Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2020/0630

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.С-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,

“ЭҮ” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, Д.Б, гэрч Ч.Э, Л.Т, Б.М, Х.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т.С миний бие 2016 оны 04 сарын 04-нд ЭҮийн Засвар механикийн заводод албан тасалгааны цэвэрлэгчээр анх ажилд орсон юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-нд мастер Б.Мтай уулзаж, цалинтай 1 өдрийн амралтаа авахаар өглөө ажилчдын автобусаар ажил дээрээ очсон юм. Мастер Б Мд амралт хүссэн өргөдлөө цохуулаад өөрт нь орхиод 8 цаг 15 минутын ажилчдын автобусаар буцах гээд ажилчдын цайны өрөөнд сууж байсан чинь цехийн бага эмч Л.Түмэнжаргал орж ирээд шууд драйгер үлээ” гэсэн. Би “өнөөдөр би ажиллахгүй, амарна, одоо 8:15-ын автобусаар буцах гэж байна” гэсэн чинь “үлээ” гэж загнаад үлээсэн Тэгээд тэр драйгер дээр нь 0,22% гэж гарсан чинь нэг бичиг бичээд гарын үсэг зуруулсан. Би урьд өдөр нь найзынхаа төрсөн өдөрт очоод бага зэрэг дарс уусан гэдгээ хэлсэн. Тэгээд намайг явуулахгүй хурлаар хэлэлцэнэ байж бай гээд өдөржин хүлээгээд 15:20-ын автобусаар буусан. Би тэр өдөр амарна гэдгээ мэдээд чөлөөгөө аваад буцах гээд автобус хүлээж байхад намайг ажилдаа согтуу ирсэн гэж ажлаас халсанд гомдолтой байна. Би ажлын байран дээрээ ч очоогүй, гадуур хувцсаа ч тайлаагүй байсан. Би нэг өдрийн амралтаа журмын дагуу албан ёсны өргөдөл өгч шийдүүлэх гэж л очсон байсан. Би ажлын байран дээрээ согтуу очоогүй тул намайг ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Т.Сийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.  

Нэхэмжлэгч Т.С нь “ЭҮ” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн бөгөөд Т.Сийг ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эмчийн үзлэгт оруулж амьсгал /шүлснээс/-ын аlcotest 6810 багажаар шалгахад 0,22 хувийн согтолтын зэрэг илэрч, акт үйлдэж баталгаажуулсан юм. Т.Сээс 0,22 хувийн согтолтын зэрэг илэрсэн үйлдэл нь түүний ажил олгогч “ЭҮ” ТӨҮГ-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдож, ажлаас халах үндэслэл болсон.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.3-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ ноцтой зөрчил” гэдгийг ..., уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан. Ажилтан Т.С нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил олгогч “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захиралтай байгуулсан 21/19/604 дугаар Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлгийн 6.3-т “Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан бөгөөд ... 6.3.11-т “ Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ...”, “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/294 дүгээр тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.9-д “Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэж заасан бөгөөд ...8.9.11-д “Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн,...” гэсэн заалтуудыг зөрчсөн. “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилтан Тгийн Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/347 дугаар тушаалаар Т.Ст хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Т.Сийн ноцтой зөрчил гаргасан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нь ажлын өдөр байсан ба тэрээр чөлөө аваагүй, түүнд нөхөн амралт олгоогүй байсан тул ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С нь “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан “ЭҮ” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 846 657 төгрөгийг гаргуулна гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Т.С нь “ЭҮ” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байсан байх ба түүнийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 6.2.11, “ЭҮ” ТӨҮГ-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн акт №2, Засвар, механикийн заводын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 21/130 тоот албан бичиг, Т.Сийн өөрийнх нь тайлбар зэргийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Б/347 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Хариуцагч тал Т.Сийг ажилдаа согтуу ирсэн, “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 6.2.11 дэх заалтуудыг зөрчсөн... гэж мэтгэлцсэн.  

