аль банкны хэдэн тоот дансанд орсныг баталгаажуулаагүй атлаа байгууллагын өглөг, авлагын дансанд бүртгэсэн байсан.  2985000 төгрөгийг түрээсийн 343200413090 тоот дансанд тушаасан, харин 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан гэх 568000, 280000 төгрөгийг ямар дансанд тушаасан гэдэг нь тодорхойгүй байна.

Хохирогч Б- “5020626958 тоот дансыг Г-ийн данс гэж мэдээгүй, байгууллагын данс гэж бодоод төлбөрөө хийсэн” гэж мэдүүлдэг. Хохирогч нартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 5.2-т “хөлслөгч нь энэ гэрээнд заасны дагуу сар бүрийн 20-ны дотор багтаан түрээсийн төлбөрийг Төрийн банкны 104400343831 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд хохирогч нар гэрээтэйгээ танилцаагүй. Мөн хохирогч У- 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “гэрээнд заасан Төрийн банкны 100000309289 тоот данс руу байрны төлбөрөө хийх гэтэл борлуулалтын ажилтан Д- энэ дансанд мөнгө хийж болохгүй, сангийн данс биш, Г-оос данс асуу гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. У-тай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээнд борлуулалтын 100000309289 тоот дансанд төлбөр төлөх талаар тодорхой заасан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед “ТОСК” ТӨҮГ-н түрээсийн 343200413090 тоот данс, борлуулалтын 5099007040, 100000309289, 104400343831 тоот данснууд хэвийн ажиллагаатай иргэдийн төлбөрийг хүлээн авч байсан.

Миний бие Говь-Алтай аймгийн харьяат Ч гэх хүнээс 1500000 төгрөг зээлснийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул уг хэргийг 1940000340027 дугаартай хэрэгтэй нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна.

2020 оны 4 дүгээр сард хохирол барагдуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, хөдөө яваад замдаа саатаж шүүхийн дуудсан цагаас хоцорч ирсэн бөгөөд үүний улмаас 2020 оны 02 дугаар сараас хойш цагдан хоригдсон. Хохирол барагдуулахаар явж байсан нөхцөл байдлыг минь хүндэтгэн үзэж надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.

Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогч нарт мөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж хохирлын хэмжээ болон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэхийг хуульд нийцүүлэн бүрэн шалгаж, гэм буруутай эсэх талаар гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүдэд дүн шинжилгээ хийж, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдолдоо: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Г-т холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Тухайн хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хаана, яаж үйлдэгдсэн нь тодорхойгүй байна. Тухайлбал эрүүгийн 1940000340027, 1940000220028, 1940000360029, 1940001200030, 1840001200030, 1940000370032 дугаартай хэргүүдэд Г-ийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолд гэмт хэргийг хаана, ямар аргаар, албан тушаалын байдлаа хэрхэн ашиглан үйлдсэн талаар тодорхой бичигдээгүй байх ба эрүүгийн хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн прокурорын яллах дүгнэлт дээр ч гэмт хэрэг хаана, хэрхэн үйлдэгдсэн талаар тодорхой бичигдээгүй байна. Өөрөөр хэлбэл Г- хаана байдаг, ямар банкны дансаар, албан тушаалын байдлаа хэрхэн ашиглан хохирогч нараас мөнгө залилан авсан нь тодорхойгүй байна.

Шүүхээс Г-ийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Г-ийг “ТОСК” ТӨҮГ-т ажиллаж байсныг нотлохоос биш түүнийг албан тушаалаа хэрхэн, ямар аргаар ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгааг нотлохгүй. Мөн Г- нь нийтийн албан тушаалтан мөн эсэхийг тогтоосон баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

“ТОСК” ТӨҮГ нь 2015 оноос 2019 оныг хүртэл өөрийн ажилтан Г-ийн ажилд хэрхэн хяналт тавьж байсан, энэ хугацаанд удаа дараа ирж ажлыг нь шалгадаг байсан талаар гэрчүүд мэдүүлдэг боловч дээрх баримтууд нь хэрэгт авагдаагүй, шалгалт явуулж байсан гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй байна. “ТОСК” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд Г-ийн ажил үүрэгт хяналт тавиагүй нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон учраас “ТОСК” ТӨҮГ-ыг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэж байна.

