| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “******* *******” авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг Дэнжийн******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 -р зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдож насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Тус шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 4 сар, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т зааснаар 5 жил 10 хоног, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 2 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 4 сар, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т зааснаар 5 жил 10 хоног, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаас 4 сарыг нэмж нийт 8 жил 8 сарын хорих ялаар,
тус шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “******* *******” авто засварын газрын грашинд УНЗ улсын дугаартай Тоёота камри /Toyota camry/ маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б. нүүр, биен тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өглөө цагдаагийн байгууллагад хандаж хүчиндүүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Би тухайн үед *******д зодуулсандаа худлаа хэлсэн юмаа. Тухайн үед би гэртээ байж байхад миний танил намайг дуудаад пиво ууя гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. ирэхдээ нэг найзтайгаа хамт ирсэн. Бид 3 ууж байгаад ******* ******* авто засварын газарт очоод ууж байхад яваад өгсөн. Улмаар ******* бид 2 үлдээд ууж байгаад үнсэлцсэн, үнсэлцэж байхдаа би *******ы уруулыг хазсан чинь ******* уурлаад намайг зодох болсон. Миний хувьд *******д гаргах гомдол санал нэхэмлэх зүйл байхгүй. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй ... гэжээ. /хх-ийн 18-19 тал/,
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд тэй уулзаж пиво уусан. ... ууж байтал би сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг танай завсарын газарт очиж үзье гэж *******д хандаж хэлж байсан бөгөөл *******ы засварын газар болох ******* ******* авто засварын газарт очиж архи уусан. Намайг байхад *******, нарын хооронд ямар нэгэн зүйл болоогүй, инээж хөөрөлдөөд л байж байсан...” гэжээ. /хх-ийн 19 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 тоот дүгнэлтэд:
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал
- Г.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “******* *******” авто засварын газрын газарт УНЗ улсын дугаартай Тоёота камри /Toyota camry/ маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б. нүүр, биен тус газарт цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 34 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Г.*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, одоо болон цаашид нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.*******ы ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.*******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