Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Гэрч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч С.Янжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Янжинлхамд холбогдох 2332000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын № 32 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Сүхбаатарын Янжинлхам. /РД:МИ94021307/

Шүүгдэгч С.Янжинлхамаас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор 14902000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Амартүвшинд төлөхөөр шийдвэрлэсэн боловч С.Янжинлхам нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч А.Амартүвшинд төлбөр төлөөгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Янжинлхамын өгсөн …… 2023 оны 03 дугаар сард би Амартүвшинд 14 сая төгрөг төлөх шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023 оны 06 дугаар сард намайг дуудахаар нь шийдвэр гүйцэтгэгч Б.Цэндмаа дээр очсон. Надаас тухайн үед төлбөрийг яаж төлөх вэ гэхээр нь би жирэмсэн, ажилгүй байгаа гэдгээ хэлэхэд надад ажлын 5 хоногт багтаан төлбөрийг төлөх мэдэгдэл өгсөн. Ажлын 5 хоногт төлөх боломжгүй байна сар бүр төлье гэхэд бид нар банк биш гэж хэлсэн. Тэгээд миний эд хөрөнгийн талаар лавлагаа авна гэсэн. Би хадам ээжийнхээ малыг малладаг. 2023 оны 06 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч Х.Цэцэгсайхан, Б.Цэндмаа нар хүрч ирээд малыг чинь битүүмжилнэ гэхээр нь энэ хадам ээжийн мал гэж хэлсэн. Надад чиний нэр дээр тоолуулсан мал байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад шалгуулна гэхээр нь тэ тэг гэж хэлсэн. Төрсөн эгч миний нэр дээр мал тоолуулаад намайг малчнаар тэтгэвэрт гарахад хэрэг болно гэж байсан гэх мэдүүлэг

Гэрч Б.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... 2022 оны мал тооллогоор иргэн С.Янжинлхамын малыг тоолсон. Иргэн С.Янжинлхам нь би өөр дээрээ мал тоолуулмаар байна тэтгэвэрт гарахад хэрэгтэй юм байна гэж хэлж байсан. Мөн хадлангийн талбайтай болоход ч хэрэгтэй юм байна гэж байсан. Тэгээд малыг нь тоолохоор Янжинлхамын гэрт 2 удаа очиход байхгүй байсан. Бид малаа тоолж дуусаад боолт хийж байгаад Янжинлхамыг гэнэт санаад утсаар залгахад үнээгээ сааж байна гэсэн. Тэгээд би утсаар малыг нь тоолчихоод ирж гарын үсэг зураарай гэсэн. 2023 оны 05 дугаар сарын дундуур Янжинлхам утасдаад миний нэр дээр малын татвар гарчихлаа устгуулж болох уу гэж асуухаар нь үгүй ээ болохгүй гэж хэлсэн. Малыг нь нүд үзэж тоолоогүй, мөн мал тоолсон талаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь миний буруу гэх мэдүүлэг болон  талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Б.Цэндмаагийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... тэгсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Янжинлхамын нэр дээр үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй. Тогтмол цалин орлогогүй байсан. Тэгээд би Янжинлхамын нэр дээр малын А данс байдаг эсэх лавлагааг авах зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн засаг дарга, нийгмийн ажилтан нартай холбогдоход засаг дарга нь амарчихсан гэж байсан болохоор нийгмийн ажилтан Мөнхсүлдээс Янжинлхамын малын А дансны мэдээллийг албан бичгээр гаргуулан авсан. Тэгэхэд Янжинлхам нь 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 11, үхэр 18 нийт 29 толгой мал тоолуулсан байсан. Ийм учраас би би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 20 минутанд Янжинлхамын нэр дээрх малыг битүүмжлэх зорилготой Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын № 34 тоотод очиход миний мал биш манай хадам ээжийнх би айлын мал малладаг гээд төлбөр төлөхгүй, та нар чаддаг юм бол надаас мөнгө гаргуулж ав гээд өөдөөс орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би Янжинлхамд за та хөрөнгийн мэдүүлэг худал мэдээлсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж шалгуулна гэсэн чинь Янжинлхам тэгээ тэг та нар цагдаагийн байгууллагатай хамтраад ч надаас нэг ч төгрөг салгаж чадахгүй гээд байсан. Тийм учраас би цагдаагийн байгууллагад энэ талаар албан бичгээр гомдол гаргаж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/