Г-ийн үйлдлүүдийн зарим нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн тул аль хуулиар нь зүйлчилбэл шүүгдэгчид ашигтай байхыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийг хэрхэн буцаан хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргүүдийг хооронд нь нэгтгэж шалгасан боловч энэ талаар яллагдагч Г-т тухайн цаг үедээ мэдэгдээгүй, яллагдагчийн тогтоолд гомдол гаргах эрхийг хангаагүй, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй байна.  

Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр У гэгчийг тогтоосон боловч тэрээр одоо “ТОСК” ТӨҮГ-т ажилладаг эсэх нь тодорхойгүй, хэргийг шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаахдаа хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох талаар захирамжид тодорхой тусгасан боловч дээрх заалт биелэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл “ТОСК” ТӨҮГ-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, дараа нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, түүнээс мэдүүлэг авах ёстой боловч мөрдөн шалгах ажиллагаа буруу явуулсан.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон 1-р хавтаст хэргийн 153-159, 174-215, 222-223, 2-р хавтаст хэргийн 2-12, 35-36, 38-103, 147-53, 210-211 дэх хуудаснуудад авагдсан бичмэл нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй, бичмэл нотлох баримтуудыг эх хувиар нь авах боломжгүй бол мөрдөгч, прокурор тэмдэглэл үйлдэж хувилж аван хавтаст хэрэгт тусгах талаар заасан хуулийн шаардлагыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

194000370032 дугаартай хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг дээд шатны прокурорын тогтоолоор хүчингүй болгосон атал тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэлгүйгээр орхисон. Өөрөөр хэлбэл Г-т холбогдох 1 үйлдлийг 2 байгууллага шалгаж, прокуророос дээрх 1 үйлдэлд нь 2 удаа 194000370032, 184001200030 дугаартай яллагдагчаар татсан тогтоол үйлдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөн мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд шүүгдэгчийг хэргийн материалтай танилцуулаагүй, өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй зэргээр мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч У-, Бо-, Б-, М- нар давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б “ТОСК”-ийн хөрөнгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ууганбаярыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан ба Ууганбаяр мэдүүлэгтээ “ТОСК нь Г-оос Бор-Өндөр суманд байгаа 20 айлын оршин суугчдаас авсан түрээсийн болон борлуулалтын төлбөр мөнгийг гаргуулж авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ. Гэтэл шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, бидэнд учирсан хохирлыг шүүгдэгч Г-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь биднийг дахин хохироох нөхцөл байдалд хүргэж  байна. Учир нь “ТОСК” ТӨҮГ-аас “анхан шатны шүүх та бүхэнд учирсан хохирлыг шүүгдэгч Г-оос гаргуулахаар шийдвэрлэсэн учир Г- руу шилжүүлсэн мөнгөө манай байгууллагад төлөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Бидний хувьд “ТОСК” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд болох борлуулалтын менежер Г-, орон нутаг хариуцсан ажилтан Д- нараар дамжуулан “ТОСК” ТӨҮГ-т түрээсийн төлбөрөө гэрээний үүргийн дагуу төлсөн гэж үзэж байгаа учир хохирлыг бид биш “ТОСК” ТӨҮГ Г-оос гаргуулах ёстой байсан. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг зөрчсөн байна.

Д- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Бо-гаас над руу шилжүүлсэн мөнгийг дансанд орж ирэхээр нь шууд Г-ийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Байрны түрээс гэж над руу шилжүүлсэн мөнгөнөөс нь хувьдаа завшиж, хэрэглэж байсан удаа байхгүй, мөнгө орж ирэхээр нь шууд Г- руу шилжүүлдэг байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Д-гийн ХААН банкны дансны хуулгыг харахад 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч У-аас байрын мөнгө хийхэд тус өдөрт нь Г-ийн 5020626958 тоот дансанд 400000 төгрөг шилжүүлсэн /хх-ийн 105 хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д-гийн дансны үлдэгдэл 9069 төгрөг байсан бөгөөд хохирогч Бо-гаас 210000 төгрөг шилжүүлснийг Г- руу шилжүүлэлгүйгээр бага багаар зарлагадсаар 92000 төгрөг болсон /хх-ийн 107 хуудас/, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 99674949 дугаараас 420000 төгрөг шилжүүлэхэд мөн Г- руу шилжүүлээгүй /хх-ийн 108 хуудас/, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 99674949 дугаараас байрны урьдчилгаа 1530000 төгрөг шилжүүлэхэд Г-ийн данс руу 1500000 төгрөг шилжүүлсэн, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр У-аас 500000 төгрөг шилжүүлэхэд Г-ийн данс руу 450000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Д- нь энэ мэтчилэн олон гүйлгээнээс завшсан, зарим мөнгийг нь шилжүүлээгүй, өөртөө бага багаар ашигласан байгаа нь Д-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байна. Д-гийн дансыг нягтлан шалгаагүй, зөвхөн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч Г-, гэрч Д- нар нь хохирогч У-аас баримтаар дутсан 300000 төгрөг, хохирогч Бо-гаас баримтаар дутсан 840000 төгрөгийг бэлнээр хүлээн авснаа хүлээн зөвшөөрч бичгээр баталгаа гаргаж өгсөн ба нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөхөд мөрдөн байцаалтын шатанд өгөөгүй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч У- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 52 дугаар байрны 10 тоотыг худалдаж авахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 6000000 төгрөгийг Д-гийн дансанд хийсэн. Тухайн үед аль дансанд төлбөр хийх талаар Г-оос асуухад “Д-гийн дансанд төлбөрөө хийж бай, бид нар дансыг нь хянаж байдаг” гэж хэлсэн. Би сар бүр 500000 төгрөгийг Д-гийн дансанд хийдэг байсан бөгөөд Д- Г-ийн данс руу шилжүүлж байгаа гэж хэлдэг байсан. Би Д-гийн дансанд нийт 25000000 төгрөг хийсэн. Сар бүр 500000 төгрөг төлдөг байсан учир 300000 төгрөг дутах боломжгүй. Би “ТОСК” ТӨҮГ-р хохирлоо гаргуулна. Учир нь Д-, Г- хоёр “ТОСК” ТӨҮГ-н борлуулалтын ажилтан бөгөөд байгууллагаас нь жилдээ 2-3 удаа шалгалт хийдэг байсан. Мөн надтай байгуулсан орон сууц худалдан авах гэрээнд 1м2-ыг нь 1150000 төгрөгөөр бодсон байсан бөгөөд бусад айлуудтай байгуулсан гэрээнд 1м2-ыг 1000000 төгрөгөөр бодож гэрээ байгуулсан байсан. Үүний зөрүү 9500000 төгрөгийг “ТОСК” ТӨҮГ-аас надаас нэхэмжилсэн. Энэ талаар Г-оос асуухад хуурамч гэрээ хийсэн гэж хэлсэн. Иймд түрээсийн төлбөр 25000000, гэрээний үнийн зөрүү 9500000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Бо- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцанд 2015 оны 9 дүгээр сард нүүж орсон. 2016 оны 8 дугаар сард “ТОСК” ТӨҮГ-аас хүмүүс ирж “үнийн дүн болон түрээсийн төлбөр төлөх данс өөрчлөгдсөн” гэж хэлсэн. Д-гаас төлбөр төлөх данс асуухаар янз бүрийн шалтаг хэлээд өгдөггүй, өөрөө тушаачихъя гээд бэлэн мөнгө авдаг байсан. 2017 оны 4 дүгээр сард байрныхаа м2-ыг томруулж 52 дугаар байрны 14 тоотод нүүж орсон. Сүхбаатар гэх хүний тушаасан мөнгө 52 дугаар байрны 14 тоотод өмнө байсан айлын төлбөр байсан. Д- биднээс шилжүүлсэн төлбөрийг Г-ийн данс руу шилжүүлэхдээ дутуу шилжүүлж дундаас нь завшсан байх тул Д-г шалгуулах хүсэлттэй байна. Мөн “ТОСК” ТӨҮГ-ыг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хохирогч Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 52 дугаар байрны 18 тоотыг түрээсэлдэг. Борлуулалтын ажилтан Д- “төлбөр тушаах данс өөрчлөгдсөн” гэж хэлээд 5020626958 тоот дансыг өгсөн. Тухайн үед 5020626958 тоот дансыг Г-ийн данс гэдгийг мэдээгүй, түрээсийн төлбөр төлөхдөө мэдсэн. Энэ талаар Д-гаас асуухад “Г- олон сум хариуцаж ажиллаж байгаа болохоор хэнээс хэдэн төгрөг хийж байгааг нь хянах зорилгоор төлбөрийг өөрийнхөө дансанд хийлгэж байгаа, Г- өөрөө “ТОСК” ТӨҮГ-н дансанд хийнэ” гэж хэлсэн. Мөн Г-ийг Бор-Өндөр суманд ирэхэд нь энэ талаар асуухад “Д-гийн хэлсэн дансанд түрээсийн төлбөрөө хийж бай” гэж хэлсэн. 840000 төгрөгийн хувьд борлуулалтын 5099007040 тоот дансанд хийсэн. Г- надад 4015000 төгрөгийн хохирол учруулснаас 1600000 төгрөгийг төлсөн. Иймд үлдсэн 2415000 төгрөгийг “ТОСК” ТӨҮГ болон Г-ийн аль нэгнээс гаргуулах хүсэлттэй байна гэжээ