“ЭҮ” ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаар тушаалын хавсралт болох Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.-д Ажил олгогчийн хүсэлтээр болон согтуу байгаа ажиллагсдын согтолтын зэргийг тогтоох зорилгоор Гэрээт цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 816-р салбарын алба хаагчид, эмнэлэг сувиллын ажилтнууд согтолтын зэрэг тогтоох сорил хийнэ, 6.1.-д Өдөр тутмын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хэвийн бус байдалтай байгаа ажилтан, согтолтын зэрэг тогтоохоор ажил олгогчийн гаргасан хүсэлт, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын ажилтнуудын шаардлага, дуудлагаар согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтан, хувь хүмүүсийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор “Амьсгалын алкотестер 6810” илрүүлэгчийг ашиглана гэж заажээ.

Дээрх журмын холбогдох заалтуудаас үзэхэд ажилтнаас амьсгалын сорил авахад ажил олгогчийн хүсэлт, гэрээт цагдаагийн тасаг, дотоодын цэргийн 816 дугаар салбарын алба хаагчид оролцохоор байхаас гадна, мөн тэдний шаардлага, дуудлагаар амьсгалын сорилыг хийхээр журамласан байна.

Мөн “ЭҮ” ТӨҮГ-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн акт №2-т шүлсэнд сорил хийгдсэн гэсэн байхад, амьсгалаар согтолтын зэргийг тогтоосон гэж хариуцагч тал тайлбарладаг.

Түүнчлэн “Амьсгалын алкотестер 6810” илрүүлэгчийн хэвлэмэл хуудаст Т.Сийн нэрийг гараар бичсэн байх ба түүнд гарсан цаг, минут, сорилт хийсэн акт №2-ын цаг минут хоорондоо зөрүүтэй.

Гэрч Л.Түмэнжаргал: ...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үйлчлэгч Т.Сийг alktest 6810 багажаар 7 цаг 51 минутад үлээлгэхэд аппаратын цаг 8 цаг 48 минутыг зааж байсан гэж №2 актын дор бичсэн байх бөгөөд шүүх хуралдаан дээр мөн энэ мэдүүлгээ өгсөн. Гэсэн ч энэ тайлбар нотлогдоогүй бөгөөд тухайн үед alktest 6810 багаж нь хэвийн ажиллаж байсан гэхэд ч эргэлзэхээр байна.

Гэрч Б.М: ...Т.С нь тухайн өдрийн өглөө ажилдаа ирээд нэг өдрийн чөлөө /одгул/ авъя гэсэн, тэгэхэд нь би болно гэсэн. Т.С нэг өдрийн одгул авах эрхтэй байсан. Чөлөө авахдаа өөрийн биеэр болон утас, факс, хамаатан саднаараа дамжуулж өргөдөл бичиж чөлөө авдаг. Драйгер үлээлгэхэд би хажууд нь байгаагүй, надаар сүүлд нь акт дээр гарын үсэг зуруулсан... гэсэн.

Гэтэл сорилыг хийхэд ээлжийн мастер Б.М байгаагүй байхад акт дээр Б.М уг актыг үйлдэж сорилыг хийхэд байсан мэтээр гарын үсэг зурсан байна.          

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Т.Ст согтолтын зэргийг тогтоох ажиллагааг явуулахдаа холбогдох дүрэм, журмын дагуу явуулаагүй, баримтуудыг хууль дүрмийн дагуу бүрдүүлээгүй, нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй байна. Түүнчлэн Т.Ст нэг өдрийн чөлөө авах эрх байсан бөгөөд ээлжийн мастер Б.М, Т.Сийг нэг өдрийнхөө чөлөөг /одгулыг/ авъя гэхэд авч болно гэсэн зөвшөөрлийг олгоод байхад тухайн өдөр ажилдаа ирсэн гэдгээр нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэл муутай шийдвэр гарсан гэж шүүх дүгнэлээ.  

Иймд Т.Сийг “ЭҮ” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт /2 сар ажлын 7 хоног, нэг сарын цалин 1 538 663₮, өдрийн цалин 71 566₮/ 3 578 288 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 268 369 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 142 403 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Сийг “ЭҮ” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 578 288 төгрөг гаргуулан Т.Ст олгож, нэхэмжлэлээс 268 369 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 142 403 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Т.Сийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг “ЭҮ” ТӨҮГ-т даалгасугай.  

 4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА