Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,  

Улсын яллагч Э.Мөнх-*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч  А.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч А.М-д холбогдох 2423000000009  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эгч нарын хамт амьдардаг, Завхан аймгийн .... сум ..... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овогт ...-ийн М, регистрийн дугаар .......

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ..... сумын .... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Д.Б-ын эзэмшлийн ..... худалдааны төвийн агуулахад 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 0.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” гэсэн нэртэй лаазтай 30 ширхэг пивыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахын хаалгыг эвдэн орж хулгайлан хохирогчид нийт 105000 /нэг зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос түүний уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                                   Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Д.Б-ын эзэмшлийн ******* худалдааны төвийн агуулахад 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 0.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” гэсэн нэртэй лаазтай 30 ширхэг пивыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахын хаалгыг эвдэн орж хулгайлан хохирогчид нийт 105000 /зуун таван мянга/ хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын: “...Манай байгууллагын агуулахын модон хаалгыг 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд үл таних хүн эвдэн орж агуулах дотроос 24 ширхэгтэй Сэнгүр гэсэн нэртэй лаазтай пиво болон наад талд нь задгай байсан лаазтай пивоноос 6 ширхэг нийт 30 ширхэг пиво алдагдсан. ...Манай байгууллагын ажилтан дунд энэ хэргийг үйлдсэн хүн байхгүй. Учир нь манай хяналтын камерын бичлэгт гаднаас орж ирсэн хүн агуулахын хаалгыг эвдээд пиво тэврээд гарч яваа нь бичигдэн үлдсэн байсан. Манай байгууллагын агуулахад бордуу өнгийн малгайтай цамцтай, эсгий түрийтэй хар өнгийн бакалан гуталтай, хар өнгийн өмдтэй нэг залуу орж ирээд хаалга эвдэж хулгай хийсэн нь камерт бичигдсэн байсан. ...Манай агуулахын 190х85 см хэмжээтэй модон хаалга 2 ширхгийг, мөн хаалганы цоож 2 ширхгийг тус тус эвдсэн. Мөн 0.5 литрийн лаазтай Сэнгүр пиво 30 ширхгийг хулгайд алдсан. Лаазтай пиво 1 ширхгийг нь 4000 төгрөг буюу нийт 120.000 төгрөгөөр, модон хаалга 1 ширхэг нь 350.000 төгрөгөөр буюу нийт 700.000 төгрөгөөр, хаалганы цоож 2 ширхэг ба 1 ширхгийг нь 30.000 төгрөгөөр буюу нийт 60.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Энэ бүгдийг нийлүүлээд манай байгууллагад нийт 880.000 төгрөгийн хохирол учирсан байна. ...Хулгай гардаг шөнө манай бааранд 24 ширхэгтэй Сэнгүр гэсэн нэртэй лаазтай пиво нэг залуу авч орж ирсэн бөгөөд би түүнийг гэж сэжиглэж байгаа. Учир нь тэр залуу хяналтын камерт бичигдсэн хулгай хийж байгаа хүнтэй хувцас, гаднах төрх, авч явсан пиво зэргээр маш адилхан. Бас цаг хугацаагаараа их таарч байгаа. Би тэр залууг харвал шууд танина.” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудас/,

- Гэрч Э.С-ын: “...А.М манайд 2023 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 01-02 цагийн орчимд нэг танихгүй хүүхэнтэй ирээд манай гэрт 1 сагс Сэнгүр гэсэн нэртэй пиво хамт хувааж уугаад, хоноод маргааш өглөө нь 11 цагийн үед нөгөө хүүхэнтэйгээ хамт гарч явсан. ...Манайд такситай ирсэн. Манай эхнэрт тэр сагс пивыг гарын үсэг зураад зээлээр авсан гэж ярьсан гэсэн. Надад бол тэр пивоны талаар юм яриагүй. ...Сэнгүр гэсэн нэртэй 0.5 литрийн савлагаатай лаазтай пиво 24 ширхэг буюу 1 сагс байсан. ...М буюу М авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 29-р хуудас/,

- Гэрч Г.Д-ийн: “...2023 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 02 цагийн үед манай хашааны хаалгыг нүдээд байхаар нь гарч хаалгаа онгойлгож оруулж ирсэн чинь ... нэг охинтой орж ирсэн. Тэгээд манайд пиво ууж хоноод, маргааш өглөө нь манайхаас 12 цагийн орчимд гарч явсан байсан. ...М 24 ширхэгтэй 1 кроп Сэнгүр гэсэн нэртэй 0.5 литрийн савлагаатай лаазтай пиво авч ирээд уусан. Би тэр пивоны талаар асуухад 200.000 төгрөгөөр зээлээр авсан, гарын үсэг зураад авсан гэж ярьж байсан. Манайд ирэхдээ таксигаар ирсэн гэж байсан. ...Сэнгүр гэсэн нэртэй 0.5 литрийн савлагаатай лаазтай пиво 1 сагсыг М буюу М хамт ирсэн охинтойгоо уусан. Манай нөхөр бид 2 бол тэр пивоноос нь уугаагүй. ...Манай нөхөр бид 2 М-ийг пиво хулгай хийгээд авч ирсэн гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-н 31-р хуудас/,

- Гэрч Ж.М-ын: “...Шөнө 01 цаг 30 минутын орчимд ...-ын урд талд очоод зогстол баарнаас 1 залуу сагс пиво тэвэрчихсэн гарч ирээд шууд миний машины хажууд ирээд таксинд явах уу гэхээр нь би явна гэсэн чинь тэр залуу надад мөнгө байхгүй таксины хөлсөндөө пиво өгье, бааз хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь баазын мал эмнэлгийн урд талд хүргэж өгөөд, хөлсөнд нь 2 ширхэг лаазтай пиво авсан. ...Би тэр залууг танихгүй ээ хөдөөгийн бололтой миний л үеийн залуу байсан. Тэр залуугийн авч явсан сагс пиво нь Сэнгүр гэсэн нэртэй лаазтай пиво байсан. ...Би өөрийнхөө 00-00 ЗАН гэсэн дугаартай цагаан өнгийн приус 10 маркийн машинтай явсан.” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудас/,

- 2023 оны 12 дугаар 24-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-7-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-11-р хуудас/,

- 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Шүүгдэгч А.М-ийн хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг эвдэж нэвтэрч үйлдсэн байна.

Шүүгдэгч А.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Т.М-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Б-т “Сэнгүр” пивоны 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөг, 190х85 сантиметр хэмжээтэй 2 ширхэг хаалганы 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, модон хаалганы 2 ширхэг нууц цоож 80,000 /наян мянга/ төгрөг нийт 585,000 /таван зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч Н.Э-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  01 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 37-38-р хуудас/

Шүүгдэгч А.М нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг болон хохирогч Д.Б, хууль ёсны төлөөлөгч Б.Э нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа илэрхийлсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  .... овогт .....-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч А.М-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