Гэрч Б.Мөнхсүлдийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Цэндмаа гэх хүн над руу утсаар яриад ирж уулзсан. Тэр үед би С.Янжинлхамын нэр дээр мал бүртгэлтэй байгаа үгүйг малын А данснаас шүүж харахад гарын үсэггүй малын А данс байсан. Би тухайн үед шүүхийн шийдвэрийн тэр эмэгтэйд өөрт нь харуулсан. Тэгээд би тухайн үед тэр шүүхийн шийдвэрийн ажилтан эмэгтэйд та энэ малын а дансны мэдээллийг нь авъя гэж байгаа бол манайх руу албан ёсоор албан тоотоо өг гэж хэлээд тэр эмэгтэй дараа нь над руу албан тоотоо явуулаад би албан бичгээр хариуг нь өгсөн. Тэр үед манай багийн засаг дарга Б.Оюунцэцэг жирэмсний амралттай байсан учир 2023 оны 06 дугаар сард ажилдаа орох үед би Янжинлхамын А дансан дээр асуудал үүсээд байна малыг нь хэн тоолсон бэ гарын үсэггүй А данс байна шүүхийн шийдвэрээс тодорхойлолтыг нь авсан гэсэн чинь Оюунцэцэг тухайн үед надад аан тийм Янжинлхам саяхан над руу утасдаад өөрийнхөө нэр дээр байгаа малын А дансаа устгаж болох уу гэж асуугаад байсан гэж хэлсэн. Би тэрийг тухайн үед Оюунцэцэгтэй хоорондоо яриад л өнгөрсөн. Тэрний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч эмэгтэй над руу утсаар яриад энэ талаар асууж байсан гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

Гэрч Л.Даваагийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2021 онд манай эхнэр Урантогос өөрийн төрсөн дүү Янжинлхамын нэр дээр ямар ч байсан хэдэн үхэр тоолуулж байсан. Би яг нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед Янжинлхам лизингээр юм хум авах гээд манай эхнэр Урантогостой яриад байсан. 2022 онд бол манайх С.Янжинлхамын нэр дээр ямар нэгэн мал тоолуулаагүй гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/

Гэрч Б.Урантогосын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2021 оны 12 дугаар сард өөрийн төрсөн дүү болох Янжинлхамын нэр дээр үхэр 13, адуу 11 тооны малыг тоолуулсан. 2022 онд бол тоолуулж бүртгүүлсэн мал бол байхгүй. Тэтгэвэр тэтгэмжинд эрт гарна малчин гэдгээр нь би бичүүлчихсэн юм. Тухайн үед би манай хүүхдүүд жаахан юм чинь өөрийн дүүг бодоод малгүй юм чинь гэж бодоод тоолуулчихсан юм гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/

Гэрч Б.Отгонбаярын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Лувсанбалдангийн Даваа нь өөрийнхөө нэр дээр 2020 онд адуу 32, үхэр 37, ямаа 2, бүгд 71 тооны мал тоолуулсан байна. Үүнийг тухайн үеийн хэсгийн ахлагч С.Туяа тоолсон байна. 2021 онд гүү 12, үнээ 20 бүгд 32 тооны мал тоолуулсан байна. 2021 оны мал тоолсон хүний нэр гарын үсэг байхгүй байна. 2022 онд адаа 25, үхэр 34, нийт 59 тооны мал тоолуулсан байна. Үүнийг миний бие өөрөө тоолсон байна. Харин Б.Урантогосын нэр дээр 2020, 2021, 2022 онд онуудад ямар ч мал тоологдоогүй..... Манай багийн мал бүхий иргэн Л.Даваагийн 2021, 2022 оны мал тоолуулсан талаарх малын А дансыг би хэрэг дотроос харахад хадам дүү болох Янжинлхамын нэр дээр өөрийнхөө малнаас мал тасдаж тоолуулаагүй байна. Хэрэв тасдаж тоолуулсан тохиолдолд өөрийнхөө малнаас хасалт хийлгэж хадам дүү Янжинлхамын нэр дээр мал тасдаж тоолуулсан байх ёстой гэх мэдүүлэг /Хх-н 177 дугаар хуудас/

Гэрч А.Ариунцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2020 оны тоологод С.Янжинлхам нь мал тоолуулаагүй байсан. 2021 оны мал тоологод 11 тооны адуу, 13 тооны үхэр тоолуулж 2022 онд 48000 төгрөгийн татварын ноогдол үүссэн. 2022 оны мал тооллогод 11 тооны адуу, 18 тооны үхэр нийт 29 тооны мал тоолуулж 2023 онд 58000 төгрөгийн татварын өр ноогдол үүссэн. 2023 оны мал тоологод мал тоолуулаагүй байна. Уг өр ноогдлуудыг С.Янжинлхам нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 189 дүгээр хуудас/

Гэрч Б.Ганхуягийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2021 онд манай багийн засаг даргаар Эрдэнэбаясгалан, 2022 онд манай багийн засаг даргаар Оюунцэцэг нар ажиллаж байсан. Гэхдээ тэр хоёр тухайн үед мал тооллогын үеэр малчин мал бүхий иргэдийн малыг программ лдээр шивж оруулдаггүй байсан. Дандаа би өөрөө шивж оруулдаг байсан. Би 2021, 2022 онд С.Янжинлхамын нэр дээр яг хэдэн тооны ямар малыг шивж оруулсан үгүйг сайн санахгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 192 дугаар хуудас/

2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн № 23340294 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх-н 14 дүгээр хуудас/

Төлбөр төлөгч С.Янжинлхамын хөрөнгийн мэдүүлэг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн № 23340294/01 /Хх-н 21 дүгээр хуудас/

С.Янжинлхам нь 2022 онд адуу-11, үхэр-18 нийт 29 толгой мал тоолуулсан гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 24 дүгээр хуудас/

Төлбөр төлөгч С.Янжинлхамд гардуулж өгсөн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн № 23340294/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх-н 25 дугаар хуудас/

С.Янжинлхамын малыг тоолсон тухай 2022 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /Хх-н 54-57 дугаар хуудас/

Л.Даваагийн малыг тоолсон тухай 2022 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /Хх-н 60-65 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Янжинлхам нь нөхөр Б.Жавхлан-Очир, охин Ж.Ундрал нарын хамт 9 дүгээр баг, Найрамдлын № 34 тоотод оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг мандал сумын Баян-Арцат 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 87 дугаар хуудас/

Л.Даваагийн малыг тоолсон тухай 2019, 2020, 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /Хх-н 140-159 дүгээр хуудас/

Л.Даваагийн малыг тоолсон тухай 2023 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /Хх-н 165-167 дугаар хуудас/ зэрэг болно.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас шүүгдэгч С.Янжинлхамыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор 14902000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Амартүвшинд төлөхөөр шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч С.Янжинлхам нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч А.Амартүвшинд төлбөр төлөөгүй, мөн өөрийн хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Цэндмаагийн мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнхсүлдийн мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/, гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг /Хх-н 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд С.Янжинлхамд холбогдох 2332000000122 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдсэн нь үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалаг нь төлбөр төлөгч С.Янжинлхамд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх ба С.Янжинлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн буюу  шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн үедээ эд хөрөнгөө нуун дарагдуулсан, хөрөнгө орлогын мэдүүлэгт хөдлөх эд хөрөнгө байхгүй гэж хөрөнгө орлогын мэдүүлгийг худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

 Шүүгдэгч С.Янинлхамд холбогдох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судлахад С.Янжинлхамд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэх тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Цэцэгсайхан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гүйцэтгэхийг 79 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч , ахлах дэслэгч Б.Цэндмаад зөвшөөрсөн баримт хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан байхад 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг гараагүй байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Цэндмаа төлбөр төлөгч С.Янжинлхамыг дуудан уулзаж төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авсан, С.Янжинлхамтай уулзаж ярилцсан тэмдэглэл үйлдсэн ажиллагаа нь хууль зөрчсөн, мөн гэрч Б.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн... “2022 оны мал тооллогоор иргэн С.Янжинлхамын малыг тоолсон. Иргэн С.Янжинлхам нь би өөр дээрээ мал тоолуулмаар байна тэтгэвэрт гарахад хэрэгтэй юм байна гэж хэлж байсан. Мөн хадлангийн талбайтай болоход ч хэрэгтэй юм байна гэж байсан. Тэгээд малыг нь тоолохоор Янжинлхамын гэрт 2 удаа очиход байхгүй байсан. Бид малаа тоолж дуусаад боолт хийж байгаад Янжинлхамыг гэнэт санаад утсаар залгахад үнээгээ сааж байна гэсэн. Тэгээд би утсаар малыг нь тоолчихоод ирж гарын үсэг зураарай гэсэн. 2023 оны 05 дугаар сарын дундуур Янжинлхам утасдаад миний нэр дээр малын татвар гарчихлаа устгуулж болох уу гэж асуухаар нь үгүй ээ болохгүй гэж хэлсэн. Малыг нь нүд үзэж тоолоогүй, мөн мал тоолсон талаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь миний буруу” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Даваагийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... “2021 онд манай эхнэр Урантогос өөрийн төрсөн дүү Янжинлхамын нэр дээр ямар ч байсан хэдэн үхэр тоолуулж байсан. Би яг нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед Янжинлхам лизингээр юм хум авах гээд манай эхнэр Урантогостой яриад байсан. 2022 онд бол манайх С.Янжинлхамын нэр дээр ямар нэгэн мал тоолуулаагүй” гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/, гэрч Б.Урантогосын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... “Би 2021 оны 12 дугаар сард өөрийн төрсөн дүү болох Янжинлхамын нэр дээр үхэр 13, адуу 11 тооны малыг тоолуулсан. 2022 онд бол тоолуулж бүртгүүлсэн мал бол байхгүй. Тэтгэвэр тэтгэмжинд эрт гарна малчин гэдгээр нь би бичүүлчихсэн юм. Тухайн үед би манай хүүхдүүд жаахан юм чинь өөрийн дүүг бодоод малгүй юм чинь гэж бодоод тоолуулчихсан юм” гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Янжинлхам нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэж үзэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл: С.Янжинлхамын нэр дээр төрсөн эгч Б.Урантогос, хүргэн ах Л.Даваа нар нь 2021 онд үхэр 13, адуу 11, нийт 24 толгой малыг тоолуулсан гэдгээ гэрчээр байцаагдахдаа тодорхой мэдүүлсэн байх ба 2022 онд С.Янжинлхамын малыг тоолохдоо багийн дарга Б.Оюунцэцэг нь 2021 онд тоолуулсан гэх малыг нүд үзэж тоололгүй утсаар хийсвэр байдлаар тоолсон боловч мал тооллогын баримтад С.Янжинлхамаар баталгаажуулж гарын үсэг зуруулаагүй нь мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг хууль болон холбогдох дүрэм журамд заасны дагуу явуулаагүй хууль бус тооллого болох нь гэрч Б.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон улсын яллагч, өмгөөлөгч, шүүх хуралдаан даргалагчийн асуусан асуултад хариулсан тайлбараар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч С.Янжинлхам нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхээс өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын дундуур багийн засаг дарга Б.Оюунцэцэгтэй утсаар холбогдож өөрийн нэр дээр малын хөлийн татвар гарсан байна тоолуулсан малаа устгуулж болох уу гэж асууж байсан, мөн С.Янжинлхамаас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор 14902000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Амартүвшинд төлөхөөр шийдвэрлэхээс өмнө 2022 оны жилийн эцсийн мал тооллогоос өмнө багийн засаг дарга Б.Оюунцэцэгтэй уулзаж өөрийнхөө нэр дээр мал тоолуулна тэтгэвэрт гарахад хэрэгтэй, хадлангийн талбайтай болоход ч хэрэгтэй гэж хэлж байсан талаар гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Янжинлхамыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэм буруутайд тооцож 2021 онд хийсвэр байдлаар тоолуулсан 24 толгой мал, 2022 онд хийсвэр байдлаар тоолуулсан 29 толгой малыг битүүмжилж төлбөр авагч А.Амартүвшингийн хохирлын оногдох хэсгийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байна.

Энэ бүх байдлуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Янжинлхам нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан субъектив ямар санаа зорилго болон объектив талын шинжтэй ямар үйлдлийг хийсэн болох нь тогтоогдохгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мал тооллогын нотлох баримтууд эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч С.Янжинлхамд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2332000000122 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Янжинлхамыг цагаатгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Янжинлхам нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Халх овогт Сүхбаатарын Янжинлхамд холбогдох 2332000000122 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Янжинлхамыг цагаатгасугай.

2. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Янжинлхам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

3. С.Янжинлхамд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ХЭРЛЭН.