Хохирогч М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 8 дугаар сарын 2-нд 52 дугаар байрын 02 тоотод нүүж орсон бөгөөд анх орохдоо Д-д 840000 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 9 сараас 2018 оны 2 сар хүртэл нийт 1280000 төгрөгийг Д-д бэлнээр өгсөн. Мөн 5000000 төгрөгийг Д-гийн нөхрийн дансанд хийсэн. Д- байрны төлбөрийг надаас бэлнээр авдаг байсан тул Д-г шалгуулах хүсэлттэй байна гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг дутуу шалгасан гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт гаргасан боловч шалгуулах зүйл нь тодорхойгүй байна. Г- нь “ТОСК” ТӨҮГ-ын борлуулалтын ажилтан байгаагүй бол тус гэмт хэргийг үйлдэх боломжгүй байсан. Иймд эрх бүхий албан тушаалтан гэдгээр нь бус албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг хүндрүүлсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан ялын санкцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын санкц нь хөнгөн, шүүгдэгч нь үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн байх тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримталж яллах дүгнэлт үйлдсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг нэгтгэсэн тогтоолыг яллагдагчид танилцуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Гэхдээ хэргийг нэмж нэгтгэснээс хойш 2 жил гаруй хугацаанд шүүгдэгч нь хэргийн материалтай олон удаа танилцсан учир эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолтой танилцсан гэж үзэж байна.

 “ТОСК” ТӨҮГ-ын хариуцлагагүйн /шалгалт хийсэн гэх/ улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байдаг учир Г-ийн үйлдсэн залилангийн гэмт хэргийг “ТОСК” ТӨҮГ-д халдаах нь зохисгүй юм. Нэг гомдлоор хоёр хэрэг нээн зэрэг шалгасан гэж байна. Нэг гомдолд хоёр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсныг дээд шатны прокурор хүчингүй болгосон.

Шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн бодитоор тогтоогоогүй гэж байна. Хавтаст хэргийн хүрээнд Г-ийн ХААН банкны 5020626958 тоот дансанд нэр бүхий хохирогч нараас тушаасан мөнгийг тогтоосон. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад дурдагдаж буй хохирол, төлбөрийн тухай асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын аль аль нь дурдаж байгаагүй. Мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүх хуралдааны шатанд  “зөрүүтэй шалгуулах зүйл байна уу” гэж шүүгдэгчээс асуухад “шалгуулах зүйл байхгүй, миний дансанд энэ бүх мөнгө орсон, би аваад үрчихсэн” гэж хэлж байсан. Хохирогч Бо-, У- нар нь 300000, 750000 төгрөгийн хохирол төлбөр дутуу байна гэж ярьдаг. Би хохирол төлбөрийг тогтоохдоо хуулийн дагуу нотлох баримтын хүрээнд шалгаж тогтоосон. Нотлох баримтаар тогтоогдоогүй хохирлыг шүүх гаргах үндэслэлгүй. Хохирогч нар нь Д- нь өөрийн дансанд орсон мөнгөнөөс авч хэрэглэсэн гэх боловч энэ асуудал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Д- нь “би мөнгө орсон эсэхэд хяналт тавих субьект биш, борлуулалтын ажилтан. Тухайн үед хохирогч нарын түрээсийн мөнгийг ямар дансанд тушаах талаар Г-оос асуухад “өөрийнхөө дансанд хийлгэчих, ...би чамд ажил үүргийн чиглэл өгч байна” гэж хэлсэн. Над руу орж ирсэн мөнгийг би Г-ийн дансанд хийдэг байсан” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлдэг. Д-г Г-той бүлэглэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгахад тогтоогдоогүй. Шүүгдэгч нь нэр бүхий хохирогч нараас 47760000 төгрөгийг авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Г-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, хохирогч У-, Бо-, Б-, М- нарын давж заалдах гомдлоор Г-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг нотолж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх Г-ийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай болжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн зарим зүйл заалт хангагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тус тус заажээ.  

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байх бөгөөд Г- нь тухайн гэмт хэрэг гарах үед “ТОСК” ТӨҮГ-д борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан /ажилд томилох тухай тушаал /2хх 4-25х/, ажлын байрны тодорхойлолт /2хх 26-28х/, хөдөлмөрийн гэрээ /2хх 29-34х/ байх тул хэрэгт “ТОСК” ТӨҮГ-ыг иргэний хариуцагчаар татаж, “ТОСК” ТӨҮГ-аас Д-, Г- нарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн гэх хүмүүсийг гэрчээр байцааж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, Г-ийн үйлдэлд Д-гийн оролцоо байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 329 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирогч У-, Бо- нарын хохирлын хэмжээ нь У-, Бо- нарын гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, ХААН банкны орлогын мэдүүлгүүд,  хохирогч Бо-гийн 5946198760 тоот дансны хуулга /1хх-ийн 75-77 хуудас/, Г.Энхбатын 6946136554 тоот дансны хуулга /2хх-ийн 210-211 хуудас/, Д-гийн 5945037076 тоот дансны хуулга /2хх-ийн 105-131 хуудас/, Г-ийн 5020626958 тоот дансны хуулга /2хх-ийн 224-150, 3хх-ийн 1-3 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад дурдсанаас зөрүүтэй, хохирогч нараас Д- нь бэлнээр төлбөрийг авдаг байсан, өөрт нь дансаар  шилжүүлсэн /2хх-ийн 105-131 хуудас/ түрээсийн төлбөрийг Д- нь Г-ийн дансанд бүрэн шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байх тул санхүүгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах зүйтэй байна.    

Г- нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад түүнээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэсэн заалтыг зөрчсөн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-т заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эдгээр мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Г-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, хохирогч У-, Бо-, Б-, М- нарын давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасугай. 

2. Хэргийг прокурорт очтол Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА